Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1051

 

 

Ч.Уранбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00580 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ч.Уранбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Уранбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Ч.Уранбилэгээс 69 859 905 төгрөгийг гаргуулж Г.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийг шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан. Үнэлгээчний гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн ханшнаас хэтэрхий доогуур үнэлсэн. Иймд барьцааны хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 1374 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 867 дугаар тогтоолоор Ч.Уранбилэгээс 69 589 905 төгрөгийг гаргуулж Г.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 16300945 тоот үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Уранбилэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Отгонбаяр, О.Энхмөрөн, О.Энхтуул нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001127 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 121/253 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 121/31 тоот тогтоолоор хураах ажиллагааг хийсэн. Төлбөр төлөгч Ч.Уранбилэг, өмчлөгч Д.Отгонбаяр, О.Энхмөрөн, О.Энхтуул нарт 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах тухай 3/32333, 3/32331 тоот мэдэгдлийг гардуулж өгсөн. Төлбөр төлөгч Ч.Уранбилэг нь үнийн санал өгч мэдэхгүй тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч талууд үнийн саналаа өгөөгүй 1 cap гаруй хугацаа өнгөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн шинжээчээр “Лэндс” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн болно. Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК нь Д.Отгонбаяр, О.Энхмөрөн, О Энхтуул нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001127 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70 800 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу 3/37479, 3/37589 тоот албан бичгээр өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулж 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 70 800 000 төгрөгийн 70 хувиар тооцон 49 560 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 70 800 000 төгрөгийн 50 хувиар тооцон 35 400 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001127 дугаарт Д.Отгонбаяр, О.Энхмөрөн, О.Энхтуул нарын өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 335 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,800,000 төгрөгөөр үнэлсэн “Лэндс” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Уранбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Уранбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр хөрөнгө үнэлгээний “Лэндс” ХХК-ийг томилсон тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй нь хуульд заасан журмыг зөрчсөн, шинжээч томилох тогтоолыг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр шинжээчийг татгалзан гаргах боломж бүрдэнэ.

Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, гэрчийн хаягаар зарлан дуудах хуудас хүргүүлсэн гэх боловч энэ нь ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Уранбилэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01374 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 832 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/00867 дугаар тогтоолоор Ч.Уранбилэгээс 69 859 905 төгрөгийг гаргуулж Г.Наранцэцэгт олгож шийдвэрлэсэн байна.

                                                                                                                     /хх-20-30 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Отгонбаяр, О.Энхмөрөн, О.Энхтуул нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 19 дүгээр байрны 335 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 121/253 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 121/31 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.                                                                                                                             /хх-34-37 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Ч.Уранбилэг, төлбөр авагч Г.Наранцэцэг нар үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.

          /хх-41-42 дугаар тал/

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Лэндс” ХХК-ийг томилж, шинжээч нь уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 70 800 000 төгрөгөөр тодорхойлжээ.                                       /хх-46-56 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны зах зээлийн үнэлгээ болох 70 800 000 төгрөгийн 70 хувь буюу 49 560 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/37590 тоот мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Ч.Уранбилэгт гардуулж гарын үсэг зуруулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр хөрөнгө үнэлгээний “Лэндс” ХХК-ийг томилсон тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй нь хуульд заасан журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.     /хх-62-63 дугаар тал/

 

Түүнчлэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/38950 тоот мэдэгдлийг, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/489 тоот тогтоолыг тус тус төлбөр төлөгч, өмчлөгч нарт шуудангаар хүргүүлсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр /хх-65/ тогтоогдсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах үндэслэл болох бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үндэсний шуудан сонины 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 008 дугаарт хоёр дахь дуудлага худалдааны зарыг хуульд заасан журмын дагуу нийтэд мэдээлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх орон сууцыг 70 800 000 төгрөгийн 50 хувь буюу 35 400 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2590 тоот албан бичгээр мэдэгдсэн, өмчлөгч нарт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2593 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3/2585 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.                                               /хх-75-77 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд нийцээгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Уранбилэгт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр утсаар болон шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхойлсон гэрийнх нь хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн /хх-93-99/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасантай нийцсэн байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Уранбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ