Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0562

 

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2022/0562

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

      “М д” ХХК-ийн гомдолтой 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Х.О

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “М д” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Х.Оы 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 0002259 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 548 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Г.С,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Б,

Хариуцагч Х.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул.

Хэргийн индекс: 128/2022/0323/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “М д” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Од холбогдуулан 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 0002259 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 548 дугаар шийдвэрээр: 

“...Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан “М д” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Оы гаргасан 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 0002259 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Х.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах хүрээнд тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 тоот Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагын хэрэгжилтийг хангах чиглэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/53 тоот удирдамжийн дагуу мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц хангамж, үнийн нөхцөл байдалд тус газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Х.О нарын бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “М д 112” саппоро салбарт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тус дэлгүүр нь үхрийн махыг нийлүүлэгч "Н д” ХХК-иас 1 кг-ыг 9800 төгрөгөөр авч, зах зээлийн дундаж ханш /Нийслэлийн статистикийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020.11.13-14-ний өдрийн зах, худалдааны төв, супермаркетуудын үхрийн махны дундаж ханш үхрийн ястай мах 10889-10973, үхрийн цул мах 12486-12533/-аас дээгүүр үнээр буюу үхрийн цул махыг 1 кг-ыг 14400 төгрөг, үхрийн ястай махыг 1 кг-ыг 13400 төгрөгөөр худалдан борлуулж байсан зөрчил илэрсэн. Мөн махны үнэ өсгөж худалдан борлуулсныг нийлүүлэгчийн зарлагын баримт, тус дэлгүүрийн кассын баримт, зарлагын падаан, тэмдэглэл, фото зураг зэргээр баримтжуулсан.

Уг зөрчлийг тодруулах зорилгоор “М д” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн захирал Н.О, "Ш Т Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С, нягтлан бодогч Б.А нарыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14:30 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдүүлгийн өрөөнд дуудан ирүүлж, “М д 112” саппоро салбарт хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар болон уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авагдах үндэслэл болж байгаа талаар танилцуулж, зөрчлийг тодруулах мэдүүлэг авахаар Зөрчлийн тухай хуулийн 3.1-т заасан холбогдогчийн эрх үүрэгтэй танилцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “М д” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заагдсан торгох шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгч талаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх явцад эрх бүхий албан тушаалтанд болон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ижил түвшний супермаркетуудын үхрийн цул махны үнийн мэдээлэл, хяналт шалгалтын явцад цуглуулсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхээс “М д” ХХК-ийг бүх нийтийн бэлэн байдал зарласан өдрөөс эхлэн үхрийн цул махны үнийг хөөрөгдүүлсэн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 437 дугаартай магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим заалтад өөрчлөлт оруулан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “М д” ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 15-ны өдрүүдэд “М д 112” саппоро салбарт нийлүүлсэн үхрийн ястай болон үхрийн цул махны нийлүүлэлтийн үнэ ханшийн мэдээлэл болон бусад холбогдох мэдээллийг нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардсан боловч ирүүлээгүй зэргээр улсын байцаагчийн зөрчил шалгах ажиллагаанд саад учруулж байсан.

Мөн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 20 дугаар тушаалаар хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох арга хэмжээг Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд зохион байгуулж, шийдвэрлэж ажиллах үүргийн дагуу зохих арга хэмжээг авч хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж ажилласан.

Бүх нийтийн бэлэн байдал зарласан дээрх цаг хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэд, хэрэглэгчдийг гэрийнхээ ойр хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, супермаркетаар үйлчлүүлэхийг мэдэгдсэн.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өгсөн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд бүх нийтийн бэлэн байдал зарласан хугацаанд мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах үүргийг “М д” ХХК болон бусад хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд Улсын ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагаар хүргүүлж, сануулсан байдаг.

Гэсэн хэдий ч дээрх хугацаанд “М д” ХХК нь нийгмийн хариуцлагаа үл ухамсарлан, төр засгийн тогтоол шийдвэр, төрийн захиргааны байгууллагаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй, Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэд, хэрэглэгчид гэрийн ойр хүнсний дэлгүүр, зах, супермаркетаар үйлчлүүлэхээс өөр сонголтгүй нөхцөл байдлыг далимдуулан тус хугацаанд махны үнийг үндэслэлгүйгээр нэмж, худалдан борлуулсан нь нотлох баримтаар тогтоогдсоор байтал захиргааны хэргийн анхан шатны шүүх “М д” XXК- ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 0002259 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь тус шүүх хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг судлан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 548 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасангүй.

   1.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр “М д” ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гаргатал 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 437 магадлалыг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаар тогтоолд:

“…Зөрчлийн тухай хуульд тухайн зөрчлийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжэнэээс хамаарч ямар шийтгэлийг аль эрх бүхий этгээд оногдуулахыг хууль тогтоогч тусгайлан зохицуулсан байна.

…Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О “М д” ХХК-д хяналт шалгалт хийн “махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн зөрчил тогтоогдсон гэж үзэж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдуулан 20 сая төгрөгөөр торгосон нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчаас тодорхойлж тогтоосон “зөрчил” болон хуулийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээргүй байна. Тодруулбал хариуцагчийн хяналт шалгалтын үндэслэл болсон Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолын 10 дахь заалт нь “Бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой буюу Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэж гамшгийн үед хуулийн этгээдийг үүрэгжүүлсэн зохицуулалтаас үүдэлтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчил болох бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, …дахь хэсэгт заасан зөрчил” гэж зааснаар гамшгаас хамгаалах улсын байцаагч уг зөрчлийг тогтоон хариуцлага оногдуулахаар байна.

…энэ тохиолдолд шийтгэлийн хуудаст “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчил болон “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” байдлыг тогтоогоогүй, “махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн” гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй юм.

…хариуцагчийн шийтгэлийн хуудаст дурдсан зөрчил нь нэг талаас өөр эрх бүхий этгээдийн зөрчил шалган шийдвэрлэх эрх хэмжээнд харъяалагдаж байгаа бол, нөгөө талаас шийтгэлийн хуудаст баримталсан хуулийн заалтад хамаарах зөрчлийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, энэ зөрчлийг журмын дагуу тогтоож, шийтгэлийг зөв оногдуулсан гэж үзэх нь эргэлзээтэй…” гэж тус тус дүгнэжээ.

2.Гэтэл магадлалд заасан хугацаанд хариуцагчаас дахин шинээр акт гаргахдаа мөн л өмнөх зөрчлөө арилгалгүйгээр буюу түдгэлзүүлсэн акттай агуулгын хувьд ижил актыг дахин гаргасан нь Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд тус тус нийцсэнгүй.

Өөрөөр хэлбэл “М д” ХХК-ийн махны үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулиар бус харин Гамшгаас хамгаалах тухай хуулиар зохицуулагдах харилцаа болохыг дээрх шүүхийн тогтоолд маш тодорхой дүгнэсээр байхад Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль хэрэглээний зөрчил болно.

Иймд шүүх өмнөх акттай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ дээрх байдлаар дахин акт гаргахыг даалгасан боловч дахин зөрчилтэй акт гаргасан энэ тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга нь Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “М д” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Саппоро салбарт хийсэн хяналт шалгалтаар үхрийн цул болон ястай махыг зах, худалдааны төв, супермаркетын дундаж үнээс дээгүүр үнээр зарж байсан зөрчил илэрсэн л гэхээс бус чухам яагаад энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл хүлээлгэх болсон хууль зүйн үндэслэлийн талаар, ийнхүү оногдуулсан шийтгэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн магадлал, тогтоолтой хэрхэн нийцэж байгаа талаар ямар ч үндэслэл гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ч энэ талаар тодорхой тайлбар гаргаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч улсын байцаагч Х.Оы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

               ШҮҮГЧ                                      О.ОЮУНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                     Э.ЛХАГВАСҮРЭН