Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 103/2017/00093

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах,  “Багануур Дулааны станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 408 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Алтанхүүд /РД:УК72040815/ холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 58.858.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваацэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Ганцоож  нар оролцов. 

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Л.Алтанхүү нь манай байгууллагад нийт 58.858.47 төгрөгийн дулааны эрчим хүч хэрэглэсний өр төлбөртэй байгаа бөгөөд уг төлбөрийг одоо хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байгаа болно. Л.Алтанхүү нь дээрх төлбөрийг төлсөн гэж манай байгууллагатай маргаж байгаа, банкуудаас төлбөр төлсөн эсэх лавлагаа гаргуулан авахад төлөөгүй байдаг. 2015.11,12 сард, 2016.04,05 саруудад төлбөрөө төлсөн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн, харин 1,2,3 саруудын төлбөр төлсөн баримт нь байхгүй гаргаж өгөөгүй байж төлбөрөө төлсөн гэж маргаад байгаад гайхаж байна. Иймд 2016.1, 2, 3 сарын төлбөр 58.858.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Алтанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алимаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Дулааны станцын байцаагч манайхыг 2016 оны 1,2,3 дугаар саруудын төлөлтийг хийгээгүй  байна гэж байсан. Бид дурдсан хугацааны төлбөрүүдийг бүгдийг хийсэн. Өөрт байсан баримтаа гээгдүүлсэн боловч банкнаас баримт авахад 2016 оны 1,2 дугаар сарын төлбөрийн баримт нь гарсан. 2016 оны 03 дугаар сарын төлөлтийг аль банкинд хийсэн болохоо, эсхүл Дулааны станцад төлбөрөө тушаасан эсэхээ сайн мэдэхгүй байна. 2016 оны 05 дугаар сард дулааны төлбөрөө банкинд тушаахад дулааны төлбөрийн үлдэгдэл харагдахгүй байсан. Банкинд төлбөр хийхэд үлдэгдэл байгаа бол тооцоо нь харагддаг, хэрэв үлдэгдэл тооцоо бий бол банк үлдэгдлээ тушааж байж дараа сарынхыг хийхийг шаарддаг. Багануур дулааны станц ТӨХК нь 2016 оны 08 дугаар сар хүртэл банкуудтай онлайн сүлжээнд холбогдоогүй байсан учир банкинд төлсөн төлбөрийн мэдээлэл болон дулааны станцад буюу ЦТП-д тушаасан төлбөрийн баримт  мэдээлэл нэг мөр харагдаж, тооцогддоггүй байсан. 8 дугаар сард онлайн сүлжээнд холбогдсон учир айлуудын тооцоо зарим нь маргаантай буруу бодогдсон  байж  болох талтай гэж дулааны байцаагч хэлж байсан. Иймд манайх дулааны төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, надад өөрт 2016.1, 2, 3 саруудын төлбөрийг төлсөн баримт байхгүй, эрээд олохгүй байгаа, гэрээ цэвэрлэж байгаад устгасан юм шиг байна гэв.

           Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

                                               ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Багануур Дулааны станц” ТӨХК нь хариуцагч Лхагвасүрэнгийн Алтанхүүгээс  худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 58.858.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Алтанхүү нь “2016 оны 1,2,3 сарын төлбөрийг төлсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж   үзлээ. Учир нь:

Талуудын хооронд цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч “Багануур Дулааны станц” ТӨХК нь  цахилгаан эрчим хүч худалдсан, худалдан авагч Алтанхүү нь цахилгаан эрчим хүч худалдан авч хэрэглэсэн гэх үйл баримтад талууд маргаагүй байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 01 сарын 08-ны 25 дугаартай “Тариф батлах” тухай тогтоолоор Нийслэлийн Багануур дүүргийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг м2-ийг  сард 600 төгрөгөөр тооцож хураан авахаар тогтоожээ.

“Эрчим хүчний тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт  зааснаар эрчим хүч худалдан авагч нь эрчим хүчний төлбөрөө  гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж зааснаар худалдагч төлбөрөө шаардах эрхтэй, худалдан авагч төлбөрөө төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь Багануур Дулааны станцад 2016 оны 1,2,3  сарын дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 58.858.47 төгрөгийг  төлсөн, төлсөн талаарх өөртөө байсан баримтаа үрэгдүүлсэн, Төрийн банкны Багануур салбараас 2016 оны 1,2 сарын  төлбөрийг төлсөн талаар баримт гаргаж өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд түүний тайлбар нь Төрийн банкны 2017.01.20 ны өдрийн 38 дугаартай “…100 дугаар байрны 408 тоотод оршин суух Алтанхүүгийн 2016.01-03 саруудын дулааны төлбөрүүд нь  танай өгсөн жагсаалтаар  манай банкны төв дээр хасалт хийгдсэн айл өрх бөгөөд тус хугацаанд дээрх айл өрх нь  Төрийн банкны Багануур салбарт төлбөр төлөөгүй болно” гэсэн албан бичиг, Капитал банкны Багануур салбарын  2017.01.17 ны өдрийн 08 дугаартай “Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу төлбөр төлсөн эсэхийг шүүж үзэхэд  Уурхайн нийтийн байрны 100-408 тоотод оршин суугч  Алтанхүү нь тус банканд 2016.01-03 саруудын төлбөрийг төлөөгүй болно” гэсэн албан бичиг, гэрч О.Баярмаагийн “харилцагч өөрөө аль сарынхаа төлбөрийг төлнө гэнэ тэр сарынх нь төлбөрийг авдаг байсан, 2016 оны 09 сараас Дулааны станц онлайн программд шилжээд саруудыг алгасахгүй авдаг болсон, энэ айл 2016.12.22 нд 11, 12 сарынхаа төлбөрт 35.666 төгрөг төлөөд 58.858 төгрөгийн өр төлбөртэй үлдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Цэцэгдарийн шүүхэд өгсөн “харилцагч 1, 2 сарын төлбөрөө төлөөгүй, 3 сарынхаа төлбөрийг төлнө гэвэл  харилцагчийн хүсэлтээр гүйлгээ хийдэг, эцсийн үлдэгдэл баримт дээр харагддаггүй байсан. 2016.09 сард өөр программтай болоод харагддаг болсон. Дулааны станц 2016 оноос өмнө онлайн программтай байсан, 2016.01 сараас НӨАТ-тай холбоотойгоор тухайн программ 9 сар хүртэл байхгүй байсан. Энэ хүний төлбөр төлсөн эсэхтэй холбоотойгоор бүх баримтуудыг шүүж үзэхэд 2016.04, 05 сарын төлбөрийг төлсөн байсан, харин 1, 2, 3 сарын төлбөрийг төлөөгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нармандахын шүүхэд өгсөн “ 2016.01,02 сарын төлбөрийг төлсөн гэх энэ баримтууд нь манай банкнаас нөхөж гаргаж өгсөн баримт байна. Энэ баримтыг гаргаж өгсөн ажилтан Нарантуяа нь тухайн үед гүйлгээний ажилтан биш байсан. Манай банкны ажилтан жагсаалтаар хассан зүйлийг төлсөн гэж баримт гаргаж өгсөн байна.  Хэрвээ энэ айл төлбөрөө төлсөн бол баримтан дээр жагсаалтаар биш бэлэн гэж бичигддэг, жагсаалтаар, бэлэн гэдэг үгийг анзааралгүй баримт хэвлэж өгсөн нь манай ажилтны алдаа болсон байна. Жагсаалтаар гэдэг нь төлбөр төлсөн гэсэн үг биш, тухайн нэхэмжлэгч байгууллага манайх руу явуулж файлаар хасагдсан гэсэн үг юм. Энэ айлыг 2016.1-3 сарын төлбөрөө төлсөн эсэхийг Дулааны станцын хүсэлтээр өөрийнхөө архивын баримт материалыг шалгаж үзэхэд төлсөн талаар баримт байхгүй байсан” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Хариуцагч нь төлбөрөө төлсөн гэж маргаж байгаа боловч төлбөр төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад 2015.11, 12 сар, 2016.04, 05 саруудын төлбөрийг төлсөн баримтууд хэрэгт авагдсан байх ба 2016.01, 02, 03 сарын төлбөр төлсөн гэдгийг нотлох баримт байхгүй, хариуцагч өөрийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж тодорхойлсноор хариуцагч Л.Алтанхүү нь өөрийн татгалзлалаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь нотлох баримтыг гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, үнэн зөв, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй  баримтууд гэж дүгнэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1,   116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лхагвасүрэнгийн Алтанхүүгээс  худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 58.858.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Багануур Дулааны станц” ТӨХК-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Л.Алтанхүүгээс  улсын тэмдэгтийн хураамжид  4550 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ЦЭЦЭГДУЛАМ