| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2018/0323/З |
| Дугаар | 462 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 462
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “МҮБХ” НҮТББ
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Л.Чыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн” бүртгэлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.л, нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Б 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МҮБХ нь 1990 онд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд юм. Анх байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол бөхийн өргөөг барихаас эхлээд үндэсний бөхийг улам хөгжүүлэх, түүний соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахтай холбоотой олон олон бодитой ажил хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсээр ч байгаа болно.
Холбоо нь өөрийн үйл ажиллагаагаа явуулахдаа албан ёсны дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ тамга тэмдэг ашигласаар ирсэн ба өнөөдөр ч эдгээр нь хүчин төгөлдөр ашиглагдсаар байгаа. Харин 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Л.Чыг бөхийн холбооны тэргүүнээр бүртгэж, улмаар “дахин гэрчилгээ олгов” гэсэн тэмдэглэлтэйгээр шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйл ажиллагааг улсын бүртгэгч Ж.О хийсэн байна.
Улсын бүртгэгч Ж.Огийн энэхүү үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хууль ёсны МҮБХны эрх ашгийг ноцтой хөндөж байгаа юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18-р зүйлд улсын бүртгэлийн үйл за-л хориглох зүйлийг тодорхойлсон ба 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэсэн байдаг. Дээр дурдсанаар МҮБХ-ны үйл ажиллагаа 1990 оноос эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. МҮБХ-ны тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон, хүчингүй болгосон асуудал огт байхгүй буюу тухайн төрийн бус байгууллагын гэрчилгээ, дүрэм, холбогдох бүртгэл хүчин төгөлдөр байсаар байтал дахин бүртгэл хийж, гэрчилгээг давхардуулан олгосон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд улсын бүртгэл дэх мэдээллийг өөрчлөхөд тавигдах шаардлага, шаардлагатай бичиг баримтуудыг тодорхойлсон байдаг. Эдгээр бичиг баримт, тогтоол шийдвэр, өргөдөл хүсэлтүүд нь наад зах нь тамга тэмдгээр баталгаажсан байх ёстой. МҮБХ-ноос иргэн Л.Чыг тэргүүнээр бүртгүүлэх ямар ч бичиг баримтыг гаргаагүй, ямар ч бичиг баримт дээр тамга тэмдэг дараагүй байхад хаанаас ямар хүсэлт, өргөдөл гаргаад,
юугаар буюу ямар тамга тэмдгээр баталгаажаад бүртгэл хийгдэж, дахин гэрчилгээ олгогдсон нь ойлгомжгүй буюу хууль бус болжээ.
Өөрөөр хэлбэл дахин олгосон гэх гэрчилгээ нь МҮБХ-ны ашигласаар ирсэн гэрчилгээтэй ижил хувийн хэргийн дугаартай, регистрийн дугаартай хэрнээ МҮБХ-нд ямар нэгэн хамааралгүй хүнийг, МҮБХ-ны өөрийн хүсэлт, өргөдөлгүйгээр түүний тэргүүнээр бүртгэсэн, ямар ч хамааралгүй хүнд гэрчилгээ шинээр гаргаж өгсөн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журамд зааснаар улсын бүртгэгч нь өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь хуульд нийцсэн тохиолдолд бүртгэлийг бүртгэж, баталгаажуулах үүрэгтэй. Үүнээс шалтгаалж 2 МҮБХ байгаа мэт ойлголт олон нийтийн дунд төрөхөөс гадна иргэн Л.Ч нар нь шинээр, хууль бусаар, давхардуулан гарган авсан гэрчилгээ, бүртгэлийг ашиглан тодорхой үйл ажиллагаануудыг явуулж, манай байгууллагын эрх, ашгийг зөрчөөд байна.
Бидний зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар буюу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1.5, 11.1-т заасны дагуу улсын ерөнхий бүртгэгчид хандсан боловч үр дүнд хүрээгүй тул шүүхэд хандаж байгаа болно.
Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Л.Чыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн” бүртгэлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Чыг “МҮБХ” төрийн бус байгууллагын тэргүүнээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “МҮБХ” төрийн бус байгууллага гэж дахин гэрчилгээ олгосныг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагад тусгасан. “МҮБХ” ТББ 1990 онд байгуулагдаж, үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Төрийн бус байгууллагын эвлэлдэн нэгдэх эрх, түүний үйл ажиллагаанд төрөөс ямар нэгэн байдлаар оролцохыг хориглодог. Гагцхүү Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус төрийн бус байгууллагын тэргүүнээр Л.Чыг томилсон гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Бидний зүгээс Л.Ч гэж хүнийг тэргүүнээр томилуулах тухай холбогдох байгууллагад хандаагүй, энэ тухай тодруулахад, Л.Ч гэж хүн өөрийгөө тэргүүнээр томилуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу “МҮБХ” ТББ-ын тэргүүнээр бүртгэсэн гэдэг хариу ирсэн. Үүнтэй холбоотой Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандахад шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэдэг хариу өгсөн. Л.Чыг тэргүүнээр бүртгэж, гэрчилгээ олгохдоо дараах байдлаар хууль, тогтоомж зөрчсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн зүгээс болон гуравдаг этгээд нарын зүгээс тайлбар өгсөн байдаг. Уг тайлбаруудад 2018 оны 04 сарын 03-ны өдөр буюу тухайн бүртгэл хийгдсэн өдөр 670 тоот дүгнэлт гарсан учраас бүртгэл хийгдсэн гэж тайлбарласан байдаг. Ж.О бүртгэгчийн бүртгэл хийсэн болон гэрчилгээ олгосон үйлдлийг захиргааны акт гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байна. Тухайн байгууллагын тэргүүнийг өөрчлөн, бүртгэл хийж байгаагаа огт мэдэгдээгүй буюу сонсох ажиллагаа хийгдээгүй нь дээр дурдсан хуулийг зөрчиж байна. Хариуцагч тал Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно, 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд гэж тайлбарладаг. Магадгүй Л.Ч гэж хүний өргөдөл гомдлыг хангасан болов уу. Гэвч эрх ашиг нь зөрчигдөж байгаа тохиолдолд заавал мэдэгдэж тайлбар авах ёстой боловч “МҮБХ” ТББ-д мэдэгдсэн зүйлгүй. 2010 онд хийгдсэн “МҮБХ” ТББ-ын гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно заасныг зөрчсөн байна. 5 жилээс дээш хугацаа өнгөрсөн байхад захиргааны байгууллага хүчингүй болгосон байна. Онолын хувьд захиргааны байгууллага иргэдийн төрд итгэх итгэлийг ха*******лах зарчмын үндсэн дээр 5 жилийн хугацааг хуульчилжээ. Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт тухайн маргаж байгаа актыг мэдсэнээс хойш 30 хонгийн дотор гомдол гаргаж болохоор заасан байдаг. Ж.О бүртгэгчийн дүгнэлтээр 2010 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн асуудалд гомдол гаргасан бөгөөд тухайн бүртгэл хүчин төгөлдөр эсэхийг шалгаж, үүнийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байдлаар хандсан байдаг. 8 жил өнгөрсөн байхад хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Улсын байцгаагч дүгнэлт гарган, бүртгэгч бүртгэл хийсэн байна. дүгнэлт болон бүртгэгчийн хийсэн үйлдэл хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Дүгнэлт гаргахдаа үндэслэл болгосон Оюуны өмч, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 22 дах заалт буюу улсын байцаагчийн дүгнэлтийг тодорхойлсон. Үүнд Улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтны хүсэлт, иргэдийн өргөдөл гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтооход үйлдэнэ. Мөн энэ журмын заалтыг баримтлаагүй болох нь харагдаж байна. Тухайн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий байцаагч буюу тус байгууллагын дарга зохих шийдвэрийг гаргадаг. Ихэвчлэн тушаал гаргадаг. Уг маргаантай холбоотой Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга тухайн үед ямар нэгэн тушаал гаргасан зүйл байхгүй. Өөрсдийгөө “МҮБХ” гэж хэлээд байгаа хүмүүс Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт анх 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон гэрчилгээг хуулиар тогтоосон зүйл зөрчсөн эсэх, эрх зүйн чадамжтай эсэх талаар дүгнэлт гаргаж хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Гэвч хариуцагч хүсэлтэд хамаарахгүй асуудлаар буюу ашиглагдаж байсан гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсан журмын 22 дугаар зүйлд дүгнэлт гарснаас хойш 2 хонгийн дотор улсын ахлах байцаагч хянан баталгаажуулсны дараа ямар нэгэн үйл ажиллагаа хийхийг журамласан байна. Тухайн дүгнэлт 04 сарын 03-нд үйлдэгдсэн бөгөөд шууд тухайн өдрөө бүртгэл хийгдсэн нь энэхүү журмаа мөн зөрчсөн. Хуулийн этгээдийн хэрэглэж байсан улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг хүчингүй болгосон нь огт үндэслэлгүй юм. Хэрэв улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн байгууллагын ашиглаж байгаа гэрчилгээнд бичилт нэмж хийх маягаар өөрчлөлт хийдэг. Харамсалтай нь шууд хүчингүй болгож, дахин гэрчилгээ гаргаад, тэргүүнийг нь өөрчилсөн нь шинээр байгуулагдсан мэт харагдаж байна. Үнэн чанартаа нэг л холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад бүх зүйлийг нь хүчээр хүчингүй болгосон нь маш бүдүүлэг үйлдэл юм. Ноцтой хууль зөрчсөн нь баримтаас харагдаж байна. Төрийн бус байгууллага гэдэг нь өөрсдөө эвлэлдэн нэгдсэн нийгэм болон гишүүдэдээ зориулан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. “МҮБХ” ТББ-ын дотоод журмаараа тэрүүнээ сонгох дүрэмтэй байдаг. Үүнийгээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэвч Л.Ч гэж хүнийг тэргүүнээр бүртгэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн бичгийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэж тайлбарладаг. Гэвч тухайн үед гарсан 2003 оны Улсын Дээд шүүхийн 403 дугаар тогтоол, 2011 оны шийдвэр зэрэгт иргэн Л.Чыг тус ТББ-ын тэргүүнээр томилох тухай огтхон ч тусгаагүйгээр барахгүй Цэцдийн зөвлөлийг хуралдуулна уу гэж байдаг. Эдгээр үйлдэл нь Захиргааны ерөнхий хууль, Оюуны өмч, улсын бүртгэлийн журмыг зөрчсөн байна. Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Ж.Огийн иргэн Л.Чыг “МҮБХ” ТББ-ын тэргүүнээр томилсон, дахин гэрчилгээ олгосон, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.л 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МҮБХ ТББ анх 1994 онд улсын бүртгэлд бүртгэгдэн, Хууль зүйн яамнаас гэрчилгээ олгогдсон. Улсын бүртгэлийн газрын архиваас шүүж үзэхэд тус төрийн бус байгууллагын дүрэм хэзээ батлагдсан нь тодорхойгүй байдаг. 2010 оны 12 сарын 27-ны өдөр тухайн байгууллагын цэцдийн зөвлөлийн бүрэлдэхүүн тэргүүнээ сонгосон, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан, гэрчилгээ олгосон. Энэ бүртгэл нь сүүлд шүүхээс хүчингүйд тооцсон “Их эе”-ийн шийдвэрийг үндэслэсэн байдаг нь тухайн гэрчилгээ хүчингүй гэж тооцох нөхцөлийг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс тухайн бүртгэлийг хүчингүйд тооцсон. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Л.Чыг “МҮБХ” ТББ-ын тэргүүнээр бүртгэсэн. Ингэхдээ дараах баримтад тулгуурлан бүртгэсэн. Үүнд: Б дүүргийн шүүхийн 2011 оны 1003 дугаар шийдвэр, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2017/21235 дугаар тоот захирамж, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ГХ2017/1977 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 2/5050 дугаар мэдэгдэл, 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 2/5384 дүгээр мэдэгдэл, УБ05маягт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “МҮБХ” ТББ-ын ээлжит бус “Их эе”-ийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, Цэцдийн зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, “МҮБХ” ТББ-ын ээлжит бус “Их эе”-ийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04, 06 дугаар тогтоолууд, “МҮБХ” ТББ-ын Цэцдийн зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоол, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 186 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 201 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын 2003 оны 403 дугаар тогтоол, Б, С, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 101/ШШ20**/00** дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2016 оны *********560 дугаар тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2011 оны 715 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 686 дугаар тогтоол, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2018/5255 дугаар захирамж, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 101/ШЗ2018/***28 дугаар захирамж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагчийн 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 670 дугаар дүгнэлт, Л.Чаас Д.Хт олгосон итгэмжлэл, “МҮБХ” ТББ-ын гэрчилгээг хүчингүй болохыг зарлуулсан сонин зэрэг баримтуудыг үндэслэн гэрчилгээг олгосон байна. Энэ бүртгэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хийгдсэн, “МҮБХ” ТББ-ын “Их эе”-ийн тогтоол шийдвэрийг үндэслэсэн бүртгэл юм. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэрэгт үйлчлэхгүй гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл тухайн бүртгэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд гүйцэтгэсэн учраас Захиргааны ерөнхий хуульд хамаарахгүй гэж үзэж байна. Эрх ашиг нь хөндөгдсөн гэх этгээдүүд буюу хүчин төгөлдөр бус хурлын үр дүнд бүртгэгдсэн Р.Н гэх хүнд хуулиараа сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн бүртгэлтэй холбоотой маргаан Захиргааны ерөнхий хуульд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв
Дөрөв. Гуравдагч этгээд Л.Ч 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “МҮБХ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “МҮБХ” НҮТББ-ын нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгох тухай 670 дугаар дүгнэлтээр хууль бус Бөхийн холбооны 6 дугаар Их эеийн хууль бус хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн 2011 оны 715 дугаар тогтоолыг биелүүлсэнтэй холбогдуулж, МҮБХ НҮТББ-ын улсын бүртгэлийн үнэн зөвийг нягтлан, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор хууль бусаар тамга, тэмдэг, гэрчилгээ ашиглаж байгаа Р.Н, тэргүүнээр сонгогдсон Б.Б нарын барьж байгаа тамга, гэрчилгээг 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд албан ёсны тамга, тэмдэг, гэрчилгээтэй, улсын бүртгэлд бүртгэлтэй МҮБХ нь шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байгаа тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
МҮБХг итгэмжлэлгүйгээр төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэх цор ганц субъект бол улсын бүртгэлийн гэрчилгээнд хамгийн сүүлд бүртгэгдсэн Л.Ч юм. Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь байхгүй, бүртгэгдээгүй этгээд нь тус холбооны нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Иймд МҮБХ” НҮТББ-ын нэрээр гаргасан нэхэмжлэлийн татгалзалыг баталж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр саррын 03-ны өдрийн “Л.Чыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн” бүртгэлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд МҮБХ НҮТББ нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр МҮБХны 8 дугаар “Их эе”-ийг хуралдуулж дүрмээ баталж, тэргүүнээр Б.Бийг сонгож хуулийн этгээдийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр Захиргааны байгууллагад хандсан боловч улсын бүртгэгч Ж.О нь шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу “Үндэсний бөхийн холбоо” ТББ-ын улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулж тэргүүнээр Л.Чыг томилсныг бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг олгосон гэсэн үндэслэлээр өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан үйл баримт болжээ.
Нэхэмжлэгч тал “2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Л.Чыг МҮБХны тэргүүнээр бүртгэж, улмаар дахин гэрчилгээ олгов гэсэн тэмдэглэгээтэйгээр шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хууль ёсны МҮБХны эрх ашгийг ноцтой хөндсөн” гэж хариуцагч тал “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолодолд өргөдөл, гомдлыг хянаж үзэхгүй байхаар хуульчилсан” гэж маргаж байгаа болно.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.
“МҮБХ” НҮТББ нь 1990 онд Төрийн бус байгууллагын хэлбэрээр байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа явуулахдаа албан ёсны дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг ашигласаар ирсэн байна. МҮБХ ТББ-ын ээлжит 8 дугаар “Их эе” 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, тус “Их эе”-ийн төлөөлөгчөөр холбооны 189 төлөөлөгч оролцож МҮБХны дүрмийг баталж, тооллогын комиссын 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот тогтоолоор Б.Бийг тэргүүнээр сонгосонд тооцож тэргүүлэгчдэд уламжлахаар тогтжээ.
Энэхүү тогтоолын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан боловч Захиргааны байгууллага, албан тушаалтан нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус ТББ-ын улсын бүртгэлд тэргүүнээр Л.Чыг бүртгэсэн өөрчлөлтийг оруулан улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга олгосон байна. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “МҮБХ НҮТББ-ын нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн өөрчлөлтийг хүчингүй болгох тухай” 670 дугаар дүгнэлтээр 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр МҮБХны улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ Монгол Улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт ”Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэл хөтлөх, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах, арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор” гэсэн заалтуудыг үндэслэл болгожээ.
Тэгвэл Нийслэлийн Б дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр “Р.Нийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр явуулсан МҮБХны тэргүүний сонгуулийг хүчинтэйд тооцуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан МҮБХоний “Онц их эе” түүнээс гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгожээ”. Ингэхдээ 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Онц их эе” хурал нь МҮБХны дүрмийг зөрчсөн, “Их эе”-ийг цэцдийн зөвлөл зарлаж зохион байгуулах ёстой байсан. Харин “Их эе”-ийн төлөөлөгчдийг сонгох асуудалд нутгархаг, найзархаг үүднээс бус МҮБХны эрх ашгийн үүднээс хандаж зохицуулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
Нийслэлийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201 дугаар магадлалаар тус шийдвэрийг хэвээр үлдээжээ. Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор ээлжит бус “Их эе”-ийг хуралдуулахыг үүрэг болгосон анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, МҮБХны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБХны ээлжит бус “Их эе”-ийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж хуралдуулахыг МҮБХны цэцдийн зөвлөлд үүрэг болгохыг нэмж заажээ.
Ингээд МҮБХ ээлжит 6 дугаар “Их эе” 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдсаныг Б дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1003 дугаар шийдвэрээр Монголын Үндсэний бөхийн холбооны ээлжит бус 6 дугаар “Их эе”-ийг хууль бусад тооцуулах, түүнээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах Д.А*******, Ж.Г, Ц.Д******* нарын сонгох, сонгогдох эрхийг хассан тус холбооны тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэлэлцэж, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан Монголын Үндсэний бөхийн холбооны 6 дугаар “Их эе”, түүнээс гарсан шийдвэр, МҮБХны тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгожээ.
Нийслэлийн шүүхийн иргэний шүүх хуралдааны 2011 оны 074 дугаар сарын 04-ны өдрийн 591 дүгээр магадлалаар дээрх 1003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 715 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/Ш32017/21235 дугаар захирамжаар тус шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1003 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 590 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 715 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилжээ. Мөн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32018/04928 дугаартай захирамжаар Р.Нид МҮБХ ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна.
Мөн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/Ш32018/05255 дугаар захирамжаар МҮБХны цэцдийн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Их эе”-ийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгажээ.
Дээрх шүүгчийн захирамжууд нь Ж.Гын нэхэмжлэлээр МҮБХнд холбогдуулан үүсгэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан захирамж байх бөгөөд энэхүү хэргийг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/Ш32018/08971 дугаартай захирамжаар МҮБХны цэцдийн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын Монголын Үндсэний бөхийн холбооны “Их эе”-ийн хурал зарласан хуралдааныг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Гын нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж, тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн тогтоолоор тус захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/5384 тоот мэдэгдэл ирүүлж Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 101/Ш32018/05255 дугаартай захирамжаар Монголын үндсэний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Их эе” хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байхад захирамжийг үл биелүүлэн “Их эе”-ийн хурлыг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулсан” гэсэн тайлбар нь няцаагдана.
Энэ нь дээрх шүүгчийн захирамжууд нь Ж.Гын нэхэмжлэлээр Монголын Үндсэний бөхийн холбоонд холбогдуулан үүсгэсэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан захирамж байх бөгөөд энэхүү иргэний хэрэг нь нэхэмжлэлийг буцааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох бөгөөд дээрх захирамжуудын үйлчлэл мөн энэ үед дуусгавар болсон гэж ойлгоно.
Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Монголын Үндэснйи бөхийн холбооны “Их эе”-ийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, тэргүүнээр Л.Чыг сонгосон мөн холбооны “Их эе”-ийн хурлыг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулсан хурлын шийдвэрүүдийн аль нэгийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан явуулж Монголын Үндсэний бөхийн холбооны “Их эе”-ийг 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулж, тэргүүнээр Л.Чыг сонгосноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусч, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 687 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байна. Үүний дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр МҮБХ “Их эе”-ийг хуралдуулж, тэргүүнээр нь Б.Бийг сонгосныг хууль бусад тооцсон буюу тус “Их эе”-ийн шийдвэрийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.
Харин хавтаст хэрэгт авагдсан аль ч шатны шүүхийн шийдвэрээр Монголын Үндсэний бөхийн холбоо ТББ-ын гэрчилгээ болон тамга, тэмдгийг хүчингүй болгох тухай шийдвэр, магадлал, тогтоол байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан байх бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т /”төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага/ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг” хэлнэ гэжээ.
Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд Монголын Үндсэний бөхийн холбоо НҮТББ нь нэгдмэл зорилготой сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулагдахаар байх бөгөөд төрийн бус байгууллага нь өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж тэр нь төрөөс хараат бус өөрийн удирдах зарчмаар ажиллахаар байна. Хэдийгээр хариуцагч шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр төрийн бус байгуулагын мэдээлэлд өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч тус төрийн бус байгууллагаас дахин “Их эе”-ийг хуралдуулан тэргүүнээ сонгож, бүртгүүлэх хүсэлтийг гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой ...” байх зарчмыг баримтлаагүй байна гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж тус захиргааны актын биелэлтийг 1 сарын хугацаагаар түтгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс өгсөн 1 сарын хугацаанд “Монголын Үндсэний бөхийн холбоо” НҮТББ нь хуульд заасан үйл ажиллагаагаа явуулахдаа дотооддоо эв эеийг нэгтгэж гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн нийт гишүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн шийдвэр гаргахгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартайг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүх хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутанд болохыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Х, Х.Б, өмгөөлөгч Ц.Б, Д.Х нарт 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТОООХ НЬ
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Төрийн бус байгуулллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан МҮБХны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Од холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Огийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Чыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн бүртгэл, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэлийг” 1 сарын хугацаагаар түтгэлзүүлсүгэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ