Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 898

 

 

 

 

 

 

 

    2020        10           14                                      2020/ШЦТ/898

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч Б.Т,

шүүгдэгч Э.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Ц т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005025811422 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ................ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдаа, бизнесийн мэргэжилтэй, “......” ХХК-д бренд менежер ажилтай, ам бүл 1, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Э.Ц  /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Ц  нь 2020 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 3 дугаар байрны орчим такси үйлчилгээ эрхэлж явсан хохирогч Б.Тийн биед “шударга байсангүй” гэх шалтгаанаар марган халдаж, түүнд тархи доргилт, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц  мэдүүлэхдээ: “2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 4 цагийн үед би Хан-Уул дүүргийн урд хорооллоос такси бариад Нарны хороолол орсон. Би тухайн үед таксинаас буугаад төлбөр хэд гарсан гэж асуухад 5000 төгрөг гэж хэлсэн. Уг газраас манай гэр хүртэл 2500 төгрөг л гардаг. Би өөрийнхөө утсаар төлбөрөө шилжүүлэх гэтэл миний утасны цэнэг дууссан байсан. Би явсан километрийг нь хараад 2500 төгрөг л гарсан байна шүү дээ гэхэд хохирогч үгүй 5000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Би 2500 төгрөг шилжүүлээд, шудрага байл даа гэж хохирогчид хэлсэн. Тэгээд машины урд хаалгаар буухад хохирогч намайг хүчтэй нэг цохисон. Би зөрүүлээд энэ хүнийг нэг цохисон. Би энэ залуутай зодолдоогүй, түлхсэн чинь яадаг ч байсан чамтай үзнэ гээд над руу дайраад байсан. Бид хоёр харилцан бие биеэ цохисон асуудал байгаа. Би энэ явдал удаан үргэлжилвэл болохоо байна гэж бодоод арга ядаад гэр лүүгээр гүйгээд орсон.  Тухайн үед гаагүй байх гэж бодсон. Сарын дараа шүүхэд өргөдөл гаргасан талаар мэдээд цагдаад очиж мэдүүлэг өгсөн” гэв.

 

Хохирогч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2020 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн Рапид харшийн урдаас Цэлмүүнгарав такси авсан. Цэлмүүнгарав машинд суугаад Нарны хороолол явъя гэсэн. Таксины төлбөр  2,500 төгрөг гарсан гэж хэлэхэд Цэлмүүнгарав миний утас унтарсан гээд хэрүүл хийх гээд байхаар нь би “миний утсаар интернет банк ороод төлбөрөө шилжүүлчих, миний утсыг хэрэглэж байгаа юм чинь 500 төгрөг нэмээд өгчихгүй юу” гэхэд хуцаад байгаарай гэсэн. Би энэ хүнд бараг номхон зогсож байгаад зодуулсан. Цэлмүүнгаравыг гэрлүүгээ орсоны дараа би цагдаад очиж гомдол гаргасан” гэв.

 

Шүүгдэгч Э.Ц  нь 2020 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийнны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 3 дугаар байрны орчим такси үйлчилгээ эрхэлж явсан хохирогч Б.Тийн биед “шударга байсангүй” гэх шалтгаанаар марган халдаж, түүнд тархи доргилт, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 04:00 цагийн үед өөрийн эзэмшлийн 27-39 УБЕ улсын дугаартай авто машинаар халтуур хийгээд явж байхдаа Хан-Уул дүүргийн нутаг Рапид харшийн урдаас нэг эрэгтэй хүнийг авсан. ...04 цаг 10 минутын үед Нарны хорооллын 3-р байрны гаднах авто машины зогсоол дээр очоод нөгөө хүнд гарсан километрээ хэлээд 2.500 төгрөг болно гэж хэлсэн чинь тэр хүн надад бэлэн мөнгө байхгүй гэхээр нь би миний гар утсанд интернет банк байгаа. Миний гар утсаар өөрийн интернет банк ороод мөнгөө шилжүүлчих гэсэн чинь миний гар утсыг ашиглан өөрийнхөө данснаас миний данс руу 2.500 төгрөг шилжүүлсэн. ...Миний машинаас буухдаа миний араас миний баруун талын шанаа руу баруун гараараа нэг удаа цохиод “хөөрхөн пизда вэ” гэж хэлээд буусан. Тэр үед би машинаасаа “яагаад байгаа юм бэ” гээд нөгөө хүнтэй хамт буусан чинь тэр хүн миний нүүрэнд баруун, зүүүн гараараа ээлжлэн 5-6 удаа цохиод намайг тэврээд авсан бөгөөд тэгж тэврэх үедээ намайг миний машин руу шахсан. Тэр үед би хоёр гараа алдлаад “яагаад байгаа юм бэ, намайг одоо тавьчих, цагдаа сэргийлэх дуудмаар байна” гэж хэлсэн чинь тэр хүн намайг машин руу шахаж байгаад газар хоёр гараараа тэвэрч байгаад унагаасан. Тэгээд тэр хүн  намайг газар унагаасан байхдаа миний өмсөж явсан малгайтай цамцны малгайнаас зүүн гараараа барин дарж байгаад баруун гараараа нүүр, толгой орчим хэд хэдэн удаа цохиод байхаар нь би зууралдаж байгаад газраас босоод тэр хүнээс зугтаасан болов ч баригдчихсан. Тэгээд тэр хүн намайг барьж аваад дахиад хэд хэдэн удаа гараараа миний нүүрэн тус газар цохисон. Тэр үед би цагдаа дуудлаа гэсэн чинь тэр хүн зугтаагаад 3 дугаар байрны Тэмүүлэл гэсэн нэртэй дэлгүүрийн хажуу талын орц руу гүйгээд орсон. ...Тэр хүн намайг тэврээд газар унагаах үед миний биед байсан Самсунг эс-8 плас маркийн гар утас газар унаад дэлгэц нь гэмтсэн. Тэрнээс болоод миний гар утасны дэлгэц одоо ажиллахгүй байгаа бөгөөд засварчинд үзүүлсэн. Тэр хохирлоо барагдуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9651 дугаартай шинжээчийн

“1. Б.Тийн биед тархи доргилт, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тэр хүнийг шударга бай гээд гараараа хүзүүний ар хэсэг рүү нэг удаа хүрсэн. Тэгсэн чинь тэр залуу машинаасаа шууд бууж ирээд миний миний баруун хацар, хамар орчим нэг удаа зүүн гараараа цохисон. Тэр үед хохирогч залуу миний хамар орчим доороос толгойгоороо ольж цохисон. Тэгхээр нь би тэр залууд одоо боль чи намайг барахгүй гээд маргаад түлхсэн. Тэр үед хохирогч залуу над руу би чамайг ална гээд дайрсан. Тэр үед би хохирогч залууг тэвэрч аваад машин руу түлхсэн. Тэгээд би гэр лүүгээ орсон байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/,

 

“Аа” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-920/62 дугаартай “Самсунг эс-8 плас загварын гар утсыг 260.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 51-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

“Хаан банк” ХХК-иас ирүүлсэн шүүгдэгч Э.Ц ын 5604032996 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 27-29 дүгээр хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/, дипломын хуулбар /хэргийн 32-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

     Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.Ц  нь хууль зүйн хувьд гэм буруугийн санаатай үйлдлээр хохирогч Б.Тийг шударга байсангүй гэх шалтгаанаар цохисон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ц  нь хохирогч Б.Тийн эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц ын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Э.Ц ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хавтаст хэрэгт ШШҮХ-дгэмтлийн зэрэг тогтоолгохоор тушаасан 8000 төгрөгийн, Натур эмнэлэгт толгойн КТГ-ийн зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримтууд тус тус авагдсан бөгөөд шүүгдэгч уг хохирлыг /128.000 төгрөг/ төлж барагдуулсан /хэргийн 49 дүгээр хуудас/ болох нь тогтоогдож байна.

 

Мөн хохирогч уг гэмт хэргийн улмаас өөрийн эзэмшлийн Самсунг эс-8 плас загварын гар утасны дэлгэц хагарсан тул уг хохирлоо нэхэмжилж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг эд хөрөнгийн үнэлгээ нь 260.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний дүгнэлт хавтаст хэрэгт /хэргийн 51-54 дүгээр хуудас/ авагджээ.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 260.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Э.Ц  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ц ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ц ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ц т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц аас 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Тт олгосугай.

6. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардал болон цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО