Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 172

 

                                                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 1-1 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОК59041918, Борлууд овогт Жөндгөөгийн Мягмарын,

        Б.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Мягмар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие  Ж.Мягмар нь 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Мөнгөн муфьт” ХХК-ийн захирал Б.Пүрэвсүрэн нь надтай харилцан тохиролцож 5.000.000 төгрөгийн өртөг бүхий Зил-130 машиныг чиргүүлийн хамт, эксель суудлын автомашин, сантехникийн багаж, холбох хэрэгсэл бүхий зүйлийг худалдан авч улмаар Б.Пүрэвсүрэн нь 8 сарын дотор төлбөрийг барагдуулахаар гэрээ хийсэн билээ. Б.Пүрэвсүрэн тогтсон хугацаандаа 6 сар аймагтаа байсан бөгөөд Улаанбаатар хот явж ирээд төлбөрийг барагдуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл ор сураггүй байгаа бөгөөд одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс Б.Пүрэвсүрэнг одоогоор хаана оршин сууж байгаа, уг этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлага тулгараад байна. Иймд иргэн Б.Пүрэвсүрэнг олж тогтоож, өөрийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

          Нэхэмжлэгч Ж.Мягмар шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь тус шүүхэд Б.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Иргэн Б.Пүрэвсүрэнтэй уулзаж тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ж.Мягмар нь Б.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Мягмар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгч Ж.Мягмарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тал хувь буюу 35.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мягмарт олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Ж.Мягмар нь Б.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мягмарт олгож, 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ