Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,

Шүүгдэгч: З.Т , түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004990434 тоот хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Хадныхан овогт Зоригтбаатарын Түмэндэмбэрэл, / Регистрийн дугаар ВЙ 95111232 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Т  нь 2019 оны 06 сарын 07-08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Я.Буяндэлгэрийн гэрээс түүний эзэмшлийн Жи мобайлын маркийн 93120941 дугаартай гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар тус утаснаас Я.Буяндэлгэрийн Хаан банкны интернэт банкийг ашиглан 5235110590 дугаарын данснаас 2019 оны 06 сарын 08-09-ний өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээ хийж нийт 1470000 төгрөгийг шилжүүлж Я.Буяндэлгэрт нийт 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч З.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би Буяндэлгэр ахыг гэрт нь хүргэж өгчхөөд орой гэр лүгээ явах үедээ гар утсыг авч явсан. Гэр утас нь гэрийн тавиур дээр байхаар нь авсан. Утсыг барих гэж аваагүй, мөнгийг нь ашиглах гэж авсан. Тэр утсыг Сүх-очир миний утас гэж ойлгосон байх. Би мөнгийг миний мөнгө гэж хэлсэн. Сүх-очир нь согтуу байсан тул тэрийг сайн ойлгоогүй байх..” гэх мэдүүлэг, /хх-ийн 211-214/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т  мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Я.Буяндэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 06 сарын 07-ны өдөр би З.Т гэрээс нь очиж аваад Түмэндэмбэрэлээр мотоциклоо бариулаад Бууцагаан сумын төв ороод дэлгүүр орж архи аваад интернэт банк ашиглан мөнгө шилжүүлсэн. Мөнгийг би интернэт банкны нууц кодоо Түмэндэмбэрэлд хэлээд Түмэндэмбэрэл миний утаснаас шилжүүлсэн.. Тэгээд буцаж гэртээ очоод архи ууж манайд хамт хоночхоод Түмэндэмбэрэл гэр лүгээ явсан. Тэгээд маргааш нь гар утсаа хайгаад олоогүй. Түмэндэмбэрэл миний утсыг ашиглаж хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн гэж бодож байна. Миний банкны нууц кодыг Түмэндэмбэрэлээс өөр хүн мэдэхгүй... Түмэндэмбэрэл нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 27-32/

4. Гэрч Д.Оюунбурмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Буяндэлгэрийн хамт сумын төв ороод нөхрийнхөө 5235110590 данснаас мөнгө авах гэтэл 1400000 төгрөг байхгүй байхаар нь дансны хуулгыг аваад үзтэл 93120941 дугаарыг ашиглан 6 хүний данс руу мобайл банк ашиглан мөнгө шилжүүлээд дансанд 300000 төгрөг үлдсэн байсан. Манай нөхрийн дансанд 1700000 төгрөг байсан. Манай нөхрийн банкны нууц код нь 3333 гэсэн тоо байдаг. Надаас өөр хүн мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34/

5. Гэрч О.Цоодол мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манайх 2016 оноос хойш одоог хүртэл Есөн- Эрдэнэ захад мотоциклийн сэлбэгийн дэлгүүрийг ажиллуулж байна. 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний данс руу 5235110590 дугаарын данснаас 200.000 төгрөгийн орлого орсон болохыг цагдаагаас ярихад нь мэдсэн юм. Дээрх орлогыг яг ямар учиртай болохыг нь мэдэхгүй байна. Манайхаас сэлбэг аваад тэгээд 200.000 төгрөгийг шилжүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42/

6. Гэрч А.Цэрэнпил мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Манайх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Есөнбулаг хүнсний дэлгүүрийг ажиллуулж байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад 2 эрэгтэй хүн орж ирээд эхлээд 300.000 төгрөгийг таны данс руу шилжүүлье та бэлнээр гаргаад өгчих гэхээр нь үгүй гэхэд тэр хоёр манай дэлгүүрээс 20.000 төгрөгт бэлнээр ус ундааны юм аваад 50.000 төгрөгийг миний данс руу 20.000 төгрөгтэй цуг хийгээд тэгээд надаас 50.000 төгрөгийг гаргуулж авсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43/

7. Гэрч Д.Цэцгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байсан байх цагийн сайн санахгүй байна. 2 эрэгтэй хүн манай дэлгүүрт ирээд таны данс руу мөнгө мобайлдаад та эргүүлээд гаргаад өгчих гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлсэн юм. Тухайн өдөр тэр хоёр манай дэлгүүрээс 50.000 төгрөгт тааруулж юм авсан ба одоо тэдгээрийн яг юу авсан эсэхийн санахгүй байна. Ерөнхийдөө манайхаас 50.000 төгрөгт юм хум аваад 200.000 төгрөгийг бэлнээр гаргуулж авахаар тохироод тэгээд нийт 250.000 төгрөгийг шилжүүлж тэрнээс 200.000 төгрөгийг буцаан надаас авсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44-45/

8. Гэрч Ц.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Намайг дэлгүүртээ сууж байхад Буяндэлгэр болон Түмэндэмбэрэл нар орж ирээд 53000 төгрөгийн архи пиво аваад дээрээс нь мөнгө шилжүүлээд бэлнээр авъя гээд Буяндэлгэрийн утсаар Түмэндэмбэрэл нь лавлах руу ярьж утаснаас нь 100000 төгрөг шилжүүлээд бэлэн мөнгийг буцааж авсан. Буяндэлгэр нь нууц кодоо Түмэндэмбэрэлд хэлж өгөөд мөнгийг шилжүүлсэн..” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47/

9. Гэрч Б.Энх-Мөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед байх Баянхонгор аймгаас Бөмбөгөр сум руу гарсан юм. Тэгээд замдаа нарийны гүүрний тэнд явж байхад урд мотоциклтой 2 хүн хэвийн биш сонин яваад байхаар нь хурдаа багасгаад араас нь явж байсан чинь нөгөө хоёр замын хажуу хэсэг рүү гарч зогсож байх шиг бололтой байхаар нь гүйцэт түрүүлж зөрөх гэж байсан чинь ямар нэгэн дохио өгөлгүйгээр шууд дараад хажуугаас ороод ирсэн. Тэгээд миний машиныг мөргөөд зогссон. Тэгсэн машины шил болон буфер зэрэгт гэмтэл учирсан юм. Тэгэхээр нь би за сүлжээтэй газар орж байгаад сумын цагдаа юм уу аймгаас цагдаа дуудлаа гэсэн чинь жолоодож явсан залуу яах гэсэн юм таныг шууд энд хохиролгүй болгож өгье гэж хэлсэн. Тухайн үед би тэр хүнд тэдэн төгрөг өг гэж хэлээгүй юм. Тэгсэн тэр мотоциклийг жолоодож явсан намхандуу банди за нарийны гүүрэнд жи мобайлын сүлжээ барьдаг би таны данс руу мөнгө шилжүүлж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнийг дагаж яваад нарийны гүүрэн дээр очсон чинь тэр мобайл банк ашиглан миний данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би явсан юм. Дээрх 600.000 төгрөг нь ийм учиртай юм байгаа. Тэр 2 залуу урьд өдөр нь юм уу тус өдөрт ч юм уу архи уусан бололтой нэлээд архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51/,

10. Гэрч О.Сүх-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Буяндэлгэр нь миний хойд аав Зоригтбаатарын төрсөн дүү байгаа юм. Зоригтбаатар нь болохоор Түмэндэмбэрэлийн төрсөн эцэг нь юм байгаа. он, сар, өдрийг нь санахгүй байна. Миний мотоциклийн эд анги нь эвдэрсэн байсан. Тэгээд би Түмэндэмбэрэлээс мотоциклийн гуйж аваад Бууцагаан сум орох санаатай тэднийд очоод Түмэндэмбэрэлээс мотоциклийн гуйхад та яваад алга болчихно өгөхгүй гэхээр нь тэгвэл цуг явъя гэсэн чинь тэр тэгье гэж хэлээд бид хоёр тэднийхээс гараад Бууцагаан сум руу очсон юм. Би уг нь Баянхонгор аймаг явах санаатай байсан юм. Ер нь голцуу Баянхонгор аймгийн төвд байдаг юм. Тэгээд өөртөө мөнгө алга байхаар нь аймгийн төвд байдаг найз Энхжаргал руу утсаар залгаад мөнгө асуугаад түүнээс 20.000 төгрөгийг Бууцагаан сумын нутаг дэвсгэрт дэлгүүр ажиллуулдаг Баярсанаа гэх хүний данс руу нь шилжүүлж авсан юм. Баярсанаа ах надаас 500 төгрөгийг шимтгээд 19.500 төгрөгийг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би түүнд бензин болон масло авах гэж байсан юм. Тэгсэн Түмэндэмбэрэл ах танд би 2 литрийн бензин өгчихье та ганц нэг юм аваад өгчих би урьд шөнө Баяндэлгэртэй уусан чинь дотор муу байна та нэг юм аваад өгчих гэхээр нь Баярсанаа гуайн дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архинаас нэгийг аваад, наана би 500 граммын масолыг аваад бид хоёр буцаад гэр лүүгээ явсан юм. Явах замдаа хээр Тэмээтийн бригадын тэнд очоод нөгөө нэг 0.5 литрийн Ерөөл архийг хувааж уусан юм. Тэнд тэр архийг хувааж уугаад дууссан чинь Түмэндэмбэрэл надад хандаж ах хоёулаа аймаг орчхоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ чи тийм явах гэж байгаа бол би өөрийнхөө мотоциклийг очоод аваад хоёулаа цуг явъя гэж хэлэхэд тэр үгүй гэртээ харих юм бол эхнэр явуулахгүй би аймгийн төвд хүнтэй уулзчихаад тэнд хоночхоод маргааш өглөө хоёулаа эрт буцаад ирье гэхээр нь за гэж хэлээд тэндээс Баянхонгор аймаг руу хөдөлсөн юм. Тэндээс хөдлөөд Бөмбөгөр сумын төв дээр ирээд нэг дэлгүүрээс 1 том пиво, 2 ширхэг концерев /загасны/, 1 ширхэг 0.75 литрийн Соёрхол архийг авсан. Тэгсэн Түмэндэмбэрэл халааснаасаа жижгэвтэр бараан өнгийн утсыг гаргаж ирээд мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн. Мөн 200.000 төгрөг байх бэлнээр гаргуулж авч байсан. Тэгээд тэндээс юмнуудаа авчхаад аймаг руу гарсан юм. Замдаа явж байхдаа зогсоод концерэвээ идээд, архийг задлаад тал хүртэл нь уусан юм. Тэгээд хөдлөөд Нарийны гүүрний наана ирээд нөгөө пивоо задалж хувааж уугаад дуусгаад тэндээс хөдлөөд хаашаа руу аймгийн самбартай хөтлийн энд ирээд нөгөө үлдсэн тал архиа уугаад дуусгаад тэндээс хөдлөөд аймаг орж ирээд миний таньдаг хуурай ахын хашаа руу орж Түмэндэмбэрэлийн мотоциклийг тавьчхаад Хөх толгойн тэнд байдаг дэлгүүр ороод Түмэндэмбэрэл 0.5 литрийн Ерөөл архи болон том 1 ширхэг пиво аваад ирэхээр жижиг хөх толгойн араар сууж байгаад хувааж уугаад дуусгасан юм. Тэгэхэд цаг аажуу болсон байсан. Тэгсэн Түмэндэмбэрэл ах хоёулаа жоохон гадуур явах уу гэсэн тодруулбал баараар явъя гэхээр нь би яах юм бэ хоёулаа караокед ороод ганц хоёр цаг дуулчихъя гэсэн чинь тэгье гэж хэлээд тэндээс хөдлөөд дунд захын хавьцаа байх караоке руу ороод 2 цаг дуулсан байх одоо сайн санахгүй байна хүний хоёр, хоёр нийт 4 лааз пиво уусан. Тэрнээс хойш би тасарсан байсан юм. Нэг сэрсэн чинь тээврийн товчооны буудал дээр сэрсэн юм. Тэгээд тэндээс Түмэндэмбэрэл хоол идчихээд бид хоёр нөгөө мотоцикл тавьсан эзэнгүй айл руу очиж 1 шил 0.75 литрийн архийг хувааж уусан юм. Тэгчхээд колонк орж бензин аваад супермаркет руу очиж 2 шил архи, 2 том пиво зэргийг авчхаад самбартай хөтлийн наана нөгөө авсан архи, пиво зэргээ уугаад би бас л тасарсан байсан юм. Тэгээд нэг ухаан орсон чинь Нарийны гүүрний тэнд бөөн хэрүүл болж байсан. Тэгэхээр нь яасан бол гэсэн чинь Түмэндэмбэрэл бид хоёр замдаа машинтай мөргөлдсөн байсан. Тэнд хэсэг хэрүүл болоод тэгсэн Түмэндэмбэрэл нөгөө хүмүүсийн нэхсэн мөнгийг бас л мобайл банкаар шилжүүлж өгсөн юм. Тэдэнд хэдэн төгрөг өгсөн болохыг би мэдэхгүй. Тэгээд явсаар байгаад гэр лүүгээ харьсан... Би тэр гар утсыг мэдэхгүй, хаанаас яаж авсан талаар болон хэдэн төгрөг хүн рүү шилжүүлсэн талаар мэдэхгүй. Би уг гар утсыг Түмэндэмбэрэлд өгөөгүй, түүнийг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-54/

11. “...хулгайлагдсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь 213 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 45/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч З.Т  нь  2019 оны 06 сарын 07-08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Я.Буяндэлгэрийн гэрээс түүний эзэмшлийн Жи мобайлын маркийн 93120941 дугаартай гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар тус утаснаас Я.Буяндэлгэрийн Хаан банкны интернэт банкийг ашиглан 5235110590 дугаарын данснаас 2019 оны 06 сарын 08-09-ний өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээ хийж нийт 1.470.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт болсон болох нь хохирогч Я.Буяндэлгэр, гэрч Д.Оюунбурмаа, О.Цоодол, А.Цэрэнпил, Д.Цэцэгээ, Ц.Эрдэнэбилэг, Б.Энхмөнх, Д.Сүх-Орчир нарын мэдүүлэг, “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 392 дугаартай дүгнэлт, ХААН банкны дансны хуулгууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.Т ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч З.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч З.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг тус тус хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх   эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.Буяндэлгэр  нь хохирлоо бүрэн барагдуулж авсан талаар мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Т  нь урьд ял шийтгэгдэж байсан, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч З.Т  нь энэ хэргийн учир  гучин гурав хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Т  нь нийт гучин гурав / 33 /   хоног буюу хоёр зуун жаран дөрвөн / 264 / цаг цагдан хоригдсон гэж шүүх дүгнэж эдлэх ялаас хасаж тооцлоо.

Шүүгдэгч З.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Т  нь энэ хэргийн учир түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт З.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт З.Тийг хоёр зуун жаран  / 260 / цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Т д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн  Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Т  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч З.Т ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон гучин гурав хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

5. Уг хэрэгт шүүгдэгч З.Т ийн хувьд ногдох хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр  зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг  2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн цагдан хорих байрнаас сулласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч З.Т ийг хоёр зуун жаран / 260 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхээс чөлөөлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ