Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 942

 

 

 

 

 

 

 

    2020        10           27                                      2020/ШЦТ/942

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Ж.Ө

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Ж.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003000000369 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа гоо сайхны салон ажиллуулдаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.Ө /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Ө нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Вест супермаркетын хойд замд “Тоёота аллион” маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 85 настай, эрэгтэй З.Б , 80 настай, эмэгтэй, Х.Х нарыг мөргөж З.Б ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө мэдүүлэхдээ: “2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Хаан банк” руу орчихоод “Вест” супермаркетын ард талд машинаа байрлуулж тавьсан байсан. Г арч ирээд машинаа ухраах гэж байгаад тухайн хүмүүсийг мөргөөд унагаасан. Гараад иртэл хоёр хүн газар уначихсан байсан. Би эмнэлэг рүү машинаараа авч явсан. Би тухайн үед ард хүн байгаа гэж анзаараагүй.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Ө нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Вест” супермаркетын хойд замд “Тоёота аллион” маркийн 00-00 АААулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 85 настай, эрэгтэй З.Б , 80 настай, эмэгтэй, Х.Х нарыг мөргөж З.Б ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кинотеатрын урд талын Вест супермаркетын хойд талын автомашины зогсоол дээр гарсан ослын газарт очиход автомашин болон явган зорчигч нар гэмтлийн эмнэлэг рүү явсан байх тул хэргийн газарт үзлэг хийв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-9 дүгээр хуудас/,

 

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэг эхлэхэд дэлгэцийн доод голоос цагаан өнгийн курткатай, хар өмд, цагаан ултай хар гуталтай, хар цүнх үүрсэн хүн цаашаа явж байна. Жолооч Ж.Ө нь тухайн үед өмсөж явсан хувцастай таарч байна. ...Бичлэгийн 1 минут 22 секундэд автомашин ухарч эхлэх үед 2 явган зорчигч зогссон байгаа нь харагдаж байна. ...Бичлэгийн 1 минут 29 секундэд ухарсаар байгаад 2 явган зорчигчийг мөргөж унагаж байна. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Хохирогч З.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед Өргөө кинотеатрын баруун урд Хаан банкнаас гараад зүүн зүгт алхах үед уг автомашин зогсож байсан. Би гэр бүлийн хүний хамт автомашины хажуугаар алхаад гарч явах үед тэр машин ухарч ирээд мөргөсөн. Миний ар нуруу хэсэг рүү мөргөөд гэр бүлийн хүний хамт газар унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй, ойр орчимд байсан хүмүүс нийлж бид хоёрыг босгож машинд суулгасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед Өргөө кинотеатрын баруун урд Хаан банкнаас тэтгэврээ аваад гарч ирсэн. Явган хүний замаар зүүн зүгт явж байтал тэр машин зогсож байсан. Машин ухарч ирээд бид хоёрыг мөргөж унагасан. Унаад эргээд хартал манай хөгшний хөл дээр нь машины баруун дугуй гарсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10664 дугаартай

“1. З.Б ын биед зүүн дунд чөмөгний хүзүү, толгойн үен доторх тасарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-аас дээш /их/ хэмжээгээр тогтонги алдагдуулах тул хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 58-59 дүгээр хуудас/,

 

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн

“1. Т.Аллион маркийн 00-00 АААдугаарын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ж.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч З.Б  болон Х.Х нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа /хэргийн 75-76 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Өын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн өөрийн нэр дээр байх Т.Аллион маркийн 00-00 АААдугаарын автомашинтай явж байгаад Өргөө кинотеатрын баруун урд талын Хаан банк орж үйлчилгээ аваад гарсан. ...гарч ирээд автомашиндаа суугаад эхлээд урагшаа баруун гар тийш дарж хөдлөөд 2 метр орчим урагшлаад зүүн гар тийш дараад 2-3 метр яваад машинаа эгцлээд хойшоо ухраад ойролцоогоор 3-4 метр газар явтал машинд юм тээглэх шиг болоод дуу гарахаар нь би зогсоод зам дээр саад байсан юм болов уу гээд буугаад очтол өвөө, эмээ хоёр газарт уначихсан байсан. Би хараад сандраад нөгөө 2 хөгшнийг хажууд явж байсан хүмүүсээс тусламж гуйгаад машиндаа өргөж оруулаад гэмтлийн эмнэлэг рүү шууд явсан. ...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 106 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 81 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 82 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 85 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 115 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 121 дүгээр хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 127 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ж.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч 85 настай, эрэгтэй З.Б , 80 настай, эмэгтэй, Х.Х нарыг мөргөж З.Б ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд оршдог. Шүүгдэгч Ж.Ө нь автомашин жолоодон явахдаа тухайн ослыг гарч болохыг мэдсэн ч хохирол хор уршигт зориуд хүргээгүй нь түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Ө нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

Тиймээс шүүгдэгч Ж.Өыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч З.Б  баримтаар 155.826 төгрөг /хэргийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч Х.Х 132.350 төгрөг /хэргийн 37 дугаар хуудас/ тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ж.Ө нь хохирогч нарт нийт 9.996.670 төгрөг төлж барагдуулсан /хэргийн 48-51, 110, 112, 115 дугаар хуудас/. Мөн хохирогч нарын “...гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хавтаст хэргийн материал танилцуулсан баримт байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Харин хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Өт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Ө нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ө нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Өт мэдэгдэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Ө ын В ангилалын №0000000 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ө баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Өыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх

заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Өт мэдэгдсүгэй.

 

  1. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм

хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Ө ын В ангилалын №0000000 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Ж.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО