Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 178

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 16-27 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, регистрийн дугаар ЧБ70122765, Боржгон овогт Санжаагийн Наранцэцэгийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч С.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1970 онд төрсөн, 47 настай. Би 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Нефьт баазад тос шингэн, тослох материал савлагчаар 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 7 жил 6 сар 10 хоног тасралтгүй ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт буруу хийгдсэн, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зөрчилтэй байгаа учраас улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд миний ажилд орсон, гарсан тушаал, гэрч нарын баримтыг үндэслэн 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуустал буюу 7 жил 6 сар 10 хоногийн хугацаанд Увс аймгийн Нефьт баазад тос шингэн, тослох материал савлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан А.Ноолой, Р.Нармандах нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч С.Наранцэцэг нь 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Увс аймгийн Нефьт баазад тос шингэн, тослох материал савлагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Нефьт баазын цалинг шүүн үзэхэд С.Наранцэцэгтэй холбогдох материал гаргаагүй нь үнэн болно” гэжээ.

    Нефьт баазын боловсон хүчнээс С.Наранцэцэгт 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “...1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус баазад тос, шингэн савлагчаар авч ажиллуулав, 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот шилжиж байгаа тул өөрийнх нь хүсэлтээр тос, шингэн савлагчаас чөлөөлөв” гэжээ.

      Түүнчлэн Тээврийн яамны харьяа Увс аймгийн Нефьт баазын даргын 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “...Санжаа овогтой Наранцэцэгийг 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тос шингэн, тослох материал савлагчаар ажиллуулсугай” гэжээ.

    Увс аймгийн Нефьт баазын даргын 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...Тус баазад тос шингэн савлагч ажилтай Санжаа овогтой Наранцэцэг нь Улаанбаатар хот шилжиж байгаа тул 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

       Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Нармандах, А.Ноолой нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Нармандах “Миний бие нь 1986 оноос 2005 он хүртэл Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт бааз буюу Увс аймгийн Нефьт хангамжийн газар, Ник ББХК-д засварчин, Давст сумын шатахуун түгээх станцад эрхлэгч, түгээгч зэрэг ажлуудыг эрхэлж байсан болно. Намайг Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт баазад ажиллаж байхад С.Наранцэцэг нь тус газарт 1987 оноос эхлэн тос шингэн, тослох материал савлагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 оны 8 дугаар сар хүртэл ажилласан юм. Тухайн үед Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт баазын даргаар Чойдон, Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч А.Ноолой “Миний бие нь 1980 оноос 1993 он хүртэл Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефьт баазад цахилгааны техникчээр ажиллаж байсан. Намайг Увс аймаг дахь Нефьт баазад ажиллаж байхад С.Наранцэцэг нь тус газарт 1987 оноос эхлэн тос шингэн, тослох материал савлагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд миний бие 1993 онд ажлаас чөлөөлөгдөх үед С.Наранцэцэг нь баазад ажиллаад үлдсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

       С.Наранцэцэгийн 1987 оноос 1994 оны хооронд ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Увс аймгийн Нефьт баазад тос шингэн, тослох материал савлагчаар ажиллаж байсан болох нь Нефьт баазын боловсон хүчнээс түүнд 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ологосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Тээврийн яамны харьяа Увс аймгийн Нефьт баазын даргын 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нефьт баазын даргын 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Р.Нармандах, А.Ноолой нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч С.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Увс аймгийн Нефьт баазад тос шингэн, тослох материал савлагчаар 7 жил 6 сар 10 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

     Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржгон овогт Санжаагийн Наранцэцэгийн 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Увс аймгийн Нефьт баазад тос шингэн, тослох материал савлагчаар 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч С.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ