Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2017/00009

 

 

 

 

 

 

 

 

Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар  сар 07-ны өдрийн 151/ШШ2017/00139 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Наранцэцэгт холбогдох

“Зээл, зээлийн хүү 5.074.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Должинсүрэнгийн Одгэрэл би 2015 оны 10 сарын 07-ны өдрөөс 2016 оны 4 сарын 07-ны өдрийг хүртэл 3.700.000 төгрөгийг сарын 259.000 төгрөгийн хүүтэй 6 сарын хүүтэй харилцан тохиролцож Ц.Наранцэцэгт зээлүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Ц.Наранцэцэгийн харилцан тохирч зээлж авсан мөнгө 3.700.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.150 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Гэрээ ёсоор 3.700.000 төгрөг дээр 6 сарын хүү 1.554.000 төгрөгийг нэмэхэд нийт 5.254.000 төгрөг болохоос Ц.Наранцэцэг нь 180.000 төгрөг өгсөн учир 5.074.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Ц.Наранцэцэг нь Д.Одгэрэлд зээл авах тухай санал тавихад урьд нь 2-3 удаа мөнгө зээлж авч байсан учраас итгэл даах хүн байна гэж бодож өгсөн. Тэгээд 2015 оны 10-р сарын 07-ны өдөр 3 700 000 төгрөгийг сарын 259 000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн мөнгийг зээлдүүлснээс хойш зээлдэгч нь 180 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй. Тийм учраас үндсэн зээл 3 700 000 төгрөг, зээлийн хүү 1 374 000 төгрөг, нийт 5 074 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт мөнгө зээлсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаан дээр гаргасан гаргасан нэмэлт тайлбартаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Наранцэцэг нь Одгэрэлээс 3 700 000 төгрөгийг хүүтэй зээлж авсан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Хариуцагч шүүх хуралдаан дээр өөрөө тайлбарлаж хэллээ. Хариуцагч нэхэмжлэгч нар нь гарын үсэг дээр маргадаггүй. Хүү гэж хэлээд бичүүлсэн гэж ярьдаг боловч хүү юу, зээл үү гэдгийг Наранцэцэг ялгах чадвартай эрх зүйн чадвар, чадамжтай. Хариуцагчийн гаргаж өгч байгаа баримт тайлбарууд нь зөрүүтэй, хийсвэр эргэлзээтэй дүгнэлтүүдийг өгч байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан үндэслэлийнг хангасан. Буцааж төлөх үүрэг үүссэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5 074 000 төгрөгийг хариуцагчид гаргаж өгөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв. 

 

Хариуцагч Ц.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Би Д.Одгэрэлээс 2011 оны 7 сарын 26-ны өдөр 1.100.000 төгрөг зээлээд зөвхөн хүүнд нь 1.089.000 төгрөг төлсөн. 2014 оны 11 сарын 26-ны өдөр үндсэн зээл 1.100.000 төгрөгийг төлсөн байгаа. Мөн 2013 оны 01 сарын 15-ны өдөр 500.000 төгрөг зээлээд мөн хүүнд нь 400.000 гаруй төгрөг өгөөд 2014 оны 04 сарын 06-нд зээлсэн мөнгө болон хүүнд нь нийт 3 890 000 төгрөг төлсөн. Бид хоёрын дунд зээлийн гэрээ байгаагүй. Д.Одгэрэл том дэвтэртэй. Дэвтэр дээрээсээ таны төлөөгүй хугацааны хүү чинь 3 700 000 төгрөг байна төл гэсэн. Тэгэхээр нь би үндсэн зээлээ төлсөн. Миний зээлсэн мөнгөтэйгээ адилхан хүү төлсөн байна. Тийм учраас би хүү төлөхгүй гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 10-р сарын 07-ны  өдөр Д.Одгэрэл, түүний нөхөр н.Эрдэнэбаяр хоёр ажил дээр ирсэн. Нөхөр нь гадаа машинтайгаа зогсож байсан. Д.Одгэрэл намайг мөнгөө өг гэхээр нь би үндсэн зээлээ төлсөн, хүүгээ төлсөн. Одоо надад төлөх мөнгө байхгүй гэсэн. Таны төлөгдөөгүй хугацааны хүүг зээл авснаар бичлээ, та хүүгээ төл, манай нөхөр уурлаад байна гэхээр нь би төлөхгүй гэхэд н.Эрдэнэбаяр гадаа машинтай байгаа та гарч уулз гэсэн. Машинд нь ороход н.Эрдэнэбаяр надтай юм дуугараагүй. Эрх барьчихсан маань уншаад байж байсан. Зун 7-р сард манайд ирээд зузаан дэвтэр дээрээсээ шүүж байгаад надаар төлүүлнэ гэхээр нь би төлөхгүй гэсэн. Тэгвэл чи наад гэрээгээ гаргаад ир гэрээн дээр заасан заалтын дагуу төлье гэхэд юун гэрээ нэхээд байгаа юм бэ гэж байсан. Тэгээд ажил дээр ирчихээд энэ дээр бич гээд байсан. Ажлаа ч хийж болохгүй болохоор нь би Д.Одгэрэлээс хурдан салахын тулд дансанд байсан 30000 төгрөгөө өгсөн. Хөдөө явах гэсэн чинь бензиний мөнгө байхгүй байна. Надад хүү болгож өг гэхээр нь 30000 төгрөг өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш Д.Одгэрэлтэй уулзалдаагүй. 2016 оны 2-р сард Д.Одгэрэл над руу залгаад таныг би шүүхэд өглөө гэхээр нь “би өгдгөө өгсөн” чи тэгээд шүүхээр шийдүүлбэл шийдүүлнэ биздээ гэж хлэсэн. Дараа нь 6 сард шүүхэд өгсөн байсан. Би гар дээрээ 3 700 000 төгрөг тоолоод аван зүйл байхгүй. Д.Одгэрэл надад 3 700 000 төгрөг бэлэн тоолоод өгсөн зүйл байхгүй. Тийм учраас би төлөхгүй. Үндсэн зээлээ төлсөн. Төлөөгүй байсан хугацааны хүү төлүүлнэ гээд байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Ц.Наранцэцэг нь Д.Одгэрэлээс хоёр удаа хүүтэй мөнгө зээлсэн гэж тайлбарладаг. Эхний зээлийг 2011 оны 07-р сарын 01-ны өдөр 1 100 000 төгрөгийг 9% -ийн хүүтэй буюу сарын 99000 төгрөгийн хүүтэй зээлсэн. Эхний 9 сар хүүг нь төлж явж байгаад 2014 оны 11-р сарын 26-ны өдөр үндсэн 1 100 000 төгрөгөө буцааж өгсөн байдаг. 2013 оны 01-р сарын 14-нд хоёр дахь зээл болох 500 000 төгрөгийг 9%-ийн хүүтэй буюу 45000 төгрөгийн хүүтэй зээлж аваад хүүгээ өгч явж байгаад 2015 оны 4-р сарын 6-ны өдөр үндсэн зээл 500 000 төгрөгийг төлсөн. Эхний зээлсэн 1 100 000 төгрөгийг зээлээд буцааж өгөх хугацаа буюу 29 сар болж байгаа. Хоёр дахь зээл буюу 500 000 төгрөгийг зээлээд буцааж өгөх хугацаа 28 сар болж байгаа. Анх тохирохдоо хийсэн 9%-ийн хүү буюу анхны зээлийн хүү 99000 төгрөг, хоёр дахь зээлийн хүү буюу 45000 төгрөгийг төлөөгүй хугацаагаар үржүүлээд 3 700 0000 төгрөг болгосныгоо өөрөө бэлнээр шилжүүлсэн мэтээр Ц.Наранцэцэгийн гарын үсгийг зуруулсан байдаг. Ц.Наранцэцэг хариу тайлбар дээрээ одоо хэлээд байгаагаа тогтвортой тайлбарлаж мэдүүлдэг. 2014 оны 11-р сарын орчимд Д.Одгэрэлд зээлсэн 1 100 000 төгрөгийг өгсөн гэдгээ хариу тайлбар дээрээ бичсэн. Хариу тайлбар өгсний дараа анхан шатны шүүхэд Д.Одгэрэлийн төрийн банкны дансны хуулгыг гаргуулж өгнө үү гэсний дагуу төрийн банкнаас Д.Одгэрэлийн дансанд Ц.Наранцэцэгээс 1 100 000 төгрөг шилжүүлсэн нь харагддаг. Ийм учраас Ц.Наранцэцэг нь үндэслэлтэй, тайлбар гаргаж байгаага нотолж байна гэж үзэж байна. 3 700 000 төгрөг зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: -Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.2, 282.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Д.Одгэрэлийн зээл, зээлийн хүү болох 5.074.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг зохигч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах гомдолдоо: “... Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 151/ШШ2017/00139 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт өгөлгүй хэт хийсвэр байдлаар шийдвэрлэсэн тухайлбал 2015 оны 10 сарын 07-ны өдөр Х.Одгэрэлээс Ц.Наранцэцэгт 3.700.000 төгрөгийг хүлээлгэн өгч талууд хэргийн материалын 4 дэх талд байх баримтыг үйлдсэн. Тус баримтад “2015 оны 10 дугаар сарын 07-нд Цэндийн Наранцэцэг 3.700.000 төгрөгийг сарын 259.000 төгрөгийн хүүтэй 2016 оны 04 сарын 07 хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлдэж авав.  Зээлж авсан Ц.Наранцэцэг” гэсэн байна. Уг баримтыг талууд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эмнэлэгийн гадаа хамт байхдаа үйлдсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргасан.

Талуудын хооронд бичгэн хэлбэрээр хийгдсэн гэрээний агуулгыг Иргэний хуульд заасны дагуу /Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн утгыг шууд анхаарна”, 198 дугаар зүйлийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”/ тайлбарлавал хариуцагч нь 3.700.000 төгрөгийг, нэг сарын 259.000 төгрөгийг хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авч талуудын зээлийн гэрээний харилцаа үүссэн тодорхой харагдаж байхад хариуцагчийн хэт хийсвэр тайлбарт үндэслэн илэрхий хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 30.000 /гучин мянга/-н төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Наранцэцэг нь 150.000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг тус тус төлсөн. Энэ талаараа хариу тайлбартаа бичсэн. Хэрэв Наранцэцэг нь мөнгө зээлж аваагүй байсан бол зээлийн буцаан төлөлт хийхгүй байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3.700.000 төгрөгийг авсан болохыг нотолж байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “дараах үндэслэлээр гэрээг байгуулагдсанд тооцно”, 196.1.1-д “эд хөрөнгөө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу гэрээг байгуулагдсанд тооцно.

Иймд  Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн дугаар 151/ШШ2017/00139 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлд тусгагдсан зүйл, шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн агуулга зэрэгт эрх зүйн үүднээс зөв дүгнэлт хийж, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийг зээлийн гэрээний зүйлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалтад нийцжээ. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ц.Наранцэцэгт 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл 3,700,000 төгрөгийг сарын 259,000 төгрөгийн хүүтэй, 6 хугацаатай, харилцан тохиролцож зээлдүүлсэн ба үүнээс хойш зээлсэн мөнгөө төлөхгүй байгааг дурдан, үндсэн зээл 3,700,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн 6 сарын хүүд 1,554,000 төгрөгийг гаргуулахаас хариуцагчийн төлсөн 180,000 төгрөгийг хасч тооцон, зээлийн хүүд 1,374,000 төгрөг гаргуулахыг хүсч, 1,374,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх ба энэ талаар нэмэлт шаардлага бүхий нэхэмжлэлдээ тусгажээ.    

Хариуцагч Ц.Наранцэцэг 3,700,000 төгрөгийг зээлээгүй, харин өмнө нь 2011 онд 1,100,000 төгрөг зээлж, хүүд нь 1,089,000 төгрөг төлсөн, 2014 онд үндсэн зээл 1,100,000 төгрөгийг төлсөн, мөн 2013 онд 500,000 төгрөг зээлж аваад хүүд нь 400,000 төгрөг ,  2014 оны 4 сарын 6-нд зээлсэн мөнгө болон хүүд нийт 3,890,000 төгрөг төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Д.Одгэрэл, нөхөр Эрдэнэбаярын хамт ажил дээр ирээд зээлсэн мөнгөний хүү гэж 3,700,000 төгрөг нэхээд ажил хийлгэхгүй байхаар нь гарын үсэг зурсан... би Д.Одгэрэлээс хурдан салахын тулд дансанд байсан 30,000 төгрөгөө...хүү болгож өг гэхээр нь өгсөн.   Тэр 180,000 төгрөг бол зээлд биш, хүү төл гээд нэхээд байхаар нь  өгсөн... би гар дээрээ 3,700,000 төгрөг тоолоод авсан зүйл байхгүй, Д.Одгэрэл надад 3,700,000 төгрөг бэлэн өгсөн зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрч  маргажээ.

Гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэгч Х.Одгэрэл нь хариуцагч Ц.Наранцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд гэрээнд заасан мөнгийг бодитоор шилжүүлсэн байх шаардлагатай ба энэ байдлаа шүүхэд нотолсон тохиолдолд шаардлага нь хангагдах учиртай тул маргааны зүйл нь бичгээр байгуулсан гэрээний дагуу зээл олгогдсон эсэх үйл баримт болно. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүрэг гүйцэтгэгдсэнд тооцогддог байна.

Хавтаст хэрэгт “2015 оны 10 сарын 07-нд Цэндийн Наранцэцэг 3 700 000 төгрөгийг сарын 259 000 төгрөгийн  хүүтэй 2016 оны 04 сарын 07 хүртэл 6 сарын хугацаатай зээлдэж авав” /хх-4/ гэсэн баримт байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т  заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчид зээлийн гэрээнд заасан үүрэг болох зээлдүүлж буй мөнгийг бодитойгоор шилжүүлсэн үеэс зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэж зээлийн хүүг тооцно.

Түүнчлэн дээрх баримтад хариуцагчийг тухайн баримтыг үйлдсэн өдөртөө буюу 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  30,000 төгрөгийг, 10 сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг тус тус авчирч өгснөөр, өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө буцаан төлөлт хийж байснаар  нэхэмжлэгч тэмдэглэсэн байгаа нь уг баримтын үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхээс гадна хариуцагчийн тайлбар бодит үнэнд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх Д.Одгэрэл нь Ц.Наранцэцэгт 3 700 000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй  талаас нь үнэлсэн байна.

ИХШХШТхуулийн 25.2.2-т зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй ба зээлийн гэрээний зүйл болох 3 700 000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлсэн болохоо нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй ба шүүх талуудын нотлох үүргийн хуваарилалтыг зөв тогтоосон гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтад хариуцагч төлбөр төлөх үүрэг хүлээсэн тухай тэмдэглэгдсэн хэдий ч энэ нь талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнийг, улмаар төлбөр гаргуулах үндэслэлийг нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, түүний  үндэслэлийн хэмжээнд анхан шатны шүүх дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан...шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй,...баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тодорхой харагдаж байхад хариуцагчийн хэт хийсвэр тайлбарт үндэслэн илэрхий хууль бус шийдвэр гаргасан...Хэрэв Ц.Наранцэцэг мөнгө аваагүй байсан бол буцаан төлөлт хийхгүй байсан...тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2017/00139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Одгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Одгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 96 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА                  

       ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР            

    Ц.ӨРНӨНДЭЛГЭР