Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 302

 

Ж.Б ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор А.Мөнхзул,

          Цагаатгагдсан этгээд Ж.Б ийн өмгөөлөгч К.Манлай,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 121 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Ж.Б ид холбогдох 1708 0246 60465 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ж.Б, 1977 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Үржин шадавлин” хийдэд лам ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙР77121979/;

 

Ж.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 52 тоотод байх гэртээ хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас маргалдан Б.М ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруун дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ж.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Мөнхзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн  цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Ж.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4 дүгээр гудамжны 42 тоотод байх гэртээ хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас маргалдан, Б.М ыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.М, гэрч Б.Мөнхшүр, Б.Цогзолмаа, Т.Цэрэнсамба нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14334 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Ж.Б  нь мөрдөн байцаалтад түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрахаар хэмжээнд түлхээгүй, гэрээсээ гаргах гээд л нэг удаа түлхсэн талаар мэдүүлэг өгдөг. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр нэг удаагийн түлхэлтээр үүсэх боломжгүй, зүүн нүдний ухархайн хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ж.Б  нь хохирогчийг зүгээр нэг түлхээгүй, гэрээсээ гаргах гэж түлхэх, цохих гэх хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчид дээрх гэмтэл учирсан.

Мөн Ж.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн, Б.М ыг зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний төлбөрт 260.000 төгрөг төлсөн талаар мэдүүлэг өгсөн ба түүний өмгөөлөгч ч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн “... тухайн нөхцөл байдал үүсэхэд ямар нэгэн маргаан болоогүй ...” гэж дүгнэсэн дүгнэлт нь гэрч  Б.Мөнхшүрийн “... би хоол хийж байгаад цонхоор харахад Мөнхсайхан ах охиноо дагуулаад манай хөрш Б.М ийн гэр рүү орж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа Б.М ийн охин Ууганцэцэг над руу залгаад “Мөөгий ахыг аваач” гэж хэлсэн. Цаана нь Б.М ийн эхнэр нь аваач ээ гээд орилоод байгаа сонсогдсон” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхдээ хохирогчийн зүй бус авир, хууль бус үйлдлийг үндэслэл болгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайн үед хохирогч Б.М  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Б.М ийнд орж, чи лам, би бөө, чамайг ална гэх мэтчилэнгээр доромжилж, зуух өшиглөх, нулимах зэрэг хууль бус үйлдэл хийсэн нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон. Харин шүүгдэгч Ж.Б  тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж байсан, ухамсарлах боломжтой байсан, хүний эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч Б.М  нь хөрш айлдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ орж зохисгүй авир гарган агсамнах үйлдэл гаргасан хэдий ч Ж.Б ийн орон байранд хууль бусаар нэвтэрч, гэр бүлийнхний нь эрх чөлөөнд халдаж хор уршиг учруулаагүй, харин ч цагдаа дуудлаа шүү гэхээр өөрөө явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.

Ж.Б ийн, хохирогч Б.М д хөнгөн хохирол учруулсан үйлдлийг    санаа зорилго, сэдэлтгүй гэж шүүхээс дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ, байдалтай нийцээгүй. Учир нь тухайн үед гэртээ согтуу орж ирсэн Б.М ыг гэрээсээ гаргах   зорилготойгоор хүчтэй түлхэж довжоон дээр унагаж гэмтээсэн үйлдлээр нотлогдоно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тухайн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байхаар хуульчилсан байна. Шүүх Ж.Б ийн үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж дүгнэсэн ч гэмт хэрэгт тооцохоор байгаа бөгөөд цагаатгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Ж.Б ийн үйлдсэн хэргийн хувьд согтуу, биеэ авч явах чадваргүй хүнийг гэрээсээ гадагш түлхсэн үйлдлийн улмаас ойчиж унахыг мэдэж байсан, хохирогчийн эсрэг чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэж байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа ба Ж.Б ийн үйлдлийн улмаас иргэн Б.М ы биед хөнгөн хохирол учруулсан болохыг хангалттай шалгаж тогтоосон болно.

Шүүхийн цагаатгах тогтоолд цагаатгагдсан этгээд хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг, мөн хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Ж.Б ийн өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Ж.Б  нь Б.М д эелдэгээр сануулсан. Үүнийг хохирогч хүлээн аваагүй. Прокуророос хэргийн нэг талыг барьсан гэж үзэж байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Ж.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.М ыг гэрээсээ гаргахаар түлхсэний улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт тогтоогдсон болох нь:

 

Хохирогч Б.М ы “... би өөрөө согтуу байсан учраас мэдэхгүй байна. Нэг сэрэхэд би дүү Мөнхшүрийн гэрийн үүдэнд нь унтаж байсан. Намайг хоёр цагдаа “бос” гээд сэрээж байсан. Тэр хоёр цагдаа миний хамрыг хараад эмнэлэг дуудаж үзүүл гэсэн ...” /хх 4-6, 37-38/,

гэрч Б.Мөнхшүрийн “... Б.М  охиноо дагуулаад манай хөрш айл Ж.Б ийн гэр лүү орж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа Ж.Б ийн охин Ууганцэцэг над руу залгаад “Мөөгий ахыг аваач” гэж хэлж байсан. ...удалгүй Б.М  ах өөрөө орж ирээд гал тогооны шалан дээр доошоо хараад унтаад өгсөн. Араас нь цагдаа нар орж ирээд Б.М  ахыг яасан юм гээд босгосон чинь Б.М  ахын хамраас цус гарч байсан ...” /хх 11/,

 

гэрч Ө.Цогзолмаагийн “... Б.М  охинтойгоо нэлээд согтуу орж ирсэн. Б.М  “муу сайн лам нарыг ална шүү” гээд байсан. Тэгэхэд Ж.Б  “чи согтуу байна, гэртээ орж амар, хүүхэд чинь даарсан байна, гадаа хүйтэн байна” гэж хэлсэн. Б.М  “та нар шиг лам хүмүүсээр заалгахгүй, би хараал хийж бүгдийг чинь үхүүлнэ” гэж байсан. Тэгж байгаад Б.М ыг Ж.Б  түлхэж гаргасан чинь Б.М  гарч явснаа эргэж орж ирээд “та нарыг ална” гээд зуух өшиглөөд, намайг “гичий минь чамайг ална” гэсэн. Тэгээд Ж.Б  тэсэхээ байгаад Б.М ыг гэрээсээ түлхээд гаргасан. Б.М  довжоон дээр ойчсон байж магадгүй. Манай гэрийн довжоо нэлээд өндөр ...”  /хх 12/,

 

гэрч Т.Цэрэнсамбын мэдүүлсэн “... согтуу хүн орж ирээд агсам тавьсан. Ж.Б  “чи жаахан хүүхэд дагуулчихаад, даарч хөргөөд, согтуу хөлчүү яваад байна” гэж хэлж байсан. Ж.Б  тэр хүнийг гэртээ харь гээд түлхээд гаргаж байсан ...” /хх 13/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.М ы биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруу цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 14334 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 15-16/ зэрэг тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

           

Анхан шатны шүүх Ж.Б ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд “гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлтгүйгээр хохирогчид хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүхийн энэ дүгнэлтээс үзэхэд хууль зүйн зөрчилдөөн бүхий байдлыг бий болгосон байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон байна.  

 

Гэтэл анхан шатны шүүх Ж.Б ийн үйлдлийн улмаас хохирогч Б.М д гэмтэл учирсан үйлдлийг гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна хохирогч өөрт учирсан гэм хорын хохирлыг Ж.Б оос нэхэмжлэх эрхгүй, цаашлаад эмчилгээнд авсан 260.000 төгрөгийг буцаан өгөхөөр байна.

 

Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар Ж.Б  нь Б.М ыг гэрт нь согтуурхан, агсам тавихад нь гэрээсээ гаргахаар түлхсэн, үүний улмаас Б.М  унаж зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруун дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Ж.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулсан гэж үзэх үндэстэй боловч энэ үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилжээ.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх хууль зүйн дүгнэлтийг зөвтгөн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 121 дүгээр цагаатгах тогтоолын 1 дэх заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан...” гэж өөрчлөн цагаатгах тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ