| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00152/И |
| Дугаар | 177 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 177
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр баг, 11-9 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОС62020313, Бух овогт Данзан-Очирын Эрдэнэсүрэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Цагаанхайрхан суман дахь Сум дундын модны үйлдвэрт 16 настайгаасаа буюу 1978 оноос эхлэн 1994 он хүртэл оосорлогчоор ажилласан. Ажилд орсон, гарсан тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд тухайн үед надтай хамт ажиллаж байсан З.Нямсүрэн, Б.Хашхүү нарыг гэрчээр асууж, ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэсүрэн нь 1978 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Данзан-Очирын Эрдэнэсүрэнгийн 1978 оны 10 дугаар сараас 1982 оныг дуустал, 1986 оны 3 дугаар сараас 1993 оны 4 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт оосорлогчоор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “...Данзан-Очир овогтой Эрдэнэсүрэнг мод бэлтгэлийн бригадад оосорлогчоор авч ажиллуулсугай” гэжээ.
Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөөлөх тухай” тушаалд: “...Компани зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан мод бэлтгэлийн бригадын оосорлогчийн үүрэгт ажлаас н.Эрдэнэсүрэнг чөлөөлсүгэй” гэжээ.
Д.Эрдэнэсүрэн нь гэрчээр мэдүүлэг өгсөн З.Нямсүрэнтэй хамт авахуулж байсан гэх гэрэл зураг, Үйлдвэрийн намын үүр, захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс түүнийг шагнаж байсан диплом зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Нямсүрэн, Б.Хашхүү нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Нямсүрэн “Миний бие нь 1977 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын модны үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Д.Эрдэнэсүрэн нь 1978 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын модны үйлдвэрт оосорлогчоор ажиллаж эхэлсэн юм. Д.Эрдэнэсүрэн нь уулнаас мод буулгахад модыг оосорлож өгдөг байсан бөгөөд тус газарт 1994 он хүртэл ажилласан болно. Тухайн үед Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын модны үйлдвэрийн даргаар Бадарч, Шархүү, Санжжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Хашхүү “Миний бие нь 1975 оноос 2003 он хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Д.Эрдэнэсүрэн нь 1978 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын модны үйлдвэрт оосорлогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд тус газарт 1994 он хүртэл ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч нь гэрчээр мэдүүлэг өгсөн З.Нямсүрэнтэй хамт авахуулж байсан гэх гэрэл зургийг хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул уг гэрэл зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч Д.Эрдэнэсүрэн нь 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөөлөх тухай” тушаал, Үйлдвэрийн намын үүр, захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс түүнийг шагнаж байсан диплом, гэрч З.Нямсүрэн, Б.Хашхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Эрдэнэсүрэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт оосорлогчоор 15 жил 9 сар 11 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бух овогт Данзан-Очирын Эрдэнэсүрэнгийн 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт оосорлогчоор 15 /арван тав/ жил 9 /ес/ сар 11 /арван нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ