Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 892

 

 

 

 

 

 

 

 

2020           10           12                                        2020/ШЦТ/892

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Мөнхбат,

шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.М т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005020981139 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар  сарын 21-ний өдөр Улаанбаатар хот төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аа” сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М  /РД;аа00000000/

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ 0000 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу өөрийн төрсөн эх 70 настай Л.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Би урьд өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б мэдүүлэхдээ: “Би 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эгч Даваажавтай хамт талийгаачийн гэрт орсон юм. Тэгэхэд нүд нь хөхөрсөн байсан. Шүднээс нь цус гараад байна гэхээр нь амыг нь сойздож угаачихаад эмнэлэг явах уу гэсэн чинь 1 дэх өдөр эмнэлэг явъя гэж байсан. Доошоо цус алдалтыг нь мэдээгүй” гэв.

 

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ 0000тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу өөрийн төрсөн эх 70 настай Л.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь халдаж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 7-13 дугаар хуудас/

 

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 14-19 дүгээр хуудас/

 

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Л.Б ын “ ...Манай талийгаач эгч  Л.Б  3 хүүхэдтэй бөгөөд том охин А нь Завхан аймагт малчин ажилтай. Одоо тэндээ амьдардаг. Дунд охин М  нь Ирланд улсад ажиллаж амьдардаг. Бага охин Б.М   нь эрхэлсэн ажилгүй талийгаачтай хамт амьдардаг бөгөөд Б.М   5 настай 1 охинтой. Дунд охин М  нь 2007 онд Ирланд улсруу гарсан. Үүнээс хойш талийгаач эгч маань бага охин Б.М  ийн хамт байх болсон. Б.М   2010 оноос хойш архинд орж байнга уудаг болсон. Архи ууссан үедээ талийгаач Л.Б ыг барьж авч зоддог болсон байсан. 2016 онд Б.М   хүүхэд гаргасан, одоо 4 настай бөгөөд охиноо бас байнга зоддог байсан. Энэ талаар цагдаад хэлье гэхээр талийгаач хэрэггүй гээд хэлүүлдэггүй байсан юм. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Б, Дэгч бид 3 Л.Б  эгчийн гэрт очсон. Гэрт ороход Л.Б  эгч зээ охин Нандан-Эрдэнэтэй хамт байсан. Л.Б  эгчийн зүүн нүд, дух нь тэр чигтэй хөхрөөд хавдсан байсан. Ингээд юу болсон талаар асуухад Б.М   согтуу орж ирээд хоолны халбагаар /том/ цохисон гэж хэлсэн. Нүд сохолчоогүй нь яамайдаа нүдний шилтэй байсан нь их юм гэж ярьж байсан. Ингээд харахад баруун, зүүн гарын шуу, бугалага хэсэг нь хөхрөөд улаан хөх болсон байсан. Бидэнд  ингэж зодсон гээд харуулсан юм. Бид нар эмнэлэгт үзүүл гэхэд ”... би үзүүлэхгүй, нүүр хөхөрснийг багасгаж байж очьё...” гэсэн. Юм ярьж байхад талийгаачийн ам нь нилээд цус болчихсон байсан бөгөөд Д эгч харчихаад амыг нь ангайлгаад үзсэн чинь уруул нь язраад цус гарсан байсан бөгөөд амыг нь угааж өгсөн. Тэгээд байж байтал талийгаач бид нарыг яв яв гээд гэрээсээ гаргасан. Талийгаач тэр үед хөдөлж чадахгүй их зовиуртай байсан. Өмдтэй байсан болохоор бэлхүүснээс доошхи хэсгийг нь харж анзаараагүй.Тэгтэл 2020 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг 13 минутад 00000000 дугаар утаснаас ”... Ц  байна. Ээжийн бие муудаад цус алдаад байна” гэсэн мессеж бичсэн байсан. Би ирсэн мессежийг нь өглөө 08 цаг 50 минутын үед уншсан. Ингээд эгч Б  рүү утсаар залгаад ирсэн мессежний талаар  хэлсэн. Би тэр өглөө Зүүн салаанд байсан юм. Б  эгч охин Ц тай хамт очсон гэж байсан. Ингээд би 11 цагийн үед очиход  цагдаагийн ажилтнууд ирээд Б.М  ийн хүүхдийг аваад   108-д өгч байсан. Талийгаачийг 103 аваад явчихсан байсан. Би Д эгчид утсаар хэлсэн юм. Гэмтэл дээр байж байхад Д эгч ирсэн. Тэр хооронд цагдаагийн ажилтан бид нараас мэдүүлэг авсан. Ер нь бол байнга зодож байдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай эгч Д  хөдөөнөөс ирээд шинжилгээ өгчихөөд талийгаачийн гэрт очсон байсан. Ингээд талийгаачтай юм яриад сууж байхад нь гаднаас  Б.М   шал согтуу орж ирээд орилж чарлаад том хоолны халбага аваад нүүр нүд хэсэгт нь цохиж авсан гэсэн. Үүнийг нь Д  эгч харсан байсан. Ингээд Д  эгч гараад явахад нь Б.М   хүргэж өгнө гээд хамт гараад Офицеруудын ордоны тийшээ хүргэж өгчихөөд явсан гэсэн. 2020 оны 06 дугаар сарын 18-ны орой талийгаач Б  эгчийн гэрт орж эм байна уу, биеийн доод хэсгээр өвдөөд байна гэсэн. Ингээд Ц  өвчин намдаах эм өгөөд гаргасан  байсан. Манай Б , Л.Б  хоёрын гэр нь 1 байранд байдаг бөгөөд зэргэлдээ шахуу орцонд байдаг юм. Тэр үед нь Л.Б ын нүүр, дух нь хөхөрсөн, баруун зүүн гар, мөр хэсэг нь хөх няц болсон байсан гэж Ц  хэлсэн. Б.М нь архи уугаад хэд хоногоор алга болчихдог болохоор 108-д охин Нандин-Эрдэнийг өгчихдөг байсан. Тэгээд Б.М   согтуу орж ирээд талийгаачаас хүүхдээ асуугаад нэхээд маргалддаг байсан юм билээ. Би яг хажууд нь байдаггүй болохоор яг хэзээ яаж цохиж зодож байсныг нүдээр харж байгаагүй. Хажуу айл хөрш айлууд бүгдийг нь мэдэж байгаа байх. Талийгаач 2015 он байх. Согтуугаар 2 давхарын полконоор гарах гэж байгаад унаж маш их гэмтэл авч байсан. Тархи, толгой, гар, эгэм, аарцаг сүүж ясандаа гэмтэл авч эмчлэгдэж байсан юм. Тухайн үед талийгаачийг гэрт нь ганцааранг нь үлдээгээд цоожлоод явчихдаг байсан. Тэрнээс болоод ийм асуудал болж байсан юм. Талийгаачийн элэг нь асуудалтай, элэгний хавдраар боолт хийлгэж эмчлэгдэж байсан. Надад болон гэр бүл, ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүдээс нь ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг.  /хэргийн  1 дүгээр хавтас 24-26 дугаар хуудас/.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

Гэрч Т.Д ын “Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед төрсөн дүү болох Л.Б ын гэрт очсон. Тэгээд Л.Б тай гэрт нь ороход зээ охинтойгоо байсан. Тэгээд Л.Б тай хууч, хөөрч юм яриад байж байтал манай Л.Б ын охин Б.М   нь нилээн согтуу халамцуу орж ирээд банштай цай хийгээд ууж байсан. Л.Б  орон дээрээ сууж байсан. Би наана нь сууж байсан. Л.Б  надад Б.М   охин нэг иймэрхүү архи уугаад хааяа маргалдаад л байж байна гэж хэлэхэд Б.М   нь гэнэт хоолны том халбагаа ээж Л.Б  руу шидэх шиг болсон. Л.Б ын зүүн нүд дэх орчимд оносон. Тэгээд хүүе яав ийв гэхэд Б.М  ийг загнаад яаж байгаа юм гэж хэлсэн. Л.Б  нь нүдний шилтэй байсан учир шилэн дээр нь онож дух жоохон шалбарсан. Би нүдийг нь сохлоогүй нь яамай гэж хэлсэн. Тэгээд би Офицеруудын ордон орж хүүхэдтэйгээ уулзахаар болж гэрээс гарахад Б.М   хүргэж дөхүүлж өгнө гээд шалаад байсан. Бид хоёр автобусны буудал дээр автобусанд суугаад Офицеруудын автобусны буудал дээр буугаад Б.М  ийг чи яв гэж хэлээд би цааш явсан. Намайг ороход талийгаач Л.Б  биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Нүдний шилтэй байсан. Биеийн байдал хэвийн гайгүй байх шиг байсангэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 27-28 дугаар хуудас/

 

Гэрч Л.Б ийн “...Өглөө өөрийн дүү болох Л.Б тай орж уулзахад 2-3 өдрийн өмнө байсан хэвээрээ аймаар байдалтай байсан. Хаалгаа тайлдаггүй. Тэгээд би үхсэн юм байх гэж бодсон чинь харин хаалгаа өөрөө тайлсан. Тэгээд ороход явж чадахгүй нүд нь хөх няц болчихсон байсан. Бие нь цус болсон байсан. Манай дүү Л.Б  би  үхлээ гээд л байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 30-31 дүгээр хавтас/

 

        Гэрч Б.Ц ын “2020 оны 06 дугаар сарын 22-ны өглөө миний нагац эгч Балжид руу Б.М   /манай нагац эгч Л.Б ын охин/  гар утас руу мессеж бичээд ээж цус алдаад байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай ээж рүү Балжид эгч залгаад яриад ийм юм бичлээ гэж хэлэхээр нь манай ээж Б  хамт орж үзье гэхээр нь хамт яваад хажуу орцны 114 тоотыг тогшиход  хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд нэлээн удаан тогшоод Л.Б  эгч өөрөө хаалга тайлж өгөөд ороход Л.Б  эгч нэг цамцтай, өөр хувцасгүй хамаг бие нь хөх няц болсон хөл гар нь цус болчихсон байсан. Өрөөнд түмпэнд нилээн их цус байсан. Тэгээд би хараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд өрхийн эмч ирж үзээд 103 дуудаж үзүүл гээд дуудаад  Л.Б  эгч эмнэлэг рүү явсан. Гэрт ороход Нандин-Эрдэнэ гэх зээ нь хамт байсан. Зодсон гэх Б.М   гээд охин нь байхгүй байсан. Манай ээж болон Балжид эгч 2 орж хараад шалгаад явж байдаг. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хагас сайн өдөр Л.Б  эгчтэй хамт манай ээж, Балжид эгч нар хүнтэй уулзах гэж явахад Л.Б  эгчийн ам нь цус болсон байсан. Тэгээд асуусан чинь амнаас  цус гараад байгаа юм гэсэн. Тэгээд 1 дэх өдөр ажил цуглахаар эмнэлэгт үзүүлье гээд тохирсон. Амыг нь ангайлгаж харахад буйлнууд нь язарсан байсан. Тэр өдөр бие нь яасан байсныг хараагүй. Хувцастай байсан.  Ил харагдах газар болох зүүн нүд нь хөх няц болсон байсан. Тэгээд 1 дэх өдөр болъё гэсэн. Б.М   архи уугаад байдаг юм. Тэгээд ээжийгээ цохиод байдаг гэсэн. Л.Б  эгчийн зүүн нүдийг нь шанагаар Б.М   цохисон гэж Л.Б  эгч хэлж байсан. Зүүн нүд нь хөхөрсөн. Бүх бие нь хөхөрсөн. Ам болон доороосоо цус нэлээн их алдсан байсан. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ээж Б  бид 2 талийгаач Л.Б ыг гэрээс аваад Драгон төв рүү орж ахмадын амралтны эрхийн бичиг өгүүлсэн. Ингээд бид нар Драгоны гадаа сууж байхад талийгаач ам нь цангаад байна гэхээр нь ус авч өгсөн. Тэгээд хартал ам нь их цустай байсан. Та яасан юм бэ, цус гараад байна ш дээ гэхэд харин тиймээ, ингээд цус гараад байгаа гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Ээж Б  Б.М  ийн охин Нандин-Эрдэнийг аваад зуслан руу явсан. Тэрнээс хойш гэрт нь очоогүй байж байтал 2020 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Балжид эгч ээж Б  рүү залгаад нөгөө Цэцгээ миний утас руу мессеж бичсэн байна, ээж цус алдаад байна  гэсэн байна гэсэн. Ингээд би ээж Б ийн хамт хаалгыг нь очоод нүдэхэд онгойлгож өгөхгүй байсан. Бараг 10-20 минут орчим нүдсэн чинь хаалга онгойсон. Харахад Л.Б  эгч бие нь их муу юм ярьж чадахгүй, ямар ч үг хэлж чадахгүй ам нь бувтнаад байсан. Талийгаач дээгүүрээ аал өнгийн цамцтай, доогуураа шалдан байсан. Харахад 2 хөл нь цус болчихсон, нил хөх няц болсон байсан. Б.М   10 жилийн өмнөөс архи уух болсон бөгөөд 7-8 жилийн өмнөөс байнга архи уудаг болсон. Ингэж явсаар байгаад 2016 онд 1 охин гаргасан. Тэр охиныг нь талийгаач харж асардаг байсан. Б.М   2 жилийн өмнө яасан нь мэдэгдэхгүй гэмтээд гавал тархины гэмтэл аваад хагалгаанд орсон. Үүнээс хойш хазганаж явдаг болсон. Цагдаагийн байгууллагад олон удаа хандсан. Хорооны цагдаа шалгаад гавал тархины өвчтэй учир хүлээж авдаггүй байсан. Байнга зодоон цохион болдог бөгөөд нэг талдаа цөхөрсөн байсан.Нөгөө талдаа бол талийгаач Б.М  ийг өмөөрөөд халдаадгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-36 дугаар хуудас/

          

Гэрч Э.Ш ийн “...2020 оны 06 дугаар сард /яг хэдний өдөр вэ гэдгийг санахгүй байна/ цагдаа нар тус тоотод ирж хэрэг болсон гээд үзлэг шалгалт хийж байсан. Энэ өдрөөс 5-7 хоногийн өмнө намайг ажлаа тараад гэр лүүгээ орох гэж байхад Б.М   нь гэрийнхээ үүдэнд ээжийгээ загнаад мөнгө өгч чадахгүй, арчаагүй пизда гээд согтуурхаад агсраад дайраад байсан. Ээж нь гараа нүүрэндээ наагаад айсан байдалтай газарт хэвтэж байсан. Б.М   нь цохих гээд далайхад нь  ээж нь дальдраад  нүүрээ гараараа хаасан байдалтай байсан. ...Яг би зодож цохиж байхыг хараагүй. Дээрх маягаар гэртээ байнга орилж хашгираад агсан согтуу тавиад байдаг юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 53-54 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн  Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ №1335 дугаартай:

1.Талийгаачид дух, чамархайн дэлбэний няцрал, нүүр, мөчдийн олон тооны цус хуралт, доод уруулд шарх тогтоогдлоо.

2.3. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.Тархины няцрал нь хуучин, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүр, мөчдийн цус хуралт нь шинэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Талийгаач  нь элэгний хатуурал, дэлүү-элэгний лимфома өвчтэй байжээ.

5. Талийгаач ходоод гэдэсний замаас цус алдаж нас баржээ.

6. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

7. Цус нь 3-р бүлэг байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр 67-71 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1040 дугаартай:

1. Талийгаачийн их тархины дух чамархай хэсгийн няцралтууд олон удаагийн үйлчлэлээр, 1-3 хоног болон 3 долоо хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

2. Талийгаач элэг хатуурах өвчний эцсийн шатанд орж улмаар улаан хоолой, шулуун гэдэсний амсрын өргөссөн хураагуур судсуудаас цус алдаж нас баржээ. Цус алдалт гэмтэлтэй шалтгаант холбоогүй.

3. Нүүр мөчдийн цус хуралтууд цохилтоос үүсэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 161-167 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Ц.Ганболдын “...Хатуу биеийн цохилт, цохигдолтоос үүсэх боломжтой юм. Талийгаач элэгний цероз, элэгний хатуурал өвчтэй байсан нь цусны бүлэгнэл ихтэй. Эрүүл хүнээс илүү их хөхөрч цус хуралтын талбай нь их байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр  177 дугаар хуудас/

 

Б.М   ийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байх нэлээн согтуу байсан. Орой нь 16 цагийн үед гэртээ ороход Сэлэнгэ аймгийн Түнхэл сумаас манай ээжийн төрсөн эгч Д  эгч ирсэн байсан. Ээж том өрөөний буйдан дээр ганцаараа, Д  эгч өрөөний хойд талд байх голдоо ширээтэй, ширээний баруун талд байх сандал дээр сууж байсан. Манай охин Нандин-Эрдэнэ зурагтны урд газар гудсан дээр сууж байсан.Тэгээд Д  эгч намайг цүнхнээс тараг, сүү гаргаадах гэж надад хэлэхээр нь би савтай таргийг нь гаргаад гурван жижиг аяганд хийгээд ээж, охин, Д  эгч нарт хийгээд өгсөн. Тэгсэн ээж элсэн чихэртэй уумаар байна гэж хэлээд намайг тараг хутгах халбага аваад өг гэхээр нь би өөрийн барьж байсан халбагаа аваачиж өгөхөөс залхуураад ээж рүү өөрийн тараг хутгаж байсан төмөр амны төмөр ган халбага шидэж өгөөд энүүгээр хутгачих гээд шидсэн чинь ээжийн нүүр хэсэг рүү нь оносон юм шиг байсан. Ээж нүдний том шилтэй байсан. Шилэн дээр нь оносон байх. Д  эгч яаж байгаа юм бэ, өөрөө аваачаад өгчихгүй шиддэг нь яаж байгаа юм бэ гэж загнахаар нь би дуугараагүй, юм хэлээгүй. Тэгтэл гэнэт Д  эгч та 2 согтуу байна, Жуков явж хүүхдийнхээ гэрт очиж хонохоор боллоо гэж хэлэхээр нь би гаргаж өгөөд хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 21-22 цагийн хооронд гэртээ ирэхэд ээж улам согтуу болсон байсан. Та хаанаас юу олоод уучихваа гэхэд ээж тагтан дээр байсан үлдэгдэл архиа уучихлаа гэж надад хэлсэн. Тэгээд ээж том өрөөнөөс гараад өөрийн жижиг өрөө рүү унтахаар явсан. Би охин Нандиатай том өрөөнд унтсан. Ээжийн нүд хөхөрсөн байсан. Би халбага шидсэнээс үүссэн байж магадгүй. Ээж тухайн үед харааны шил зүүсэн байсан. Шилэн дээр нь оносон байх. Нүдний шил хагараагүй. Манай ээж  архи уудаг, би ч бас уудаг байсан. Би өөрөө эрүүл байвал ээжийг архи уулгахгүй гэж маргалддаг байсан. Ээжийг гэрээс гаргахгүй гэж архиа гэртээ ээжтэйгээ хувааж уудаг байсан. Тэр үед наашаа цаашаа бол гэж татаж чангаах үед биед нь хүрэхэд бие нь хөхөрсөн байх. Би ээжийгээ санаатайгаар цохиж зодож байгаагүй. Аягүй их архи уудаг байсан болохоор надад хэцүү байсан болохоор өөрөө бас цуг уугаад явдаг болсон юм. Хэрүүл маргаан гарч зодолдож байсан үе байгаа. Гэхдээ ээжийгээ архи уулгахгүй гэж хориглож, аль эсвэл би өөрөө архи уусан согтуу байх үедээ хэрэлдэж, маргалдаж, зууралдаж, зодолдох асуудлууд их гардаг байсан. Манай ээж их бие муутай байсан. Элэгний хавдар билүү нэг өвчтэй байсан. Манай нийгмийн ажилтан Бүрэнжаргал, хороон цагдаа нар байнга орж ирж үзэж шалгадаг байсан. Би жоохон охинтой байдаг болохоор архины эмчилгээ эрүүлжүүлэхэд ордоггүй байсан юм. Би үйлдсэн хэргээ мэдэж байна. Өөрийгөө хэзээ ч өмөөрөхгүй. Бүх зүйл миний буруу. Гэхдээ би талийгаач ээжийгээ хэзээ ч байнга зоддог байгаагүй. Архи уугаад хэцүү байдаг байсан. Би хориглож үздэг, хэрэлдэж, маргалдаж ээжийгээ гэрт нь хүртэл цоожилж үлдээж байдаг байсан. Сүүлдээ би ээжтэйгээ гэрт архи хувааж уудаг байсан. Би аргаа бардаг байсан. Би ээжийгээ наашаа, цаашаа ор дэрэн дээр нь өргөж хэвтүүлэх болон биед нь хүрэх үед хөхөрч няцарсан байх. Би талийгаач руу халбагаа 2-3 метрийн зайтай шидсэн байсан байх. Ээж буйдан дээр сууж байсан. Би том өрөөний хананд байх сандал дээр сууж байгаад халбага гэхээр нь босоод шидсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 237-239 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.М нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эх Л.Б  руу хоолны том халбага шидэн эрүүл мэндэд нь халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

  Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн ... тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах субьект байхаар тус тус хуульчилсан байна.

 

 Өөрөөр хэлвэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.М  , хохирогч Л.Б  нар нь төрсөн эх, охин болох нь гэрч болон шүүгдэгч нарын  мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эх болох хохирогч Л.Б ын биед халдаж гэмтэл учруулсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Б.М  ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

  Мөн түүнчлэн хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийн улмаас талийгаач Л.Б  нь нас бараагүй буюу шалтгаант холбоогүй, харин элэг хатуурах өвчин эцсийн шатанд орж улмаар улаан хоолой, шулуун гэдэсний амсрын өргөссөн хураагуур судсуудаас цус алдаж нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа шүүхийн хэлэлцүүлэгт “ Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан нүүр мөчдийн цус хуралт нь шинэ гэмтэл, харин эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тархины няцрал нь хуучин гэмтэл гэж тогтоогдсон. Хуучин гэмтэл буюу тархины няцрал гэмтэл нь  хэдий цаг хугацаанд үүсгэгдсэн, хэн яаж учруулсан талаарх нотлох баримт байхгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг зүйлчилж өгнө үү” гэж мэтгэлцэж оролцов.

 

         Хавтаст хэрэгт авагдсан, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн №1335 дугаартай “...1.Талийгаачид дух, чамархайн дэлбэний няцрал, нүүр, мөчдийн олон тооны цус хуралт, доод уруулд шарх тогтоогдлоо...”, шинжээчийн №1040 дугаартай “...1. Талийгаачийн их тархины дух чамархай хэсгийн няцралтууд олон удаагийн үйлчлэлээр, 1-3 хоног болон 3 долоо хоногоос дээш хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлтүүд, шинжээч эмч Ц.Ганболдын “...Хатуу биеийн цохилт, цохигдолтоос үүсэх боломжтой юм. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг, хэрэг учрал болох үед хамт байсан гэрч Т.Д ын “...Намайг ороход талийгаач Л.Б ын биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Нүдний шилтэй байсан. Биеийн байдал хэвийн гайгүй байх шиг байсан... Б.М   нь гэнэт хоолны том халбагаа ээж Л.Б  руу шидэх шиг болсон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн  “...Хохирогчийн гэрт 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө очиход хохирогчийн нүүрэнд ил харагдах шарх сорви, няцрал байгаагүй” гэсэн мэдүүлэг зэргээр уг гэмтэл нь тухайн цаг үед хоолны том халбагаар цохиулснаас үүдэлтэй үүссэн гэмтэл болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгч Н.Одонтуяагийн санал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Хохирлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Улсын яллагчаас шүүгдэгч Б.М   т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа: “шүүгдэгч Б.М нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, сэтгэцийн хувьд тогтворгүй байдалтай байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулах, эсхүл тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна

 

Шүүхээс шүүгдэгч Б.М   ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.М   ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, шүүхийн шийдвэрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.М   т мэдэгдэх нь зүйтэй.

 

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

         Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.М   ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар  тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Б.М тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.М   т хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М   т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ЗОЛБОО