Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 173

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, 9016001017 улсын бүртгэлийн дугаартай, 2556375 регистрийн дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг хаягтай, одоо Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар баг, 11-06 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ85031902, Чангас овогт Дашийн Отгонцэцэгт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.035.418,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Д.Отгонцэцэгтэй 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр №2030000739 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4.800.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 31,20 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг,Улаангом сум, 7 дугаар баг, 11 дүгээр гудамж 06 тоотод байрлах 07-83 УВА улсын дугаартай аралын №КМFGA17FPSU092640, цэнхэр өнгийн, Hyundai mighty маркын автомашин барьцаалсан. Зээлдэгч Д.Отгонцэцэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 1.294.760,75 төгрөг, зээлийн хүү 1.346.177,10 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 3.505.239,25 төгрөгийн үндсэн зээл, 1.275.149,67 төгрөгийн хүү, 255.029,93 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 5.035.418,85 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн Д.Отгонцэцэгээс үндсэн зээл 3.505.239,25 төгрөг, зээлийн үндсэн хүү 1.275.149,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 255.029,93 төгрөг, нийт 5.035.418,85 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ. 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Д.Отгонцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Капитал банкнаас нэхэмжилж байгаа 5.035.419 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Уг мөнгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна“ гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Д.Отгонцэцэгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.035.418,85 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.            

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.035.418,85 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.035.418,85 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

        Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.517 төгрөгийн тал хувь болох 47.758,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 47.758,5 төгрөг, хариуцагч Д.Отгонцэцэгээс 47.758,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 5.035.418,85 /таван сая гучин таван мянга дөрвөн зуун арван найман төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 47.758,5  /дөчин долоон мянга долоон зуун тавин найман төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Д.Отгонцэцэгээс 47.758,5  /дөчин долоон мянга долоон зуун тавин найман төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, 47.758,5  /дөчин долоон мянга долоон зуун тавин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Отгонцэцэг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ