Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 103/2017/00118

 

                   

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 37 тоотод оршин суух, Хорол овогт Ёндонгийн Энхээгийн, эх тогтоолгох тухай хүсэлтийг  2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга З.Ганцоож оролцов.                   

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ё.Энхээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Миний бие Ё.Энхээ 1967 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт  суманд төрсөн. Тухайн үед намайг миний төрсөн ээж Ёндонгийн Даваа нь өөрийнхөө аав Ёндон, ээж Рагчаа нарт үрчлүүлсэн. Би одоо өвөө Ёндонгоороо овоглодог. Манай ээж Солонгос улсад 2008 онд хөлний хагалгаанд орж байсан боловч дахин Солонгос улс руу эмчлүүлэхээр явах болсон, миний бие хамт явах гэтэл эх мөн эсэхээ тогтоолгох шаардлага гарсан тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү . Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй  байгаа тул намайг оролцуулахгүйгээр хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

            Шүүхээс хэрэгт авагдсан, Г-120 дугаартай Ё.Энхээгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1994 дугаартай Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ё.Энхээ нь өөрийн төрсөн эх Ё.Даваа мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч нь эх  тогтоолгох шаардлага гаргах болсон үндэслэлээ заахдаа “Бага байхдаа өвөөдөө үрчлэгдэж, төрсний гэрчилгээн дээр эх, эцгийн нэр нь өвөө эмээгээр бичигдсэн, одоо өөрийн ээж Даваа гэдгийг тогтоолгох шаардлагатай байна” гэжээ.

             Ё.Энхээгийн шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1967.05.27-ны өдөр төрсөн Ёндонгийн Энхээгийн эх Ёндонгийн Даваа мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1994 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ Шинжилгээнд ирүүлсэн эх Ё.Даваа, охин Ё.Энхээ нарын цуснаас уламжлалт аргаар геномын ДНХ ялгаж, PowerPlexHS цомог хэрэглэн Полимеразын гинжин урвал явуулж, MNS 6120:2010 стандарт болон аргачлалын дагуу ABI 3130 генетик анализаторт капилляр электрофорез явуулж GeneMapper ID программ ашиглан дүн шинжилгээ хийж илэрсэн ДНХ-ийн тогтоцыг хүснэгтэд үзүүлэв. Ё.Даваа нь ДНХ–ийн тогтоцоор Ё.Энхээгийн биологийн эх байх боломжтой ба эх байх магадлал нь 99,99 хувь байна” гэж гарсан зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дэх хэсэгт зааснаар 1967 оны 05 сарын 27-ны өдөр төрсөн Хорол овогт Ёндонгийн Энхээгийн эх Ёндонгийн Даваа мөн болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ