| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/014 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Ч.Ү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014005150001 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ү нь согтуурсан үедээ 2020 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн ******* дугаар гудамжны ******* тоотод эхнэр Б.Н ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
.... Би 2020 оны ******* дугаар сарын 03-ний өдөр ажил дээрээ ажил дээрээ байсан. Орой 18 цагийн үед ажлаа тараад, ажлын байрнаас гарч ирэхэд манай ажлын жолооч ******* ахтай хөдөөгөөр ажлаар явах байсныг өнөөдөр хөдөө явахаа больсон маргааш явна гэж хэлсэн чинь ******* ах өнөөдөр миний төрсөн өдөр гэж хэлэхээр нь би баяр хүргэсэн юм. Тэгсэн чинь машин суучих гэж ******* ах хэлхээр нь машинд нь суухад ******* ах машинаа асаагаад хөдөлж яваад, байгууллагын хашааны гадаа очиж зогссон юм. Тэнд бид хоёр 0,5 литрийн экс нэртэй архийг хувааж ууж дууссан чинь ******* ах тухайн үед хүнтэй утсаар яриад намайг ирээд аваадах гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгээд удалгүй ******* ахын эхнэр нь таксигаар ирээд машиныг нь жолоодоод яваад эхлээд намайг гэрт хүргэж өгөөд явсан. Би машинаас буугаад гэртээ орсон юм. Би гэртээ ороод хэсэг хугацаанд юу болсоныг мэдээгүй нэг мэдсэн чинь намайг эхнэрийн толгойноос цус гарч байхаар нь гайхаад юу болсоныг мэдэхгүй сандарч толгойноос нь гарч байсан цусыг нь тогтоохоор оролдож байхад цагдаа орж ирээд, намайг цагдаагийн байгууллагад авч ирэн эрүүлжүүлэхэд оруулсан..... гэх мэдүүлэг / хх-ийн 72/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ү мэдүүлэхдээ: Би өмнө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ өгсөн тул дахиж өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3.Хохирогч Б.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Би 2020 оны ******* дугаар сарын 03-ны өдөр гэртээ 4 хүүхдүүдийн хамтаар зурагт үзээд сууж байхад манай нөхөр Ч.Ү 22 цагийн үед гаднаас согтуу орж ирээд надад цай хийгээд өг гэж хэлээд хажууд ирэхээр нь би аяганд цай хийгээд өгсөн юм. Тэгээд нөхөр аягтай цай уучхаад, миний цамцны захаас заамдаж аваад, түлхэж гал тогооны эргэнэг рүү түлхээд үснээс татаад шалан дээр унагааж өөрөө миний үснээс татсан байдалтайгаар шалан дээр суугаад миний үснээс татаад нааш цааш нь болж байхдаа Ч.Ү надад хандаж хэлэхдээ “******* ахыг дууд, хэлдэг газарт нь хэлээч” гэж хэлэхээр нь би том хүү *******г ******* ах руу залга гэхэд манай нөхрийн гар утас дуугарахад куртикний халааснаас гаргаж ирээд утсаа харчхаад хүүгээ дуудахад хүү аавынхаа хажууд ирсэн. Тухайн үед манай нөхөр Ч.Ү чулуу барьсан байхаар нь би хүүгээ цаашаа яв гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр Ч.Ү хүүд хандаж хэлэхдээ чи саяны залгасан дугаар луу дахиад залгаадах гэж хэлэхэд хүү тэр дугаар луу нь залгаагүй. Тэгэхэд нөхөр Ч.Ү гартаа барьсан байсан нүүрсээр миний толгой руу нэг удаа цохиод толгойноос цус гарахад нөхөр Ч.Ү ямар ч хөдөлгөөнгүй болохоор нь би Ч.Ү ийг түлхэж шалан дээр унагаачхаад дээр нь гарч өвдгөөрөө дарж байгаад цагдаад дуудлага өгсөн юм. Тэгсэн нөхрийн архи нь гараад надаас юу болсон юм вэ би чамайг ингэсэн юм уу гэхээр нь би чимээгүй байхад нөхөр сандарч босож ирээд миний толгойноос цус гарч байсан хэсгийг алчуураар арчаад толгой боох гээд байхаар нь би толгойгоо бинтээр боогоод сууж байхад гэрийн хаалга цохиод цагдаа байна гэхээр нь би хаалга онгойлгоход 3 цагдаа ирээд, манай нөхрийг гэрээс аваад явсан... Манай нөхөр архи согтууруулах ундаа уучхаад тасарсан үедээ хааяа л цохидог. Тухайн үед нь би нөхрийн ах болох *******г дуудаж арга хэмжээ авхуулдаг....... гэх мэдүүлэг / хх-ийн 45-49 /
4. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 658 дугаартай шинжээчийн:
1. Б.Н ын биед тархи доргилт, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Ү нь 2020 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн ******* дугаар гудамжны ******* тоотод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Б.Н ыг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож буюу нүүрсээр миний толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Н , Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 658 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Ү ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэнд тооцогдсон боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно” мөн хуулийн 22.1.3-д заасан “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн шаардлагад хамаарахгүй байна гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Ч.Ү нь 2002 оны Эрүүгийн хуулийн хорин наймдугаар бүлэгт заасан албан тушаалын эсрэг гэмт хэрэг, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан авилгын гэмт хэрэгт шийтгүүлээгүй, харин 2015 оны Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт заасан гэм буруутайд тооцогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 22.1.3-д хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ч.Ү нь Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн харилцааны газарт өмчийн мэргэжилтэн албан тушаалыг эрхэлдэг төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд түүний дээрх гэмт үйлдэл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1-д заасан “...зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина ” гэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.Ү г нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болохыг тус тус дурдав.
Харин хэрэгт шүүгдэгч Ч.Ү гийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны ******* дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Ү д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ү нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Ч.Ү ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Ч.Ү ийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Ү д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Ү нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ү гийн эзэмшлийн Самсунг эс-2 маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Самсунг эс-2 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Ү д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ү д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ү д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ