Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0513

 

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0513

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “А С Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А С Э Т” ХХК

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б, Ц.Т нар

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б, Ц.Т нарын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 421 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц,

Хариуцагч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2021/0958/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А С Э Т” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б, Ц.Т нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б, Ц.Т нарын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 421 дүгээр шийдвэрээр: 

“...Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А С Э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б, Ц.Т нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч О.Б, Ц.Т нарын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн НА-25210000041 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс “...Хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актын тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэсэн нь маргаан бүхий зөрчлийг үгүйсгэх, ... үндэслэл болохгүй...” гэжээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Гэвч нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно”,

... мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэснийг үндэслэн 44.611.440 төгрөгийн нөхөн татвар, 13.383.432 төгрөгийн торгууль, 8.922.288 төгрөгийн алданги, нийт 66.917.160 төгрөгийн төлбөр ногдуулахдаа нөхөн татвар, торгууль, алдангийг ямар хуулийн, аль заалтыг үндэслэн хэдэн хувиар ногдуулсан болох нь тодорхой бус, нөхөн ногдуулалтын актад дурдагдаагүй байгаа нь “нөхөн ногдуулалтын акт” ойлгомжгүй, хуульд нийцээгүй, тодорхойгүй, утга агуулгын хувьд алдаатай акт тогтоож, манай компанид хариуцлага ногдуулсан байна.

3.2.Анхан шатны шүүхээс “... дээрх зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ үйлчлэлд хамаарах бөгөөд хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тайлбарлан хэрэглэсэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна” гэжээ.

Гэвч татварын байцаагч нар нь 2018 оны 446.114.400 төгрөгийн зөрчилд 44.611.440 төгрөгийн нөхөн татвар, 13.383.432 төгрөгийн торгууль, 8.922.288 төгрөгийн алданги, нийт 66.917.160 төгрөгийн төлбөр ногдуулсан актын тэмдэглэл хэсэгт зөрчлийн талаар дурдахдаа 2018 онд Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчил илрүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан заалтуудыг зөрчсөн гэж тогтоосон.

Харин хариуцлага хүлээлгэхдээ Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага”-д нэмэгдсэн өртгийн албан татварыг зөрчсөн зөрчилд оногдуулах зүйлийг тодорхой хуульчилж өгсөн байхад Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийг баримтлан хуулийг буруу хэрэглэж хариуцлага оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Т нар нь “нөхөн ногдуулалтын акт” үйлдэхдээ Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчиж хуульд нийцээгүй, тодорхойгүй, утга найруулгын хувьд алдаатай акт тогтоож, хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хариуцлага оногдуулсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 421 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Татварын хяналт шалгалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2017/04-21 тоот гэрээний дагуу нийлүүлсэн барааны төлбөрийг нэхэмжлэгч “А С Э Т” ХХК 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан болох нь тус компанийн Голомт банкан дахь харилцах дансны хуулгаар тогтоогдсон, гэвч давж заалдах гомдолд энэхүү үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, гагцхүү 446.114.400 төгрөгийн орлогыг хугацаанд нь тайлагнаж, төсөвт төлөөгүйгээс ногдуулсан 44.611.440 төгрөгийн нөхөн татвар, 13.383.432 төгрөгийн торгууль, 8.922.288 төгрөгийн алдангийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, тодорхойгүй, утга найруулгын хувьд алдаатай акт гаргасан гэх боловч маргаан бүхий актаар дээрх төлбөрийг ямар хуулийг, хэрхэн хэрэглэж ногдуулсан талаарх, ийнхүү ногдуулсанаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.        

Татварын эрх зүйн харилцаанд Захиргааны ерөнхий хууль төдийлөн хэрэглэгдэхгүй, тэгээд ч маргаан бүхий актыг утга, агуулгын хувьд алдаатай гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дээрх орлогыг тайлагнаснаас бус нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий актаар нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган ногдуулж, тайлагнан төсөвт төлөх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй гэж буруутгасан байна.

2.Хууль хэрэглээний тухайд давж заалдах гомдолд дурдсан Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:” гэж заасны дагуу торгуулийг нөхөн татвараас 40 хувиар тооцох тохиолдолд 17.844.576 төгрөг буюу актаар тогтоосон торгуулиас 4.461.144 төгрөгөөр;

-алдангийг уг хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-т “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар үндэслэн тогтооно”, 73.2.1-т “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор алданги тооцох хугацааг тодорхойлно” гэсний дагуу тус тус тооцоход одоогийн актад үндэслэсэн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсний дагуу нөхөн төлүүлэх татвараас 20 хувиар тооцож 8.922.288 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэснээс тус тус их байхаар байна.

Иймд Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хариуцагчдаас 2008 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэж акт тогтоосон нь төлбөрийн хэмжээний хувьд багасч, ингэснээрээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болохоос бус утга агуулгын хувь алдаатай, ойлгомжгүй, хууль буруу хэрэглэж акт тогтоосон гэх үзэхгүй. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН