Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга:  Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Ё.П д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003670002 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / регистрийн дугаар ******* /;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.П  нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багт иргэн Ц.Л тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

1. Шүүгдэгч Ё.П ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний очиж уулздаг хүүхэн болох *******ийнд байж байгаад “Өөрийн хүүхдээ нэр дээрээ болгомоор байна” гээд яриад байж байтал ээж нь болох Ц.Л гэх хүн “Юу яриад байгаа юм” гээд ороод ирсэн. Тэгээд хэрүүл хийж байгаад *******ийг гадаа фудволкоос нь чирээд гаргаад иртэл араас ээж нь орилоод зулгаахаар нь гараараа нүд рүү нь 1 удаа цохиод авсан юм. Би хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар ойлголоо. Хялбаршуулж шийдвэрлүүлмээр байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 56/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.П  өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны орой 16 цагийн үед манай охины найз залуу болох Ё.П Баацагаан сумаас ирсэн юм. Орой 18 цагийн үед би том гэрээсээ тараг суллах гээд жижиг гэр лүүгээ ороход Ё.П нь манай охиныг “Маргааш явна шүү пизда минь” гэж хэлээд хоймрын орон дээр сууж байсан юм. Тэгэхээр нь “Юунд явах гэж байгаа юм миний хүү” гэж асуухад “Би хүүхдээ өөр дээрээ бүртгүүлнэ” гэж хэлсэн юм. Хүүхэд нь манай охин *******ийн нэр дээр байдаг. 2 настай хүүхэд байгаа юм. “Та хоёр эцэг, эх нь мөн юм чинь хэнийх нь нэр дээр бүртгэлтэй байх нь ямар хамаатай юм” гэж хэлсэн чинь “Зайл” гээд хэлэхгүй муу үгээр хэлээд “Зайл гар” гээд хөөхөөр нь би “Орох орон оочих хаяг нь дээрээ байна. Чи өөрөө яв” гэж хэлтэл “Явна зайлна” гэж хэлээд “Би хүүхдээ аваад явна. Хүүхэд хувцаслаадах” гээд байсан юм. Тухайн үед би хүүхдийг нь тэврээд гадаа сууж байсан. Манай хөгшин ******* тухайн үед миний хажууд байсан. Тэр үед манай охин жижиг гэрээс том гэр лүү хоол аваад ортол ******* араас нь ороод “Хүүхдийн хувцас өмсүүл гээд цамцных нь захнаас нь чирээд унагаад гэрийн хаалгаар гараад ирэхэд “Чи яаж байгаа юм” гээд очтол ******* баруун гараараа зүүн шанаанд нь алгадахад зөрүүлээд намайг баруун гараа атгаж байгаад зүүн нүдний доод хэсэгт 1 цохисон. Ухаан алдаад сэрээд хүүхдээ тэврээд газар унасан байсан. Тухайн үед манай хүү утсаар над руу залгаад наад “*******ыг цагдаад өг” гэж хэлэхийг сонсчхоод манай охины толгой руу цохичхоод охин бид хоёрын утсыг нь булааж аваад өшиглөсөн юм. Албан ёсны гэр бүл биш. Манайхаар ирж очин 3 жил болж байгаа юм. Би *******ыг алгадсанаас болж намайг цохисон. Намайг нэг удаа цохисон. Тухайн үед миний зүүн нүд хавдчихаад цус гоожсон юм. Сүүлд нь харахад цохисон газар нь 2, 3 газар шалбарсан байсан. Манай өвгөн болон манай охин харсан. Өмнө нь 2019 оны 12 дугаар сард *******ийн 2 хүүхдийг хаячихад өөрийг нь аваад *******ынд очиж байж байгаад ирэхэд нь би хоёуланг нь хуванцар сандлаар цохиж байсан. Эрүүл байсан. Эм тарианы зардлаа нэхэмжилж байна..... гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....  Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед ******* нь “Би хүүхдээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна” гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би “Үгүй ээ. Бөөн ажил болно үгүй.” гэж хэлсэн. Тэр үед манай ээж гаднаас “Юу гэнээ хүүхээ” гээд гаднаас орж ирсэн юм. Гэтэл ******* “Чи муу хөнхөрцөг дуугай бай. Мөөгий бид хоёр ярьж байна.” гэсэн. Тэгээд би жижиг гэрээс том гэр лүү хоол бариад ороод аягалж байтал араас орж ирээд “Хүүхэд хувцасла” гэж уурлаад цамцнаас чирээд гэрийн хаалгаар унан алдаад гарсан. Тэр үед манай ээж *******ыг хүүхэд тэвэрчихсэн байж байгаад “Яаж байгаа юм чи” гээд баруун гараар алгадаад авсан. ******* зөрүүлээд ээжийг баруун гараар ээжийн зүүн нүд рүү цохиход ээж шууд арагшаа гараа тулаад хүүхэд тэвэрсэн чигээрээ ухаан алдаад газар унасан. Уурлачихсан байсан. Бас ээжийг хөөснөөс болж цохисон. ******* ээжийг баруун гараа ээжийн зүүн нүд рүү цохиход ээж шууд арагшаа гараа тулаад хүүхэд тэвэрсэн чигээрээ ухаан алдаад газар унасан. Босож ирэхэд нь харахад цус гарсан хөх эрээн болоод 2, 3 газар шалбарсан байсан. Өмнө нь нэг удаа 2019 оны 12 сард ээжтэй хэрэлдсэн. Цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үйл явдлыг манай аав ******* болон би харсан. Ээжийг зодох үед эрүүл байсан. Хааяа найз нөхөдтэйгөө архи уудаг. Хааяа утасны цаанаас эрүүл согтуу байсан ч хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байдаг юм. Миний биед халдсан гэрээс чирч гаргасан. Дараа нь толгойн баруун дээд хэсэгт баруун гараа зангидаж байгаад цохисон. Сүүлд ар нуруу руу өшиглөсөн. Тухайн үед миний толгойн цохиулсан хэсэгт хөхөрсөн байсан. Нуруу бас хөхөрсөн байна гэж байсан. Гэмтэл учирсан. Нэг их зовуурь байгаагүй болохоор нь тоогоогүй юм. Надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Одоо миний бие зүгээр... Манай ээжтэй нэг удаа маргалдаж байсан ба зодож цохих үйлдэл гаргаж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 20, 47 /

5. Гэрч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....  Манай охины хүүхдийнх нь эцэг байгаа юм. 2017 оноос хойш танина. Би нэг их харьцаад байдаггүй юм. Орой 18 цагийн үед би хониндоо явах гээд гэрийнхээ ард мотоциклийнхний констой ноцолдоод сууж байтал гэрт хэрүүл болоод байсан. Би юу болоод байна гээд харсан чинь ******* манай хөгшнийг цохиод унагаасан юм. Тэр үед манай хөгшин хүүхэд тэвэрсэн чигээрээ гэдрэгээ хараад газар унасан. Эрүүл байсан. Гараараа нэг удаа цохисон. Манай хөгшин гарынх нь аяыг яаж дахав дээ. Аль гараараа цохисныг нь анзаараагүй. Архи уудгийг нь сайн мэдэхгүй. Өмнө нь халдаж байгаагүй...... гэх мэдүүлэг / хх-ийн 23 /

6. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн:

  1. Ц.Л гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацар, хамар, уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй... гэх  дүгнэлт /хх-ийн 29-30 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс Шүүгдэгч Ё.П  нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багт иргэн Ц.Л тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний  эрүүл мэнд нь  тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацар, хамар, уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Л , гэрч *******, Ц.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 413 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ё.П ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ё.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ё.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ё.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ё.П  нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч Ё.П  Redmi note 8 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ё.П д буцаан олгож шийдвэрлэв.   Шүүгдэгч Ё.П  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон                                                                                                                                                                                                                                                                        ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Ё.П ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  овогт Ё.П ыг найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  найман зуун  мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ё.П д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ё.П  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ё.П  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ё.П ын эзэмшлийн Redmi note 8 маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Redmi note 8 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ё.П д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ё.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ