Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01535

 

 

Б.П гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01006 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1238 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.П гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б, Б.Б нарт холбогдох,

Түрээсийн төлбөр 770 000 төгрөг, ашиглалтын зардалд 714 042 төгрөг, нийт 2 084 042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.П, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Б, Б.Б нар миний өмчлөлийн нийтийн байрны 213 тоот өрөөг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түрээслэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хог, халуун, хүйтэн, бохир усны 528 000 төгрөг, цахилгааны төлбөр 186 042 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 60 000 төгрөг, 05, 06 дугаар сарын төлбөр 300 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын үлдэгдэл 50 000 төгрөг, 2017 оны 08, 09, 10, 11 дүгээр сарын төлбөр 600 төгрөг, нийт 1 724 042 төгрөгийг төлөөгүй. Хариуцагчийн төлсөн 240 000 төгрөгөөс 60 000 төгрөгийг хариуцагч Ц.Б- ий 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл, 30 000 төгрөгийг хариуцагч Б.Бат-Оргилын 2017 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр болон 150 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын төлбөрт суутган тооцсон болно. Хариуцагч Ц.Б  ий хувьд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацааны төлбөрийг бүрэн төлөөгүй. Хавар болоход дадлагад явсан, сургууль амарсан тул зуны 3 сарын төлбөрийг төлөхгүй гэж татгалздаг, түрээслэсэн өрөөнд өөрийн хувцас, эд хэрэгсэл, тогоо, шанага, хөлдөөгч зэргийг үлдээж, түлхүүрийг аваад явсан тул эдгээр төлбөрийг төлөх ёстой.

Хариуцагч  Б.Б нь Ц.Б -ий хамт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус өрөөнд орсон бөгөөд тэд 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлсөн ч 05, 06, 07 дугаар сарын төлбөр төлөхгүй, амарсан тул түрээсийн байрыг ашиглаагүй гэж тайлбарладаг. 

Иймд хариуцагч Ц.Б- ээс 2016 оны 06, 07, 08 сарын төлбөр, хариуцагч Ц.Б, Б.Б нараас 2017 оны 06, 07, 08, 09, 10 сарын төлбөрийг тус тус нэхэмжилж байна. Бид бичгээр байгуулсан гэрээ байгуулаагүй боловч тухайн өрөөг 1 сарын 150 000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, түрээслэгч тал хог, цэвэр, бохир ус, цахилгааны төлбөрийг нэмж төлөхөөр болсон. Хариуцагч нар хэрэглээний төлбөр 714 042 төгрөг, түрээсийн төлбөр 1 370 000 төгрөгийг төлөөгүй. 

Иймд хариуцагч нараас нийт 2 084 042 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн нийтийн байрны 213 тоот өрөөг түрээслэж амьдарсантай маргахгүй. Ц.Б   тус байранд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сар хүртэл,  Б.Б 2016 оны 08 дугаар сарын 26-наас амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч энэ хугацаанд бидний төлсөн төлбөрийг бэлнээр авч, энэ тухай бүртгэдэг байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар төлбөр авсан, өгсөн тэмдэглэл алдаатай байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Биднийг нэхэмжлэгчид төлбөрийг дансаар төлмөөр байна гэхэд надад данс байдаггүй, заримдаа өгсөн төлбөрийг бүртгэлд тусгадаггүй, мартдаг байсан. Энэ түрээслүүлсэн байр нь нийтийн зориулалттай бөгөөд дундаа 1 ариун цэврийн өрөөтэй тул цэвэр, бохир усны төлбөрийг яаж хуваарилж байгааг ойлгохгүй байна.

Ц.Б -ий хувьд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл амьдарч байгаад 06, 07, 08 сард эзгүй байсан ба улмаар 2017 оны 11 дүгээр сарын хүртэл амьдарч байгаад явсан. Харин  Б.Б нь Ц.Б -тэй хамт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл, үүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл амьдарч байгаад хүлээлгэн өгсөн. Хэдийгээр бид 2016, 2017 оны 06, 07, 08 саруудад түрээслэсэн байранд өөрийн хувцас, эд хэрэгсэл зэргийг үлдээж, түлхүүрийг авч явсан боловч биеэр байгаагүй, амралттай байсан тул энэ хугацааны төлбөрийг төлөхгүй. Нэхэмжлэлд дурдсан 2017 оны 09 дүгээр сарын төлбөрөөс 50 000 төгрөгийг төлөөгүй боловч 10 сарын төлбөрийг төлсөн байхад энэ талаар бүртгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01006 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг үндэслэн Ц.Б -ээс 450 000 төгрөг, хариуцагч Б.Бат-Оргил, Ц.Б нараас 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 134 042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 27 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1238 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “302 дугаар зүйлийн 302.1” гэснийг дараа “289 дүгээр зүйлийн 289.1.2” гэж нэмж, “500” гэснийг “600 000” гэж, “1 134 042” гэснийг “1 034 042” гэж, 2 дахь заалтад “27 350” гэснийг “29 750” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 767 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хариуцагч нараас 1 050 000 төгрөгийг гаргуулж, 1 034 042 төгрөгийг гаргуулж өгөөгүйд гомдолтой байна. Дээрх зардал нь хариуцагч Ц.Б, Б.Б нарын 2016 оны 01 дүгээр сарын 10-наас 2018 оны 01 дүгээр cap хүртэлх миний эзэмшлийн орон сууцанд амьдарч байх хугацаанд хэрэглэсэн цахилгаан гэрэл, хог, халуун, хүйтэн, цэвэр бохир усны зардлууд юм.

Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгнө” гэсний дагуу цэвэр, бохир ус, хог, цахилгааны төлбөрийг төлж байсан бүртгэлийн дэвтрийг эх хувиар нь гаргаж өгсөн. Шүүх баримтын эх хувийг авахаас гадна бусад цахилгаан төлсөн баримтыг давхар авч нягталсан болно. Шүүх нотлох баримтын тооцоог хийгээгүй байна. Учир нь энэхүү баримт нь хариуцагч нарын өөрсдийн бичсэн тэмдэглэл, бичилт, гарын үсэг болно. Нэхэмжлэгч надад хэрэглээний зардлын мөнгийг олгохгүй байгаа нь хариуцагч нарыг хүнээс мөнгө завших боломжийг олгож байгаа шударга бус явдал юм. Дээрх хүмүүс нь 2018 оны 01 дүгээр сарын 12-нд өрөөг суллан өгч гарсан ба тэр хугацааны нотлох баримтыг шүүхэд өгөөгүй байсан тул миний бие нэхэмжлээгүй болно.

...Түүнчлэн шүүх амьдрах хугацааны дутуу төлсөн түрээсийн мөнгийг гаргаагүй байна. Үүнд “түрээс төлсөн тэмдэглэлд” Ц.Б, Б.Б нар нь 2017 оны 05 дугаар сарын түрээс төлбөрийг төлөхдөө эхлээд 45 000 төгрөг дараа нь 55 000 төгрөг тус тус өгчихөөд үлдэгдэл 50 000 төгрөг дутуу төлж хохироож байна. Мөн Ц.Б  ы “түрээс төлсөн тэмдэглэл ба хүснэгттэй” хуудсанд Билгүүн нь сарын 3, 4, 5 гэсэн тоог өөрчлөн, намайг хуурч 2016 оны 3-р сарын түрээсийн 150 000 төгрөгийг төлөөгүй учир тайлбарлан бичиж өгсөөр байхад нэхэмжлэгч надад өгөхөөр гаргаагүй байна. Иймд түрээсийн 200 000 төгрөгийг гаргуулж өгөх нь хууль ёсных билээ.

Б.Бат-Оргил, Ц.Б   нар нь байнга амьдрахдаа, мөн зуны улирлын саруудад аав ээж, ах, эгч болон өөрсдөө ирж очоод амьдарч байсан ба ирэхдээ хоол цай хийж идэх, усанд орох зэрэг хэрэглээний зардлууд гарч байсан болно. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн шүүх хариуцагчийг “төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй” гэж дүгнэж түрээсийн төлбөрийг гаргасан хирнээ түрээслэх хугацаанд гарч байсан ашиглалтын зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа юм.

Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлдээ тооцоог буруу бодсоноос 278 018 төгрөгийн зөрүүтэй алдаа гаргажээ. Үүнийг залруулж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Бат-Оргил, Ц.Б   нараас түрээсийн төлбөр, амьдрах хугацаандаа хэрэглэсэн ашиглалтын зардал болох 756 042 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны залруулга хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ. Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т заасан зохицуулалтаар хянан шийдвэрлэсэн байна.

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, орон сууцны хөлсөөс төлөгдөөгүй үлдэгдлийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар хяналтын шатны шүүхийн бүрэн эрх анхан болон давж заалдах шатны шүүхээс  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлаар хязгаарлагддаг тул маргааны үйл баримтын талаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1238 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН