Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1025

 

 

 

 

 

 

 

    2020        12           14                                      2020/ШЦТ/1025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Г.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Б т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005031011661 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Б  /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АаХХК-ийн барилгын хашаанд байршуулсан байсан хохирогч В.Б ы эзэмшлийн Тоёота Хариэр маркийн ххххулсын дугаартай автомашины зүүн талын толийг эвдэж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “Надад мөнгөний хэрэг гараад найз Булганбаатараас ажил байна уу гэж асуутал найз маань миний ажилладаг нэг барилгын компани байдаг тэр компанид очиж хамт ажиллах уу гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид хоёр хамт ажилласан. В.Б  гэх хүн анх өглөө 07 цагаас ажил эхлээд орой 19 цагт тарна гэж тохирсон. В.Б  гэх хүн өдрийн хоолны мөнгө өгөх ёстой байсан ч өгөөгүй. Булганбаатар бид хоёр өдөр компанид ажилладаг эгчээс хоол авч идсэн. Орой ажил дуусаад бид хоёр цалингаа авъя гэтэл В.Б  гэх хүн цалин өгөөгүй. “20000 төгрөгийн ажил хийчихээд юун мөнгө  нэхээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тэр өдрийн цалингаасаа гэртээ мах авах ёстой байсан боловч цалингаа авч чадаагүй. Ахдаа цалин аваагүй гэж хэлтэл манай ах В.Б тай ярьсан. Тэгтэл маргааш захирлууд зөвлөлдөөд хэдэн төгрөгийн цалин өгөхөө шийднэ гэж хэлсэн. Тэгээд уг асуудал болсон. Нэг өдрийн 50.000 төгрөгийн цалин өгнө гэж тохирсон боловч надад мөнгө өгөөгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АаХХК-ийн барилгын хашаанд байршуулсан байсан хохирогч В.Б ы эзэмшлийн Тоёота Хариэр маркийн ххххулсын дугаартай автомашины зүүн талын толийг эвдэж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 21-23 дугаар хуудас/,

 

Хохирогч В.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өглөө 09 цагийн үед Жавхлантөгс инженер утсаар залгаад Булганбаатар найзтайгаа хамт ирсэн байна гэхээр нь орцонд байгаа хогуудыг буулга гэж хэлээд ажиллуулчих гэж хэлсэн юм. ...12 цагийн үед ажил дээр ирээд барилгын талбай дээр ирээд тухайн хоёр залуутай барилгын гадна уулзаад та хоёр ямар ажил хийж байна, хогоо дутуу хаясан байна, сайн хийхгүй бол болохгүй шүү гэж хэлээд мөн доороос дээшээ 11 давхар луу хавтан зөөж гарга гэж хэлчихээд оффисын өрөөрүүгээ ороод 5 цагийн дараа дахин нөгөө хоёр залуу дээр ирээд ажлыг нь шалгатал ажлаа дутуу удаан хийсэн байхаар нь та хоёр наад ажлаа хурдан хий гэж хэлсэн анхааруулаад өрөөрүүгээ эргээд орсон юм. ...18 цаг 40 минутын орчимд Булганбаатар, Б.Б  нар барилгын талбайгаас буугаад миний өрөө рүү орж ирээд цалингаа авъя гэж хэлэхээр нь өнөөдрийн хий гэсэн тохирсон ажлыг та хоёр дутуу хийсэн байна. өглөө ажлын заавар өгсөн Жавхлантөгс гэх инженерээс асууж байгаад тохирох цалинг нь өгнө гэж хэлтэл Булганбаатар, Б.Б  нар цалингаа бүтнээр нь авмаар байна гэж уурлахаар нь өгөхгүй ээ, өглөө инженерүүдтэй ярилцаж байгаад болно гэж хэлтэл тэр хоёр өрөөнөөс гараад явсан. ...Б.Б  нь хүргэн ах Шинэхүү нартайгаа хамт ирээд надтай уулзах гээд зогсож байхаар нь би хүрч очтол Шинэхүү гэх залуу дүүгийн цалин өгсөнгүй гээд өөдөөс уурлаад бид хоёрын дунд маргаан үүссэн юм. ...Б.Б  нь өөдөөс уурлаад намайг барьж авсан. ...миний эзэмшлийн хар өнгийн Хариер маркийн авто машины зүүн гар талын урд толь хугарч доошоогоо утсан дээрээ унжиж байхаар нь нөгөө гурав ингэсэн байна гэж бодоод цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Пүрэв гариг байсан юм. ...Б.Б  В.Б  руу дайраад байхаар нь би араас нь татаж аваад боль гээд явъя гэтэл өнөөдрийн ажилласан цалингаа авмаар байна гээд байсан юм. ...Шинэхүү, Б.Б  нар машиных нь дугуйг нь хагална нэг бол машиных нь толийг хугална гээд хамт гарч явсан. ...10 минут шахуу болоод барилгын зүгээс хойноос гүйж ирээд машин руу яаруу сандруу суухдаа машиных нь толийг нь нугасаар нь унжуулаад хаячихлаа гэж Б.Б  хэлэхээр нь та хоёр өрөө рүү нь ороо юу гэтэл цоожтой байхаар нь гадаа нь байх хар өнгийн Хариер маркийн авто машиных нь толийг хагалаад, эвдлээд унжуулчихлаа гэж хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Г.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Б  В.Б ыг хага шидчихье нэг бол машиных нь дугуйг хагалчихья гэхээр нь би хажуунаас нь дэмжээд тэгье гээд хамт машинаас бууж гарсан юм. Булганбаатар машинд суугаад үлдсэн. Бид хоёр алхаж яваад уг барилгын оффис дээр нь иртэл хаалга нь цоожтой байхаар нь Б.Б  оффисын гадаа байх хар өнгийн Тоёота Хариер маркийн автомашины зүүн гар талын урд талын нэг толийг нь гараараа дарж хугалсан юм...Би ойрхон хараад зогсож байсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №23668/ДД№18808461 дугаартай “...Toyota Harrier ххххулсын дугаартай автомашины зүүн толийг 350.000 төгрөг, шууд бус зардал 20.000 төгрөгөөр тус тус үнэлсэн” техникийн үнэлгээний тайлан /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...В.Б  инженерийн унаад байсан хар өнгийн автомашины толийг нь сууриар нь дарж хугалаад тэндээсээ автомашинд суугаад шууд зугтаад замаараа Булганбаатарыг Баянгол дүүргий нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд буулгаад бид 2 харьсан юм. ...Би ерөнхийдөө миний ажилласан мөнгийг минь өгөхгүй болохоор нь хүргэн ах Шинэхүүтэй ярилцаад автомашины толийг хугалахаар болсон юм. Тухайн үед ажил хийж олсон мөнгөөрөө бол ах, эгчтэйгээ цуг амьдарч байгаа гэртээ мах авах байсан юм. Би тухайн хүнд шаралхаж уурлаад ийм үйлдэл гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн асап сангийн лавлагаа /хэгргийн 57-58 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 62 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /хэргийн 63 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 64 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 76 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 77-78 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 79 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АаХХК-ийн барилгын хашаанд байршуулсан байсан хохирогч В.Б ы эзэмшлийн Тоёота Хариэр маркийн ххххулсын дугаартай автомашины зүүн талын толийг эвдэж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлүүлсэн техникийн үнэлгээний тайлан, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Будсын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн автомашины толийг хугалж гэмтээсний улмаас хохирогчид 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

 

Энэ гэмт хэргийн “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Б  нь өөрийн үйлдэлийн улмаас хохирогч В.Б д хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Г.Б  нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Г.Б ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.Б д баримтаар 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б  нь хохирогчид уг хохирлыг төлж барагдуулсан болох нь /хэргийн 72 дугаар хуудас/ тогтоогдсон. Мөн хохирогчийн “...В.Б  би Б.Б тэй сайн дураар эвлэрсэн. Хохирлоо бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 75 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 302 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Б  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Г.Б  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б ийг торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Б ийг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО