| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч Т.Өсөхболд,
шүүгдэгч Н.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2136000000021 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, автомашины ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Хайрхан хороолол 54/а байрны 28 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилээр тэнсэж хянан харгалзуулсан, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Н.******* нь тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, улмаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дарви сумын Булган багийн чиглэлд өөрийн эзэмшлийн 4658 УБГ улсын дугаартай цагаан өнгийн Рrius-20 маркийн тээврийн хэрэгслээр тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар тээвэрлэж галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гаргасан үйлдлээ бүрэн хүлээж байгаа. Миний буруу үүнийгээ ойлгож байгаа тэгээд прокурорын сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байгаа надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн 2136000000006 дугаартай хавтаст хэргээс:
1. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,
2. Автомашины техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,
3. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 42-44-р хуудас/,
4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 136-р хуудас/,
5. Яллагдагч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 143-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
шүүгдэгч Н.******* нь тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авч, улмаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дарви сумын Булган багийн чиглэлд өөрийн эзэмшлийн ******* УБГ улсын дугаартай Рrius-20 маркийн тээврийн хэрэгслээр тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар тээвэрлэж, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
******* улсын дугаартай Рrius-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаарх 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “... саарал өнгийн ууттай зүйл байх ба уутыг задалж үзэхэд улаан шар өнгөтэй *******0 грамм жинтэй эмульсэн тэсрэх бодис 20 ширхэг бор өнгийн утас мэт зүйл /асаах сэжим/ 5 хэсэг 9 м 50 см, 9 м 20 см, 5 м 50 см, 9 м, 9 м 50 см нийт 42 м 7 см урттай байв. Цагаан өнгийн ууттай уутан дээрээ ногоон өнгийн MERA гэсэн бичигтэй цагаан өнгийн жижиг шар будаа мэт зүйл /Азотын хүчил/ зүйл байх ба жинлэж үзэхэд 15 кг жинтэй байлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-15-р хуудас/,
Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.*******тай хамт Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган суманд алт гарч байгаа сургаар хамт явсан. Бид хоёртой хамт явж байсан хоёр ахыг би сайн танихгүй, Н.******* таньдаг. ...Дарви суман дээр ирээд цагдаа нар шалгаад тэсэрч дэлбэрэх бодис ачиж явсан байна гэж хэлээд шалгаад эхлэхээр нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Гэрч Д.Галтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дарви суман дээр ирээд цагдаа нар шалгаад тэсэрч дэлбэрэх бодис ачиж явсан байна гэж хэлээд шалгаад эхлэхээр нь мэдсэн.Тухайн үед Жаргал бид хоёр Ховд явж байна гэж ойлгосон. Алтанд явж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Гэрч М.Жаргалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.*******, Д.Галт бас хажуу талд нь нэг танихгүй залуу байсан. ...Дарви суман дээр ирээд цагдаа нар шалгаад тэсэрч дэлбэрэх бодис ачиж явсан байна гэж хэлээд шалгаад эхлэхээр нь мэдсэн.Тухайн үед Жаргал бид хоёр Ховд явж байна гэж ойлгосон. Алтанд явж байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “...2. Тухайн эд зүйлүүд нь тэсэрч дэлбэрэх бодис мөн байна. Ууттай эд нь анфо буюу энгийн тэсрэх бодис хөрс сийрэгжүүлэхэд ашигладаг үндсэн тэсрэх бодисоор ашигладаг, урт шар өнгийн эд нь эмульсийн тэсрэх бодисоор ашигладаг ойролцоогоор 32 мм-ийн диаметртэй, голдуу далд уурхайн нэвтрэлтэд ашигладаг, утас хэлбэртэй эд зүйл нь ОШП шнур буюу тэсрэх бодист өдөөлт өгөх зорилгоор ашигладаг байсан. Одоогоор хэрэглээнээс гарсан эд зүйл байна. ... 4. Өндөр хор хөнөөлтэй тэсрэх бодист тооцогдох бөгөөд алинд нь ч ашиглаж болно. ...6. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж тээвэрлэнэ. МХЕГ-аас хяналтын хуудас авч улсын ахлах байцаагчид хянагдана. ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөр батлагдсан тэсрэх материал тээвэрлэх маршрутын дагуу тээвэрлэнэ. Тэсрэх материал тээвэрлэхдээ “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг баримталж явна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн В21/01 дугаартай “...******* УБГ улсын дугаартай Рrius-20 маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон талаарх “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 5500000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-р хуудас/,
Яллагдагч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын үед Улаанбаатар хот СХД Баянхошууны тойрог орчмоос нэг үл таних согтуу хүн ийм юм байна, сонирхох уу гээд асуухаар нь очоод хартал одоо миний авч яваад хураалгасан тэсэрч дэлбэрэх бодисууд байсан. Тэгэхээр нь тухайн үед би өөрөө жаахан өртэй байсан тул бас хэдэн төгрөг болчихож магадгүй гэж бодоод тухайн тэсэрч дэлбэрэх бодисуудыг 150000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэгээд намайг хотод байж байтал Ховд аймгийн Булган суманд алт гарч байна гэж сонсогдсон. Тэгэхээр нь тухайн тэсэрч дэлбэрэх бодисуудыг зарж борлуулах бодолтой Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд явж байгаад Ховд аймгийн Дарви суманд цагдаагийн алба хаагч нар миний унаж явсан тээврийн хэрэгслийг шалгаад ийм асуудал болчихсон юм. ... Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 29-*******-р хуудас/,
Яллагдагч Н.******* түүний өмгөөлөгч Н.Ганзориг нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Эрүүгийн 2136000000021 дугаартай хэргийн яллагдагч Н.******* нь прокурорын сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ЭХХШТХ-ийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг байхгүй болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 143-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* УБГ улсын дугаартай Рrius-20 маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б.Мөнхбаяр, Д.Галт, М.Жаргалан нарын хамт Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчих явцад Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нар тээврийн хэрэгсэлд үзлэг хийж улаан шар өнгөтэй *******0 грамм жинтэй нунтаг бодис 20 ширхэг, бор өнгийн утас мэт 5 хэсэг асаах сэжим, цагаан өнгийн ууттай нунтаг бодис ирүүлж улмаар шинжээчийн дүгнэлтээр тухайн бодис нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “тэсэрч дэлбэрэх бодис” гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг, мөн зүйлийн 4.1.2-д “тэсэлгээний хэрэгсэл” гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг хамруулахаар заасан байна.
Шүүгдэгчийн тухайн үед тээвэрлэж явсан улаан шар өнгөтэй *******0 грамм жинтэй 20 ширхэг, 15 кг цагаан өнгийн бордоо мэт зүйл зэрэг нь анфо буюу энгийн тэсрэх бодис, эмульсэн тэсрэх бодис, 5 хэсэг бүхий 9 м 50 см, 9 м 20 см, 5 м 50 см, 9 м, 9 м 50 см-ийн хэмжээтэй, нийт 42 м 7 см урттай утас мэт зүйл нь ОШП шнур буюу тэсрэх бодист өдөөлт өгөх зорилгоор ашигладаг тэсэлгээний хэрэгсэл болох нь шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т тус тус зааснаар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу цагдаагийн байгууллагаас олгосон тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн маршрутын дагуу тээврийн болон аюултай ачааны стандартыг баримтлан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэх ба тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээний хэрэгслийн хамт тээвэрлэхийг хориглосон байна.
Иймээс шүүгдэгчийн анфо энгийн тэсрэх бодис, эмульсэн тэсрэх бодис, ОШП шнур буюу тэсрэх бодист өдөөлт өгөх зорилгоор ашигладаг хэрэгсэл зэргийг бусдаас худалдан авч улмаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн ******* УБГ улсын дугаартай Рrius-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, тээвэрлэхийг хориглоно гэснийг зөрчсөн үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл нь тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэргийн шинжийг бий болгосон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг олж авах, тээвэрлэхийг хориглосныг мэдсээр байж худалдаж авч улмаар бусдад худалдах зорилгоор тээвэрлэсэн нь өөрийнх нь үйлдэл хууль бус гэдийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.*******гийн тэсэрч дэлбэрэх бодист хамаарах анфо энгийн тэсрэх бодис, эмульсэн тэсрэх бодис болон ОШП шнур буюу тэсрэх бодист өдөөлт өгөх зорилгоор ашигладаг хэрэгсэл зэргийг бусдаас худалдаж авч, Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авч тээвэрлэсэн, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Н.******* нь урьд ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 144-149-р хуудас/ нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлын талаар гэрч Ч.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* нь төлөв даруу, буруу зан аашгүй, хүнд тусархаг, хамт олон найз нөхөд, ах дүү хамаатан, садныхаа дунд нэр хүнд сайтай, ажилсаг, хүнтэй зөв боловсон харьцдаг залуу байгаа юм. ...Ерөнхий боловсролын сургуулийг 2008 онд Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийг, 2010-2014 оонд Батлан Хамгаалахын Их Сургуулийн автомашины ашиглалтын инженерийн ангид сурч төгссөн.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 25-26-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд тээвэрлэхэд өөрийн эзэмшлийн ******* УБГ улсын дугаартай Рrius-20 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5500000 төгрөгийг /хавтаст хэргийн 36-р хуудас/ гаргуулан улсын төсөвт шилжүүлэв.
Эрүүгийн 2136000000021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл буюу Зэвсэгт хүчний 123 дугаартай ангийн тэсэрч дэлбэрэх бодис хадгалах В.04 дугаартай агуулахад хадгалагдаж байгаа улаан шаргал өнгийн савлагаатай 20 ширхэг *******0 грамм нунтаг бодис, цагаан өнгийн 15 кг бордоо мэт бодис, бор өнгийн 5 хэсэг бүхий 42 м 7 см урттай утсыг зохих журмын дагуу устгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ******* УБГ улсын дугаартай, Рrius-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-д заасан тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.*******гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 2136000000021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн улаан шаргал өнгийн 20 ширхэг *******0 грамм нунтаг бодис, цагаан өнгийн 15 кг бордоо мэт бодис, бор өнгийн 5 хэсэг бүхий 42 м 7 см урттай утсыг тус тус устгасугай.
7.Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ******* УБГ улсын дугаартай, Рrius-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Н.*******д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК