Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:  Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000457 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******. / Регистрийн дугаар: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 06-ний 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 10 тоотод Ч.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Ч.Б ы гэрт 2 удаа орсон эхний оролт дээр гэрээс нь хөөгдөөд гараад ирсэн дараа нь дахиад ороход хамт явсан найз ******* гар утсаа орхицон байна гэхээр нь орсон тэгээд гэрт нь буцаад ортол ална хядна хутгална зайл гээд унасан тэгэхээр нь би чи манайд хүртэл согтуу орж ирээд нус нулимс, шүлсээ хаяад муухай орилоод хүүхэд айлгаад явдаг л байсан тэгэхэд би чамд юм дуугараагүй шүү банди минь гэж хэлээд хоёр талаараа барилцаад авсан тэгтэл намайг хутгална гээд хутга хайгаад унасан тэгээд хоорондоо барилцаад авсан тэгээд ******* ч намайг цохисон би ч түүний нүүр руу нь 2-3 удаа цохисон тэгсэн намайг ******* намайг тонгороод би түүний доор орсон тэгэхээр нь би доороос нь түүний хамар руу гараараа цохисон тэгсэн дээрээс хамраас нь их хэмжээний цус гоожсон тэгээд тэр гэрт бөөн цус болоод эхнэр нь гарцгаа та нар гэсэн тэгээд гэрээс гараад хашаан дотор намайг 2 тонгорч шидсэн би өмнөөс нар хөдлөөгүй тэгээд би яваад өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 50-51/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Ч.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед намайг гэртээ ирээд унтаж байхад буюу ******* гээд манай найз манай гэрт орж ирээд намайг босоод ир гэсэн тэгэхэд нь би босохгүй зайл гээд гэрээсээ хөөсөн тэгэхэд манайхаас явсан тэгээд удаа ч үгүй буцаж орж ирээд намайг босоод ир гараад ир гэсэн тэгэхэд нь би зайл гээд хэлсэн тэгээд түүнээс болж маргалдсан тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гурвуулаа 0.75 граммтай архи уучхаад гэртээ амарч байсан Тэгээд ******* бид хоёр маргалдаад гэрт ил байсан хутгыг ******* аваад над руу далайсан тэгэхэд нь би хутганы ир хэсгээс бариад авсан тэгтэл эхнэр намайг салгах гээд түлхсэн тэгээд би хутганаас гараа авахдаа гараа шувтарч аваад зүүн гарын эрхий хурууны дотор хэсгийг хутгандаа зүссэн тэгээд цагдаа дуудлаа гээд байсан тэгтэл ******* манай гэрээс гараад явсан. Гэрт асгарсан байсан цуснууд бол миний гараас асгарсан цус байгаа юм их цус гарсан. Уг нь бол ******* буюу бид хоёр найзууд байгаа юм. гэрт бид хоёр хоорондоо харилцан цохилцсон дараа нь гадаа мөн маргалдаж зууралдаад салсан. Тэгээд би эмнэлэгт ирж гартаа 3 оёдол тавиулсан өөр газар оёдол тавиулаагүй..... гэх мэдүүлэг / хх-ийн 14-15

  1. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай нөхөр *******ын ******* бага зэрэг согтуу орж ирээд гэртээ унтаж байтал араас нь 21 цаг 30 минутын үед удаа ч үгүй манай нөхрийн найз гэдэг найз нь *******ын хамт манай гэрт орж ирж нөхрийг унтаж байхад дуудаж сэрээгээд гарч уулзъя хувцсаа өмс гэж дарамталсан тэгэхэд манай нөхөр би гарахгүй би гэртээ унтаж байна чи яагаад байгаа юм бэ пиздаа минь гэтэл гараад уулзъя гэж хүчээр гаргах гээд биеэс нь татаад хөнжлийг нь сөхөөд байсан тэгсэн нөхөр сэрээд гэрээс гараач гээд гаргасан тэгтэл чи гэрээсээ хөөгөөд ийм арчаагүй банди юм уу манайх чамайг тэгдэггүй шүү гээд манай нөхрийг барьж аваад манай нөхрийг цохих гээд гараа далайгаад заамдаж аваад үзчихье гээд манай нөхрийн цээж шанаа руу цохиод автал манай нөхөр хариуц цохиод хоорондоо зодолдож эхэлсэн тэгээд би салгах гэхэд салахгүй байсан тэгснээ үүдний текэн дээр байсан цайны идээ хийдэг стакан барьж аваад манай нөхрийн толгой уруул руу нь цохисон мөн текэн дээр байсан хар гэртэй иш нь хар цоохор хутгийг бариад ална шүү гээд бариад манай нөхөр руу далайсан тэгсэн манай нөхөр нөгөө хутганы урд талаас бариад авсан тэгэхээр нь би гутгыг нь авч салгах гэхдээ нөгөө хутганы ишнээс татсан тэгтэл манай нөхрийн зүүн гарын эрхий хурууны дотор талаар зүсэгдээд их хэмжээний цус гоожоод гэрийн шал болон гал тогооны тек хэсгээр цус нь үсэрсэн тэгээд дараа нь гадаа гэрээс гараад зодолдоод байсан тэгсэн манай нөхөр ааваа ээжээ цагдаа дуудаач гээд орилсон тэгэхээр нь би болиоч цагдаа дуудлаа шүү гэхэд зугтаад яваад өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 17-18/

5. Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Уг зүүн сарвууны шарх гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр г/гацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

6. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 657 дугаартай шинжээчийн:

1. Ч.Б ы биед зүүн сарвуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.  Дээрх зүүн сарвууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба биеийн бусад хэсгийн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд болно.

6.  Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 35-36 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 06-ний 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 10 тоотод Ч.Б ы гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.Б тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ч.Б, гэрч ******* нарын мэдүүлэг, шинжээч эмч Ч.Баяртогтохын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 657 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Б  нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх гурвалжин хэлбэртэй гурван тулгуур хөлтэй жижиг шилэн таваг мэт зүйл 1 ширхэг, хар алаг иштэй үзүүр нь хугарч мохоо болсон хутга 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг таваг мэт зүйл, хутга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  овогт Д.Б ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар таваг мэт зүйл 1 ширхэг, хутга хураан авсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг таваг мэт зүйл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ