| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/044 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Эх булаг овогт Буянхишигийн Ганбаатар / РД:ВО65111237/ регистэрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн нутаг Мандалын баруун салаа гэх газарт байх өөрийн гэртээ Д.Н ын хүзүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Н ын хамт адуу үхрээ бөөгнүүлэх гээд хамт яваад орой 16 цагийн үед бид 2 гэртээ ирсэн тэгээд морио аргамжаад явж байхад Н манайд отрын хүмүүс ирнэ гэж хэлсэн тэгээд би гэр лүүгээ ороод цайгаа чанаад байж байтал Амарбаясгалан, Батмөнх, 2 ороод ирсэн. Тэгээд цай арай буцлаагүй байсан. Тавагтай идээ авч өгөөд байж байтал цай буцалсан тэгээд цай хийж өгөөд ямар хоол хийлгэх ах нь хуушуур хийж өгөх үү гээд адууны махаа гаргатал хөлдүү байсан тэгсэн чинь нөгөө 2 яахын бэ та зүгээр цуйван хийчих гэж хэлхээр би би гурилаа зуураад цуйван хийгээд хоолоо идчихээд Н ынх руу бид 3 орсон. Тэднийх ширээ засаад хоол хийсэн байсан тэгээд бид нар бүгдээрээ хоол унд идээд отроор явж байсан хүмүүс 2 шил архи гаргаж ирээд Н , Амарбаясгалан, Батмөнх, Чүнчигноров бид 5 хувааж уугаад хажуугаар нь даалуу тоглоод дуусаад архиа бас дуусгаад отрын 3 хүн гэр лүүгээ явцгаая гээд яваад би дүү нар бүгдээрээ сайхан амарцгаагаарай гэж хэлж явуулаад Н ынд би үлдсэн. Тэгээд би Н ын манайд гал түлээд өгчих гээд гэр лүүгээ хамт ороход Монгол Улсын ерөнхийлөгч үг хэлж байхаар нь би орон сүүгээ гаргаж ирээд нэг аяганд хийгээд шинэ он гарж байна юм бүх нь цагаан байг гээд сүүгээ өгөхөд юун сүртэй юм гэхээр би чамд хор өгөхгүй байна чи уухгүй бол би нохойндоо өгчихье гээд аваад савандаа хийгээд байж байтал яасан овоо пиздаа гээд миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод хоолой боохоор цааш түлхээд хулдаасан доогуур хутга харагдахаар аваад чичтэл хоолой руу хатгасан байна лээ. Гаргасан алдаандаа гэмшиж байна өөр зүйл болоогүй. Тэгээд эхнэр орж Н ыг авсан байх би цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд унтаад өгсөн байна лээ тэгээд нэг мэдэхэд цагдаагийн алба хаагч нар сэрээсэн..... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Д.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ганбаатар бид 2 адуу үхрээ бөөгнүүлээд отроор явж байсан Амарбаясгалан, Батмөнх, Чүнчигноров 3-ын гэрт очиход тэр 3 орой танайд очиход шинэ он гаргая гэж хэлээд Ганбаатар бид хоёр түрүүлээд 18 цагийн үед гэртээ ирсэн...Тэгээд Ганбаатар манайд байж байгаад манай галын түлээд өг гээд бид манайхаас Ганбаатарынд ороод гэрийнх нь хойд хэсэгт суухад надад аягатай цуйван авч өгсөн. Тэгээд байж байснаа Ганбаатар гараараа зурагт руу цохиод зурагтынхаа нүүрийг хагалаад над руу дайраад эхэлсэн.Тэгээд хутга хаанаас авсан юм мэдэхгүй Ганбаа ах над руу дайраад эхэлсэн тэгэхээр нь та чинь яах гээд байна гэхэд над руу 2-3 удаа хутгаараа чичээд чамайг алчихъя гээд миний зүүн эрүүний доод хэсэгт хутгалсан.Тэгээд би гараараа хүзүүгээ тэмтэрч үзэхэд цус гарч байсан тэгээд Ганбаатар ах миний хүзүүнээс гарсан цусыг арчаад байж байтал манай охин гаднаас шагайгаад эргээд гүйсэн.Тэгээд юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд гэртээ орж ирсэн байсан. Тэгээд удалгүй хаалга цохиод байсан хаалганы цаанаас Ганбаа ах чамайг ална гээд орилоод байхаар нь хаалгаа тайлж өгөхгүй байж байтал эргээд чимээгүй болсон. Тэгээд манай эхнэр дуудлага өгөөд 04 цагийн үед цагдаагийн болон эмнэлгийн алба хаагч нар ирсэн...цуйван өгсөн тэгээд цуйван дээрээс нь ганц нэг махыг авч идээд байж байсан чинь зүүн талынхаа орон дээр сууж байгаад баруун гараараа зурагтаа хагалаад над руу босож ирээд намайг дээрээс дараад авсан тэгээд би юу болсныг мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 30-34 /
4. Гэрч И.Алтанцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр өглөө 12 цагийн үед үхэр адуугаа бөөгнүүлнэ гээд Ганбаа ахтай цуг явсан орой 18 цагийн үед ирээд морь малаа аргамжаад Ганбаа ахтай цуг орж ирсэн тэгээд Ганбаа ах манайд цай уучхаад гэр лүүгээ орж галаа түлнэ хоолоо хийнэ гээд гарсан...Тэгээд байж байтал Ганбаа ах манай нөхрийг гал түлээд өг гээд дагуулаад гарсан. Тэгээд би ор дэрээ засчхаад том охин Ганбаа ахынх рүү яваад аавыгаа дуудаад ирье гээд гарахад удалгүй аав Ганбаа ах 2 зодоо хийгээд байна гэж орж ирсэн. Тэгээд би араас ороход зуухны зүүн талын орны урд талд суучихсан манай нөхрийн хүзүүнээс цус гараад Ганбаа ах гараараа арчаад сууж байсан. Тэгээд Ганбаа ахаас та чинь яаж байна аа хүн алчхаж байгаа юм биш үү гэхэд Ганбаа ах зүгээрээ зүгээр нэл шалбархай байна гэхээр нь би цагдаа дуудна аав ээжид хэлнэ гээд гарахад миний хойноос Ганбаа ах манай нөхрийг аваад ороод ирсэн. Тэгээд намайг утсаар ярьж байхад яагаа ч үгүй шүү гээд орилоод байсан. Тэгээд манайхаас гараад явахаар нь би хаалгаа түгжээд ахиж оруулаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/
5. Насанд хүрээгүй гэрч Н.Ууганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай аав Ганбаатар гуайтай цуг өдөр адуу үхрээ бөөгнүүлэхээр явсан тэгээд гэртээ ээж 2 хүүхдийн хамт үлдсэн гэр орныхоо ажлыг хийгээд орой болж байхад аав Ганбаатар ах 2 ирсэн тэгээд морь малаа аргамжаад 18 цагийн үед гэртээ орж ирсэн...Тэгээд удалгүй Ганбаатар ах аавыг манайд ороод гал түлээд өг гээд дагуулаад гаргасан. Тэгээд жаахан байж байгаад ороо засчхаад унтъя аавыгаа дуудаад ир гээд ээж хэлсэн. Тэгээд би гэрээс гартал Ганбаатар ахын гэрт чанга чанга орилох дуу гарсан тэгэхээр нь би гүйж очоод хаалгыг онгойлгоход аав Ганбаатар ах 2 орон дээр зэрэгцэж суусан аавын хүзүүнээс цус гарсан байсан гэрийнх нь хойморт аяга хагарсан цай асгарсан байхаар нь би эргэж очоод ээжид тэр 2 хоорондоо зодолдоод байна гэж хэлэхэд ээж гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
6. Гэрч Ж.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Намайг гэрт ороход Н хоймрын орон дээрээ унтсан байдалтай хүзүүний зүүн талаар цус гараад хатсан байдалтай байсан...Тэгээд үзлэгийг хийхэд хүзүүний зүүн урд дээд хэсэгт 1,2 сантиметр орчим гүнтэй 1 сантиметрийн орчим урттай ил шарх үүсэж цус тогтож гарсан цус нь хатсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/
7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн:
1. Д.Н ын биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 70-71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн нутаг Мандалын баруун салаа гэх газарт байх өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Н ын хүзүүний зүүн дээд талд хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Н , гэрч Ж.Хаш-Эрдэнэ, И.Алтанцоож, насанд хүрээгүй гэрч Н.Ууганцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 35 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч Б.Г ын “Нокиа 7070” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Г т буцаан олгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хүрэн улаан өнгийн бариултай 1 ширхэг хутга, 1 ширхэг хагархай аяга, куртик, зурагт зэргийг хураан авсан бөгөөд хутга, хагархай аяга, куртик зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, харин зурагтыг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Г т буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт Буянхишигийн Ганбаатарыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн бариултай 1 ширхэг хутга, 1 ширхэг хагархай аяга, куртик, зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24 инчийн зурагтыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Г т хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Г ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Г т буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ