Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1002

 

 

“Летс трэвел тү монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00413 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Летс трэвел тү монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монгол таун бээжин” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 1 925 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, илүү төлсөн хоолны зардал 1 183 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 16-ны хооронд Улаанбаатар-Эрээн-Бээжин чиглэлд нийт 16 хүнийг аялуулахаар “Монгол таун бээжин” ХХК-ийн захирал Х.Мөнхтулгатай тохиролцож, 2016 оны 5 дугаар сард аялалын хөтөлбөрөө өгч танилцуулахад 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Х.Мөнхтулга нь 10 064 000 төгрөгийн нэхэмжлэхийг и-мэйл хаягаар илгээсэн нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. “Летс трэвел тү монголиа” ХХК-иас 16 хүний Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн замын зардлыг хариуцахаар, харин “Монгол таун бээжин” ХХК нь Замын-Үүд-Бээжин чиглэлийн замын зардлыг хариуцахаар тохиролцсон. “Летс трэвел тү монголиа” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн явах билетийг олгосон ба буцах билет олдохгүй байсан учир Х.Мөнхтулга захирлаас лавлахад Эрээнээс-Улаанбаатар хотын чиглэлд билет олдоно гэсний дагуу 10 064 000 төгрөг дээр 959 259 төгрөгийг нэмж “Монгол таун бээжин” ХХК-д шилжүүлсэн. Хариуцагчийн автобус нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аялагчдыг 4 цаг гаруй Эрээн хотод хүлээлгэсэн. Аялагчид Бээжин хотод зочид буудалд паспортоо үлдээгээд аялж, аялалын хугацаа дуусахад Х.Мөнхтулга захирал өөрөө ирээгүйн улмаас буудлын хөлс болох 6 190 юань төлөгдөөгүй үлдсэн тул аялагчдын паспортуудыг байрласан зочид буудал нь барьцаалсан. Тус Бээжин хотын зочид буудлын ажилтан н.Оргилтой холбогдож 6 190 юаныг 309 төгрөгөөр тооцож 1 912 710 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт байгаа, хөтөч н.Алтанзаяа гэх хүн сайн мэддэг бөгөөд хариуцагч маргадаггүй. Ингээд аялал дуусахад хариуцагчийг Эрээнээс-Улаанбаатар чиглэлд аялагчдын билет авчихсан гэж ойлгож байсан боловч Х.Мөнхтулга захирал алга болсноос дахин буцах билет хайж, Замын-Үүдээс-Улаабаатар хот руу буцах билетийн үнэ 711 000 төгрөг шилжүүлсэн. Үүнд "Ингэт тулга ХХК-ийн аялагчдын зардал багтаж байгаа боловч бид энэ мөнгөнөөс татгалзаж байна. Харин Х.Мөнхтулга нь Эрээнээс-Улаанбаатар хот руу явах галт тэрэгний тасалбарыг авна гээд 959 200 төгрөгийг авсан атлаа тасалбараа аваагүй. Бид 6 190 юань буюу 1 867 275 төгрөг, Эрээнээс-Улаанбаатар хот руу явах галт тэрэгний тасалбарыг авна гэж Х.Мөнхтулгын авсан 959 200 төгрөг, нийт 2 826 475 төгрөг болж байгаа ба Х.Мөнхтулга нь 900 000 төгрөгийг төлсөн учир түүнийг хасаад 1 925 825 төгрөгийг нэхэмжилж, үлдэх хэсгээс нь татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс буудлын зардалд төлсөн 6 190 ам.долларыг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэгч анх 11 023 200 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Эрээнээс-Замын-Үүд, Замын-Үүдээс-Улаанбаатар чиглэлд явах билетийн зардлын мөнгийг нэхэмжлэгч тал хариуцах ёстой байсан учир 959 200 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2 тусдаа билетийн мөнгө шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн. Дахин шилжүүлсэн гэх 711 000 төгрөг нь Замын-Үүдээс-Улаанбаатар чиглэлийн билетийн мөнгө юм. Харин зөрүү болох Эрээнээс-Замын-Үүд чиглэлд 16 аялагчдыг тээвэрлэсэн зардал болох 202 125 төгрөгийг нэхэмжлэгч тал тооцоолохгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас бид 1 723 700 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Летс трэвел тү монголиа” ХХК болон “Монгол таун бээжин” ХХК нь хамтарч 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэлх аяллыг зохион байгуулсан. Уг аялалд “Летс трэвел тү монголиа” ХХК-ийн олсон 16 аялагч явсан. Анх нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр файнал буюу эцсийн хөтөлбөрийг илгээсэн байдаг. Уг хөтөлбөрөөр чөлөөт өдөр буюу аялагчид өөрсдөө хоолоо бэлтгэдэг өдрүүд байхаар тусгасан байсан. Уг чөлөөт өдрүүд нь аялал зохион байгуулагчаас хоол олгохгүйгээр тохирсон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 09, 10, 15, 16-ны өдрүүдийг чөлөөт буюу хоолгүй өдрүүд байхаар, 07 дугаар сарын 14-ний өдөр оройн хоолгүй буюу өглөө, өдрийн хоолтой байхаар, бусад өдрүүдэд өглөө, өдөр, оройн хоолтой байхаар зохицуулж тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, нийт аяллын туршид 4 өдөр нь чөлөөт өдөр байсан. Бид уг хөтөлбөрийг үндэслэн өөрсдийн тооцооллыг хийж 10 064 000 төгрөгийг нэхэмжлэх явуулсан бөгөөд үүний дагуу “Летс трэвел тү монголиа” ХХК шилжүүлсэн байдаг. Аялал эхлээд 2016 оны 7 дугаар сарын 09-нд яваад Эрээн хотод очсон эхний өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хөтөлбөрийн дагуу чөлөөт өдөр байх ёстой байсан. Гэтэл аялагчид тус өдөр нь өдөр, оройн хоол идэх ёстой гэж маргаан гаргасан. Энэ талаар аялагчдад ойлгуулж хэлэхэд өөрсддөө байгаа хөтөлбөрөө гаргаж ирж түүнээс харахад “Летс трэвел тү монголиа” ХХК-иас “Монгол таун бээжин” ХХК-д өгсөн хөтөлбөрөөс зөрүүтэй буюу 5 хоол илүү өгөхөөр хөтөлбөр байсан тул энэ талаар “Летс трэвел тү монголиа” ХХК-д холбогдож хэлэхэд манай компанийн хариуцлагагүй байдлаас болсон байна, 2 компанийн нэр хүндийг бодоод хөтөлбөрийн дагуу хооллоод, зөрүү мөнгийг дараа нь өгнө гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, аялагчдад байсан хөтөлбөрийн дагуу илүү хоол олгосон. Эхний өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 887 юань, 12-ны өдөр 1 250 юань, 13-ны өдөр 1 310 юань, мөн өдөр 1 250 юань, 14-ний өдөр 1 290 юань, 16-ны өдөр 1.000 юань нийт 6 987 юанийн илүү хоол олгосон. Бид 6 987 юанийг 20 хүнд тооцоход, 1 хүний 349.35 юань болно. “Летс трэвел тү монголиа” ХХК-ийн 16 аялагчдад тооцоход 5 689.6 юань буюу тухайн үеийн валютын ханш 365 төгрөгөөр тооцоход 2 040 200 төгрөг болсон, үүнд дээр “Ингэт” ХХК-ийн 4 аялагчдын төлбөр 150 000 төгрөг дутуу өгсөн ба үүнийг нэмэхээр 2 191 000 төгрөг болсон. Бид нар хөтөлбөрийн хаалтад бичигдсэн хоолыг л өгөх ётой байсан. “Летс трэвел тү монголиа” ХХК нь “Асме-Мон” ХХК-тай гэрээ хийхдээ илүү хоолтой хөтөлбөрөөр гэрээ хийсэн байдаг. Бид сөрөг нэхэмжлэлээ тодруулахад 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Үжин зоогийн газарт 2 000 юанийн хоол, 14-ний өдөр 1 290 юанийн хоол, 16-ны өдөр 1 000 юанийн өглөөний цайны зардал болох нийт 4 290 юанийн зардлыг 20-д хувааж, 16-р үржүүлэхэд нийт 3 432 юанийн хоол илүү олгосон байдаг. Үүнийг хэрэгт авагдсан 301.66 юанийн ханшаар тооцоход 1 033 030 төгрөг болж сөрөг нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна. Үүнд дээр 150 000 төгрөгийг нэмэхээр 1 183 030 төгрөг болж байгаа үүнийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж үлдэх хэсгийг татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчийн гаргаж өгсөн 10 баримтаас Хятад хэлнээс Монгол хэл рүү 7 баримтыг нь орчуулсан. Гэтэл уг баримтыг аялалын хөтөлбөртэй тулгаж үзсэн. 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 887 юанийн хоол идсэн гэх боловч энэ өдөр аялагчид Монгол улсад байсан буюу хилээр гараагүй байсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 1 370 юань болон 1 250 юанийн баримт гаргасан боловч үүнийг хөтөлбөрөөс харахад өглөө, өдөр, орой хоол гэж тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь хөтөлбөрийн дагуух хоол юм. Мөн 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 1 250 юань, 1 310 юанийн хоолны үнэ нэхэмжилсэн. Гэтэл энэ өдөр нь бүрэн хоолтой өдөр байсан нь хөтөлбөрөөс харагдана. 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр аялагчид өөрсдөө хоолоо бэлтгэх ёстой байсан. Гэтэл тус өдрийн 1 290 юанийн баримтыг хариуцагч тал өөрсдөө цуглуулсан гэж үзэж байна. Учир нь Эрээн хотод хоол идэхгүй байхаар хөтөлбөрөөр зохицуулсан. Мөн сүүлийн баримт болох 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1 000 юанийн баримт байгаа ба тус өдрийн өглөө 8.00 цагт аялагчид Улаанбаатар хотод ирчихсэн, шөнө дундад Шанд хэмээх газарт явж байсан. Тиймээс эдгээр гаргаж өгсөн баримтууд нь худлаа, өөрсдийнх нь хэрэглэсэн хоолны баримт байна. Мөн “Ингэт тулга” ХХК-иас 150 000 төгрөгийг авах ёстой болохоос манай компаниас авна гэж байгаа нь үндэслэлгүй. Монгол улсад юанийн ханш 365 төгрөг болж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч “Монгол таун бээжин” ХХК-иас 1 867 265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Летс трэвел тү монголиа” ХХК-д олгон, үндсэн нэхэмжлэлээс 58 500 төгрөгийн шаардлагыг, хариуцагч “Монгол таун бээжин” ХХК-ийн 1 183 030 төгрөгийг нэхэмжлэгч “Летс трэвел тү монголиа” ХХК-иас гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Летс трэвел тү монголиа” ХХК нь нэхэмжлэлээс 756 435 төгрөгийн шаардлагаас, хариуцагч “Монгол таун бээжин” ХХК нь сөрөг нэхэмжлэлээс 1 007 970 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 086 төгрөгөөс 57 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 12 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44 826 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хоёр компани аялал зохион байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь аялалын хөтөлбөр зохиосон байх бөгөөд дээрх хөтөлбөрт аялагчдыг хэрхэн аялуулах, нийт хичнээн удаа хооллох зэрэг нарийн асуудлыг тусгасан байдаг. Гэтэл “Летс трэвел тү монголиа” ХХК-ийн "Асме-Мон" ХХК-тай байгуулсан 16 хүнийг аялуулах аялалын хөтөлбөрт 16 аялагч тус бүрийг нийт 10 удаа хооллохоор тусгасан байсан нь талуудын хооронд батласан хөтөлбөрөөс 5 удаагийн хооллолт илүү байснаас хариуцагч нь 16 хүнд нийт 2 сая гаруй төгрөгийн хоол илүү олгосон. Гэвч хэрэгт цугласан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаарлагаа 1 183 030 төгрөг болгон багасгасан боловч шүүгч үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүйд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Нэхэмжлэгч нь "Асме-Мон" ХХК-тай байгуулсан Аялал жуулчлалын гэрээний үүргээ зөрчин аялалыг зөвшөөрөлгүйгээр "Монгол таун бээжин" ХХК-иар зохион байгуулсан байдаг. Гэтэл шүүх дээрх баримт, хуулийн зүйл заалтыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Аялал жуулчлалын гэрээний хөтөлбөрүүд хоорондоо зөрүүтэй байдгаас гадна аялалын хугацаа 1 өдрөөр хожимдож эхэлснийг шүүх үнэн зөвөөр дүгнэж чадаагүй. Аялагчдад олгосон илүү хоолны баримтыг миний бие шүүхэд орчуулан өгсөн ч орчуулгын алдаанаас болж дүн нь эргэлзээтэй бичигдсэн боловч дээрх баримтын эх хувь дээр дүнг нь тодорхой бичсэн байдаг. Мөн “Үжин” зоогийн газар хоол идсэн баримтыг орчуулах шаардлагагүй байсан бөгөөд дээрх баримтад 21 хүний хоол, 2000 юань гэж крилл үсгээр, ойлгомжтой бичсэн байдаг. Гэтэл шүүх зарим үг, өгүүлбэр Хятад хэл дээр байсан хэмээн үнэлээгүйд гомдолтой байна. Аялал 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос эхэлж аялагчид 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн тухай талууд маргаагүй бөгөөд гэрч ч үүнийг нотлодог. Гэтэл шүүгч 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад ирсэн учир тухайн өдөр хоол идсэн байх үндэслэлгүй гэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Летс трэвэел тү монголиа” ХХК нь хариуцагч “Монгол таун бээжин” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 2 682 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 925 825 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан илүү төлсөн хоолны зардал 2 191 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 1 183 030 төгрөг болгон багасгасан байна.

 

Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрээн-Бээжин чиглэлийн аялалд 16 хүн аялуулах аялал жуулчлалын гэрээг Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасны дагуу аялагчидтай байгуулсан тухай үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Энэхүү аялал жуулчлалын үйл ажиллагааг талууд хамтарч зохион байгуулахдаа нэхэмжлэгч нь реклам сурталчилгаа хийх, аялагчдыг бүртгэх, аялагчдын Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний тийз захиалж өгөх, аялагчдыг хариуцагчид зуучлах үүргийг, хариуцагч нь аялагчдыг Улаанбаатар-Эрээн-Бээжин чиглэлд аялуулж хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлэх үүргийг тус тус хүлээжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Талууд дээрх аялалыг хамтарч зохион байгуулахдаа аялагчдад зориулж хэрхэн ямар үйлчилгээ үзүүлэх, хэдэн удаа хооллох талаар урьдчилж хөтөлбөр боловсруулсан, уг хөтөлбөрийг нэхэмжлэгч хариуцагчийн цахим хаягаар илгээсэн нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон тул талууд хөтөлбөрийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “аялалын хөтөлбөрт 16 аялагч тус бүрийг нийт 5 удаа хооллохоор тохирсон байтал нэхэмжлэгч аялагчдад 10 удаа хооллох хөтөлбөр танилцуулж зуучилснаас аялагч тус бүрт 5 удаа илүү хоолны мөнгө төлж хохирсон” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч аялагчдын буусан буудлын мөнгөнөөс 6 190 юанийг төлөөгүйгээс аялагчдын гадаад пастортыг тэдгээрийн буусан зочид буудал барьцаалсан тул нэхэмжлэгч түүний өмнөөс 6 190 юанийг БНХАУ-ын Бээжин хотын “Shindom inn Jianguomen” буудалд төлсөн талаар зохигч маргахгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчид хариуцагчийн өмнөөс буудлын хөлсөнд төлсөн 1 867 265 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

 

Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалт тохиромжтой юм.

 

Хариуцагчийн БНХАУ-ын Эрээн хотын “Үжин” зоогийн газарт хоолны зардалд 2 000 юань төлсөн гэх баримт нь орчуулгагүй, 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хоолны зардалд 1 290 юань төлсөн гэх тайлбар нь 129 000 юанийн баримтаар нотлогдоогүй. Мөн 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод хоолны зардалд 1000 юань төлсөн гэх боловч аялагчид өглөө Улаанбаатар хотод ирсэн тул хоолны зардал гараагүй гэж үзнэ. Дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж дүгнэж тагалзлалыг баталж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж уг алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Монгол туан бээжин” ХХК-иас 1 867 265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Летс трэвел тү монголиа” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58 500 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1 183 030 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3”, 5 дахь заалтыг “4” гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ