Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 169

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 64 айлын 2-28 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО72112968, Чөнөөгийн Долгормаагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух, Увс аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга ажилтай, Б.Нансалмаад холбогдох,

        Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 785.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь нөхөр Ж.Мягмаржавын хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр бөөний төвд хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулдаг юм. Б.Нансалмаа хүнсний дэлгүүр ажиллуулдаг байхдаа манайхаас хүнсний бөөний бараа зээлээр аваад хэсэг хугацааны дараа мөнгөө авчирч өгдөг байсан юм. Гэтэл 2014 оны 1 дүгээр сарын 26-нд Б.Нансалмаа нь 785.250 төгрөгийн хүнсний бараа аваад одоо хүртэл мөнгийг нь өгөхгүй байна. Утас руу ьн залгахаар аваачиж өгнө гэж хэлдэг байсан. Дараа нь түүний утас өөрчлөгдөөд холбоо тасарсан. Би өөрөө бөөний төвөө ажиллуулдаг, байнга гадагшаа явж бараагаа татдаг учир Б.Нансалмааг хайж явах боломж олдохгүй явсаар өдий хүрлээ. Гэтэл саяхан тэрээр хүүхдийн байгууллагын дарга болсныг мэдсэн юм. Ингээд түүний утас уруу хэд хэдэн удаа залгахад очиж уулзана гэж хэлээд одоо хүртэл ирж уулзахгүй байна. Иймд Б.Нансалмаагаас хүнсний барааны 785.250 төгрөгийг нэхэмжилж анйаб”  гэжээ.

         Нэхэмжлэгч Ч.Долгормаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Б.Нансалмаад холбогдуулан 785.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Нансалмаа нь уг мөнгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь хариуцагч Б.Нансалмаагаас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 785.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Нансалмаа нь нэхэмжлэгч Ч.Долгормаагийн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 785.250 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Нансалмаа нь нэхэмжлэгч Ч.Долгормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.396 төгрөгийн тал хувь болох 11.698 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 11.698 төгрөг, хариуцагч Б.Нансалмаагаас 11.698 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Долгормаад олгох нь зүйтэй.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч Ч.Долгормаагийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 785.250 /долоон зуун наян таван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Нансалмаа биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 11.698 /арван нэгэн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөг, хариуцагч Б.Нансалмаагаас 11.698 /арван нэгэн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Долгормаад олгож, 11.698 /арван нэгэн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ