Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 103/2017/00117

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

      Нэхэмжлэгч: 1987 онд Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, Багануур  дүүргийн Цагдаагийн хэлтэст Олон нийтийн цагдаа ажилтай, дээд боловсролтой, ам бүл 6, ээж,  дүү,  охины хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 17 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Гантуяагийн  нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: 1988 онд Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Багануур ХК-д тэсэлгээчин ажилтай,  Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 10-09 тоотод оршин суудаг, Боржигон овогт Чулуунбаатарын Наранбаатарт /РД: НЧ88051011/ холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Гантуяа, хариуцагч Ч.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганцоож  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ч.Наранбаатарыг хүүхэд байхын таньж мэддэг байсан. 2010 онд дотно харьцаатай болж, хууль ёсны  гэр бүл болоогүй байхдаа 2010 оны 11 сард жирэмсэн болж 2011 оны 08 сарын 03-нд Наранбаатарын охин Булгансорыг төрүүлсэн. Одоо 6 настай, миний асрамжинд өсч байна. Хүүхдийг төрсөн цагаас нь хойш асаргаанд нь зориулж нэг ч төгрөг, 1 ширхэг ч живх авч өгч байгаагүй. Охинтой болсон гэдгийг Наранбаатар түүний ах, эгч нар нь мэдэж байгаа. Хүүхдийнхээ асаргаа, сувилгаа удахгүй сургуульд ороход гарах зардал, мөнгөний талаар харилцан тохиролцож ярилцъя гэхээр ямар нэгэн шалтаг ярьж уулзахаас зайлсхийдэг. Цаашид ганцаараа охиноо тэжээж, хэрэгцээг нь хангах, гарч буй нэмэгдэл зардлыг гаргах эдийн засгийн ямар ч бололцоогүй боллоо. Мөн өөрийн гэсэн орон гэргүй ээжийнхээ 2 өрөө амины сууцанд охинтойгоо, ээж, дүү нарын хамт ам бүл 6 уулаа амьдарч байгаа нь хүүхдийн тав тух зохих  хэмжээгээр алдагдаж байна. Цаашид охинтойгоо өөрийн гэсэн гэр оронтой сурч боловсроход нь таатай орчин бүрдүүлж өсгөхөд эцгийн оролцоо зайлшгүй шаардлагатай байна. Иймд охин Булгансорын эцгээр Чулуунбаатарын Наранбаатарыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү.    

 Хариуцагч Ч.Наранбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Гантуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хүүхдийн эцэг тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хүлээн зөвшөөрч байна. Г.Гантуяа бид хоёр 2010 оны 10 сараас үерхэж эхлээд охин Г.Булгансор нь 2011 оны 08 сарын 03-ны өдөр Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн төрөх тасагт мэндэлсэн. Энэ үед бид хоёр нэг гэрт хамт амьдарч байгаагүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охин Г.Булгансорыг ээж Г.Гантуяа нь өөрөөрөө овоглосон юм. Г.Булгансорыг өөрийн охин болохыг хүлээн зөвшөөрч, охины ээж Г.Гантуяагийн асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг сар бүр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.Гантуяа нь эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.Наранбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

            Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Г.Гантуяа, хариуцагч  Ч.Наранбаатар  нар нь 2010 оноос эхлэн үерхэж байгаад 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр охин Булгансорыг  төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч Г.Гантуяа, хариуцагч  Ч.Наранбаатар нар нь нэг гэрт орж хамтран амьдарч байгаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Г-405 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, “Энх-Өрх” өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт” хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч  охин Н.Булгансор төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо  уулзахад хориглох эрхгүй байна.

Хариуцагч Наранбаатар нь охин Булгансорыг өөрийн хүүхэд мөн эсэхэд маргаагүй, өөрийн охин гэж хүлээн зөвшөөрч байгаа, захиргааны журмаар эцэг нь Наранбаатар гэдгийг тогтоогоогүй байх тул  эцгээр нь тогтоож   Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ч.Наранбаатараас  тэтгэлгийг сар бүр  гаргуулж  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын  06-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31.233 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Боржигин овогт Гантуяагийн Булгансорын эцэг Боржигон овогт Чулуунбаатарын Наранбаатар  мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Боржигон овогт Гантуяагийн Булгансорыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Ч.Наранбаатараас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ч.Наранбаатараас  гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гантуяад олгож, тэмдэгтийн хураамжид      31.233  төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ