Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/2017/00125

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай
 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 358Б тоотод оршин суух, Халхчууд овогт Зоригтбаатарын Жаргалсайханы нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Багануур дүүрэгт байрлах, “Сант-Импаер” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, хариуцагч  “Сант-Импаер” ХХК-ийн захирал Э.Баатархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч З.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оноос эхлэн одоог хүртэл хувиараа сантехникийн ажил хийж гүйцэтгэж байна. 2014 онд Сант-Импаер ХХК-ний захирал Э.Баатархүүтэй холбогдож улмаар 2015.05.12-ны өдөр 01 тоот, 2014.06.15-ны өдөр 02 тоот, 2014.08.04-ний өдөр 03 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус байгуулсан. Дээрх гурван гэрээнд заагдсан ажил үүргээ бүрэн, чанартай гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсөн. Гэвч Сан-Импаер ХХК-ний захирал Э.Баатархүү нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 11.000.000 төгрөгийг одоог болтол өгөлгүй хойшлуулсаар иргэн намайг хохироож байна. Иймд Сант-Импаер ХХК-наас гэрээний үлдэгдэл төлбөр болох 11.000.000 төгрөг болон гэрээнд заасны дагуу төлбөрт ногдох алданги болох 5.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг “Сант-Импаер” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Сант-Импаер” ХХК-ийн захирал Э.Баатархүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч З.Жаргалсайханы нэхэмжлэлийн дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 11.000.000 төгрөгийг хугацаа тохирон үе шатлалтай төлж барагдуулах хүсэлтэй байна. Үлдэгдэл төлбөрт ногдох алданги буюу 5.500.000 төгрөг нь хамтран ажиллах гэрээний заалтанд байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул нь нэхэмжилсэн  16.500.000 төгрөгний зарим хэсэг болох  3.000.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Сант-Импаер ХХК нь үлдэх 13.500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

          Нэхэмжлэгч З.Жаргалсайхан нь хариуцагч Сант-Импаер ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 16.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа шүүхийн шийдвэр гарахаас өмнө  нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 3.000.000 төгрөгнөөс татгалзаж, 13.500.000 төгрөг нэхэмжилснийг  хариуцагч  2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор  төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ.  

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэхь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  байна.  

Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмтэгтийн хураамжийн талаар тусгаагүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  эвлэрэн хэлэлцсэн үнийн дүн 13.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225.450 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 112.725 төгрөгийг улсын орлогоос буцаан, 112.725 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж эвлэрэх эрх нь 2017.1.31-ний өдөр шүүхэд ирүүлсэн итгэмжлэлийн хүрээнд хийгдсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч З.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Сант-Импаер ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 16.500.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3.000.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 13.500.000 төгрөгийг  хариуцагч   2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 112.725 төгрөгийг улсын орлогоос буцаан, 112.725 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар  энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.ТУЯА