Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 752

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч:  Ч.С

Хариуцагч: НДЕГД СДНДХ

           Нэхэмжлэлийн шаардлага: “С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/918 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/292 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Ч.С2014-2018 онд Цагдаагийн алба хаасан 5 жилийн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрээр өндөр насны тэтгэврийг тогтоохыг С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, хариуцагч С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.C шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1995 онд цагдаа бэлтгэх дамжаанд элсэн суралцаж, улмаар 1996 оноос Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд цагдаагаар томилогдсоноос хойш цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаа, гэрээт цагдаа, дүн бүртгэлийн операторчин, мэдээлэл, шуурхай удирдлагын төвд мэдээлэл хүлээн авагч, мэдээллийн менежер зэрэг ажилд томилогдож, цагдаагийн байгууллагад 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд миний бие анхны хүүхдээ 1999 онд төрүүлж 1 жил орчим асраад 2000 онд, дараагийн хүүхдээ 2008 онд төрүүлж, мөн 1 жил орчим асраад 2009 онд, бага хүүхдээ 2014 оны 04 дүгээр сард төрүүлэн мөн нэг жил орчим өсгөөд 2015 оны 04 дүгээр сард тус тус ажилдаа эргэн орж байсан.

Цагдаагийн байгууллагын ажилтан нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах зохицуулалттай.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т зааснаар эмэгтэй албан хаагч 20-оос доошгүй жил алба хаасан бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд тэтгэврийн хэмжээг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2-т зааснаар цагдаагийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тодорхойлдог. \2018 оны 02 дугаар сард энэхүү заалтад өөрчлөлт орж ,дараалсан 7 жил болсон\

Миний бие цагдаагийн албанд 23 жил ажиллаж цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах болзол хангасан тул тэтгэвэртээ гарахаар шийдэж, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэтгэврийн хэмжээнийхээ талаар урьдчилан бодолт хийлгэхэд миний тэтгэврийг 2000-2008 он, эсхүл 2009-2014 оны хооронд авч байсан цалингийн дунджаас тодорхойлно, 2014-2018 оны цалингийн дунджаас тэтгэврийг чинь тодорхойлох гэхээр 2014-2015 онд хүүхэд асрах чөлөө аваад 11 сарын хугацаанд цалингүй байсан тул дараалсан 5 жил хүрэхгүй байна гэсэн.

Ингээд би Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандаж сүүлийн 49 сарын цалин хөлснөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож өгөхийг хүсч өргөдөл гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 3/292 дугаартай албан бичгээр “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тооцно гэж заасан тул таны сонгосон 49 сарын цалин хөлсний дунджаас тэтгэвэр тогтоох дундаж цалинг тооцох боломжгүй байна.” гэсэн хариуг өгсөн.

Энэ нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.2014-2015 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан учир цалин бодогдоогүй бөгөөд энэ хугацааг Засгийн газрын 1991 оны 19 дугаар тогтоолоор ажилласан хугацаанд тооцохоор заасан байна.

Тэгэхээр миний бие 2018 он хүртэл ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд авсан 49 сарын цалин хөлснөөс тэтгэврийн хэмжээг тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

2000-2008, эсхүл 2009-2014 оны цалин хөлсөөр тодорхойлуулахаар тухайн үед цагдаагийн алба хаагчийн цалин 200.000-400.000 төгрөг байсан бөгөөд ирээдүйн амжиргааны эх үүсвэр болох тэтгэвэр маань хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төдийхнөөр тогтоогдох нөхцөл байдал үүсээд байна.

Цагдаагийн алба хаагчийн цалин 2014 оноос хойш үе шаттай нэмэгдсээр одоо би нэг сая орчим төгрөгийн цалин авдаг болоод байгаа юм.

Энэ хугацаанд цалингийн дунджаас тэтгэврийн дунджаа тогтоолгох нь миний хууль ёсны эрх ашиг бөгөөд 11 сарын хугацааны цалин бодогдоогүй асуудал нь миний буруутай үйл ажиллагаа биш тул нийгмийн даатгалын байгууллага миний хүсэлтийг шийдвэрлэх боломжтой  бөгөөд дээр дурдагдсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж би хувьдаа бодож байна.

Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хангаж, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хамгаалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.C нь 1996 оноос 2018 он хүртэл тасралтгүй 22 жил цагдаагийн байгууллагад ажилласан. Нэхэмжлэгч Ч.C 1999 онд анхны хүүхдээ төрүүлж, 1 жил орчим асарсан. 2 дахь хүүхдээ 2008 онд төрүүлж, 1 жил асарсан. Бага хүүхдээ 2014 оны 04 дүгээр сард төрүүлээд, мөн адил 1 жил асарсан. Цагдаагийн байгууллагын ажилтан нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авдаг. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...1.Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гээд, 8.1.2 дахь хэсэгт “...20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэж заасан байдаг. Ч.C энэ эрхийнхээ дагуу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 689 дүгээр тушаалаар цэргийн албаны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч Ч.C тэтгэвэр тогтоолгохоор С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан  сарын тоонд тус тус хувааж тодорхойлно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ч.Схувьд 2014 оноос 2018 оны хооронд цэргийн алба хаасан хугацааны цалин хөлсний нийлбэрт оногдох тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “2014-2015 онд хүүхэд асрах чөлөө авч, цалин аваагүй учир сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрээр тэтгэвэр тогтоолгох боломжгүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг нь хүлээж аваагүй. Нэхэмжлэгч Ч.C тэтгэвэрт гарахаасаа өмнө энэ асуудлыг судлаад, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж байсан боловч С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариутай адил хариу өгсөн. Хуульд “...сүүлийн дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж...” гэж байгаа. Нэхэмжлэгч Ч.C нь 2015-2018 он хүртэл нийт 49 сар хүртэл тасралтгүй цалинтай ажилласан. Харин 2014 онд хүүхэд асрах чөлөөтэй байсан. Мөн хуульд төрийн тусгай албан хаагчийн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцохоор заасан байгаа. Тухайлбал Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолд “...хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулж тооцно” гэж заасан байгаа. Иймд Ч.С2018 онд тэтгэвэр тогтоолгох хүртэлх хугацааны сүүлийн 60 сарын хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрээс тооцон тэтгэвэр тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад “...сүүлийн 20  жилийн доторх дараалсан 5 жилийн...” гэж заасан байгаа. Нэхэмжлэгч Ч.C 20 жил цэрэг, цагдаагийн байгууллагад ажилласан байх шаардлагыг нь хангаж байгаа. Сүүлийн дараалсан 5 жил тасралтгүй байх гэдэг нь цэргийн алба хаасан хугацаа нь тасраагүй байх ёстой гэсэн шаардлага байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч Ч.С5 жилийн хугацаа нь тасраагүй цалин авсан 49 сар байгаа учир 49 сарын цалинг нь 60-д хуваагаад тэтгэврийг нь тооцож өгнө үү.

Хүүхдээ төрүүлсний дараа тодорхой хугацаагаар хүүхдээ асран хүмүүжүүлэх шаардлага гарна. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг төрийн албан хаасан хугацаанд оруулж тооцож байгаа нь төрийн албан хаагчийн баталгаа гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авна. Үндсэн цалингаа дагаж цолны нэмэгдэл, цалин хөлсний нэмэгдэл олгогддог. Ажил хийгээгүй хүнд цалин олгогдохгүй. Цалин олгогдоогүй тохиолдолд цолны нэмэгдэл олгогдохгүй. Хүүхэд асрах чөлөөтэй  байгаа хүнд байгууллагаас цолны нэмэгдэл олгох хориотой. Цолны мөнгө аваагүй  гэдэг шалтгаанаар Ч.С******* буруутгах боломжгүй. Мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг зөв ойлгож, хэрэглэх хэрэгтэй. “...дараалсан 5 жил” гэдэг нь тухайн цэргийн албан хаагч төрийн албанд тасралтгүй 5 жил ажилласан байх гэсэн агуулгатай болохоос биш, дараалсан 5 жил тасралтгүй цалин авсан байх ёстой гэсэн үг биш юм. Эмэгтэй хүн төрийн тусгай албанд 20 жил ажиллахдаа 4-5 жил тутамд хүүхэд гаргаж болно. Тэгэхээр тэр хүн тэтгэвэр авч чадахгүй болох гээд байна. Тэгэхээр тус 2 зүйл заалт нь хоорондоо зөрчилдөж байна.” гэв.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Ч.С нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/292 дугаартай албан бичиг нь хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг 2014-2018 оны дараалсан 5 жилийн хугацааны 49 сарын цалин хөлсөөр тодорхойлохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Иргэн Ч.C нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Г хүсэлт гаргахдаа нэгдүгээрт хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ ажил олгогчоор нөхөн төлүүлэх, хоёрдугаарт 49 сараар тэтгэвэр тогтоолгохыг хүссэн байна. 

Үүнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3/292 дугаартай албан бичгээр нэгдүгээр асуудлын хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтын дагуу цагдаагийн алба хаагчийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцан төлдөг учир таны хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөр нөхөн төлүүлэх хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг, хоёрдугаарт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тооцно" гэж заасан учир 49 сарын нийлбэрийг хувааж бодох нь үндэслэлгүй болохыг тус тус мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байсан 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож баталгаажуулах нь үндэслэлгүй талаар мэдэгджээ.

Иргэн Ч.C нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Г дахин хүсэлт гаргахдаа “Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд заасны дагуу хүүхдээ асрах чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн газраас тогтоон, тухайн үед мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын хувиар тооцож сар бүр нийгмийн даатгалын санд төлж байхаар зохицуулсан байдаг. Иймээс хүүхдээ асрахаар чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй гэсний дагуу манай байгууллага төлөхийг зөвшөөрч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн тул 2014 оны 6 сараас 2015 сар хүртэлх хугацааны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулж өгнө үү” гэжээ.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3/65 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна. Үүндээ цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад тогтоохоор заасан тухай дурдсан байна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан тул цагдаагийн алба хаагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болно. Иймд хүүхэд асрах чөлөөтэй байсан 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож баталгаажуулах үндэслэлгүй байгаа талаар дэлгэрэнгүй хариу өгсөн байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 зүйлийн 4.1.5 дахь заалтад хамаарах цагдаагийн албан хаагч Ч.С дурдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолын зохицуулах зүйл нь ажилласан жилийг тооцох тухай байдаг. Тэгэхээр Ч.С ажилласан хугацааг Хоёрдугаар зүйлийн “И” хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөөний хугацааг тооцно. Нийгмийн даатгалын байгууллага дээрх хугацааг ажилласан хугацаанд оруулж тооцсон байна. Харин чөлөөтэй байх хугацаандаа ажил олгогчоос ямар нэгэн цолны нэмэгдэл, цалин авч байгаагүй учраас 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож баталгаажуулах үндэслэлгүй байна.

Иймд Ч Снэхэмжлэлтэй 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/292 дугаартай албан бичиг нь хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг 2014-2018 оны дараалсан 5 жилий^ хугацааны 49 сарын цалин хөлсөөр тодорхойлохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч С******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“Иргэн Ч.C нь цагдаагийн байгууллагад 23 жил ажиллан цэргийн алба хаасны тэтгэврийг тогтоолгох болзлыг хангасан гэж үзэн сүүлийн 20 жилийн дараалсан 5 жил болох 2014-2018 оны цалин хөлсөөр тодорхойлуулж урьдчилан бодолт хийлгэхээр хандсан. Гэвч түүний сонгосон 2014-2018 оны дараалсан 5 жилд нь хүүхэд асрах чөлөөтэй байсан 11 сарын цалин байхгүй байгаа тул боломжгүй болон хуулийн дагуу бусад жилээс сонгон тогтоолгох боломжтой талаар зөвлөгөөн өгсөн.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 2018 оноос эхлэн дагаж мөрдөх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7.2-т “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-д, 7 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно”, мөн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 1 дүгээр зүйлд “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин хөлсний дараалсан жил нь 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна” гэж хуульчилсан тул иргэн Ч.Сэгийн сонгосон 2014-2018 оны 49 сарын цалин хөлсний дунджаас цэргийн тэтгэвэр тогтоон олгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 172 дугаар зүйлийн 17.1-т “Цэргийн албан хаагч эхэд сүүлийн 12 сард авсан цалин хөлсний дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд тэтгэмж олгоно” гэж хуульчилсан боловч хүүхэд асрах, чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх талаар зохицуулалт байхгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д “хүүхдээ хоёр ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/-ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс хариуцан төлөхөөр заасан.

Нийгмийн даатгалын байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлсэн гаргасан бусад хууль тогтоомж, журмын дагуу цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийг тухайн цэргийн албан хаагчийн цэргийн байгууллагаас ирүүлсэн баримт материалд үндэслэн үнэн зөв тогтоон, харилцагч арилжааны банкнуудаар дамжуулан тавьж олгон ажилладаг байгууллага юм.

Иймд иргэн Ч.С эгийн гаргасан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/292 дугаартай албан бичиг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг 2014-2018 оны дараалсан 5 жилийн хугацааны 49 сарын цалин хөлсөөр тодорхойлохыг даалгах гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Харин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарах эмэгтэй албан хаагчдын хувьд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх асуудлаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.” гэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс нэхэмжлэгч Ч.С2 удаагийн хүсэлтэд боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг дараалсан цалин хөлсний нийлбэрийн дунджаар тогтоож байгаа. Хэрэв тухайн субъект амралттай байх хугацаандаа цолны нэмэгдэл зэргээр мөнгө авч байгаа тохиолдолд түүнийг нь шууд тооцож явна. Үүнд ямар ч асуудал байхгүй. Нэхэмжлэгч Ч.C цалинтай дүйцэхүйц мөнгө аваагүй учир бид “...дараалсан 5 жил” гэдэг заалтыг барьж үзэхгүй байгаа. Бусад цолны нэмэгдэлтэй эмэгтэй цэргийн албан хаагчдынхыг дараалсан 5 жилд нь тооцоод явж байгаа.” гэв.

Хариуцагч С******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэргийн байгууллагуудад Ч.Сасуудалтай адил тохиолдолд цолны нэмэгдэл нь ороод явчихсан байдаг. Тийм учраас ямар ч асуудалгүй байдаг. Ч.Схувьд ямар нэгэн цолны нэмэгдэл байхгүй байгаа. Хуулиар цалин хөлсөд юу юу орохыг тодорхойлсон байгаа. Хэрэв Ч.Сд цалин хөлсөд орох цолны нэмэгдэл зэрэг олгогдож байсан бол цалин орсон байна гэж тооцогдоод явна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ асуудлыг цаашаа хэлж ярих ёстой. Энгийн ажил олгогч нар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн буюу тэтгэмжийн даатгалын санд төлөөд явчихдаг учраас тэр хүний ажилласан жил болон цалин хөлс нь тасардаггүй. Цэргийн байгууллагын хувьд ийм асуудал үүсээд байгаа. Бид зөвхөн гэрээнд заасны дагуу тэтгэвэр тавьдаг л байгууллага.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.C тус шүүхэд “С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/918 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/292 дугаар албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Ч.С2014-2018 онд Цагдаагийн алба хаасан 5 жилийн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрээр өндөр насны тэтгэврийг тогтоохыг С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Ч.C нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/252 дугаар тушаалаар цагдаагийн албан хаагчаар томилогдож, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/689 дүгээр тушаалаар мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүртлээ тасралтгүй 23 жил 2 өдөр цагдаагийн албанд ажиллажээ. 

Нэхэмжлэгчээс “... Миний бие цагдаагийн байгууллагад 23 жил ажиллаж, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох болзол хангасан тул дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагад хандахад миний тэтгэвэрийг “2000-2008, 2009-2014 оны хооронд авч байсан цалингийн дунджаас тодорхойлно, 2014-2018 оны цалингийн дунджаас тодорхойлох боломжгүй, 2014-2015 онд 11 сарын хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй цалингүй байсан тул дараалсан 5 жил хүрэхгүй” гэж тайлбарласан. Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор хүүхэд асрах чөлөөний хугацаа ажилласан жилд тооцогдохоор байна. 2014-2018 он буюу сүүлийн 5 жилийн хугацаанд авсан 49 сарын цалин хөлснөөс тэтгэврийн хэмжээг тооцуулах үндэслэлтэй. Цагдаагийн албан хаагчийн цалин 2014 оноос нэмэгдсэн тул энэ оноос хойших цалингаар тооцогдож байж миний амьдралын баталгаа хангагдах юм.” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.  

Ч.C Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д ”Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ... 2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;” гэсэн шаардлагыг хангаж, цагдаагийн байгууллагад 23 жил ажилласан тул цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн.

Монгол улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын Хоёр дахь хэсгийн 8 дугаар зүйлийн и/-д “төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол нь асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацаа” ажилласан хугацаанд тооцогдохоор зохицуулжээ.

Ч.C цагдаагийн алба хаагчаар ажиллах хугацаандаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн а/180 дугаар тушаалаар мөн оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авч,  2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн б/120 дугаар тушаалаар мөн оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс дуусгавар болгон ажилд буцаан томилогдсон, 

2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 539 дүгээр тушаалаар мөн оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авч, 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 177 дугаар тушаалаар мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон ажилд буцаан томилогдсон,

2014 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 459 дүгээр тушаалаар мөн оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авч, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн б/222 дугаар тушаалаар мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс дуусгавар болгон ажилд буцаан томилогдсон нь тус тус цагдаагийн албан хаагчаар ажилласан хугацаанд хамаарч байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  2-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан  сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.” гэж заажээ.

Гэтэл хариуцагч нийгмийн даатгалын байгууллага “...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  2-т “.... сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж тооцно” гэж заасан учир 49 сарын нийлбэрийг хувааж бодох нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд асрах чөлөөтэй байсан 2014 оны 6 сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулах  боломжгүй...” гэж маргаж байна. 

Уг хуулийн 7 дугаар зүйлийн  2 дахь заалтыг хууль тогтоогч ямар агуулгаар хуульчилсныг тодруулахаар Монгол Улсын Их Хурлын чуулганы 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаар 48 дугаар тэмдэглэлд хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тусгайлан хэлэлцсэн талаар тусгагдаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд: “...“дараалсан 5 жилийн цалин” гэдгийг  нийгмийн даатгалын хуулийн ерөнхий зарчмаар ойлгоно.” гэж тайлбарласан.  

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль 5 дугаар зүйлийн 1.”Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно.”,  3 дугаар зүйлийн 3-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 3/ тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа; 7/хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа;” буюу хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаа шимтгэл төлсөн хугацаанд хамааруулахаар, 

түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ…” гэж зааснаас үзэхэд хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд ч төрөөс шимтгэлийг төлөх агуулгатай байна.

Дээр дурдсан хууль тогтоомжийн зохицуулалтаар Ч.С цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан 2014-2018 онууд нь тасралтгүй ажилласан хугацаанд тооцогдох бөгөөд цэргийн албан хаагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй биш харин улсын төсвөөс төлөгдөхөөр, түүнчлэн Ч.С11 сар хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны “нийгмийн даатгалын шимтгэл”-ийг төрөөс төлсөн тул энгийн байгууллагын ажилтны нэгэн адил шимтгэл төлсөн хугацаанд тооцогдох тул 2014-2018 онд авсан нийт цалин хөлсний нийлбэрээр цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох боломжтой байна.

Тодруулбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  2-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан  сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.” гэж заасныг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “цалин хөлс тасралтгүй 5 жил авсан байх” гэж явцуу утгаар хэрэглэх боломжгүй, учир нь хүүхэд асрах чөлөөний хугацаа, уг хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлсөн тул Ч.Сажилласан 2014-2018 оны цалинг 11 сар хүүхэд асрах чөлөөтэй байсны улмаас тасарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг хугацааг 60 сарын хугацаанд оруулан тооцож, мөн хугацаанд авсан цалингийн нийлбэрээр тэтгэврийг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Ч.С амьдралын баталгаа нь түүний цэргийн албан хаагчийн тэтгэвэр болж байгаа учраас түүний 2014-2018 онд хамгийн өндөр цалин авч байсан хугацаагаар тооцуулан тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргаж байгаа нь зүй ёсны шаардлага бөгөөд ийнхүү тогтоосноор хууль болон бусад этгээдийн эрх ашигтай зөрчилдөж хохирол учруулах байдал үүсэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/918 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/292 дугаар албан бичгийн тус тус хууль бусад тооцож, Ч.С2014-2018 онд Цагдаагийн алба хаасан 5 жилийн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрээр өндөр насны тэтгэврийг тогтоохыг С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Ч.Снэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/918 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/292 дугаар албан бичгийг тус тус хууль бусад тооцож, Ч.С2014-2018 онд Цагдаагийн алба хаасан 5 жилийн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрээр өндөр насны тэтгэврийг тогтоохыг С******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН