Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

Г.Өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Уранчимэг,

яллагдагч Г.Ө, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Н.Баасанбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 232 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Г.Өд холбогдох эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тү овогт Гомбосүрэнгийн Ө, 1964 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ,

 

Г.Ө нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 20.904.789.100 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.Өд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа бүрэн биш хийсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Өг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 20.904.789.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ нь бусдад учруулсан шууд буюу бодит хохирлоор тодорхойлогддог. Гэтэл тус хэрэгт хохирлын хэмжээг “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааны үнэ болох 20.904.789.100 /хорин тэр бум есөн зуун дөрвөн сая долоон зуун наян есөн мянга нэг зуун/ төгрөг гэж тогтоожээ. Энэ нь хэргийн хохирлын хэмжээг бодитоор тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрэмд “...Компанийн хөрөнгийн хэмжээ нь 20.904.789.082.29 төгрөг ба нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209.047.890.8 ширхэг энгийн хувьцаа байна.” гэсэн байх хэдий ч бодитойгоор тогтоогдож байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, одоо тус компани хэдий хэрийн өмч хөрөнгөтэй болохыг тодорхойлсон холбогдох баримт, санхүүгийн тайлан, бланс зэрэг хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хэдий хэмжээний бодит хохирол хэрхэн яаж, хэнд учирсан нь болох нь ойлгомжгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлын мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзээд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Тү овогт Гомбосүрэнгийн Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Өд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Уранчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ дараах нотлох баримтуудаар тогтоосон гэж үзэж байна. Үүнд:

хохирогч Г.Ганзоригийн “...“Б групп” нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Алтансүхийг томилж бүх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл Алтансүх нь гүйцэтгэх захирлаар Г.Өг томилж ажиллуулсан. Компанийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Б Холдинг” ХХК-д “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлж өгсөн. Энэ үеэс эхлээд 2013 оны 5 дугаар сарын 15-наас 2016 оны 5 дугаар сарын 15-ыг хүртэл 3 жилийн хугацаатай гүйцэтгэх захирлаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээтэй дагалдуулан ажлын байрны тодорхойлолт, нууцлалын баталгааны гэрээ, эрсдэлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболдод “манай компани төр удирдаж буй намын харьяаллаар замын тендер авч чадахгүй байна, ийм учраас компанийн хувьцааг надад шилжүүлээд өгчихвөл тендерт оролцоход намын асуудал яригдахгүй, ажил авч болохоор байна” гэж хүсэлтийг тавьж эхэлсэн. А.Ариунболд үеэл дүү Даваадоржийн Энхжаргалын “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувь хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Ингэхдээ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр компанийн хувьцааг 18 сарын дараа буцаан авах нөхцөлөөр Энхжаргалтай гэрээ байгуулсан байдаг. Хэрвээ гуравдагч этгээдэд шилжүүлэх болвол “Б Холдинг” ХХК-иас зөвшөөрөл авахаар заалт гэрээнд оруулсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын захиргаанаас зарласан АСЕМ-ын уулзалттай холбоотой замын тендерт оролцох, бусад нийслэлээс зарласан тендерт оролцож шалгарах боломж их байна гэж А.Ариунболдод Г.Ө нь хэлж итгүүлэн үнэмшүүлсэн учраас “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалаас Г.Өгийн нэр дээр компанийн хувьцааг 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, ингэхдээ Г.Ө нь А.Ариунболдтой "хувьцааг эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө баталгаа гаргаж гарын үсэг зурж А.Ариунболдоос “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалд зөвшөөрөл өгсөний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж компанийн хувьцааг шилжүүлснээр...” /1-р хх-ийн 83-84, 3-р хх-ийн 76-77, 5-р хх-ийн 19-20/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /1-р хх-ийн 170-210/, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /3-р хх-ийн 104-250, 4-р хх-ийн 1-196/

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршиг, хэр хэмжээг тодохойлсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Эрдэнэ зам” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө 5.279.666.800.00 төгрөг байсныг “Эрдэнэ зам петролиум групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Алтансүхийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14/01 дугаартай шийдвэрээр 15.625.122.282.29 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 20.904.789.082,29 /хорин тэрбум есөн зуун дөрвөн сая долоон зуун наян есөн мянга наян хоёр төгрөг хорин есөн мөнгө/ болгож, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө 2013 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт гаргасныг хүлээн авч бүртгэсэн байна.

Иймд шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 232 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Г.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөвхөн нэг талыг барьсан ажиллагаа болсон. Бүх нотлох баримтыг хөдөлбөргүй нотлох баримт болгохыг хүсээгүй. Хийсвэр байдлаар нотлох баримтыг гаргаж ирсэн. “Эрдэнэ зам” ХХК өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Миний үйл ажиллагаа явуулдаг компани дотор юу хийдэг, хэдэн төгрөгийн цалин өгдөг, ямар үйл ажиллагаа явуулдагыг мэдэхгүй, нэг ч удаа надтай хамтран ажиллаж байгаагүй, харьцаж байгаагүй Г.Ганзориг гэх хүн гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Би өнөөдрийн шүүх хуралдаанд А.Ариунболд гэх хүнийг хохирогчоор ирэх байх гэж бодсон. Би тэр хүнтэй хэзээ гэрээ хийсэн, хаана гарын үсэг зурсан талаар асууж мэтгэлцэх байх гэж бодсон. Би А.Ариунболдтой ямар нэгэн гэрээ хийгээгүй, тохиролцоо яригдаагүй. Бүгд зохиомол зүйл. Би “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Холдинг” ХХК-ийн А.Ариунболдоос аваагүй. “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалаас хуулийн дагуу надад шилжиж ирсэн. Хэрвээ хууль зөрчсөн бол хавтаст хэрэгт авагдсан байх ёстой. Тийм баримт байхгүй байна гэдэг нь би хууль зөрчөөгүй гэсэн үг. Тухайн үед харилцаа сайн байхад банкны ажилтан 2 ширхэг хоосон цаасан дээр гарын үсгийг зуруулж авсан. Үүнийг зээл, банкинд хэрэг болно гээд өгсөн. Би тухайн үед өгснийг гэрчлэх хүн байгаа. Хоосон цаасан дээр зурсан миний гарын үсгэн дээр монтажлаад буцааж өгөх гэсэн утгатай зүйлийг бичээгүй. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

 

Яллагдагч Г.Өгийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Г.Өд холбогдох хэргийг буцаахдаа хэдий хэмжээний бодит хохирол, хэрхэн яаж учирсан бэ гэдэг нь ойлгомжгүй гэж буцаасан. Үүнд прокурор эсэргүүцэл бичихдээ нарийвчлан тогтоосон үндэслэлээ гаргаж чадаагүй. Шүүх хуралдаанд ямар хөрөнгөтэй вэ гэдгийг тодорхойлсон бүх бланк, тооцоонуудыг гаргаж өгсөн. Энэ өгсөн баримтад прокурор эсэргүүцэл бичихдээ үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Ер нь бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын зүгээс Г.Өгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй бөгөөд нэг мөр тогтоогдоогүй олон асуудлуудыг шалгуулж, шийдвэрлүүлэх талаар тодорхой тайлбарлаж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хэд хэдэн санал гаргасан. Энэ саналуудыг захирамжид тусгаагүй. Нөгөө талаар яллаж байгаа баримтууд, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн. Ийм байхад шүүхээс тэр нөхцөл байдлыг засаж залруулах заалтаар хэргийг буцааж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжид нэмж оруулах боломжтой. Гэрээ гэж яригдсан зүйлд эх хувь байхгүй, нотариатаар батлуулаагүй. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй зүйлийг нотлох баримт болгож яллах баримт болгож байгаа. Мөн баталгааг яллах баримт болж байгаа. Баталгаа нь мөрдөн байцаалтаар үгүйсгэгдсэн. Өөр нэг яллаж байгаа баримт намын харьяаллаар ажил олдохгүй байна гэж хэлээд өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн гэж хэлсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ хүн богино хугацаанд жилд 2-3 ажил улсын комисст хүлээлгэн өгч байсан. Энэ нь Ундармаагийн ямар нэгэн оролцоогүйгээр хийгдэж байсан. Тэгэхээр Ундармаагаас ийм ажил, энэ төрлийн зүйлийг гуйгаад байх шаардлагагүй, давхар нотлогдсон баримт байхгүй. Нөгөө талаар “Б Холдинг” ХХК Ундармаагийн 100 хувийн хувьцаа эзэмшлийн компани. Тэгэхээр “Б Холдинг” ХХК компанийг нэхээд байгаа юм бол Ундармаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийг сүүлийн хэдэн жил оруулаагүй. Ийм зүйл хүнээс нэхэмжилж болох уу. Хувьцаа эзэмшигч нар яагаад энэ асуудалд орж ирэхгүй, яригдахгүй байна вэ. Энэ хэргийн хохирогч хэн бэ. 10 гаруй асуудлыг урьдчилсан хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад тавьсан ч нэг мөр шийдвэрлэгдээгүй. Эсрэг тал хууль бус зүйл хийгээд энэ талаар шалгаж өгнө үү гэхэд шалгаж шийдвэрлээгүй. Тийм учраас гэрээ гэж яллаад байгаа баримт хүчин төгөлдөр гэрээ хэлцэл мөн эсэхийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Энэ бүртгэл хууль бусаар явагдсан гэдгийг Авлигатай тэмцэх газарт өгөхөөр “авлига бодитойгоор өгч, авсан нь тогтоогдохгүй байна. Тийм учраас захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл” гэсэн учраас захиргааны хэргийн шүүхэд бүртгэлийн асуудал хянагдаж байгаа. Энэ нөхцөл байдлын үр дүнд компанийн өмчлөлийн маргаан, гэрээ хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудлууд мөрдөн байцаалтаар шалгаж шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Яллагдагч Г.Өгийн өмгөөлөгч Н.Баасанбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Өд холбогдох хэрэг шүүхэд шилжсэний дараа өмгөөлөгч нарын зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэд хэдэн үндэслэлээр тодорхой хүсэлтүүдийг гаргаж хэрэгт хавсаргасан. Энэ хүсэлттэй уялдуулаад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд хэргийг буцаасан. Шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичихдээ хохирогч Г.Ганзоригийн мэдүүлгийг дурдсан. Нөгөө асуудал Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг дурдсан. Өөрөөр хэлбэл энэ байдлаар хохирлын асуудлыг нэг мөр шалгаж тогтоосон байхад анхан шатны шүүх хохирлын асуудал нь тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна гэдэг эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэг нь эрүүгийн хэрэг үү, иргэний хэрэг үү гэдэг асуудал яригдаж байна. Бүртгэлтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд Г.Өгийн ямар нэгэн хамааралгүйгээр “Эрдэнэ зам” ХХК-ийг “Б Холдинг” ХХК-д шилжүүлж авсан. Мөн дансанд байсан мөнгийг нь авсан. Одоо “Эрдэнэ зам” ХХК нь А.Ариунболдын эзэмшилд очсон. Үүнтэй холбогдуулаад улсын бүртгэгч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой бүртгэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулъя, бүртгэл хууль бус байна гэсэн асуудлаар захиргааны шүүхэд маргаан үүсээд одоо Г.Ганзориг тэр шүүх хуралдаанд сууж байгаа. “Б Холдинг” ХХК-ийг шаардсан үед ямар нэгэн саадгүйгээр шилжүүлж өгнө гэсэн бичиг гаргаж ирсэн. Тэр бичгийг хүчин төгөлдөр бус, хуурамч бичиг баримт гаргаж ирсэн гэдгээр анхан шатны шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хувьцаа буцаан шилжүүлэх нөхцөлтэйгээр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэдгээр иргэний журмаар шүүхэд хандаад иргэний хэрэг үүсээд явж байсан боловч эрүүгийн хэрэг үүссэн байна гэдэг асуудлаар Г.Ганзориг эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг авч ирж өгөөд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурор хэт нэг талыг барьсан, компанийн үйл ажиллагаанд саад учруулсан. Зам тээврийн яаманд албан бичиг өгсөн. Хурдны зам барьж байгаа хятадын компанид албан бичиг өгсөн. Улсын бүх ажлыг санаатайгаар зогсоож хүндрэл учруулж байсан. Одоо компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Өөр ямар нэгэн ашиг сонирхол байгаа байх.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шинжээч томилоход тогтоох боломжгүй байна гэсэн. Энгийн нүдээр харахад принтерийн зураас гарын үсгийн дээгүүр зурагдсан...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргал “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Г.Өд шилжүүлж, бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ хөрөнгө нь “Эрдэнэ зам” ХХК-ийн хөрөнгө буюу дүрмийн сангаар тодорхойлогдоно гэсэн. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Компанийн блансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заасан. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна” гээд 20.904.789.082,29 төгрөгийн 209.047.890.8 ширхэг 100 төгрөгөөр үнэлсэн энгийн хувьцаа шилжиж очсон. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Б Холдинг” ХХК-ийн төлөөлөгч А.Ариунболд нь Д.Энхжаргалд дээрх хувьцааг эрх үүргийн хамт шилжүүлсэн. “Б Холдинг” ХХК нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга нь Б.Алтансүх байсан. Үүнийг Б.Алтансүх нь компанийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Г.Өг гүйцэтгэх захирлаар ажиллуулсан. Энэ гэрээг “Б Холдинг” ХХК-ийн захирал А.Ариунболд баталсан. Хувьцааг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө нь “Б Холдинг” ХХК-ийн захирал А.Ариунболдод баталгаа гаргаж, шаардсан үед үл маргах журмаар хувьцааг шилжүүлнэ гэсэн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хувьцаа эзэмших нөхцөлийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх гэрээнд замын тендерт оролцоод ажлаа гүйцэтгэсний дараа эрх шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг хүлээн авсан. Тэгээд 2016 оны ажлыг дүгнээд 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр ажлаа сайн танилцуулж, Г.Ө, нягтлан бодогч Оюунсүрэн нарт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Г.Өгийн А.Ариунболдод хандаж гаргасан бичиг өнөөдрийн хурлаас гарсан санал, шүүмжлэлийг хүлээж авлаа гэсэн. “Эрдэнэ зам” ХХК нь “Б Холдинг” ХХК-ийн охин компани. Ажил үүргийн хувьд ажлаа тайлагнаж байсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр “Эрдэнэ зам” ХХК нь миний хувийн компани, “Б Холдинг” ХХК-д хамааралгүй гээд Г.Ө “Б Холдинг” ХХК-ийн хооронд маргаан үүссэн. Г.Ганзоригийн мэдүүлэгт “Land 200 загварын автомашиныг авсан, 1.500.000.000 гаруй төгрөгийн гүйлгээ хийж хувьдаа авсан, 2 өрөө 2 орон сууц авсан” гэдэг. Үүнийг нэхэмжлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж заасан. Прокурорын шилжүүлсэн хэргийн хэмжээнд төлбөр тогтоогдсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

 

Ийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эд хөрөнгийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулдаг. “Эрдэнэ зам” ХХК нь 2011 онд хувьчлагдаад “Б Холдинг” ХХК-ийн нэг бүрэлдэхүүн болсон. Гэхдээ “Бишрэлд Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар энэ компанийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг тухай хэрэгт авагдсан. Энэ компанийг 2011 онд “Б Холдинг” ХХК-д ирж байхад тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар Г.Ө томилогдож байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Яагаад гэвэл “Б Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал А.Ариунболдын хамгийн дотны бөгөөд итгэлт хүн байсан. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээ, 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргасан, үүнийг гаргах хүртэл А.Ариунболд, Г.Ө нар дотны хүмүүс байсан. Энэ итгэлийг нь ашигласан. 2017 оны 01 дүгээр сард “Б Холдинг” ХХК-ийн удирдлагуудын хурал дээр Г.Ө өөрийнхөө хариуцлагагүй ажиллаж байгаа талаар хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан. Энэ талаар хурлын 6 хуудас тэмдэглэл, аудио бичлэг байгаа. Тийм учраас компанийг анх авах асуудал нь эдгээр хүмүүсийн хоорондын итгэлцлийн асуудлаас болсон. “Эрдэнэ зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Б Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ариунболд эхнэрийнхээ ойрын хамаатан Д.Энхжаргалд шилжүүлсэн. Гэхдээ Д.Энхжаргалын нэр дээр шилжүүлээгүй. Гэрээний эрх зүйн харилцааг зөрчсөн. Өөртөө шилжүүлж авсан зүйлээ буцааж өгөхгүй гэдэг асуудлыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Б Холдинг” ХХК-д албан ёсоор Г.Ө мэдэгдсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г.Ө нэхэмжлэл гаргасан. Өмчлөх эрх нь Г.Ө биш гэдгийг нотлох хангалттай баримт байгаа. Улсын бүртгэл 2013 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Г.Ө өөрөө улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх захирал учраас бүртгүүлье гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Үүнтэй холбогдуулаад энэ компанийг 2012 онд “Эрдэнэ зам петролиум” ХХК-ийг төлөөлж байсан Б.Алтансүх “Эрдэнэ зам” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн. 01 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж, тамга тэмдэгээ баталгаажуулаад шилжүүлсэн. Д.Энхжаргалтай байгуулсан гэрээ гэдэг нь “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-д “Эрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлсэн. Д.Энхжаргал нь гэрээнийхээ үндсэн дээр хувьцаа эзэмших нөхцөлийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээг байгуулсан. Мөн баталгаа гаргуулж авсан. Өнөөдөр үгүй гэж эсэргүүцэж байгаа боловч гарын үсэг нь мөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хохирлын хэмжээг яагаад 20.904.789.082,29 төгрөгийн хохирол учруулсан бэ гэхээр энэ хөрөнгөд компанийн өөрийн биет хөрөнгө бүгд багтсан. Тийм учраас энэ хувьцааг эзэмшиж байгаа эзэмшигчийн өмчлөх эрхийг зөрчсөн. Өгөхгүй гэж компанийн эрхийг шилжүүлж авснаар “Б Холдинг” ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Өмчлөх эрхийг нь авсан. Өмчлөх эрх нь хуулиар хамгаалагдсан. Тийм учраас хувь нийлүүлсэн хөрөнгийг буцаан өгч шилжүүлэх асуудал бол энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэж байна. Компанийн биет хөрөнгө нь мөнгөөр үнэлэгдсэн хөрөнгийн хэмжээнд хүрэхгүй. Энэ талаар яллагдагчийн өмгөөлөгч нар тодорхой ярьсан. Тийм учраас өмчлөгчийн эрхийг хувьцаагаар тогтоодог Компанийн тухай хуульд заасан. Үүнийхээ үр дагавраар компанийг шилжүүлж авсан асуудал нь хууль бус.

Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.      

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Г.Өд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээс гадна нэмж дараах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохино.

1. Прокуророос Г.Өг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 20.904.789.100 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг онцлогтой бөгөөд яллагдагч Г.Өгийн дээрх үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дахин шалгаж тогтоох шаардлагатай.

 

Учир нь, прокуророос яллагдагч Г.Өг “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 20.904.789.100 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримуудыг харьцуулан дүгнэж үзвэл:

Яллагдагч Г.Өгийн “...манай компани Капитал банкнаас зээл авах буцаан төлөлтийн үйл явц, банкны баталгаа гаргах талаар холбоотой ажилладаг. 2016 оны 6 дугаар сард сонгуулийн өмнө ажлынхаа 2-3 хүний хамт Капитал банкны зээлийн талаар ажил хөөцөлдөж явахад тухайн банкны ажилтан Туяа гэж эмэгтэй таараад “танай компанийн банктай холбоотой бичиг цаасанд таны гарын үсэг хэрэгтэй байна” гэхэд нь би “яаралтай ажилтай байна” гэж хэлэхэд “зүгээрээ” гээд хоосон хоёр цаас өгөхөд нь гарын үсэг зурж өгсөн. Энэ хоёр гарын үсгийг А.Ариунболд хуурамч баталгаа болгож ашигласан гэж үзэж байна...” /1-р хх-ийн 114-115/, “...“Б холдинг” ХХК-ийн ажилтан Ц.Туяа гэж эмэгтэй гарын үсэг зуруулж авсан, түүнийг ямар албан тушаал эрхэлдэг болохыг мэдэхгүй байна. Ер нь урьд нь надаар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулдаг л байсан. Яг тэр шиг л Ц.Туяа нь 2016 оны 5 дугаар сарын сүүлээр машинтайгаа банкны үүдэнд таараад “таныг Ариунболд захирал гарын үсэг зураарай гэсэн шүү” гэж хэлсний дагуу хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан байдаг...” /3-р хх-ийн 68-70/, “...Баталгаа гэх шинжилгээнд хүргүүлсэн бичиг дээрх гарын үсгийн байрлал нь миний хоосон цаасан дээр зурсан байрлалтай таарч байна. Хоёр дахь гарын үсэг нь Ариунболд дахиад хуурч гэрээ гаргаж ирсэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээ байсан. Үүнийг үзэхэд баталгаан дээр зурсан гарын үсгийн байрлал яг адилхан таарч байна. Тиймээс миний хоёр ширхэг гарын үсгийг хоёр удаа ашигласан гэж үзэж байна...” /5-р хх-ийн 25-26/,

 

гэрч О.Алтантуяагийн “...миний санаж байгаагаар 2016 оны 4 дүгээр сард ажил их байх үеэр захирал Г.Өгийн хамтаар Капитал банк руу орсон. Гэтэл уг банкны ажилтан Туяа нь захирлыг “таниас гарын үсэг авах гэсэн юм” гээд сугадаад дээшээ гарчихсан ба би араас нь дагаад алхаж байсан. Тэгээд 3 давхарт гараад нэг өрөөнд орсон. Тэр үед Туяа нь Ө захирлаар 2-3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан байдаг. Би тухайн үед хараад зогсож байсан...” /5-р хх-ийн 21-22/,

 

гэрч А.Ариунболдын “...баталгаа бичиж өгсөн. 2016 оны 12 дугаар сард “Эрдэнэ зам” ХХК-ийн ажлыг дүгнэж, шалгах явцад Г.Ө нь ХААН банкинд данс нээсэн байсан. Манай группын дүрэм, дотоод журамд охин компани зөвхөн Капитал банкаар үйлчүүлж, дансаар харилцах ёстой. ...Энхжаргал нас барсны дараагаас Г.Ө ийм зүйл сэдэж эхэлсэн байна. ...Энхжаргал руу шилжүүлэхдээ би түүнтэй гэрээ байгуулсан. Өөр этгээд рүү шилжүүлэхдээ “Б холдинг”-оос зөвшөөрөл авах заалт байдаг. Тэр бол Энхжаргалын өмч биш, захиран зарцуулах эрхгүй гэсэн утгатай. Би Энхжаргалд шилжүүл гэсэн зөвшөөрөл өгсний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ хийсэн. Үүнийг хариуцсан Туяа гэж ажилтан байгаа тэр сайн хэлнэ. Дотоод аудитын газрын захирал Гантөмөр энэ талаар сайн мэднэ. Асууж болно...” /1-р хх-86-87/,

 

гэрч Э.Түмэндэмбэрэлийн “...2016 онд “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувь хувьцааг Г.Өгийн нэр дээр шилжүүлж өгөх ажлыг тухайн үед энэ компанийн захирлаар  ажиллаж байсан Д.Энхжаргал, “Б холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга А.Ариунболд нараас надад өгсөн итгэмжлэлийн дагуу бичиг баримт бүрдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. ...надад өгсөн үүрэг, итгэмжлэлээр зөвхөн шилжүүлэх бүртгэлийн ажлыг би хийсэн. ...Д.Энхжаргал, бэлэг хүлээн авагч Ө нар байгуулах үед би хамт байсан. Энэ гэрээ “Б холдинг”-ийн байранд баталгаажиж нотариатын баталгаа хийгдсэн. Тэдний тохиролцоог ярьсан яриаг би мэдэхгүй...” /1-р хх-ийн 89/,

 

гэрч Ц.Туяагийн “...би яг шилжүүлэх ажлыг гардаж хийж байгаагүй болохоор мэдэхгүй байна. ...Энхжаргал, Ө нарын хооронд болсон асуудал бөгөөд ер нь “Б холдинг” ХХК-ийн охин компаниудын бүхий л бичиг баримтын эх хувь нь А.Ариунболд захиралд байдаг тул захирал өөрөө энэ талаар зөвшөөрөл олгосон байж л гэрээ байгууллагдсан байгаа угаасаа “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Өд шилжүүлэх гэрээ хийх үед компанийн дүрэм болон гэрчилгээ зэрэг нь эх хувиараа байхыг шаарддаг юм. Уг асуудлыг итгэмжлэн хариуцаж байсан Түмэндэмбэрэл гэдэг хүн сайн мэдэх байх.   ...ер нь дарга нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг тохиолдол байдаггүй юм. Миний бие л Г.Өгээр хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж байсан удаа байхгүй. Тэгээд ч Г.Ө хоосон цаасан дээр гарын үсэг зурахаар хүн биш их айхтар хүн байгаа юм...” /5-р хх-ийн 16-18/,

 

гэрч Н.Гантөмөрийн “...“Эрдэнэ зам” ХХК-ийг “Б групп” худалдаж авсан нь баталгаатай. ...“Эрдэнэ зам” ХХК-ийг худалдаж авсны дараа группийн салбар компанийн нэг адил санхүү үйл ажиллагааны бүх чиглэлээр хянаж шалгаж байсан. Шилжүүлэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна. Миний ажил үүргийн хуваарьт ийм үүрэг байхгүй...” /1-р хх-ийн 91/,

гэрч Ц.Цэцэгмаагийн “...Энхжаргал, Ө нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг бэлэглэлийн гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээг хамт хийсэн байдаг. Энэ нь дээрх мөнгөнд ногдох эрхийг Г.Өд шилжүүлж байна гэсэн гэрээ хийсэн байдаг. ...би мэдэхгүй байна. Өөрсдөө байгаа гэрээгээ батлуулсан миний зүгээс засвар өөрчлөлт оруулаагүй...” /3-р хх-ийн 84-85/,

 

хохирогч Г.Ганзоригийн “...Д.Энхжаргалаас Г.Өгийн нэр дээр компанийн хувьцааг 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг. Ингэхдээ Г.Ө нь А.Ариунболдтой “хувьцааг ззэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө баталгаа гаргаж гарын үсэг зурж А.Ариунболдоос “Нью Даниста Реүд энд Констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалд зөвшөөрөл өгсөний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж компанийн хувьцааг шилжүүлснээр тендерт оролцож замын ажил хийж гүйцэтгэсэн. ...2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Ө, нягтлан бодогч Оюунсүрэн нарт арга хэмжээ авсан. Ингээд компанийн хувьцааг буцаан шилжүүлэхийг шаардснаар тэрээр өөрийн гараар А.Ариунболдод өргөдөл бичиж өгсөн байдаг...” /1-р хх-ийн 83-84/, “...2016 оны 4 дүгээр  сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт байгаа байх. ...тухайн үед А.Ариунболд, Г.Ө нар найзууд байх тэр үедээ дандаа л Ариунболд захирлын өрөөнд орж хоёулаа л гэрээ хэлцэл хийдэг байсан...” /5-р хх-ийн 19-20/  зэрэг мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Өгийн гарын үсгийн овгийн эхний үсэг гэх үл уншигдах эмементийг дайрсан хэвлэмэл тууш зургаас нь гарын үсэг зурсаны дараа эсвэл өмнө хэвлэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 108, 3-р хх-ийн 88/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад мөрдөн байцаалтын шатанд тодруулж арилгаагүй, түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг заагаагүй явдал нь учир дутагдалтай болжээ.

 

Нөгөөтэйгүүр яллагдагч Г.Ө нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн баталгаа зэрэг дээр зурагдсан гарын үсэг минийх биш гэж маргадаггүй бөгөөд харин тийм гэрээ хийгдээгүй, баталгаа гаргаагүй, миний гарын үсгийг ашигласан байна гэж маргаж байгаа, “Капитал банкны ажилтан Ц.Туяа гэх хүн 2-3 ширхэг хоосон цаасан дээр миний гарын үсгийг зуруулж авсан, тэр хоосон цаасан дээр зурсан гарын үсэгний байрлал гэрээ болон баталгаан дээр байгаа гарын үсэгтэй таарч байна” гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд дээрх гэрээ болон баталгааг бодит байдал дээр хийгдсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай.

 

2. “Б холдинг” ХХК-ийн 2015 оны 10 дугаар  сарын 30-ны өдрийн 80 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол /1-р хх-ийн 198/, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр хувьцаа эзэмшигчдийн тогтоол /2-р хх-ийн 57/, 2014 оны 02 дугаар сарын 14-ний 14/03 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол /2-р хх-ийн 69/, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол /3-р хх-ийн 169/, 2017 оны 8 дугаар 16-ны өдрийн 61 дүгээр хувьцаа эзэмшигчдийн тогтоол /3-р хх-ийн 190/, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14/05 дугаар хувьцаа эзэмшигчдийн тогтоол /5-р хх-ийн 102/, “Эрдэнэ зам” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64 дүгээр хувьцаа эзэмшигчдийн тогтоол /1-р хх-ийн 208, 209/, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол /2-р хх-ийн 58/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Дээрхээс үзэхэд “Б холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Ариунболд, А.ЧинБ, Б.Ундармаа нар болох нь тогтоогдож байх бөгөөд тэднээс өөр хувьцаа эзэмшигч байгаа эсэх, түүнчлэн компанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нарыг олж тогтоон тэднээс “Эрдэнэ зам” ХХК-ийн хууль ёсны өмчлөгчийн талаар тодруулах.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээгээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь заалтуудыг үндэслэн “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Энхжаргал нь “Эрдэнэ зам” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209.047.890.8 ширхэг нийт 20.904.789.082.29 төгрөгийн 100 хувийн энгийн хувьцааг эрх, үүргийн хамт Гомбосүрэн овогтой Өд хариу төлбөргүй бэлэглэжээ. /1-р хх-ийн 183, 184/

 

Гэтэл “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан Д.Энхжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 135-140, 142-143/, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 550 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1-р хх-ийн 132/ зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар түүний хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй шалгаж, өвлөгч байгаа тохиолдолд “Эрдэнэ зам” ХХК хэний өмч болохыг тэднээс тодруулах нь зүйтэй.

 

4. “Б холдинг” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст “...Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б холдинг” ХХК болон “Нью даниста рөүд энд констракшн” ХХК нарыг буцаан шаардсан үед үл маргах журмаар 100 хувь саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр баталгаа гаргаж, итгэл төрүүлж, хууран мэхэлж компанид онц их хэмжээний хохирол учруулж байгаад гомдолтой байгаа тул Г.Өгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалган тогтоож, учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн гомдлыг гаргажээ. /1-р хх-ийн 7-10/,

 

Хохирогч Г.Ганзоригийн “...Д.Энхжаргалаас Г.Өгийн нэр дээр компанийн хувьцааг 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг. Ингэхдээ Г.Ө нь А.Ариунболдтой /хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ/ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Ө баталгаа гаргаж, гарын үсэг зурж, А.Ариунболдоос “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалд зөвшөөрөл өгсний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, компанийн хувьцааг шилжүүлснээр тендерт оролцож замын ажил хийж гүйцэтгэсэн байдаг. ...2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК нь миний хувийн компани “Б холдинг” ХХК-д хамаарахгүй гэсэн бичиг өгснөөр залилан мэхэлсэн болохыг ойлгож гомдол гаргасан...” гэж мэдүүлсэн байна. /1-р хх-ийн 83-84/

 

“Б холдинг” ХХК-ийн гомдлыг үндэслэж, Г.Өд эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгасан байх бөгөөд прокуророос Г.Өг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 20.904.789.100 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 12/8971 тоот албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн тогтоол”, “Б холдинг” ХХК-ийн 2017 оны 8 дугаар 21-ний өдрийн 73 дугаар “Хувьцаа эзэмшигчдийн тогтоол”, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” зэрэг нотлох баримт авагдсан байна. /3-р хх-ийн 164-250, 4-р хх-ийн 1-196/

 

Эдгээр байдлууд болон нотлох баримтаас үзэхэд “Б холдинг” ХХК Г.Өг  “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Б Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Б Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй хохироож, залилж байна гэсэн гомдлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлээгүй байхад “Б холдинг” ХХК болон “Нью даниста рөүд энд констракшн” /Д.Энхжаргал/ ХХК-иудын хоооронд байгууллагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөлийн дагуу “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг “Б холдинг” ХХК-д буцаан шилжүүлж, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлт бүртгүүлсэн байна.  

 

Иймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэл хууль зүйн дагуу явагдсан эсэх, тухайн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа зэргийг шалгах нь зүйтэй.

 

5. Хохирогч Г.Ганзоригийн “...Гарын үсгийн баталгааг эрүүгийн хэрэг үүссэнээс хойш хугацаанд Н.Мандах нь надад “зургийг нь аваад явуулаач надад хэрэг байна” гэж хэлэхээр нь би өөрийн гар утаснаас түүний Viber хаяг руу фото зургийг нь явуулсан. Харин гэрээний зураг явуулж байсан эсэхийг мэдэхгүй санахгүй байна...” /5-р хх-ийн 19-20/,

 

гэрч Н.Мандахын “...Ингээд түүний явуулсан баримтыг уншаад үзэхэд “миний хувьд гарын үсэг зурагдсан цаасан дээр шивж хэвлэсэн байдлаар явуулсан хууль бус баримт дээр хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй талаар хэлж татгалзсан”. Тэгэхдээ Ганзоригт энэ талаар хэлээгүй. Ариунболдод үүнийг хэлсэн. Тэгэхэд Ариунболд их дурамчхан уурласан байдалтай хүлээж авсан. Уг баримтын гол агуулга нь Ариунболдод “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхээр баталгаа гаргаж байгаа мэтээр бичсэн байсан. Ингэж бичсэн байгаа нь Д.Энхжаргалаас “Нью даниста рөүд энд констракшн” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг Г.Өд гэрээний үндсэн дээр шилжүүлсэн үйл байдлыг мэдэх хүний хувьд хууль бус гэдгийг Ариунболдод хэлсэн. Яагаад Ариунболдод баталгаа гаргаж байгаа юм бэ? гэхэд миний үгийг сонсохгүй, дахиад нэг гарын үсэг байгаалдаа гэсэн агуулгатай үгийг надад хэлсэн, би үүнийг сонссон учраас л энэ байдлыг хэлж байгаа юм. Яагаад миний гар утас дээрх Ганзоригоос явуулсан энэ үйлдлийг Ганзориг, Ариунболд хоёроос өөр хүн мэдэхгүй байхад хууль хяналтын байгууллагад энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөөд сууж байгаад гайхаж байна гэж хэлмээр байна. Тухайн үед ийм процесс л болсон байдаг. ...Г.Ө бид хоёр маргаантай байгаа, Г.Өгийн гарын үсгийг “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг буцааж шилжүүлэхэд шаардлагатай баримтад холбоотой ашиглана гэх агуулгаар хэлсэн...” /5-р хх-ийн 7-8/ гэх мэдүүлгүүд,

 

Үзлэг хийсэн тэмдэглэлд “2017 оны 02 дугаар сарын 22 гэсэн огноотой “Hi” гэсэн бичвэр 14:13 минутад Ganzorig гэх нэрээс ирсэн бөгөөд явуулсан бичиг дээр дарж үзэхэд Баталгаа гэсэн толгойтой 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот гэсэн Г.Ө гэсэн гарын үсэгтэй баримт байв. Уг баримт нь 14:14 минутад ирсэн бөгөөд зурагны доод хэсэгт Ganzorig гэх нэрээс “Avsan uu” гэж 14:14 минутад бичсэн бөгөөд хариуд нь 18:35 минутад “Avsaan” гэж хариу явуулсан байдалтай харагдаж байв.” гэж тусгагджээ. /5-р хх-ийн 9/  

 

 Хохирогч Г.Ганзоригын зураг явуулсан гэх цаг хугацаа гэрч Н.Мандахын мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /1-р хх-ийн 1/, “Б холдинг” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан огноотой зөрүүтэй байх тул уг зөрүүг арилгах.

 

Түүнчлэн гэрч Н.Мандахын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаж, фото зургаар бэхжүүлэгдсэн “Баталгаа” гэх Г.Өгийн гарын үсэгтэй баримтыг бусад хэрэг авагдсан уг “Баталгаа”-тай тохирч байгаа эсэхийг нягтлан шалгах.

 

Дээрх мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж ирүүлэх нь зүйтэй гэж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: