Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 928

 

 

 

 

 

 

 

    2020        10           23                                      2020/ШЦТ/928

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг /томилолтоор/

шүүгдэгч С.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С.Б т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023251296 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ........... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ээээ” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 1, 00 тоот хашааны 00-р өрөөнд түр оршин суух хаягтай, урьд

  • Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,
  • Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, С.Б  /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ааа нэртэй авто угаалгын газарт “гар утсаар нь захиралтай яриад өгье” хэмээн насанд хүрээгүй хохирогч Г.М ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 260.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-8 загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...хохирогч манай ажлын газарт машин угаагчаар ажилд орсон. Утсаар нь захиралтайгаа яриад өгье гэж хэлээд авсан. ...Үйлдэл дээрээ маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Аа нэртэй авто угаалгын газарт “гар утсаар нь захиралтай яриад өгье” хэмээн насанд хүрээгүй хохирогч Г.М ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 260.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-8 загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлын зар хайж байгаад авто угаалгын төвийн газар ажиллахаар болоод зар дээр байсан утасны дугаараар нь холбогдон Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Аа” нэртэй авто угаалгын газар 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр очиж уулзсан. ...Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уг авто угаалгын газарт ажилд ороод машин угаагаад байж байсан юм. Би нэг машиныг угаагаад дотор талынх нь тоосыг соруулаад байж байсан чинь манай угаалга дээр ажилладаг гээд нэг ах миний дүү машинаа угааж дууссан юм уу ах нь захиралтай утсаар ярих хэрэг байна. Намайг машин угааж дууссан бол хэлээрэй гэсэн учраас ах нь машинаа угаагаад дууссан гээд ярих хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би тэр ахад өөрийнхөө гар утсыг өгсөн. Тэр ах захиралтай ярина гээд миний хажууд зогсож байсан. Би машинаа угаагаад дуусгах гээд дотор талынх нь тоосыг соруулаад угааж дуусгаад гар утсаа авах гээд надаас гар утас авч захиралтай утсаар ярина гээд байсан ахаас гар утсаа авах гээд хайсан чинь нөгөө ах алга болсон байсан. ...Тэгээд би дуудлага өгсөн. Миний хохирлыг барагдуулаагүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6, 32 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2-20-709 дугаартай “Самсунг Эс-8” загварын гар утсыг 260.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн хуучин ажилладаг байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн урд талд байх 10 дугаар хорооллын үерийн далангийн урд талд байх “Аа” нэртэй авто угаалгад нэг өдрийн өмнө угаагчаар ажилд орсон хүүгийн гар утсыг аваад зохион байгуулагч Сүмбээ рүү яриад өгье гэхэд хар өнгийн Самсунг эс-8 маркийн гар утсаа өгсөн. Би гар утсыг аваад зохион байгуулагч руу утсаар яриад тэр чигтээ гар утсыг нь буцааж өгөлгүй аваад явсан. Би гар утсыг аваад өөрийн түрээсэлж байсан нийтийн байр луу яваад буцаж ажилдаа очоогүй маргааш өглөө нь хорооллын “Тэди” төвийн гадна гар утас авдаг ченжид миний гар утас байгаа юм мөнгөний хэрэг гараад гар утас зарах гэсэн юм гээд гар утсыг эрэгтэй танихгүй ченжид 120.000 төгрөгөөр зарсан. ...Би маргааш өглөө нь гар утсыг дүүд буцаагаад өгнө гэж бодсон байсан боловч түрээсийн байрны төлбөр өгөх хугацаа болчихоод намайг байрнаас гар гээд байхаар нь би гар утсыг нь зарж түрээсийн мөнгөө төлсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 12 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 13 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Б нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “захирал руугаа утсаар яриад буцаагаад утсыг чинь өгнө” гэж насанд хүрээгүй хохирогчийг хуурч, түүний өмчлөлд байсан Самсунг эс-8 загварын гар утсыг авч яван цааш зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг залилж авах санаа, зорилготой байсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

        Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид баримтаар 260.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ээс 260.000 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гантулгад олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч уг дүгнэлттэй мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

 

Шүүгдэгч С.Б ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч С.Б нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 665.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй буюу уг ялыг эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 47-54 дүгээр хуудас/,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно…” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “…торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг..” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Б ийн урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 665.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, нийт 44 /дөчин дөрөв/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногоор тогтоов.

 

  1. Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Б ийг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б ийг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээрр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.Б т урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 665.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, нийт 44 /дөчин дөрөв/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногоор тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Б т оногдуулсан 7 /долоо/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ээс 260.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гантулгад олгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО