Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:  Г.Цогдэлгэр,

Хохирогч: Ц.О,

Шүүгдэгч:  Д.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004720443 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Боржигон овогт Доржсүрэнгийн Пүрэвсүрэн, / Регистрийн дугаар: ВЭ80022196 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 18-17 тоотод эхнэр Ц.О ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Д.П ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... эхнэр Ц.О 21 цаг өнгөрөөд ажлаасаа ирээд намайг унтаж байхад татаж сэрээгээд архи ууж ногоорлоо гэж хэлээд уурлаад байхаар нь чиний мөнгөөр уугаа юу гэж хэлээд маргалдаж байгаад унтаад өгсөн, тэгээд өглөө сэрэхэд 09 цаг болж байхаар нь эхнэрийгээ айлын эхнэр архи ууж явахаар өөрөө цайгаа чанаж уухгүй яасан юм гэж хэлчхээд цэцэрлэгийн хүүхдээ тэврээд хажуу айл руу орохоор нь араас ороод ажилдаа явмаар байна таксины мөнгө өгчих гэж хэлээд эхнэр архи ууж явахаар өөрөө цайгаа чанаж уухгүй яасан юм гэж хэлчхээд цэцэрлэгийн хүүхдээ тэврээд хажуу айл руу орохоор нь араас нь ороод ажилдаа явмаар байна таксины мөнгө өгчих гэж" хэлэхэд мөнгө байхгүй алхаж явахгүй юу гэж хэлээд намайг заамдаад авахаар нь тавиач гэж хэлээд алгадчихаад ажил руугаа яваад өгсөн тэгтэл эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: Хэлж ярих зүйлгүй өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

  3. Хохирогч Ц.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед боссон тэгээд нөхөр босоод айлдаа явахдаа таксины мөнгө байна уу гэж хэлэхээр нь өчигдөр архи уугаад байсан тэр мөнгөөрөө таксидахгүй юу гэж хэлэхэд намайг цай чанаад өг гэж хэлэхээр чадахгүй гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад хажуу талын айл руугаа хүүхдээ авч ороод байж байтал нөхөр араас орж ирээд зүүн хөлний гуя руу 2 удаа өшиглөхөөр нь би босож нөхрийнхөө цамцнаас барьж авахад зүүн талын хөмсөг рүү гараараа 1 удаа цохичхоод гараад яваад өгсөн юм тэгээд би ажил дээрээ очоод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28 /,

 4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О  мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 5. Гэрч Т.Наранцацралтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би 08 цаг өнгөрч байхад босоод галаа түлчхээд хүүхдийнхээ хажуугаар ороод хэвтэж байтал хажуу айл гэртээ чанга дуугараад муудалцаад байх шиг байсан тэгээд байж байтал Ц.О цэцэрлэгийн хүүхдээ тэвэрч орж ирээд хувцсыг өмсүүлээд байж байтал нөхөр болох Д.П орж ирээд чи надад таксины мөнгө өгчихгүй гэж хэлж байгаад зүүн талын хөл рүү нь 2 өшиглөсөн тэгтэл эхнэр нь босож ирээд нөхрийнхөө цамцнаас бариад автал нөхөр нь нүд рүү нь нэг удаа цохичхоод гараад яваад өгсөн араас нь эхнэр нь гараад явсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 /,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар 26-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн:

...Ц.О ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 /, хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 16-17/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 14/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.П нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 18-17 тоотод Гэр бүлинй хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Ц.О ыг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох   зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.О ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  гэрч Т.Наранцацралт нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 599 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.П  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.П эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Д.П нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч Д.П ийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.П буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.П нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Д.П г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Д.П г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.П оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Д.П нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.П ийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.П буцаан олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ