Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

 

 

    2020        12           10                                      2020/ШЦТ/1016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Р.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Б т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005025511646 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Р.Б  /РД:АА000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Р.Б  нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хх ХХК-н зогсоол дээр хохирогч Г.Т ийг цохиж, түүний биед зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

 

Шүүгдэгч Р.Б  нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хх ХХК-н зогсоол дээр хохирогч Г.Т ийг цохиж, түүний биед зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн оройны 21 цаг өнгөрч байхад би өөрийнхөө портер автомашинд панер ачаад Баянгол дүүргийн “Хх” ХХК-ийн зүүн хойно байрлах авто зогсоол дээр ирж буулгах гээд исрэн юм. ...тэр панерийг хүлээж авах ёстой байсан үл таних эрэгтэй хүн намайг үүнийгээ буулгалцаач гээд үгээр идээд байсан. Тэгэхээр нь машиндаа ороод суусан юм. Тэгтэл нөгөө панер буулгаж байсан залуу намайг нөгөө тийшээ ухар гэсэн. Тэгэхээр нь би машинаа ухраасан. Тэгтэл нөгөө залуу доор буулгасан байсан өөр панеруудыг өөр машинд ачаад байсан. Тэгэхээр  нь би машин дээр үлдсэн байсан панеруудыг машинаасаа буулгасан. Тэгтэл нөгөө залуу намайг хараалын үгээр доромжилсноо машинаасаа үсэрч бууж ирээд намайг боосон. Би боолгуулаад гарыг нь тавиулах гэж үзсэн. Би тэр залуутай ноцолдсон. Тэгтэл тэр залуу намайг сугандаа толгойгоор маань хавчуулж байгаад хамар луу 2 удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Батпүрэв нөгөө залуу дээр очоод наад панеруудаа шидэхээ боль гэж хэлсэн. Батпүрэвийг барьж аваад хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би очоод болиулсан. Тэгээд машин руу алхаж байтал нөгөө залуу Батпүрэвийг барьж аваад машиныхаа тэвшин дээр дарж унагаагаад доороо хийчихээд цохиод байсан. Тэгэхээр нь би нөгөө автомашины жолооч залууг татаж холдуулсан. Тэгээд тэр хоёр салаад зогсож байтал Батпүрэв тэр залуугийн хүзүү рүү 1 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9536 дугаартай шинжээчийн

“1. Г.Т -н биед зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Р.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оын 8 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хх ХХК-ийн зогсоол дээр ачаа ачаад байж байтал үл таних цагаан өнгийн портер автомашинтай залуу ачаа буулгах гэж ирсэн. ...нөгөө залуу над дээр ирээд намайг заамдаж аваад портерийнхоо тэвшин дээр дарах үед Мияасүрэн ирээд тэр залууг надаас салгаад намайг яв юмаа хий гэсэн. Тэгэхээр нь би машин руугаа алхаж байтал нөгөө залуу миний араас ирээд дахиад миний толгой руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг одоо болоо юм биш үү гэж хэлээд нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 57-58 дугаар хуудас/, “Хаан банк” ХХК-с ирүүлсэн шүүгдэгч Р.Б ийн 00000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 59-74 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 82 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 83 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 84-85 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Р.Б  нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хх ХХК-н зогсоол дээр хохирогч Г.Т ийг цохиж, түүний биед зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Товчоор дүгнэвэл шүүгдэгч Р.Б  нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, хохирогчийн нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

       Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Р.Б  нь хохирогч Г.Т ийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Р.Б  нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Р.Б ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Батпүрав надад эмчилгээ хийлгээрэй гэж 3.000.000 төгрөг өгсөн. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Батпүрэвтэй эвлэрсэн байгаа. “ гэсэн мэдүүлэг /хэргийн 76 дугаар хуудас/, “...Г.Т  миний бие хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо бүрэн авсан. Гомдол саналгүй. “ гэх хүсэлт /хэргийн 81 дүгээр хуудас/ тус тус байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Б  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2020 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн 301 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Р.Б  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Р.Б  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Р.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Б т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Р.Б ийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО