| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/004 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,
Шүүгдэгч: Б.А, А.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014005030451 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******. / Регистрийн дугаар:В*******/,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / Регистрийн дугаар:ВИ98113018/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С , Б.А нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” баарны гадаа Ц.А ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө найз ******* бид 2 хамт Оргил бааранд орж пиво уусан шөнө тухайн Оргил баар хаах болоод би гараад тамхи татаад зогсож байхад найз *******ийг нэг залуу мангасдаад авахаар нь би гараад *******ийн хамт засмал зам уруудаад зугтааж хуучин Татварын хэлтсийн байрны урд алд миний араас нэг залуу нь намайг бариад авчихлаа гээд миний дээр гарсан байсан тэгтэл найз ******* нь газраас чулуу аваад толгой хэсэг рүү нь 1 удаа цохиод авахаар нь би тэр залуугийн нүүрэн хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиж аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
... 2020 оны 11 дүгээр сарын 8-09-нд шилжих шөнө найз *******гийн хамт Оргил бааранд орж хүн хүний нэг шил пиво уусан шөнө тухайн Оргил баар хаах болоод гараад иртэл баарны үүдэнд нэг залуу дуудаад томроод байхаар нь би зөрүүлээд дунд хуруугаа гаргаад хэрүүл маргаан болж намайг мангасдаад авсан тэгтэл найз ******* хажуугаар орж ирээд намайг мангасдсан залууг мангасдсан тэр залуу баар луу яваад орсон араас ******* орчхоод буцаад гарч ирсэн тэгтэл тэр залуу хэдэн залуучуудтай цуг гарч ирэхээр нь ******* бид 2 төв зам уруудаад зугтааж хуучин Татварын хэлтсийн байрны урд талд явж байсан чинь араас явж байсан найз *******г нэг залуу барьж аваад дээр нь гарсан байхаар нь би газарт байсан чулууг аваад толгой руу нэг удаа цохиж авахад толгой нь хагарч цус гарахаар нь цохисон гэх залуугаа тэнд хаяад ******* бид 2 зугтаасан би тухайн үед *******г тэр залууг цохиж авахыг хараагүй гэхдээ сүүлд ******* нь тэр залуугийн нүүр лүү нь цохисон гэж надад хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 49/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Хохирогч Ц.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой Дунд захын урд талын караокед найз , , , , нарын хамт орж 2 шил архи ууж орой 22 цагийн үед Оргил бааранд орцгоосон юм. Оргил бааранд орж 1 шил архи авч уугаад нэлээд согтсон байсан би нэг мэдсэн чинь Оргил баарнаас гарсан 2 залуутай маргалдаад зогсож байсан тэгтэл нэг нь намайг тэвэрч аваад нөгөө залуу нь миний толгой руу чулуугаар 2-3 удаа цохиж авсан миний толгой хагарсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14-15/,
6.Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг өнгөрсөн байх үед би гэртээ байж байтал манай хүү нь толгой нүүр нь нил цус болсон толгой нь хагарсан цус гарсан байхаар нь хэнд зодуулаад ирэв ээ гээд асуутал 2 жаахан банди байх шиг байсан танихгүй 2 залууд зодуулсан гэж хэлсэн тэгээд би эмнэлэгт үзүүлсэн чинь толгой нь хагарсан нэлээн цус гарч байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,
7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11 -ны өдрийн 579 дугаартай шинжээчийн:
...Ц.А ын биед тархи доргилт, дух, зулайд шарх, баруун нүдний алимны салтад цус хуралт, духанд зулгаралт 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 36-37/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-49 /, дипозит дансны хуулга /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 59/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.А , А.С нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” баарны гадаа иргэн Ц.А ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.А, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 579 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.А , А.С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.А , А.С нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.А , А.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.А нь шүүгдэгч нараас 200.000 төгрөг нэг адууны мах авсан талаар мэдүүлж цаашид нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарын хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А , А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.Шүүгдэгч Б.А , А.С нар нь энэ хэргийн улмаас, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.А , А.С нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.А , овогт А.С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Б.А , овогт А.С нарыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.А , А.С нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А , А.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.А , А.С нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.А , А.С нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А , А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ