Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга:  Г.Цогдэлгэр,

Шүүгдэгч:  Ч.Д  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014005180026 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******ы *******, / Регистрийн дугаар;*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Д  нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр Д.Э гийн толгой руу таягаар цохин зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, 2 нүдний дээд, доод зовхи болон хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би төрсөн өдрөө тэмдэглээд найзын хамт нэг шил архи уучхаад эхнэр ажлаасаа ирж байна гэхээр нь би унтаж байгаа дүр эсгээд хэвтсэн. Тэгээд орж ирээд эхнэр уурлаад гэрээ цэвэрлэхэд яадаг юм гээд дэрээр цохих гээд хашхичаад байхаар нь би гэрээсээ гараад явсан эхнэр ардаас сохор доголонгоор дуудаад хоцорсон. Тэгээд эхнэр цайны цагаа дуусгаад ажилдаа явсан байхаар нь би буцаж гэртээ ирээд 2 литр пиво байхаар нь ганцаараа уучхаад унтаж байтал эхнэр орой ажлаа тараад ирээд гэр орон цэвэрлэхгүй гээд хашхичаад миний таягаар хатгаад байхаар нь би таягаар эхнэрээ далдираагаад айлгая гэж бодоод далайтал таягаараа эхнэрийнхээ дух руу нь цохиж хагалчхаад би эхнэрээсээ санаатай цохиогүй гээд уучлалт гуйсан. Тэгээд духнаас нь цус гараад байхаар нь их эмч рүү утсаар яриад оёдол тавиулсан тэгээд эхнэр гараад явсан би ч гэртээ унтаад өгсөн. Би урьд нь эхнэрээ зодож байгаагүй. Тухайн үед миний эхнэрээ цохисон таяг нь бор өнгийн таяг байсан би ягаа найзын хамт хэрэг гарсны дараа архи ууж яваад манай найз надтай уурлаж байгаад төмөр лүү цохиж хугалсан дараа нь би өөр хүнээс таяг асуутал нэг таяг байна аваачаад өгье гээд таягтай болсон. Эхнэрээ цохидог таяг хугарсан болохоор нь тэр чигт нь хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д  мэдүүлэхдээ: Хэлж ярих зүйлгүй өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

   3. Хохирогч Д.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян- Өндөр сумын 3 дугаар багт байрлах Дэнж 11 тоотод байдаг гэртээ орой 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ороход манай нөхөр нь ******* гэх хүнтэй гэртээ архи уусан гэр орон бохир заваан байсан, “гэр орон муухай байлгалаа” гээд ууртай хэлсэн, “гэр оронд архи уугаад” гээд загнахад манай нөхөр ******* гэрээсээ гараад алга болоод цаг гаран болоод гэртээ орж ирсэн. Над руу аймгаас ирсэн жолооч залгаад “дайвар ирсэн ирээд аваадах” гэсэн дайвар аваад гэртээ ирэхэд нөхөр унтаж байсан амрах гээд байж байтал манай нөхөр сэрээд “чи муу янхан хэнтэй уулзаад хаагуур явж байгаад ирэв ганцаар унтах гээд байгаа юм уу” гээд босож ирээд таягаараа цохих гээд гэр тойруулж намайг зодох гээд хөөсөн. Таягаараа 1 удаа толгой хэсэгт дух руу 1 удаа хүчтэй цохисон, толгой хэсэг духнаас цус гараад байхаар нь би сумын Эрүүл мэндийн төв дээр 5 оёдол тавиулсан. Би 1997 оноос хойш хамтран амьдарч байгаа. 1998 онд гэрлэлтээ батлуулсан. Манай нөхөр гэр бүл болсноос хойш архи уудаг уух болгондоо хэрүүл маргаан гарган агсам согтуу тавьдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 03-05, 22-26 /,

 4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Ч.Д  нь миний 6 дахь төрсөн дүү байгаа юмаа эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг манай дүүгийн хүүхдүүд нь том болсон хүүхдүүд байдаг зан араншин нь сайн архи уудаг, архи уучхаад эхнэрээ зодлоо гээд сонсогдож байдаг нэгнийгээ зодож байхыг нь бол хараагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 /,

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Ч.Д  нь миний бүл дүү юмаа. Ч.Д  эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ч ******* зан араншин нь сайн архи уудаг, архи уучхаад эхнэрээ зодлоо гээд сонсогдож байдаг нэгнийгээ зодож байхыг нь бол хараагүй. Миний дүү Ч.Д  Өмнөговь аймгийн овоотын цэргийн ангид алба хаасан уг хүний хувьд хөнгөн зантай тэр зангаасаа болоод асуудалд орчхоод байдаг юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57/,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:

   1. Д.Э гийн биед духанд шарх, 2 нүдний дээд, доод зовхи болон хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/

    7. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13-14/, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 15/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31, 34/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Д  нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багт байх өөрийн гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Д.Э г мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох   зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,  гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Д ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ч.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э  нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.Д  нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч Ч.Д ын гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Д д буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Д  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Ч.Д ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  овогт Ч.Д ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Д д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Д д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Д д нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ч.Д ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Д д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ