Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2017/00008

 

 

 

 

 

 

 

 

 

“Өндөрлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр  сарын 24-ны өдрийн 151/ШШ2017/00098 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Пэрэнпагма, Г.Ганхуяг, С.Ариунболд нарт холбогдох

“Зээл, зээлийн хүүгийн төлбөр 10 025 900 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “...18 хоногийн засварын ажлын хөлс 7 000 000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Г.Ганхуяг, Н.Цэрэнпагма, тэдний өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтанбулаг сумын төвд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг хийх хугацаандаа урьдчилгаа, эд бараа зээлээр авсан. Ажил дуусаад явахдаа авсан цалингийн татвар /ХАОАТатвар/ 10%, хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол ашиглагч байгууллагын акттай, ажлаа дуусгаад Н.Цэрэнпагма цалингаа бэлнээр гаргуулж авсан. Ажил бууснаас хойш Төв аймгаас машин хөлслөөд энэ гурав машин авах гэсэн юм туслаач аниа, ээжээ дуудсан цагт бэлэн гээд зээл авсан. Манай компани ажлаа явуулахдаа иргэд, банк, банк бус банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг, сонгон шалгаруулалтаар ажлаа олж авдаг. Авсан зээлээсээ энэ гуравт зээлүүлсэн. Иймд зээл, зээлийн хүү нийт 10.025.900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Н.Цэрэнпагма шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бид гурав 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сар 9 хоног Алтанбулагийн барилга дээр ажилласан. Бид гурвыг явахад бэлнээр 3 сая төгрөг цалин гэж өгөөд явуулсан. Нэг хүнд 1 сая төгрөг оногдож байгаа. Ингэж 3 сая төгрөг өгөхдөө ээжид өгсөн 60.000 төгрөг, хүргэн Баатархүүгийн эмчилгээнд өгсөн 100.000 төгрөг, Баатархүүгийн аав Гантөмөрт өгсөн 20.000 төгрөг, тамхи, сүү, тараг нийт 174.400 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон. Энергийн гинж хуучин надад өгсөн, жинсэн өмд, Солонгос нэхий куртик, мак зэргийг хүн өмссөн комиссын бараа өгсөн. Үүний үнийг тухайн үед үнэлж хэлээгүй өгсөн. Хуучин комиссын бараагаа одоо 247.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гинжний мөнгө гэж 40.000 төгрөг нэхсэн байна. Бид Наранцэцэг эгчийн төрсөн өдөр гээд архи уусан. Мөнгө дуусаад согтоцгооход Наранцэцэг эгч дахиад яваад 2 шил архи зээлээд ир гэсэн. Би нөхөр Ганхуягийн гинжийг тавиад 2 шил архи авсан. Энэ гинжийг маргааш нь Наранцэцэг эгч худалдагчийг нь загнаж байгаад авсан атлаа бид нарыг өрөнд оруулж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Наранцэцэгийн эмэгтэй дүү нь жижиг худаг хийлгэе гээд 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 23 хоног ажиллуулаад худгийн мөнгө гээд 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгөтэй нийлээд бид гуравт нийт 4.200.000 төгрөг өгсөн. Гэтэл шүүхэд Наранцэцэгийн өгсөн баримтаар бид нарт бэлнээр нэг өдөр 4.200.000 төгрөг өгсөн юм шиг нотлох баримт бүрдүүлж өгсөн байна. Энэ баримтад бид нар гарын үсэг зураагүй. Энэ мөнгөнөөс ХАОАТ-ийн 10 хувь болох 420.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар үйлчлүүлсэн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, анх шүүхэд өгсөн улсын тэмдэгтийн хураамж 105.372 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж 135.372 төгрөг, хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол 1.000.000 төгрөг, нотариатын хураамж 12600 төгрөгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй. Наранцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн Төв аймгийн Алтанбулаг сумын Ирээдүй цэцэрлэгийн эрхлэгч Л.Бямбахүүгийн Аймгийн хөгжлийн бодлогын хэлтэст гаргасан албан бичгийг албан ёсны акт гэж үзэхгүй. Муу материалаар хийсэн учраас нурсан. Бид материалыг сонгож аваагүй, авч өгсөн материалаар хийсэн. 2012 оны Алтанбулаг сумын цэцэрлэгийн ажил дуусаад ирсэн хойно 12 дугаар сард бид барилгачдын шинэ жил болох гээд Наранцэцэг эгчээс 100.000 төгрөг зээлсэн нь үнэн. 3.000.000 төгрөгийг 2013 оны 1 сард Наранцэцэг эгч бид нарт өгсөн. Ингэж өгөхдөө эгч нь 2013 онд Аймгийн Төв цэнгэлдэх эсхүл Сэргэлэн сумын сургуулийн барилгын засварын ажлын аль нэгийг авна. Та нар машин тэрэгтэй болчихвол амар битгий ийш тийшээ явчихаарай гэж хэлээд нэг ёсондоо бидний ажлын урьдчилгаа гэж өгсөн. Нийт 3.310.000 төгрөг авсан нь үнэн. 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл Төв аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг өдөр шөнөгүй 4 найзын хамт ажлын гүйцэтгэлийг 70 хувьтай хийж гүйцэтгэж дуусаж байхад Наранцэцэгийн нөхрөөс цалин хөлс нэхэхэд мөнгө өгөхгүй, гүйцэтгэл орж ирээгүй гээд бид нар үүнээс болж муудаад бид нарыг хөөж явуулсан. Мөн Наранцэцэг ажлаа явуулахад иргэд, банк бус, банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг, зээл хүү тооцоо гэж нэхэмжилсэн байна. Бид зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зураагүй. Наранцэцэгийн зээлийг төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй ийм гэрээ бидний дунд огт хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3.000.000 төгрөг гээд байгааг нь ойлгохгүй байна. Цалин гэж өгсөн. Зээл авахдаа гурвуулаа ирж авсан гэж байна. Би аваагүй. Гарын үсэг зураагүй гэв.

 

Хариуцагч Н.Цэрэнпагма, Г.Ганхуяг, С.Ариунболд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК-д бид нийт 7 хүн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл өглөөний 7 цагаас шөнийн 02 цаг хүртэл Төв аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн. Маш их ажил хийсэн. Буулгаж зассан. Тус компани ажиллуулахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, тушаал ч гаргаагүй, ямар нэгэн мөнгө, төгрөг тохироогүйгээр биднийг ажиллуулсан. Бид гурав Наранцэцэгээс урьд нь 3.000.000 төгрөг авчихсан байсан учир урьдчилгаа мөнгө нэхэлгүйгээр шууд ажилдаа орж ажлынхаа хөлсөнд урьдчилгаа авсан мөнгөө суутгаж, үлдэгдэл мөнгөө авна гэж бодож 10 гаруй хоног ажилласан. Цалин 10.000.000 төгрөг авна гэхэд нөхөр нь өгч чадахгүй гээд хөөсөн. Иймд бид гуравт оногдох цалин хөлсөнд 7.000.000 төгрөгийг “Өндөрлөг” ХХК-ийн захирал Наранцэцэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт тус тус зааснаар “Өндөрлөг” ХХК-ийн “... зээл хүүгийн төлбөр 10.025.900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг, хариуцагч Н.Цэрэнпагам, С.Ариунболд, Г.Ганхуяг нар эс зөвшөөрч, “...18 хоногийн засварын ажлын хөлс 7.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.364 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 126.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 24-ний өдрийн 151 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК нь Н.Цэрэнпагам, Г.Ганхуяг, Н.Ариунболд нарт холбогдуулан нийт 10.025.900 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч нар нь мөн компанид холбогдуулан 18 хоногийн ажлын хөлс болох 7.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Гэвч шүүх “Өндөрлөг” ХХК-ний нийт нэхэмжлэлийн шаардлагаас Н.Цэрэнпагамд зээлдүүлсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “мөнгө, эд зүйл зээлсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн зээлсэн гэх мөнгийг ямар хэлбэрээр зээлүүлсэн, ямар хугацаатай хэдэн хувийн хүүтэй хариу төлбөртэй, төлбөргүй зээлсэн болох нь нотлогдохгүй байна. Иймд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна гэж үзсэн нь эрх зүйн байдлаа зөв тодорхойлж чадаагүй бөгөөд зээлдүүлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр боллоо гэж үзэж байна.

Иргэний хуулинд “Зээлийн гэрээ хүүтэй ба хүүгүй байж болно, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд гэрээг бичгээр хийнэ, хүү тохиролцоогүй гэрээг амаар байгуулж болно, зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохдоо зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог гэх эрх зүйн тайлбар ойлголтоор 3.000.000 төгрөгийг зээлдүүлэгч “Өндөрлөг” ХХК зээлдэгч Н.Цэрэнпагам нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Учир нь Цэрэнпагам компанид хандсан би машин авах гэсэн юм 3.000.000 төгрөг зээлээч гэж хүссэнээр захирал Н.Наранцэцэг зөвшөөрч 2014 оны 10 сарын 31-ны өдөр компанийн данснаас Н.Цэрэнпагамын Хаан банкны дансанд 3.000.000 төгрөг зээл гэж шилжүүлсэн энэ өдрөөс эхлэн уг мөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зээлдэгч Цэрэнпагамд үүссэн тул энэ үеэс Цэрэнпагамд зээлсэн 3.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг нь бий болсон байна.

Дээрх “зээл” гэж шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт нь талуудын хооронд зээлийн гэрээний эрх, үүрэг үүссэн болохыг нотолсон байхад шүүх өөрөөр яаж нотлуулах ёстойг ойлгохгүй байна. Уг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй баримт гэж дүгнэхээр байхад анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг “зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна” гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Шүүхийн зүйлчлэл, үндэслэл шийдэл нь эрх зүйн зөрүүтэй бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Иймд 2017 оны 01 сарын 24-ны өдрийн 151 дугаарт шийдвэрт Н.Цэрэнпагамаас 3.000.000 төгрөг, мөн нэхэмжлэгч Н.Наранцэцэгийн хүсэлт гомдлоор бусад зээлсэн мөнгө, бараа ХАОАТ гэх 1.379.600 төгрөгийн хамт нийт 4.379.600 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Өндөрлөг” ХХК, түүний захирал Н.Наранцэцэг нь мөнгө, эд зүйл зээлдүүлэхдээ банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч дээрх мөнгөнүүдийг өгсөн бөгөөд энэхүү мөнгөний хүүнээс болж хохирол хүлээсэн тул 4 121 900 төгрөгийн хүүг нэхэмжлэлийн шаардлагадаа тооцон оруулж нийт 10 025 900 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тавьсан шаардлага болох банкны зээлийн хүүнээс учирсан хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлалгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хэргийг зүйлчлэх үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Наранцэцэг нь хариуцагч Н.Цэрэнпагма нараас мөнгө, эд зүйл болон зээлийн хүүд төлсөн мөнгө зэрэг нийт 10 025 900 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хянан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдолдоо нэхэмжлэгч нь шүүх Н.Цэрэнпагмад зээлдүүлсэн 3 000 000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй... “зээл” гэж шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт нь талуудын хооронд гэрээний эрх, үүрэг үүссэн болохыг нотолсон байхад... “зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна” гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэжээ.

Нэхэмжлэгч талын гомдлын дагуу хянахад шүүхийн шийдвэрийг буруутган үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний агуулгад зайлшгүй байх ёстой зүйл бол зээлдэгч нь шилжүүлж авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээдэг. Талуудын хувьд 3 000 000 төгрөгийг 2012 оны 10 сарын 31-нд зээл нэрээр дансны гүйлгээ хийсэн боловч 2015 оны 8 сар хүртэл буцаан төлөх ямар нэгэн шаардлага тавигдаагүй явсан бөгөөд хариуцагч Н.Цэрэнпагмын зүгээс уг мөнгийг өгөхдөө наадмын стадионы засварын ажлыг хийлгэхдээ тооцно гэж өгсөн мөнгө болох талаар тайлбарласныг үгүйсгэх үндэсгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шатанд хариуцагч С.Ариунболд, Г.Ганхуяг нараас татгалзсан байхад шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригоо илэрхийлсэн энэ байдлыг анхааралгүйгээр Г.Ганхуяг, С.Ариунболд нарыг шүүх хуралд хариуцагчаар оруулсан нь буруу бөгөөд шүүх хөндлөнгийн байх, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх, татгалзах зарчмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэхүү хүсэл зоригоо давтан илэрхийлж, зөвхөн Н.Цэрэнпагмад холбогдуулан уг шаардлагаа тавьж байгааг илэрхийлснийг давж заалдах шатны шүүхээс тэмдэглэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг өөрчлөн найруулахаар тогтов.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 151/ШШ2017/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Н.Цэрэнпагмаас 10 025 900 төгрөгийг гаргуулах тухай “Өндөрлөг” ХХК-ийн нэхэмжлэлийг, Н.Цэрэнпагма, Н.Ариунболд, Г.Ганхуяг нарын 18 хоногийн засварын ажлын хөлс 7 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА                  

                   ШҮҮГЧИД                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР  

   Ш.ТӨМӨРБААТАР