Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 806

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ДБСӨЭ ХХК 

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ДБСӨЭХХК-д холбогдох хэсэг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДБСӨЭХХК-ийн захирал Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Манай компани нь 2016 онд Улаанбаатар хот, Б******* дүүргийн Залаатын баруун богино аманд байрлах 1.4 га хэмжээтэй газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар уг газрыг ашиглуулсан.

Уг шийдвэрийн дагуу Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Б******* дүүргийн Засаг даргатай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулан, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар батлуулж гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээ байгуулахаас өмнө тухайн газартаа “Байгаль орчны сөрөг нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г хийлгэж “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж эхэлсэн.

Манай  зүгээс   төсөл   хөтөлбөрийг  хэрэгжүүлэхээр гадна дотны олон хөрөнгө оруулагчидтай уулзаж хөрөнгө оруулалтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэн газрын зохих тэмдэгтийн хураамжууд, газрын төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулсан төлбөрүүдийг бүрэн төлж, 2018 оны шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсээр байгаа.

Мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай компаниас “Газар ашиглалт, хамгаалалтын байдлын тайлан”-г Б******* Уулын дархан цаазат газрын захиргаанд хүргүүлсэнд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд “...газар  дээрээ өндөржилтийн зураг хийгдсэн, газрын төлбөр тооцоогүй, Байгалийн унаган төрхийг хадгалах, Б******* Уулын хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхитэй оролцсон байна.”гэж газар ашиглагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байгааг баталсан юм.

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулах хүсэлтийг гаргаснаар тус байгууллагаас холбогдох мэргэжилтнүүд судалж үзэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлт хийх талбайн схем зураг зэргийг холбогдох журмын дагуу гарган өгсөн.

Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу аялал жуулчлалын цогцолборын барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар холбогдох материалуудыг бүрдүүлэн, Ө******* ХХК-тай барилгын зураг төслийн гэрээ байгуулан ерөнхий төлөвлөгөөний эскиз зураг, барилгуудын эскиз, ерөнхий төлөвлөгөө, өндөржилт, замын хучилт, зай хэмжээний ажлын зураг төслүүдийг гүйцэтгүүлж дуусаж байгаа юм.

Төслийн төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын тооцоонд 2016 онд БОНХАЖЯ-ны ерөнхий шинжээчийн баталсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг чанд мөрдөж орчны нөхөн сэргээлтийг чанарын өндөр түвшинд хийж нийт талбайд зүлэгжилт, олон тооны мод суулган хамгаалах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаагаа бид 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/2 тоот албан бичгээр Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдсэн.

Дээрх нөхцөл байдлуудаар Улаанбаатар хот, Б******* дүүргийн Залаатын баруун богино аманд байрлах 1.4 га хэмжээтэй газрыг ашиглагч манай компаниас “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, өнөөдрийг хүртэл гэрээ болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, түүнтэй холбогдох хууль, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Сайдын А/76 дугаар тушаал болон Б******* Уулын дархан цаазат газрын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр албан мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4, 27.5, 27.6, 27.7-д заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компанийн тайлбар, санал, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгөх эрх маань хангах ажиллагааг хийгээгүй.

Мөн манай газар ашиглах эрхийг хүчингүй болгох, газар ашиглах гэрээг цуцлах албан мэдэгдэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасантай нийцээгүй шийдвэр болсон байна.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Хүсэлтийг холбогдох байгууллагуудаас судалж үзээд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаартай тушаалыг гаргаж, газрыг 5 жилийн хугацаатайгаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон. Энэ шийдвэрийн дагуу ДБСӨЭХХК-ийн зүгээс Б******* дүүргийн Засаг дарга болон Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 5 жилийн хугацаатай гурвалсан гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулсны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын зүгээс гэрээг баталгаажуулж гэрээ хүчин төгөлдөр болсон. Мөн тухайн газар дээр байгаль орчны сөрөг нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, батлуулсан. 

ДБСӨЭХХК-ийн зүгээс тухайн газар дээр аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нарийвчилсан үнэлгээг гаргасан. Тус үнэлгээний дагуу хөрөнгө оруулалтын зохих асуудлыг шийдвэрлээд явж байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. 

Компанийн зүгээс тухайн газар дээр дээрх шийдвэр гарах хугацаанд зохих журмын дагуу газрын төлбөр, хураамжуудыг төлж үүргээ зохих журмын дагуу биелүүлж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “...тухайн газар дээрх уулыг нураах эрсдэлтэй байна” гэдэг байдлаар зөрчил гаргасан гээд шийдвэр гаргасан. Энэ нь үндэслэлгүй учраас энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай газар голын дагуу байрладаггүй.  

Хариуцагчийн зүгээс “...газар ашиглах эрх авснаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй” гэж байна. Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газар ашиглах эрхийг авсан. Үүнийхээ дагуу холбогдох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд, санхүүжилтээ шийдвэрлүүлэх гээд зохих журмын дагуу хөөцөлдөөд явж байсан. Газар ашиглах эрх авснаасаа хойш нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан төлбөрөө төлж байсан. Байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой хураамжуудыг төлж байсан. Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2018 оны эхээр “...гэрээ дүгнүүлэх” тухай хүсэлт гаргаж, гэрээний хэрэгжилтийг “...ямар нэг зөрчилгүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлсэн” гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс “...Усны тухай хуулийн холбогдох заалт, дэглэм мөрдөх журмын” талаар яриад байна. Журмын яг ямар холбогдох заалтыг ДБСӨЭХХК зөрчсөн юм бэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр нэхэмжлэгч журмын холбогдох заалтыг зөрчсөн гэх зүйл байдаггүй. Анх тус газрыг авахад газар олгох боломжтой эсэхийг судалж үзээд боломжтой гэж үзэн газар ашиглах эрхийг олгосон. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...олон нийтийн мэдээллийн хэрэгслээр захиргааны актын талаар мэдээлсэн” гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан мэдээлэл авах эрхээр хангаагүй. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “...Захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 26 дугаар зүйлийн 26.1-д “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “...Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно”, 92 дугаар зүйлийн 92.1-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэсэн эрхүүдээр хангаагүй.

Байгаль  орчин,  аялал  жуулчлалын  сайдын тушаал нь Захиргааны ерөнхий

хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгод нийцсэн байх ёстой. ДБСӨЭХХК нь Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зөрчлүүдийг гаргаагүй. Тухайн гэрээний актыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дүгнэсэн байдаг. Мөн дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “...Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “...захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-т “...Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалын ДБСӨЭХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчид хамааралтай биш байсан гэдгийг харж болно.

Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “...газар ашиглах гэрээг хүчингүй болгосон” тухай албан бичгийг авсан байдаг. Тус албан бичгийг шуудангаар хүлээж авснаасаа хойш “...танай албан бичгэн дээрх зөрчлийг гаргаагүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зохих гомдлыг гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “...газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар хүчингүй болгосон” гэсэн хариу өгсөн. 

Тус бичгийг авснаасаа хойш 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандсан. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй юм.”  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

“ДБСӨЭХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2 дахь хэсэгт “... Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “... Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.. ” гэж тус тус заасан нь төр үндэсний эрх ашиг, ард түмний нийтлэг ашиг сонирхол, байгаль орчинд үүссэн хохирол зэргийг харгалзан шаардлага гарвал тухайн газрыг өмчилж, ашиглаж буй этгээдээс хураан авах, эргүүлэн авах бүрэн эрхтэйг хуульчилсан билээ. 

2. Тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг"... Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, райгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг [нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана...” гэж, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, В түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ...” гэж тус тус хуульчилж өгсөн нь дархан цаазат газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон зохицуулалт юм. 

3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 7 дахь хэсэгт ДБСӨЭХХК-д Б******* дүүрэг, Б******* уулын дархан цаазат газрын Залаатын баруун богины аманд 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож ******* тоот гэрчилгээг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр олгосон байна.

Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоот Улсын тусгай  хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг батлуулсан.

Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Б******* уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа нийт иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг гарган, газрын төлбөрийг хугацаанд нь төсөвт төлөх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтууд болон яамны цахим хуудаст байршуулсан. Тодруулбал яамны цахим хуудаст 2018 оны 01 дүгээр сарын 02, 1 дүгээр сарын 04-ний өдрүүдэд мөн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд зар байршуулан нийтэд мэдээлсэн. 

4. Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал болон Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, холбогдох бусад хуулийг үндэслэн ДБСӨЭХХК болон нэр бүхий 28 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. 

Мөн Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс

хуулийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 314 тоот мэдэгдлийг тус

компанид хүргүүлсэн байдаг. 

5. Чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Туул голын дагуу үйл ажиллагаа явуулах эрх авсан газруудыг цуцлах, нүүлгэн шилжүүлэх чиглэлийг ирүүлсний дагуу Туул голын дагуу үйл ажиллагаа явуулах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалсан болно. Иймд ДБСӨЭХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “ДБСӨЭХХК-д 2016 оны 04 дүгээр сард Б******* дүүргийн Залаатын баруун богинын аманд 1,4 га газрын газар ашиглах эрхийг олгож, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар газар ашиглах эрхийн цуцалсан. Газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл нь “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А230/127 дугаар тушаалаар батлагдсан Усан сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журам, Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот санал зэргийг үндэслэж тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажилладаг байгууллага нь Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа юм. Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналд “...тухайн компанийг үйл ажиллагаа явуулаагүй. Усны тухай хуулийг зөрчсөн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай Туул голын хамгаалалтын бүсийг тогтоосон тогтоол, Усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн” гэж байгаа. ДБСӨЭХХК-ийн газар бүхэлдээ биш тал нь давхацсан. Орох, гарах гарц гарах боломжгүй. 

Зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэдэг дээр маргаагүй. Учир нь тус заалт нь маргаан бүхий актад байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дэглэм буюу 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, усны хамгаалалтын горим, дэглэмийг зөрчиж байна гэж маргасан. Төлбөр төлсөн эсэх дээр маргасан зүйл байхгүй. Тус тушаал гарах болсон үндэслэл нь Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу Туул голын эргээр олгогдсон газруудыг цуцлах ажлын хүрээнд хийгдсэн. Туул голын дагуух компаниуд нь хамгаалалтын бүсийн горим, дэглэмд ороод байгаа. ДБСӨЭХХК нь хэдийгээр Туул голын эргийн дагуу биш ч гэсэн хамгаалалтын бүсийн тогтоосон хязгаарлалтад багтсан.

ДБСӨЭХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “...Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Цуцлах мэдэгдлийг хүргүүлэх тухай анхаарах нь гээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “...холбогдох баримтууд болон хувийн хэргээ  Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлж бүртгүүлнэ үү” гээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны веб сайтад байршуулсан. Мэдэгдлийг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 03 дугаар сарын 27-ны өдөр, 04 дүгээр сарын 06-ны өдөр 434 тоот албан бичгээр тус тус нэхэмжлэгч компаниудад албан бичгээр хүргүүлсэн байдаг. Мөн хэвлэлийн бага хурал зарлаж, бүх телевизүүдийг дуудаж, мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Манай байгууллага хэдийгээр газар ашиглах эрх олгосон ч гэсэн энэ эрх нь алдаатай байсан байна. Иймд захиргааны байгууллага алдаатай шийдвэрээ засах эрхтэй. Гэхдээ шүүхээс шийдвэр гарч байж л тайлбарлах боломжтой.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДБСӨЭХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ДБСӨЭХХК-д холбогдох хэсэг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ДБСӨЭХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгч ДБСӨЭХХК-д Б******* уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар болох Залаатын баруун богино ам гэх газарт 1,4 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар 5 жил ашиглах 2016/0078 дугаар гэрчилгээ олгож, мөн сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, ийнхүү дуусгавар болгох үндэслэлээ усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэжээ.

Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтоосон байна.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч ДБСӨЭХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлээ “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ... “, Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Туул голын дагуу үйл ажиллагаа явуулах эрх авсан газруудыг цуцлах, нүүлгэн шилжүүлэх чиглэлийг ирүүлсний дагуу ...газар ашиглах гэрээг цуцалсан” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч ДБСӨЭХХК нэхэмжлэлийн шаардлагадаа “...гэрээнд заасан үүргээ биелүүлэн газрын зохих хураамж, төлбөр, байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулсан төлбөрүүдийг бүрэн төлж, 2018 оны шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсээр байгаа” гэж тайлбарласан нь  2016 онд батлуулсан Аялал жуулчлалын бааз болон Вилла байгуулах төсөл, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээ, Нийслэлийн Газрын албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээр нотлогдож байна.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар нэхэмжлэгч ДБСӨЭХХК нь голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн байдал байхгүй, хариуцагч энэхүү тайлбараа нотлох  баримтыг ирүүлээгүй.

Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 314 тоот албан бичигт “...нэхэмжлэгч байгууллагын аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан газар нь “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалтын байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6426:2013 Ерөнхий шаардлага 5.1.2-д “Эдэлбэр газрын байршлыг сонгохдоо гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсээс гадагш, хамгаалагдсан ойн сан бүхий газраас 200 метрээс гадагш сонгоно” гэж заасныг зөрчсөн гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.”, Усны тухай хуулийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч ДБСӨЭХХК-ийн ашиглаж байгаа газрын зарим хэсэг нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа учраас маргаан бүхий актыг илт хууль бусад тооцсон ч нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг ашиглах эрх бүхэлдээ сэргэхгүй байх нөхцөл үүсэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актыг алдаатай гаргасныг хүлээн зөвшөөрч, зөвтгөх, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх асуудлыг судлан шийдвэрлэх боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасныг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;”-ээр заасны дагуу нэхэмжлэгч ДБСӨЭХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ДБСӨЭХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын ДБСӨЭХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацааатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар ДБСӨЭХХК-д холбогдох хэсгийг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд түдгэлзүүлж, уг хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын ДБСӨЭХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН