Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29    

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, улсын өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Мны Т-т холбогдох 2013004140006 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овгийн М-ы Т, регистрийн дугаар ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед хохирогч Ж.Ны тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах хүн байнга амьдардаг өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, тус байшинд байсан цүнхнээс 110.000 төгрөг, хуучивтар Самсунг Эс-4 маркийн гар утас, мөн үүдний коридорт байсан 3 кг шар тос, 3 кг ааруул, 4 литр сүү,  зэрэг эд зүйл хулгайлж, бусдад нийт 269000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т нь: “Хохирогч Ж.Ны байшингийн цонхыг хагалж, орж эд зүйл хулгайлсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

Хоёр: Эрүүгийн 2013004140006 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үүссэн гутлын мөрийг бэхжүүлсэн тэмдэглэлд: “...Үзлэгийг Өлгий сумын 4-р багийн иргэн Ж.Ны өвлийн байшинд гаднах талаас нь эхэлж явуулав. Уг байшингийн ертөнцийн зүгээр баруун талд харсан 1x1 метрийн хэмжээтэй 5 тасалгаатай 2 модон рамтай цонх байв. Цонхнуудын амрах өрөөний гэх цонхны гадна талаас нь 3 нүд шилийг хагалж дотогшоо хүн орсон байдалтай байв. Уг цонхны гадна талд 2 ширхэг гутлын мөр үүссэн бөгөөд уг мөрийг хэмжиж үзэхэд нийт урт нь 28 см, өсгийн өргөн 9 см, өлмийн өргөн 1 см арзгар хээтэй мөр байв....Хаалгаар ороход 2x4 м-ийн хэмжээтэй жижиг амбаар байв. Амбаар дотор ажиллахгүй хөргөгч, модон шкаф, гурил, 2, 3 ширхэг кардон хайрцаг байв. Хохирогч уг хайрцаг дотор 4 кг ааруул, 3 кг шар тос, 3 литр сүү байсан гэв. ...Шкафт залгаа ширээ байсан ба ширээний дээр ягаан, хар, цагаан өнгийн гар цүнх байв. Уг цүнхнүүдийг онгойлгож дотор нь байгаа эд зүйлсийг гаргаж эд зүйл авсан байдалтай байв. Уг хоолны өрөөгөөр дамжин орох амрах өрөө байв. Амрах өрөө 1x1 метрийн цонхтой ба цонхны 3 тасалгааны шилнүүд нь хагарсан байв” гэж тэмдэглэсэн  /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч  М.Тын өмсөж явсан гэх пүүзэн гутлыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

М.Тын өмсөж явсан пүүзэн гутлыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Ны гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийг иргэн М.Таас хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Цагаан өнгийн даавуун уутанд хийсэн цагаан өнгийн 12 ширхэг зузаан нь 6 см, урт нь 10 см-ийн 300-400 грамм жинтэй нийт 3 кг ааруул байв.  Хуучивтар улаан хүрэн өнгийн гар утсыг асааж үзэхэд “Samsung galaxsyS4” гэсэн бичиг гарсан бөгөөд дотор нь нэвтэрч үзэхэд хохирогч Ж.Ны эхнэр хүүхдийн хувийн зураг байв” гэж тэмдэглэсэн /хх-ийн 17-20, 23 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Ны эхнэр Х.Агийн Төрийн банкин дахь 291400593509 тоот дансны хуулгад “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 288000 төгрөгийн зарлага хийгдсэн” талаар тэмдэглэсэн /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

-Гэрч Х.Агийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбарууд /хх-ийн 29-35 дугаар хуудас/

-Ж.Ны нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбарт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр асаргааны 84500 төгрөг авсан талаар тэмдэглэсэн /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

-Хохирогч Ж.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт эхнэр Х.Агийн хамт амьдардаг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны орой хүргэн хүү болох Х.Агийн гэрт идэшний адуу гаргах гэж орой 18 цагийн үед гэрийг гаднаас нь цоожлон явж хүргэн хүүд тусалж орой гэрт 23 цаг 30 минутын үед ирэхэд хаалганы цоож бүтэн байсан ба гэртээ ороход амрах өрөөний модон цонхны 2 тасалгааны шилийг хагалж дотор нь хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Манай гэрээс амрах өрөөнд байсан хувцасны цүнх дотор байсан 100.000 төгрөг, шкаф дотор байсан 3 кг шар тос, 3 кг ааруул, 4 литр сүү, ширээн дээр байсан хуучивтар Эс4 /S4/ маркийн гар утас, цайны өрөөнд шкафын хажууд цүнхэн дотор байсан 12500 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан. Мөн амрах өрөөний 40x60 см-ийн хэмжээтэй 3 ширхэг цонхыг хагалсан байна. Би 2020 оны 10 дугаар сарын дундуур эхнэр Х.Агийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж 288.000 төгрөг, асаргааны 84.000 төгрөгийг Төрийн банкнаас бэлнээр аваад 80.000 төгрөгөөр гурил, будаа, хэрэглээний зүйл аваад үлдсэнийг нь эхнэр Х.Ад бэлнээр аваачиж өгсөн. М.Т нь манай хөрш бөгөөд ээж нь надаас ирж уучлалт гуйгаад явсан. Би хулгайд алдсан зүйлээ М.Таас нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг 51-52, 55 дугаар хуудас/,

-Хохирогч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 11 сарын 28-ны орой 23 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн байшингийн унтлагын өрөөний цонхыг хагалчихсан байсан ба гэрт ортол цүнхэнд байсан 10.000 орчим төгрөг байхгүй байсан, уг цүнхийг нэгжсэн байдалтай  байсан. Мөн бас нэг цүнхний халаасанд байсан 100.000 төгрөг байхгүй байсан. Үүдний өрөөнд байсан ааруул, хөлдөөгчинд байсан хэдэн кг болохыг нь мэдэхгүй хонины сархинагт хийсэн байсан шар тос, үүдний амбаарт байсан цагаан өнгийн хуванцар савтай 2 литр сүү, гал тогоонд байсан бор өнгийн ундааны саванд хийсэн байсан 2 литр сүү зэрэг байхгүй байсан. Мөн гал тогооны өрөөнд байсан Галакси Эс-4 маркийн гар утас байхгүй байсан тул Н цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан юм. ...Би өөрөө хөдөлмөрийн чадвар алдалтын групп авдаг ба манайд хулгай орохоос өмнө группийн мөнгөө авсан байсан. Сард 288.000 төгрөг авдаг, харин Н асаргааны мөнгө 84000 төгрөг авдаг юм. Би өөрөө хөл муутай болохоор Н итгэмжлэлээр  очиж мөнгийг авдаг. Тэр мөнгөнөөсөө 100.000 төгрөгийг хэрэгтэй үед ашиглая гэж бодоод цүнхнийхээ халаасанд хийчихсэн байсан. ...Би өөрөө тэргэнцэртэй, явж чаддаггүй тул уг хэрэгт хамтран амьдрагч болох Ж.Ныг хохирогчоор оролцуулах хүсэлтэй байна. Би эрүүл мэндийн байдалтай холбоотой шүүх прокурор, цагдаагаас дуудахад очиж чадахгүй.” гэх мэдүүлэг /57-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 11 дүгээр  сарын сүүлээр би өөрийн хөрш болох Ж.Ны гэрийн цонхыг хагалж гэрт нь орсон. Тухайн үед Ж.Ны гэрт хүн байхгүй гаднаас нь цоожилсон байсан. Би өөрөө согтуу байсан юм. Цаг 20 цаг болж байсан санагдаж байна. Би согтуу байсан ба тэдний гэрээс юм хулгайлах зорилгоор орсон. Тэдний гэрийн цонхоор ороод цагаан өнгийн уутанд хийсэн байсан ааруул, маркийг нь мэдэхгүй хар өнгийн гар утас, шар тос, сүү зэргийг хулгайлсан юм. Би тэдгээр зүйлсийг хулгайлаад гэрийнхээ амбаарын хажууд тавьсан. Маргааш өглөөд би гэртээ унтаж байтал цагдаагийн ажилтан Ернар ирэхэд би хулгайлсан эд зүйлээ шууд түүнд гаргаж өгсөн. Тухайн эд зүйлсийг Ж.Нд хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /87-88 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Шүүгдэгч М.Тыг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч М.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Т.К дэмжиж, эрүүгийн хариуцлагын хуралдаанд “М.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан журмыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч М.Т нь  2020 оны 11 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах хүн байнга амьдрах зориулалт бүхий  хохирогч Ж.Ны өвлийн байшингийн 40х60 хэмжээтэй 3 цонхны шилийг хагалж, байшинд хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн цүнхнээс 110.000 төгрөг, ширээн дээр байсан хуучивтар Самсунг Эс-4 маркийн гар утас, мөн үүдний коридорт байсан 3 кг шар тос, 3 кг ааруул, 4 литр сүү зэрэг эд зүйлсийг  хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,/хх-ийн 87-88-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Ж.Н, Х.А нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 51-58-рх/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-рх/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-рх/, эд зүйлд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-рх/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23-рх/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

                  Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

                  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

                  Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

                  Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д ”Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

                  Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.Т нь оройн цагаар хохирогч Ж.Ны байшингийн 3 цонхыг идэвхтэй үйлдлээр хагалан хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн цүнхнээс 110.000 төгрөг, хуучивтар Самсунг Эс-4 маркийн гар утас, мөн үүдний коридорт байсан 3 кг шар тос, 3 кг ааруул, 4 литр сүү зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг эд зүйлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлснээр хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байх тул прокуророосйна.  М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

                  М.Тын бусдад учруулсан хохирлыг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн 269.000 төгрөг гэж тодорхойлох боломжтой байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан хэмжээнд хүрэхгүй байгаа ч гэмт хэрэг үйлдсэн арга, объектив шинжээрээ хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

                  Түүнчлэн хохирогч нар  нь М.Т нь байшинд  байсан цүнхнээс нийт 110.000 төгрөг хулгайлсан гэж мэдүүлсэн ба хохирогч Ж.Н, Х.А нар гэртээ бэлэн мөнгө хадгалж байсан нь хохирогч Ж.Ны “ Би 2020 оны 10 дугаар сарын дундуур эхнэр Х.Агийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж 288.000 төгрөг, асаргааны 84.000 төгрөгийг Төрийн банкнаас бэлнээр аваад 80.000 төгрөгөөр гурил, будаа, хэрэглээний зүйл аваад үлдсэнийг нь эхнэр Х.Ад бэлнээр аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч Х.Агийн:” Би өөрөө хөдөлмөрийн чадвар алдалтын групп авдаг ба манайд хулгай орохоос өмнө группийн мөнгөө авсан байсан. Сард 288.000 төгрөг авдаг, харин Н асаргааны мөнгө 84000 төгрөг авдаг юм. Би өөрөө хөл муутай болохоор Н итгэмжлэлээр  очиж мөнгийг авдаг. Тэр мөнгөнөөсөө 100.000 төгрөгийг хэрэгтэй үед ашиглая гэж бодоод гэртээ цүнхнийхээ халаасанд хийчихсэн байсан, мөн өөр цүнхэнд байсан 10.000 гаруй мянган төгрөг алга болсон” гэх мэдүүлэг, Х.Агийн Төрийн банк дахь дипозит дансны хуулга,нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, тусламжийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

                  Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул М.Тыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

                  Иймд М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

                  Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. М.Т нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг дурдах нь зүйтэй.

                  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

             Шүүгдэгч М.Т нь хохирогчийн гэрт хууль бусаар нэвтэрч 110.000 төгрөг, 3 кг шар тос, 3 кг ааруул, 4 литр сүү, хуучивтар самсунг S-4 загварын гар утас хулгайлсан нь нотлогдож байх ба хэргийн 68-71, 74-77-р талд авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр 3 кг ааруул, 3 кг шар тос, 4 литр сүү, Самсунг S-4 загварын гар утас, 40х60 хэмжээтэй 3 ширхэг цонхны шил зэргийг нийт 159.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна. Иймд М.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Н, Х.А нарт 269.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн байшингийн 40х60 хэмжээтэй 3 цонхны шилийг хагалсныг мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзнэ.

             Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Н нь хулгайд алдсан эд зүйлээс 3 кг ааруул, улаан хүрэн өнгийн хуучивтар Самсунг S-4 загварын гар утсаа буцаан авч, үлдэх хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж,  М.Таас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Таас гаргуулж хохирогчид олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” , 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч М.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  болох нь хэргийн 93-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба түүний хувийн байдлын талаар хэргийн 89-91, 97-115-р талд авагдсан баримтуудаас үзэхэд тэрээр 1987 онд төрсөн, 34 настай, гэрлэж байгаагүй ганц бие, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу өрхөд хамаарагддаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Тт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн  эдлүүлэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К нь шүүгдэгч М.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гаргуулах хохирол төлбөргүй, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг багасгаж оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээ хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар  хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Тын үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь шүүгдэгч М.Таас хохирол төлбөр нэхэмжлэхээс татгалзсанаар түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ганц бие, амьдралын нөхцөл байдал хүнд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ хуульд заасан бага хэмжээний хохирлоос доогуур зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Коос гаргасан саналыг хүлээн авч, М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялын доод хэмжээ оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Тт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн  хугацаагаар  хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор саарал өнгийн хавар намрын хагас түрийтэй хос пүүзэн гутлыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч М.Тт  буцаан олгох нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт М-ы Т-ыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Т-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хохирол төлбөр,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор саарал өнгийн хавар намрын хагас түрийтэй хос пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч М.Тт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б