Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0057/з |
Дугаар | 359 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 359
“Талын фокус” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зулаа, хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 524 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Талын фокус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 331 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3, 14.4, 14.5-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр, Л.Бархасбаатар 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 263659 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 524 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга 2016.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 263659 тоот акт ногдуулсан 3409,1 мянган төгрөгийн торгууль, 2403,4 мянган төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 5812.5 мянган төгрөгөөр багасган 11363,6 мянган төгрөг болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч “Талын фокус” ХХК-ийн захирал Д.Батхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. “Валверус” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн бөгөөд манай компанид бичиж өгсөн НӨАТ-ын падаан нь татварын албанаас татвар төлөгчдөд хууль ёсны дагуу олгосон давтагдахгүй дугаар бүхий НӨАТ-ын падаан болох нь биднийг НӨАТ-ын тайландаа тусгахад татварын хэлтсээс зөвшөөрч баталгаажуулж байснаар нотлогдоно.
НӨАТ-ын падааныг тухайн аж ахуйн нэгжид тодорхой дугаартай, тоо ширхэгтэйгээр, чанга шүүлтүүрээр олгодог. Тэр ч утгаараа бид "Валверус" ХХК-д олгосон падааныг тэгж ойлгон тайландаа тусгасан. НӨАТ-ын падаанаар борлуулсан компани борлуулалтын орлогоос татвар төлөх үүрэг үүсэх ёстой байтал уг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж бидэнд бурууг нялзааж манай компанид их хэмжээний хүү, татвар, торгууль хүлээлгэж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн хэрэг юм. "Валверус" ХХК нь гэм буруугаа хүлээн хариуцлагаа зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдсан байтал манай компанид хариуцлага тооцон бидэнд акт тавьсан нь нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэж байгаа асуудал юм.
2. Бид жижиглэнгээр мах худалдан авч СЭМҮТ-д нийлүүлдэг байсан бөгөөд худалдан авагч зөвшөөрсөн тохиолдолд падааныг нийтэд нь бичиж болох бөгөөд үүний дагуу бид 2 удаа падаан авсан. Манай худалдан авалт нь бодитой байсан нь СЭМҮТ-тэй байгуулсан гэрээ, СЭМҮТ-ийн бараа материал хүлээн авсан товчоо тайлан, "Валверус" ХХК-ийн бэлэн мөнгөний кассын орлогын ордер, НӨАТ-н падаан, манай компанийн кассын зарлагын ордэр, бараа материалын орлогын падаан зэргээр нотлогдож байна.
3. Хэрвээ бид уг худалдан авалтаар НӨАТ-ын хасалт хийгээгүй байсан бол манай компанийн борлуулсан барааны өртөг өсч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх орлого буурах байсан. Бид үйл ажиллагаа явуулж борлуулалтын орлогодоо НӨАТ ногдуулан цаг хугацаандаа төсөвт төлж байсан.
4. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3 дахь хэсэгт зааснаар “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд татварын улсын байцаагчийн акт нь захиргааны зөрчил болох юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Талын фокус” ХХК нь Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 263659 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг актаар “худалдан авалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр 17176100 төгрөгийн төлбөр тогтоожээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар нотлогдоогүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй байхаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Валверус” ХХК-иас мах худалдан авсан гэх боловч үүнийг нотлох санхүүгийн баримт байхгүй, “Валверус” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхаас гадна нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчилтэй, падаан бусдад зарж борлуулж байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгчийг падаанд бичигдсэн махыг худалдан аваагүй гэж үзээгүй, гагцхүү худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “манай худалдан авалт бодитой байсан, уг худалдан авсан махаа СЭМҮТ-д нийлүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд 2 удаагийн худалдан авалтаар 125000000 төгрөгийн мах худалдан авсан гэх боловч үүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар худалдан авсныг хангалттай нотолсон санхүүгийн баримт байхгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс “гэмт хэрэг үйлдсэн этгээд нь ял шийтгүүлж холбогдох хуулийн дагуу өршөөгдсөн, борлуулалт хийсэн бараа бүтээгдэхүүний ногдуулах татварыг хариуцан төлөхөөр болсон” гэх зэргээр хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь буруу юм.
Нэхэмжлэгчийн “давтагдахгүй дугаар бүхий падааныг тайланд тусгахад татварын алба зөвшөөрч, баталгаажуулж байсан, өөр компанийн буруутай үйл ажиллагааг бидэнд нялзааж хариуцлага тооцсон” гэх гомдлын тухайд нэгэнт дээр дурдснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэдэг нь санхүүгийн баримтаар тогтоогдоогүй тул хуульд заасан хасалт хийлгэх эрхгүй, захиргааны байгууллагаас тухайн үед маргаан бүхий падааныг бүртгэх үед “хий бичилттэй” падаан гэдэг нь мэдэгдэх боломжгүй байсан тул дээрх гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 524 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ