Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0558

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0558

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Шийн

      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Шь

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд С.У

Гуравдагч этгээд Ж.Р-О

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, 2021 оны А/574 дүгээр захирамжийн Ж.Р-От холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 415 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,

Гуравдагч этгээд Ж.Р-Оын өмгөөлөгч Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0814/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Шиас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, 2021 оны А/574 дүгээр захирамжийн Ж.Р-От холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ши нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

-Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн хавсралтын С.Ут холбогдох 23 дахь заалтын Шийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Урлангийн байшинтай давхцалтай 13.97 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг,

-Нийслэлийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/574 дүгээр захирамжийн хавсралтын Ж.Р-От холбогдох 14 дэх заалтын Шийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Урлангийн байшинтай давхцалтай 13.97 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээд С.У нь цаг хугацааны хувьд маргаан бүхий газрыг эзэмшихээр нэхэмжлэгчээс түрүүлж хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий газар нь анхнаасаа нэхэмжлэгчийн эзэмшил газарт хамаарч байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажаагүй боловч газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн, хашаалсан газар буюу уг газарт манай сургуулийн Урлан байшин болон цахилгааны узель байрладаг байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болон мөн оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хүсэлт гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14, 15-д “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн нөхцөл байдлуудыг дурдаад энэхүү маргаанд хамааралгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бөгөөд дээрх үндэслэл тус бүрт дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

3.2.Газар зохион байгуулалтын албанаас Шьд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 03-06/3578 дугаар албан бичигтээ “2007 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн кадастрын зураг нь нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажаагүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн зураг байна. Мөн танай сургуулийн зүүн талд нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар 860 м.кв газрыг иргэн С.Ут эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсний дагуу хууль бус шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ хүчингүй болгохоор ажиллаж байна” гэсэн хариу өгсөөр байтал уг нотлох баримтыг үндэслээгүй шийдвэр гаргасан.

3.3.Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нийслэлийн Засаг даргын 2021 оны А/574 дүгээр захирамжийн Ж.Р-От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа тогтоох хэсэгтээ уг шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 415 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээд Ж.Р-Оын өмгөөлөгч Ц.Ц давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.

1.Шийдвэрийн “…гуравдагч этгээд С.У нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч ШУ-иас өмнө маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан…” гэсэн дүгнэлт нь бодит нөхцөл байдалтай нийцээгүйгээс гадна Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421 дүгээр захирамжаар С.Ут эзэмшүүлсэн 860 м.кв газар нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/379 дүгээр захирамжаар ШУ-д эзэмшүүлсэн сургалт, боловсролын зориулалттай 3208 м.кв газартай байршлын хувьд давхцалгүй мэт боловч уг газар нь анхнаасаа ШУ-ийн эзэмшил хашаан дотор, тус сургууль эзэмшиж байсан болох нь 1-р хх-ийн 174 дүгээр талд авагдсан фото зураг, шүүхийн үзлэг, үзлэгийн явцад авсан фото зургаар тус тус тогтоогдож байна.

2.Түүнчлэн газар эзэмшүүлсэн он дарааллаар нь авч үзэхэд нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 3876 м.кв газрыг сургалт, оюутны байрны зориулалтаар эзэмшүүлсэн, гэвч сургуулийн тухайн үеийн удирдлагаас гаргасан хүсэлтийг үндэслэн газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан талаар Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 03-06/3578 дугаар хариу албан бичигт дурдаж, мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/636 дугаар албан бичигт 2006 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс хойших мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх 2007 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөр огноолсон нэгж талбарын 18643311673886 тоот кадастрын зурагт гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрыг хамруулан нийт 4157 м.кв буюу одоогийн хашаалсан хэмжээгээр ШУ тухайн газрыг эзэмшиж байсан боловч энэхүү эрхээ нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулаагүй байжээ.

Гэхдээ ШУ-ийн ҮТДС-ийн тухайн үеийн захирал Б.Д 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 158 дугаар албан бичгээр нийслэлийн Газрын албанд хандаж “…СБД-ийн 8-р хороо, Бага тойруу 38, академич Содномын гудамжинд байрлах тус сургуулийн оюутны байрыг нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар баталгаат хэмжээг тогтоосон актыг үндэслэн хичээлийн байрны эзэмшил газраас салгаж гэрчилгээ олгож өгөх”-ийг л хүссэнээс бус одоогийн маргаан бүхий газрыг эзэмшихээс татгалзсан талаарх хүсэлт гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

3.Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтээр сургуулийн зөвхөн урлангийн 1 давхар барилгын суурьтай давхацсан хэсгийг тогтоолгосон, гэтэл зурган мэдээллүүдээс үзэхэд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газарт бүхэлдээ байрлах сургуулийн цахилгааны узелийн хэсгийн талаар дүгнэлт гаргуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл урлангийн барилгын суурьтай 13.97 м.кв хэмжээгээр л давхацсан гэх дүгнэлт хангалтгүй төдийгүй узель бүхэлдээ давхацсан, цаашлаад орц, гарцын хувьд ч боломжгүй байрлалд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч ШУ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхий зөрчсөн хууль бус захирамж байх тул гуравдагч этгээд С.Ут үйлчилгээний зориулалтаар 860 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/421, уг газрыг гуравдагч этгээд Ж.Р-От шилжүүлэн эзэмшүүлсэн мөн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны А/574 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс олон жилийн турш хашаалан эзэмшиж байсан газраа нэмэгдүүлэн баталгаажуулах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/851 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргасан байхад уг хүсэлтэд хариу өгөөгүй атлаа С.Уын газраа шилжүүлэх хүсэлтийг үндэслэн Ж.Р-От газар эзэмшиж эрхийг шилжүүлсэн захирамж нэгэн адил хууль бус болно.

4.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02-07-119/873 дугаар дүгнэлтээр ШУ-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хичээлийн 4 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон, энэхүү дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн МЗХ2017/27-24 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан зэргээс үзэхэд одоогийн маргаан бүхий газар нь байршлын хувьд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээт газарт хамаарахаар байна.

Иймд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэснийг зөрчиж гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн байна гэж дүгнэв. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 415 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан ШУ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/421 дүгээр захирамжийн хавсралтын С.Ут, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/574 дүгээр захирамжийн хавсралтын Ж.Р-От холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Огийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

   ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

   ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН