Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/52

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт А-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, спортын инженер мэргэжилтэй, Шинь Шинь ХХК-нд савлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..., ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн эрүүгийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн эрүүгийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор эрүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ... овогт ... А /РД: .../

 

Шүүгдэгч А нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах “EF”  дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Найзаасаа уучлалт гуйж эвлэрсэн...” гэв.

 

Шүүгдэгч А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 14 цагийн орчим “EF” дэлгүүрийн гадна очиход Ц машинаасаа буухгүй байхаар нь машин дээр нь очиход жоохон уусан байдалтай буухгүй байсан. Улмаар би тэвэрч аваад буулгаж байсан чинь миний шинээр худалдаж авсан цамцнаас зуурч байгаад урахаар нь миний уур хүрээд 2-3 удаа тохойдоод 2-лаа зууралдаж байгаад хамт газарт унасан. Ингээд бид хоёрыг хажууд байсан хүмүүс салгахад Ц хөл эвгүй болчихсон байна гээд газарт сууж байхад нь Ц-гийн эхнэр нь ирээд машиндаа суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар тал/,

 

Хохирогч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүү Т-ын хамт Төмөр замд байж байхад ... А ирээд намайг машиндаа суу гэхээр нь би суугаагүй юм. Намайг суухгүй гэсэн чинь намайг газарт унагаагаад зодсон. Миний баруун хөлний шилбэ хэсэгт 2 хугарсан. Зүүн хөмсөг язарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

 

Гэрч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2 Портер машиныг засварлаж дуусаад эзэнд нь хүргэж өгөх гээд төмөр замын “EF” дэлгүүрийн гадна Ц ахын хамт очсон. Дэлгүүрийн урд байж байхад Ц ахын утас руу нэг хүн залгаад уулзъя гээд байх шиг байсан. Улмаар удалгүй Харриер маркийн ...УНУ улсын дугаартай машинтай А гэх танил нь ирээд Ц ахын сууж байсан машин дээр ирээд хүрэмнээс нь чирж буулгаад тэвэрч аваад өөрийнхөө машинд суулгах гээд байсан. ... Ц ах суухгүй гээд хэрүүл маргаан болж байхад А, Ц ахын нүүрэн тус газарт толгойгоороо цохиод газарт унагаагаад өшиглөж нүүр хэсэгт 2-3 удаа цохихоор нь би салгахад дахиж Ц ах руу дайраад газарт унагааж байгаад хөл, нүүр рүү нь нэг, нэг удаа өшиглөсөн. Би эмнэлэгт цуг очиж үзүүлэхэд баруун хөл 2 хугарсан, хөмсөг сэтэрсэн, 16 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

Гэрч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би яваад очсон чинь манай нөхөр Ц-гийн зүүн талын нүүр хэсэг бүхэлдээ цус болсон газарт сууж байсан. Улмаар явъя гэхэд босч чадахгүй байна хөл эвгүй болсон байна гэхээр нь 2 талаас нь түшиж босгоод машиндаа суулгаад явах гэтэл А машин дээр ирэхэд Ц чи намайг яаж байгаа юм бэ гэхэд чи өөрөө л болохгүй байсан биз дээ гээд хэрэлдээд байсан. Улмаар би А-д уурлаад манай нөхрийг яагаад зодож байгаа юм бэ гэхэд ам нь болохгүй байсан юм гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ******* 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар:

     1. Ц-гийн биед баруун шилбэний шаант олон тахилзуур ясны далд хугарал, баруун чамархай ясны цууралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөгний гадна төгсгөлийн няцарсан 2 шарх, зүүн шанааны няцарсан шарх, баруун гуяны цус хуралт баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.  

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи баруун шилбэний шаант олон тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 27-51 дүгээр тал тал/

Иргэний үнэмлэхийн лавлаагааны хуулбар /хх-ийн 52 дугаар тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53 дугаар тал/

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:

Шүүгдэгч А нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах “EF” дэлгүүрийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ц, гэрч Т, Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ******* 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх *******  шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц нь шүүгдэгчээс 900.000 төгрөгийг хүлээн авсан. Харин цаашид гарах эмчилгээний мөнгөө нэхэмжилнэ гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ удаагийн шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ц өөрт учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гарганагэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч ... А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... А-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А-ын ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч Ц нь өөрт учирсан гэм хорын зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА