Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0290/З |
Дугаар | 221/МА2022/0525 |
Огноо | 2022-07-27 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2022/0525
2022 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2022/0525 | Улаанбаатар хот
|
Ц.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох төрийн захиргааны удирдлагын газрын эрх зүйн хэлтсийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 335 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 128/2022/0290/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Бгаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох төрийн захиргааны удирдлагын газрын эрх зүйн хэлтсийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр:
“...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д заасныг тус тус баримтлан Ц.Бгийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох төрийн захиргааны удирдлагын газрын эрх зүйн хэлтсийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй үндэслэлийг нэрлэн зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Шүүхийн шийдвэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийг тогтоогдохгүй байна хэмээн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т дүгнэсэн атлаа маргаан бүхий захиргааны акт дээр дурдагдаагүй үндэслэл болох “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 483 дугаартай тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т “дотоод аудит нь дараах үүрэгтэй”, 6.2.5-д “аливаа асуудалд шударга, бодит байдалд нийцүүлэн хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах” гэж заасан бөгөөд төрийн эрх бүхий байгууллагыг төлөөлж түүний харьяа байгууллагад хяналт шалгалт хийх явцдаа өөрт хамааралтай тушаалд ашигтай байдлаар өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасныг зөрчил гэж үзэх бөгөөд уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй...’’ гэжээ.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актаар Ц.Бг “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 483 дугаартай тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм’’-ийг зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй.
Дээрх тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 1.1-д “Энэхүү дүрэм нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулна”, мөн дүрмийн 4.6-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлах байцаагчийн эрхийг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр олгоно” гэж тус тус заасан. Энэхүү дүрмийн үйлчлэл нь дээрх байдлаар улсын байцаагчийн эрх авсан этгээдүүдийн үйл ажиллагааг журамласан байна.
Ц.Б нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Эрх зүйн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Дотоод аудиторын эрх олгогдоогүй, дотоод аудитын салбар нэгжийн ажилтан биш. Иймд тус дүрэм нь Ц.Бд хамааралгүй юм. Гэтэл шүүх хэрэглэх ёсгүй дүрэм журмыг хэрэглэж, дотоод аудиторын бус хүнд, дотоод аудиторын журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн дээрх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хорих хориглолтыг зөрчсөн” гэж дүгнэжээ.
Гэтэл маргаан бүхий захиргааны актаар Ц.Бг Төрийн албаны хуульд заасан нийтлэг үүрэг, хорих хориглолтыг зөрчсөн гэж үзээгүй. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг хэрэглэх ёсгүй байсан.
3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зарчмуудыг ноцтой зөрчсөн тухайд:
Хариуцагч маргаан бүхий захиргааны актаар Ц.Бг “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийг зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй, гэтэл уг үндэслэлийг шүүх өөрөө шинээр гарган ирж нэхэмжлэгчийг буруутгасан нь зөвхөн захиргааны акт түүнийг хууль зүйн үндэслэлийг хянах чиг үүрэг бүхий захиргааны хэргийн шүүх. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлж шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбарт, мөн шүүх хуралдааны явцад талуудаас маргаан бүхий захиргааны акт дээр дурдагдаагүй үндэслэл болох “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийг зөрчсөн талаар дурдаагүй, мэтгэлцээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчиж шийдвэр гаргасан.
Шүүх талуудын мэтгэлцээгүй, хариуцагчийн захиргааны актад үндэслээгүй, хариу тайлбар болон шүүх хуралдаанд дурдаагүй хууль зүйн үндэслэлийг шинээр өөрөө бий болгож маргаан бүхий захиргааны актыг зөвтгөж нэхэмжлэгчийг буруутгаж хэт нэг талыг барьж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” мэдүүлэх эрхэд халдаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” үндсэн шаардлагыг хангаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус яамны Эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Ныг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ц.Б нь түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар сайдын мөн оны А/200 дугаар тушаалаар байгуулагдсан Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах явцдаа эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьд гарсан захиргааны актыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан нь баримтаар хангалттай тогтоогдсон байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Тухайлбал одоогийн нэхэмжлэгч, тухайн үед Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б хэлтсийн даргадаа хандаж 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийн санаачилгаар цагдаагийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан нь хэргийн 72 дахь талд авагдсан;
-Дээрх хүсэлтэд холбогдуулж мөн оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлбар авах үед тэрбээр “…өөрийн хүсэлтээр албанаас гарч хувийн бизнес хийхээр болсон, цагдаагийн байгууллагаас гарах өөр ямар нэгэн шалтгаан байхгүй, мөн тус байгууллагад дахин ороход сонгон шалгаруулалт өгдөг гэдгийг сайн мэдэж байна, гэр бүлийнхэн маань мэдэж байгаа, ярилцаж тохиролцоод энэхүү шийдвэрийг гаргасан…” гэсэн нь тус хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Мын тайлбар авсан тэмдэглэлд,
-Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар Ц.Бгийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхэд “…Цагдаагийн байгууллагад 6 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гэр бүлдээ цаг зав гаргаж чадахгүй зөвхөн ажил гэж явжээ. Цаашид гэр бүлдээ цаг, зав гаргаж хувийн бизнес хийхээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан. Тиймээс албанаас чөлөөлж өгнө үү…” гэж хүсэлтээ дэмжсэн нь,
-тус газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Маас “Хамт олон, дарга удирдлагаас чинь дарамт шахалт үзүүлээд чи албанаас гарах гээд байгаам биш биз дээ. Хэрвээ тийм зүйл байгаа бол хоёрдугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчийн сул орон тоо байна. Энд ирж ажиллах юм уу. Ковидоос болж хувийн бизнесүүд дампуурч байна. Чи тэгээд хувийн бизнес хийгээд явахад зүгээр үү? гэхэд “Тийм зүйл байхгүй ээ, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хувиараа бизнес хийхээр шийдсэн…” гэсэн нь 9 дүгээр хурлын тэмдэглэлд,
-мөн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дахин тайлбар авах үед “…Би найз н.Батаагийнхаа хамт хувиараа барилгын дайргын үйлдвэр байгуулж бизнес эрхлэх бодолтойгоор ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, …цагдаагийн байгууллагад эргэж орохгүй…” гэсэн нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Дгийн тайлбар авсан тэмдэглэлд тус тус тусгагдаж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/468 дугаар тушаалаар Ц.Бг албанаас чөлөөлж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хураасан байна.
Гэтэл Ц.Б нь өмнө дурдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах явцдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад гаргасан хүсэлтдээ “…тухайн үед хүсэлт гаргахдаа бичиг техникийн алдаа гаргаж өөрийн хүсэлтээр гэж буруу хүсэлт гаргасан байна. Миний бие цагдаагийн албанаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т заасны дагуу “зургаан сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” гэсэн үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтэй байсан. Иймд дээрх Б/468 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан Төрийн албаны тухай хуулийн 46.2.4 гэснийг 46.1.2 гэж зөвтгөж өгнө үү” гэснийг хариуцагчаас “эрх мэдлээ ашиглаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьд гарсан захиргааны актыг өөрчлүүлэх хүсэлт гаргасан…” гэж маргаан бүхий тушаалд үндэслэлтэй зөв тодорхойлжээ.
Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагч болоогүй байх үедээ, мөн өөрийн өмнө гаргасан зөвхөн бичгийн хүсэлт ч бус уг хүсэлттэй холбоотой тайлбар авах, хүсэлтийг хэлэлцэх үед гаргасан дээр дурдсан байр сууриа “бичиглэлийн алдаа байсан” мэтээр тайлбарлан цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг өөрчлүүлэх хүсэлтийг цаг хугацааны хувьд Цагдаагийн ерөнхий газарт хяналт шалгалт хийх явцдаа гаргасан зэргээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь гаргасан зөрчлийн шинж байдалтай нийцсэн гэж үзнэ.
2.Шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн талаар дүгнэх болсон шалтгааныг маргаан бүхий тушаалд уг дүрмийг үндэслэсэн гэдэг агуулгаар бус харин сайдын тушаалаар баталсан дотоод аудит, хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнд нэхэмжлэгчийг томилсонтой нь, мөн уг дүрмийн хүрээнд хяналт шалгалт хийх явцдаа гаргасан дээрх зөрчилтэй нь тус тус холбоотойгоор тайлбарлаж болохоор байна.
Иймд тушаалд дурдагдаагүй дүрмийг нэрлэн зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй бөгөөд харин ч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг маргаан бүхий тушаалын үндэслэлд хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэд, бодитойгоор дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-Оын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН