Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е, 
Улсын яллагч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Х.Зу, 
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тт холбогдох 2013001830151 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид жолоочоор ажилладаг,  Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овгийн О-ы Т, регистрийн дугаар ******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч О.Т нь 2020 оны 05 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг “Ш” гэх газарт байрлах “Ж” ХХК-ийн нарны цэнэг үүсгэгч толь байрлуулсан хашаанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг өөрийн эзэмшлийн “Nissan Primera” загварын ******* БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэх  гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р х/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 11-15, 184-187 дугаар хуудас/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-19 дүгээр хуудас/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-24-рх/,
-Нарны цэнэг үүсгэгч толинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  /хх-ийн 22-27 дугаар хуудас/
-“Мөнх-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин, шинжээч Х.Калиматын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 20/26 дугаартай “Нарны цэнэглэгч толь нэг бүрийн үнэ 410.000 төгрөг, тээврийн зардал 20.000 төгрөг, угсралтын хөлс 45.000 төгрөг, нийт 475.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон тухай” дүгнэлт /хх-ийн 63-38-рх/, 
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Баян-Өлгий аймгийн С сумын нутаг дэвсгэр “Ш” гэх газарт уулын оройд манай компанийн  байрлуулсан нарны цэнэг үүсгэгч сүлжээний антен байдаг юм.  Уг антен С сум болон Буянт, Улаанхус сумын зарим багуудад Жын үүрэн холбооны сүлжээг цацах зориулалттай юм. Уг антенийн  гадна талаар хашаа татсан ба антенийн бүрэн бүтэн байдлыг сард 1-ээс доошгүй удаа эргэж тойрч шалгадаг юм. Хамгийн сүүлд харуул болох У.К нь хүү К.Т-ийг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр явуулж шалгахад хашаа нь дотор байсан тоног төхөөрөмжүүд бүрэн бүтэн, хэвийн ажиллаж байсан байна. Дараа нь У.Көкен хүү К.Ткэд уг антенийг дахин очиж шалгахыг даалгахад, Т 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр уг антенууд  хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг шалгахаар очиход хашааны хаалга нь онгорхой хашаа дотор байрлах 20 ширхэг нарны цэнэг үүсгэгч толиноос 1 ширхэг толь байхгүй байсан. Тэгээд уг нарны цэнэг үүсгэгч толийг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 сарын 09-ний хооронд алга болсныг мэдсэн. Уг С сумын “Ш” гэх газарт уулын оройд байрлуулсан нарны цэнэг үүсгэгч төхөөрөмжүүдийг уг хашаанд байрлах “Ж” үүрэн холбоо сүлжээний антенд тог үүсгэн дамжуулах зориулалтаар ашигладаг. Тухайн хашаан дотор антен, антенд тог үүсгэх нарны цэнэг үүсгэгч 20 ширхэг толь, мөн цэнэг барих 48 ширхэг батерей байдаг. Эдгээр тоног төхөөрөмжийг байнгын ажиллагаатай байлгах, техникийн гэмтэл үүсгэхгүй байх, мал амьтны хөл болон гэмт халдлагаас хамгаалах зорилгоор хашаа татаж байрлуулсан.Иймд холбогдох тоног төхөөрөмжүүдээ хамгаалах үүднээс татсан агуулах сав мөн. Уг хашаанд байрлуулсан нарны цэнэг үүсгэгч толинууд нь бүгд адилхан Suntech маркийн 1000v 15А-ийн үзүүлэлттэй, mono-Si загварын цэнэглэгчүүд юм. Нарны цэнэг үүсгэгч толинуудыг 2016 онд шинэчилж тавьсан бөгөөд нэг бүрийн үнэ 1083.906 төгрөгийн үнэ ханштай тавигдсан. Т нь хулгайлж авсан уг 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг цагдаагийн байгууллагаар дамжуулан бидэнд хүлээлгэн өгч, түүнийг буцаан суурилуулахад гарсан ажлын хөлс 65.000 төгрөгийг төлж өгсөн. Манай Ж компани хохирлоо бүрэн төлүүлж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 дүгээр хуудас/,
-Гэрч К.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос “Ж” корпорацийн мэргэжилтэн нар миний аав У.Көкен руу гар утсаар холбогдож Бөхөн ууланд байрлуулсан сүлжээний батарейнуудыг шалгаад өгөөч гэж хэлсэн байсан. Харин аав маань С сумаас 05 дугаар сарын 07-ны өдөр Өд утсаар тестер олж очоод “Ж"-ийн нарны цэнэглэгчээр цэнэглэгддэг аккумляторуудын цэнэгийг үзээд өгөөч гэж хэлсэн бөгөөд миний бие 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Ж"-ийн сүлжээний антен байрлуулсан газарт очиход уг антены хашааны хаалга нь онгорхой байсан ба 20 ширхэг нарны цэнэглэгч толь байршуулсан байснаас 1 ширхэг толийг авч 19 ширхэг толь үлдсэн байсан.Намайг анх хэргийн газарт очиход хашааны хаалга онгорхой байсан тул хаалгаар нь ороод аккумуляторын цэнэгүүдийг нь тест ашиглаж шалгаж үзээд явсан. Би хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын дундуур очиж шалгахад уг төхөөрөмжүүд бүрэн бүтэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
-Гэрч Ү.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэрт байгаа 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг  хүү О.Т нь одоогоос 10-аад хоногийн өмнө Улаанбаатар хотоос хүнээр авахуулсан гэж хэлж байсан. Уг нарны цэнэглэгч толийг эхнэр Байгалмаагийн хамтаар 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хагас сайн буюу амралтын өдөр байсан ба тухайн өдрийн 14 цагийн орчимд өөрийнхөө жижиг машинаар /марк дугаарыг нь сайн санахгүй байна/ ачиж манай гэрт авч ирэхдээ нарны толинд залгах утас, гэрт байрлуулсан гэрлийг мөн авч ирсэн харин авч ирсэн зүйлсийг Хаас авч ирсэн эсэхийг бүү мэд авч ирээд залгаж өгсөн. Манай ашиглаж байсан нарны толь нь 2019 оны намар хагарч эвдэрсэн учраас хаясан. Манайд байгаа энэ нарны цэнэглэгчийн талаар Таас асуугаарай, авч ирж өгсөн хүн нь Т болохоор уг толийг хэзээ Хаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /58-р хуудас/,
-Шүүгдэгч О.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “ Би сар өдрийг нь сайн санахгүй байгаа бөгөөд 2020 оны 05 дугаар сарын эхээр амралтын өдөр байсан Ө сумын 3 дугаар багт байрлах гэрээсээ өглөө 06 цагийн үед өөрийнхөө ******* БӨТ улсын дугаартай, “Nissan Primera” маркийн саарал өнгийн суудлын машинаараа гарч С сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ‘Ш" гэх газарт байрлах үүрийн холбооны “Ж” ХХК-ны антенд 07 цагийн үед очсон. Тэнд очиход нэг талын хаалганы цоож нь эвдэрсэн, нөгөө талын хаалга нь цоожтой торон хашаатай байсан бөгөөд уг хашааны цоож нь эвдэрсэн онгорхой хаалгаар нь нэвтрэн хашаа руу ороход хашаа дотор олон тооны цахилгаан үүсгэдэг толь байсан. Би уг толинуудаас нэг ширхгийг машиныхаа 13-ын түлхүүрээр тайлж аваад унаж очсон дээрх машиндаа хийгээд буцаж аймгийн төв рүү чиглэж яваад 2 шуудай аргал түүгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу 12:00 цагийн үед аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд би аймгийн төв рүү орж ирээд 5-6 хоног хоносны дараа С сумын төвөөс 3 км зайтай газарт хаваржиж байгаа ээж Цэндсүрэнгийн гэрт нь нөгөө нарны цэнэг үүсгэгч толийг аваачиж суурилуулж өгсөн. Уг нарны цэнэг үүсгэгч толийг энэ хугацаанд гэртээ байлгаж байсан юм... Манай ээжийн гэр байрладаг газар цахилгаангүй байдаг ба урьд нь нарны цэнэг үүсгэгч толь худалдаж авах гэж бодож явж байсан. Мөн эхнэрээсээ урьд өдөр нь нарны цэнэг үүсгэгч толь худалдаж авна хэмээн 100000 төгрөг авсан байсан ба би уг 100000 төгрөгийг нөгөө нарны цэнэг үүсгэгч толийг хулгайлж авсны дараа машиндаа бензин хийж дуусгасан. Манай ээжийн гэр сумаас цаашаа 3 км зайтай, голын эрэгт байдаг. Харин “Ж” ХХК-ийн   Би тэр өдөр аргал түүхээр С сум руу машинаараа гарч замд уг нарны цэнэг үүсгэгч толийг хараад хашаа нь онгорхой байхаар нь хулгайлж авсан. Уг нь би аргал түүх зорилгоор гэрээсээ гарсан бөгөөд аргал түүж явсаар нэг мэдэхэд тус компанийн хашаанд очсон байсан. Намайг аргал түүхээр явсныг эхнэр маань мэдэж байгаа. Өөр найз нөхөд бусад хүмүүст энэ талаар хэлээгүй. Мөн намайг аргал түүж явж байхыг харсан хүн байхгүй болно. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин улсын яллагчийн тусгай хамгаалсан байранд нэвтэрч орсон, машин механизм ашигласан гэж зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна. Тэр газрын хаалга нь онгорхой байсан. Би цоожийг эвдээгүй. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү" гэх мэдүүлэг /88-89, 90, 203-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
    Холбогдогчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    -Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багийн засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3/54 дугаартай тодорхойлолт /хх-ийн 99-рх/,
    -Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаартай тодорхойлолт /хх-ийн 101-р хуудас/,
    -Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарган ирүүлсэн “Тус ангийн материал хангалтын салбарын авто-тээвэр засварын салааны жолооч дэд ахлагч Оы Т-ын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 102-рх/,
    -О.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-рх/, 
    -Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/84 дугаартай тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/, 
    -Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багийн засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3/05 дугаартай тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/, 
    -Шүүгдэгч О.Т нь Х банкинд 15.188.937 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тухай тодорхойлолт, зээлийн дансны хуулга /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтууд болно.
    Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
    Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
    
    Шүүгдэгч О.Тыг тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
    Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч О.Тын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч О.Т болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлүүлэх байр сууринаас мэтгэлцсэн болно.
    Шүүгдэгч О.Т нь 2020 оны 5 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг “Ш” гэх газарт байрлах “Ж” ХХК-ийн нарны цэнэг үүсгэгч толь байрлуулсан, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг өөрийн эзэмшлийн “Nissan Primera” загварын ******* БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 475.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч К.Е-ийн:” Баян-Өлгий аймгийн С сумын нутаг дэвсгэр “Ш” гэх газарт уулын оройд манай компанийн  байрлуулсан нарны цэнэг үүсгэгч сүлжээний антен байдаг юм. Уг антен С сум болон Буянт, Улаанхус сумын зарим багуудад Жын үүрэн холбооны сүлжээг цацах зориулалттай, гадна талаар хашаа татсан ба бүрэн бүтэн байдлыг сард 1-ээс доошгүй удаа эргэж тойрч шалгадаг. Хамгийн сүүлд К.Т-ийг 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр явуулж шалгахад хашаа нь дотор байсан тоног төхөөрөмжүүд бүрэн бүтэн, хэвийн ажиллаж байсан. Дараа нь Т 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр уг антенууд  хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг шалгахаар очиход хашааны хаалга нь онгорхой хашаа дотор байрлах 20 ширхэг нарны цэнэг үүсгэгч толиноос 1 ширхэг толь байхгүй байсан. Тухайн хашаан дотор антен, антенд тог үүсгэх нарны цэнэг үүсгэгч 20 ширхэг толь, мөн цэнэг барих 48 ширхэг батерей байдаг. Эдгээр тоног төхөөрөмжийг байнгын ажиллагаатай байлгах, техникийн гэмтэл үүсгэхгүй байх, мал амьтны хөл болон гэмт халдлагаас хамгаалах зорилгоор хашаа татаж байрлуулсан.....Уг нарны цэнэг үүсгэгч толийг О. Т нь хулгайлж авсан байсан цагдаагийн байгууллагаар дамжуулан бидэнд хүлээлгэн өгч, түүнийг буцаан суурилуулахад гарсан ажлын хөлс 65.000 төгрөгийг төлж өгсөн. Манай Ж компани хохирлоо бүрэн төлүүлж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  , гэрч К.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Ж"-ийн сүлжээний антен байрлуулсан газарт очиход уг антены хашааны хаалга нь онгорхой байсан ба 20 ширхэг нарны цэнэглэгч толь байршуулсан байснаас 1 ширхэг толийг авч 19 ширхэг толь үлдсэн байсан.Үүний өмнө би 2020 оны 4 дүгээр сарын дундуур очиж шалгахад уг төхөөрөмжүүд бүрэн бүтэн байсан” гэх мэдүүлэг , гэрч Ү.Ц-ийн:” ...Гэрт байгаа 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг  хүү О.Т нь одоогоос 10-аад хоногийн өмнө Улаанбаатар хотоос хүнээр авахуулсан гэж хэлж авчирч тавьж өгсөн. Манайд байгаа энэ нарны цэнэглэгчийн талаар Таас асуугаарай, авч ирж өгсөн хүн нь Т болохоор уг толийг хэзээ Хаас хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг , хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл , эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /хх-ийн 22-24-рх/,нарны цэнэг үүсгэгч толинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,   зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
    Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
    Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 
    Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д ”Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, 2.4-д “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус заасан байна. 
    Хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.Т нь хохирогч хуулийн этгээд болох “Ж” ХХК-ийн нарны цэнэг үүсгэгч байрлуулсан, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толь хулгайлан авч, өөрийн эзэмшлийн “Nissan Primera” загварын ******* БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн Ө суманд байрлах гэртээ авч ирэн, уг нарны цэнэг үүсгэгч толийг өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь  хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна. 
    Тодруулбал: Хохирогч хуулийн этгээд болох “Ж” ХХК-нь Баян-Өлгий аймгийн С, Буянт, Улаан хус сумын зарим багийн иргэдийг үүрэн телефоны Жын сүлжээгээр хангах үйл ажиллагаа явуулах зорилгоор С сумын нутагт хамаарах Бөхөн уулын “Ш” гэх газарт сүлжээний антен болон уг антенд цэнэг үүсгэгч нарны толь 20 ширхэг,  цэнэг барих 48 ширхэг батерей зэргийг суурилуулж, уг хөрөнгийг гадны гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төмөр тороор хашаа татан тусгайлан хамгаалж, зориулалтын цоожоор цоожилж, бэхэлсэн байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад уг обьектийг хамгаалж барьсан торон хийцтэй сараалжин төмөр хашаа нь өндөр, дээрээ өргөстэй байгаа нь хүний хууль бус үйлдлээс хөрөнгөө хамгаалах зориулалттай болохыг нотолж байна. Уг тусгай хамгаалсан байранд сүлжээний антен, нарны цэнэг үүсгэгч толь зэргийг байнга хадгалах зорилгоор байрлуулж, иргэдийг үүрэн телефоны Жын сүлжээгээр хангах үйл ажиллагаа явуулдаг болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Еийн мэдүүлгээр мөн нотлогдож байна. 
    Иймд Ж ХХК-ийн өмчлөлийн сүлжээний антен, нарны цэнэг үүсгэгч толь, батерей зэргийг байрлуулсан торон хийц бүхий сараалжин төмөр хашааг “үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгай хамгаалсан байр” гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
    Шүүгдэгч О.Т нь “Намайг  Жын антен суурилуулсан хашааны дэргэд очиход нэг талын хаалганы цоож нь эвдэрсэн, нөгөө талын хаалга нь цоожтой, торон хашаатай байсан бөгөөд би уг хашааны цоож нь эвдэрсэн онгорхой хаалгаар нь нэвтэрч хашаа руу орсон. Би хулгай хийхийн тулд тус төмөр хашааны цоож цуургыг эвдээгүй учраас намайг тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч орсон гэж хүндрүүлэн зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж гэм буруугийн талаар маргаж  байгааг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв. 
    Гэрч К.Т ”Миний бие 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Ж"-ийн сүлжээний антен байрлуулсан газарт очиход уг антены хашааны хаалга нь онгорхой байсан ба 20 ширхэг нарны цэнэглэгч толь байршуулсан байснаас 1 ширхэг толийг авч 19 ширхэг толь үлдсэн байсан.Намайг анх хэргийн газарт очиход хашааны хаалга онгорхой байсан тул хаалгаар нь ороод аккумуляторын цэнэгүүдийг нь тест ашиглаж шалгаж үзээд явсан. Би хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын дундуур очиж шалгахад уг төхөөрөмжүүд бүрэн бүтэн байсан ” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Е ”2020 оны 4 сарын 18-ны өдөр К.Тийг явуулж шалгахад хашаа дотор байх тоног төхөөрөмжүүд бүрэн бүтэн хэвийн ажиллаж байсан бөгөөд дахин Турарбек 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр очиж шалгахад хаалга нь онгорхой, хашаан дотор байрлах 20 ширхэг нарны цэнэг үүсгэгч толиноос 1 ширхэг толь хулгайд алдагдсаныг мэдсэн”   гэж тус тус О.Т мэдүүлсэн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “.....хашааны урд зүг болон хойд зүг талд хаалгатай байх бөгөөд урд зүг талын хаалга нь цоожтой, хаалганд ямар нэгэн эвдрэлгүй бүрэн бүтэн, харин хойд зүг талын хашаа нь онгорхой байсан ба хаалга нь дотор талаасаа баруун зүгээс зүүн зүг рүү онгойдог хаалганы цоож хийх төмөр зүүн зүг тийш тахийсан, уг цоож хийх төмрийн дээд хэсэгт хаалга болон хаалганы раманд цоож хийх зориулалтаар гагнаж тогтоосон төмөр байв гэж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд ”Уг цоожтой вольтны доод хэсэгт буюу хашааны раманд цоож хийх төмөр байх ба уг төмөр нь зүүн зүг тийш тахийсан байдалтай байв” гэж тус тус тэмдэглэсэн байна. 
    Өөрөөр хэлбэл тусгай хамгаалсан байр болох хашааны хойд зүг талын хаалганы цоож нь гэмт халдлагад өртөхөөс өмнө  эвдрээгүй, бүрэн бүтэн байсан нь гэрч К.Т болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Е нарын  мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд тухайн хашаа руу гадны хүн нэвтрэхийг хориглож, өргөстэй тор татан, хашааны хаалгыг цоожилж хамгаалсан нь өмчлөгчөөс зөвшөөрөл авахгүйгээр хашаа руу хэн ч чөлөөтэй нэвтэрч орж гарах боломжгүйг нотолж байна. 
    Шүүгдэгч  О.Т нь Ж ХХК-ийн зөвшөөрлөөр уг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгай хамгаалсан байранд хууль ёсоор нэвтэрч орсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд тухайн байр /хашаа/ цоожтой байсан эсэх, хаалга хаалттай, эсвэл онгорхой байсан эсэхээс үл хамааран бусдын өмчлөлийн тусгай хамгаалсан байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орсныг “хууль бусаар нэвтэрсэн” гэж үзнэ.  
    Иймд шүүгдэгч О.Тыг Ж ХХК-ийн өмчлөлийн сүлжээний антен, нарны цэнэг үүсгэгч зэргийг байнга хадгалж иргэдийг үүрэн телефоны Жын сүлжээгээр хангах үйл ажиллагаа явуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн С сумын нутагт хамаарах “Ш” хэмээх уулын оройд байрлуулсан тусгай хамгаалсан байр /хашаа/-нд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
    Шүүгдэгч О.Т болон түүний өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдээгүй, хулгайлах гэмт хэрэг нь нарны цэнэг үүсгэгчийг үндсэн бүрдэл хэсгээс нь тайлж авснаар төгссөн бөгөөд  гэмт хэрэг төгссөний дараа 1 км гаруй газарт нарны цэнэг үүсгэгчийг биеэр зөөвөрлөн машиндаа тавьж авч явсан. О.Т нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор урьдаас төлөвлөж тухайн газарт тээврийн хэрэгсэл бэлдэж очоогүй, аргал түүх зорилгоор очсон тул түүний үйлдлийг “гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан” гэж үзэж  хүндрүүлж байгааг зөвшөөрөхгүй.” гэж маргасныг мөн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
    Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн халдлагын зүйлийг авснаар биш бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өөрт нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг гэмт хэрэг юм.
    Яллагдагч О.Тын хувьд хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болох “Жи мобайл” ХХК-ийн  нарны цэнэг үүсгэгчийг бүрдэл хэсгээс нь зориулалтын эрэг боолт суллах чангалах хэрэгсэл болох түлхүүр ашиглан тайлж авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлгүй, харин уг нарны цэнэг үүсгэгчийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчлөлийн Nissan primera маркийн, ******* БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөн Баян-Өлгий аймгийн Ө суманд байрлах гэртээ авч ирэн, уг нарны цэнэг үүсгэгчийг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.     
    Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд үүрэн телефоны “Жи мобайл” ХХК-ийн нарны цэнэг үүсгэгчийг С сумын нутагт хамаарах Бөхөн уулын “Ш” гэх газар байрлуулсан байх ба хэрэг учрал болсон гэх газар нь Ө сум болон С сумдын хоорондын авто замын ертөнцийн зүгээр урд зүг талд, Ө сумаас С сум руу 17 км зайтай, уг автозамаас 6 км орчим зайтай орших уулын оройд байрладаг болох нь тогтоогдож байна . 
    Яллагдагч О.Т нь Ө сумын төвд байрлах гэрээсээ 17 км зайтай байрлах С сумын 4-р багийн нутаг, Бөхөн уулын “Ш” гэх газарт явганаар ирж, нарны цэнэг үүсгэгчийг хулгайлан, биеэр зөөвөрлөх боломжгүй нөхцөл байдал хэргээс тодорхой харагдаж байх бөгөөд тэрээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөхийн тулд “Жи мобайл” ХХК-ийн өмчлөлийн нарны цэнэг үүсгэгч тоног төхөөрөмж байрлуулсан уулын бэлд автомашинаа байрлуулан, хулгайн эд зүйлийг зөөвөрлөсөн нь тогтоогдож байна. 
    Тухайн тусгай хамгаалсан байр нь уулын оройд, чулуу ихтэй газар байрладаг, уг газарт тээврийн хэрэгсэл очих боломжгүй болох нь мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул  шүүгдэгч О.Тыг өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл очих боломжит газар буюу гэмт хэрэг үйлдэгдсэн “Ш” уулын бэлд тээврийн хэрэгслээ байрлуулсан гэж үзэх үндэслэлтэй.    О.ТО.ТО.Т
    Түүнчлэн шүүгдэгч О.Т нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор “Ш” ууланд машин механизм урьдчилан бэлтгэж очоогүй, аргал түүх зорилгоор очсон гэж мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна. 
    Шүүгдэгч О.Т нь  2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ”...Манай ээжийн гэр байрладаг газар тог, цахилгаангүй байдаг ба урьд нь би нарны цэнэг үүсгэгч толь худалдаж авах гэж бодож байсан, мөн эхнэрээсээ би урьд өдөр нь нарны цэнэг үүсгэгч толь худалдаж авах зорилгоор 100.000 төгрөг авсан байсан ба уг мөнгөөр машиндаа бензин хийгээд дуусгасан. 2020 оны 5 сарын эхээр Ө сумын 3 дугаар багийн нутагт байрлах гэрээсээ өглөө 6 цагийн үед өөрийн ******* БӨТ улсын дугаартай, Nissan primera маркын, саарал өнгийн суудлын автомашинаараа гарч С сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Ш” гэх газарт байрлах үүрэн холбооны “Жи мобайл” ХХК-ийн антенд 07 цагийн үед очсон. Ингээд хашаа руу нэвтрэн ороход олон тооны цахилгаан үүсгэгч толь байснаас 1 толийг машиныхаа 13-ын түлхүүрээр тайлж аваад унаж очсон машиндаа хийн, буцаж аймгийн төвд байрлах гэртээ авч ирсэн. Уг нарны цэнэг үүсгэгч нь манай ээжийнх рүү явах  зам дагуу харагдаж байдаг болохоор би тэнд нарны цэнэг үүсгэгч байдгийг мэддэг байсан. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд 5-6 хоносны дараа С сумын төвөөс 3 км зайтай хаваржиж байгаа ээж Ү.Цэндсүрэнгийн гэрт суурилуулж өгсөн”  гэж, гэрч Ү.Цэндсүрэн мөрдөн байцаалтын шатанд “Манай ашиглаж байсан нарны цэнэг үүсгэгч самбар 2019 оны намар хагарч, аккумулятор цэнэглэх боломжгүй болохоор нь хогонд хаясан байсан. 2019 оны намар манайх аймгийн төвд өвөлжөөд 2020 оны С суманд нүүж ирээд 10 гаруй хоног тоггүй, лаа асааж байсан. Тэгж байтал хүү О.Т 2020 оны 5 дугаар сарын эхээр, хагас сайн буюу амралтын өдөр 14 цагийн үед эхнэр Байгалмаагийн хамт өөрийн жижиг машинаар нарны цэнэг үүсгэгч толь, уг толийг залгах утас, гэрт  байрлуулах гэрэл зэргийг авч ирж суурилуулж өгсөн. Уг нарны цэнэг үүсгэгч толийг Хаас авсныг би мэдээгүй”  гэж тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч О.Тын хулгайлах гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго тогтоогдсон байна. 
    О.Т нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэж, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 
    Иймд шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
    Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч О.Тын  амар хялбар аргаар нарны цэнэг үүсгэгч олж авах хэрэгцээ шаардлага, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзлээ.  
    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
    Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.
    Шүүгдэгч О.Тын гэмт үйлдлийн улмаас хохирогч “Ж” ХХК-д  475.000 төгрөгийн бодит хохирол учирсан  байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохиролд хамаарна.    
    Шүүгдэгч О.Т нь хулгайлж авсан нарны цэнэг үүсгэгч самбарыг цагдаагийн байгууллагаар дамжуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ед хүлээлгэн өгч , түүнийг буцаан суурилуулахад гарсан зардалд 65.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч О.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е  нарын мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Таас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
    Шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
    Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч О.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна. 
Шүүгдэгч О.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Түүнчлэн шүүгдэгч О.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  байх ба түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан  баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд  тэрээр 1986 онд төрсөн, 35 настай, эхнэр 2 хүүхдийн хамт  4 ам бүлээр Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, эхнэр нь одоогоор эрхэлсэн ажилгүй, шүүгдэгч өөрөө Зэвсэгт хүчний 331-р ангид жолоочоор ажилладаг нь тогтоогдож байна.
 Мөн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан Ө сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт болон Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн тодорхойлолтод О.Тын зан байдал, ажил байдлын талаар “О.Т нь  төлөв даруу зантай, урьд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, олон жил осол авааргүй, хамт олноо манлайлан ажиллаж байгаа нэр хүндтэй залуу боловсон хүчин юм” гэх зэргээр тодорхойлсон байна. 
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг  нөхцөл байдал болон түүний хувийн байдал,  үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан О.Тт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч О.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна. 
Шүүгдэгч О.Тын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба харин тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ буюу 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна, харин намайг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Жын нарны цэнэг үүсгэгч байрлуулсан хашаанд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашигласан гэж хүндрүүлж байгааг зөвшөөрөхгүй” гэж хэргийн зүйлчлэл дээр маргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанд  дэмжиж дүгнэлт гаргасан тул шүүгдэгчийг гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
    Бусад
асуудлаар. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Шүүгдэгч О.Т бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд өөрийн эзэмшлийн“Nissan Primera” загварын ******* БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийг “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл” гэж үзэж, улсын төсөвт шилжүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Эрх бүхий шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтээр  шүүгдэгч О.Тын эзэмшлийн, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монголд орж ирсэн, мөнгөлөг саарал өнгийн, “Nissan Primera” маркийн ******* БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг  1.350.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна.
Иймд шүүгдэгч О.Тын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan Primera” маркийн ******* БӨТ улсын дугаартай, 1.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шууд хураан авч,улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 
              Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт хураан ирүүлсэн шүүгдэгч О.Тын эзэмшлийн “Nissan Primera” маркийн ******* БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг шийтгэх тогтоол тогтоол хүчин төгөлдөр болсны дараа гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020  оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/43 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 13-ын түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шилжүүлэх, устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Шийтгэх тогтоол нь уншин сонгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
    1.Шүүгдэгч У овгийн О-ны Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    
    4. Энэ хэрэгт шүүгдэгч О.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.    
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан О.Тын эзэмшлийн ******* БӨТ улсын дугаартай, Toyota primera загварын 2001 онд үйлдвэрлэгдсэн, 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
    6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “13-ын түлхүүр” 1 ширхгийг  устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст, О.Тын эзэмшлийн “Nissan Primera” маркийн ******* БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг шийтгэх тогтоол тогтоол хүчин төгөлдөр болсны дараа гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Б-д тус тус даалгасугай. 
    О.ТО.Т7. Шүүгдэгч О.Тын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan Primera” маркийн ******* БӨТ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020  оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/43 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 
    8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 
    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Б.Б