Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Ц.Удвалын нэхэмжлэлтэй “ Ц.Одгалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван   оролцов.

                                             

                                                         Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Тавин 1 дүгээр баг, Ерөө гол гудамжны 22-161 тоотод оршин суух, Цөгрөгний зуутраг овгийн Цэрэнгийн Удвал /регистрийн дугаар МЕ- 66121504/  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

        ... Ц.Удвал би Цэвээндорж овогтой Одгалыг 1982 онд манай ангид сурдаг үеэс таньдаг. Бид нэг суманд цуг амьдарч байсан. 2004 оноос  бид хоёр дотносож бие биенийхээрээ орж гарч явсаар 2006 оны хавраас цуг амьдарч  нэг гэрт орж 2008 оны 02 дугаар сарын 13-нд хүү Одбаярыг төрүүлсэн. Миний хүү  О.Одбаяр нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй олон жил эмнэлгийн хяналтанд байгаа. Хүүгийн эцэг Ц.Одгал нь 2016 оны 05 дугаар сарын 25-нд нас барсан тул хүү О.Одбаярт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсныг харгалзан хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү! гэжээ.

                                               

                   Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                            Үндэслэх нь:

 

               Ц.Удвал нь Ц.Одгалтай 2006 оноос 2016 оны 05 дугаар  сар хүртэл хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ хуулийн дагуу батлуулаагүй, байснаар 2016 оны 05 дугаар сард нөхөр Ц.Одгал нь нас барсан тул  хамтын амьдралтай байсныг тогтоолохооор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.      

              Ц.Удвал нь нөхөр Ц.Одгалтай ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж, улмаар 2006 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 13-нд хүү О.Одбаяр төрсөн, улмаар 2016 оны 05 дугаар сарын 25-нд Ц.Одгал нь нас барах хүртэл хамтын амьдралтай байсан болох нь  хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 890 тоот  “ Тус багийн иргэн Цэрэн овогтой Удвал нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Цэвээндорж овогтой Одгалтай гэр бүл болж хүү Одбаярыг төрүүлсэн нь үнэн болно. Тавин багт байнга оршин суудаг” гэх тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүргэлийн ажилтны 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “ Боржигон овгийн Одгалын Одбаяр, 2008 оны 02 дугаар сарын 13-нд төрсөн, эцэг Боржигон овгийн Цэвээндоржийн Одгал, эх Цөгрөгний зуутраг овгийн Цэрэнгийн Удвал” гэж олгогдсон

 

төрсний гэрчилгээний хуулбар, мөн Ц.Одгал нь 2016 оны 05 дугаар сарын 25-нд нас барсан тухай “Нас барсны гэрчилгээний “ хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд болон тэдний хамтын амьдралтай байсныг гэрчилсэн Ц.Аззаяа, Р.Баатархүү, Б.Ганбаатар нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг  баримтуудаар нотлогдож  байна.   

          Иймд Боржигон овгийн Цэвээндоржийн Одгал, Цөгрөгний зуутраг овгийн Цэрэнгийн Удвал нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч нь “Шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү..” гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн оролцохгүй гэсэн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржигон овгийн Цэвээндоржийн Одгал, Цөгрөгний  зуутраг овгийн Цэрэнгийн Удвал нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Удвалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурьдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа өнгөрснөөс хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн  шийдвэрийг аваагүй бол  шүүх хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,мөн хуулийн 119 дүгээр зүйлийн119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.МӨНХЦЭЦЭГ