Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0557

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0557

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

   “А-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч татварын улсын байцаагч С.О, Б.С нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А-А” ХХК

Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.О, Б.С нар

Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-10210000039 тоот нөхөн ногдуулалтын акт, уг актаар тогтоосон 13.430.321,49 төгрөгийн төлбөр төлөхийг хэвээр үлдээсэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч С.О, Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 121/2022/0016/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А-А” ХХК-иас Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.О, Б.С нар, тус хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус холбогдуулан “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-10210000039 тоот нөхөн ногдуулалтын акт, уг актаар тогтоосон 13.430.321,49 төгрөгийн төлбөр төлөхийг хэвээр үлдээсэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 24 дугаар шийдвэрээр:

“2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “А-А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-10210000039 тоот нөхөн ногдуулалтын акт, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч С.О, Б.С нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актад хамааралгүй үндэслэлээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА- 10210000039 тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлүүд нь 2020 онд хамаарах зөрчил тул 2018 оны Татварын ерөнхий хуульд бус 2019 оны Татварын ерөнхий хуульд хамаарах зөрчлүүд юм.

Учир нь “А-А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босго хүрсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн борлуулалтын орлого, татвар төлөгчийн 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон бусад нотлох баримтууд байсан. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “А- А” ХХК-ийн захирал Б.Э нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

3.2.Иргэний хуулийн 3 дугаар зүйлд “Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх”, 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан.

Өвөрхангай аймгийн татварын хэлтсээс Татварын хууль тогтоомжийг сурталчлах, татварын хуулийн өөрчлөлтийг тухай бүрт нь сургалт, зөвлөгөөг сегмент тус бүрээр тогтмол зохион байгуулдаг. Татвар төлөгчдөд хуулийн хугацаанд татварын тайлангаа ирүүлж, тайлангаар үүссэн ногдлыг төлөх талаарх мэдээллийг тухай бүр Монголын татварын албаны болон Өвөрхангай татварын хэлтсийн цахим хуудаст, тухайн аж ахуйн нэгжийн тайлан илгээхээр бүртгүүлсэн эрх бүхий албан тушаалтны гар утсанд масс мессежийг улирал бүр илгээж, мэдээллийг тогтмол хүргэдэг. 2019 онд шинэ татвар төлөгчдөд нийт 31 удаагийн сургалтыг хийж 399 татвар төлөгч, Татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, заавар, аргачлалын талаар сегмент тус бүрт нийт 34 удаагийн сургалтыг хийж 1325 татвар төлөгчийг хамруулсан.

Мөн онд 483 удаагийн, постерийг хэвлэл мэдээлэл, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн вэб сайт болон фэйсбүүк хуудсанд байршуулж татварын хууль тогтоомжийн талаарх сурталчилгааг хийсэн, 2020 онд шинэ татвар төлөгчдөд нийт 30 удаагийн сургалтыг хийж 390 татвар төлөгч, Татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, заавар, аргачлалын талаар сегмент тус бүрт нийт 27 удаагийн сургалтыг хийж 1811 татвар төлөгчийг тухайн сургалтад хамруулсан. Мөн онд 621 удаагийн видео, аудио бичлэг, постерийг хэвлэл мэдээлэл, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн вэб сайт болон фэйсбүүк хуудсаар татварын хууль тогтоомжийн сурталчилгаа хийсэн нь 2020 оны сургалт, сурталчилгааны тайлан болон хэлтсийн фэйсбүүк хуудас, сайтаар орж шалгахад нотлогдож байгаа.

3.3.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1- ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө” гэж заасан.

3.4.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлвөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.2-т “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан бүртгэл мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэж заасан.

Иймд тухайн татвар төлөгч нь өөрөө 2020 оны 2, 3, 4 дүгээр улирлын тайландаа Ковид-19 цар тахалтай холбоотой чөлөөлөгдөх орлого, зарлагыг тусгаж өгөөгүй нь хуульд заасан эрх үүргээ эдлээгүй, татварын чөлөөлөлт эдлүүлээгүй гэх үндэслэл болохгүй.

4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн дарга С.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө” гэж заасан.

4.2.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлвөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.2-т “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан бүртгэл мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэж заасан учраас “А-А” ХХК нь 2020 оны 2, 3, 4 дүгээр улирлын тайландаа Ковид-19 цар тахалтай холбоотой чөлөөлөгдөх орлого, зарлагаа тайландаа тусгаж өгөөгүй нь хуульд заасан эрх, үүргээ эдлээгүй, татварын чөлөөлөлт эдлүүлээгүй гэх үндэслэл болохгүй.

4.3.Иргэний хуулийн 3 дугаар зүйлд “Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх”, 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байдаг.

4.4.“А А” ХХК нь 2020 оны ААНОАТ-ын тайланд борлуулалтын орлого 620.298.506,88 төгрөгийн орлоготой, 619.298.506,88 төгрөгийн зардалтай, 1.000.000 төгрөгийн ашигтай тайлагнасан тайлангийн хүрээнд шалгахад зардлаа баримтгүй өсгөн тайлагнаж татвараа бага төлсөн зөрчил гаргаж байгаа нь татварын хуулийн мэдлэггүй, мэдээлэл өгөөгүй зэрэг нь хууль зөрчих үндэслэл болохгүй. Мөн татварын хуульд өөрөө орлогоо үнэн, зөв тодорхойлж, тайлагнах үүрэгтэй гэж заасан. Хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх эрхийг нээж программд тухайн хугацаанд олсон орлогыг тайлагнах нөхцөл боломжоор хангаж өгсөн байдаг.

4.5.Татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-10210000039 тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлүүд нь 2020 онд хамаарах зөрчил тул 2018 оны Татварын ерөнхий хуульд бус 2019 оны Татварын ерөнхий хуульд хамаарах зөрчлүүд юм.

4.6.2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1, 75.2, 75.7-д тус тус зааснаар Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс Татварын хууль тогтоомжийг сурталчлах, Татварын хуулийн өөрчлөлтийг тухай бүрт нь сургалт зөвлөгөөг сегмент тус бүрээр тогтмол зохион байгуулдаг. 2020 онд Татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах заавар аргачлалын талаар сегмент тус бүрт нийт 27 удаагийн сургалтыг нийж 811 татвар төлөгчийг хамруулсан.

Мөн 2020 онд 403 удаагийн видео, аудио бичлэг, постерийг хэвлэл мэдээлэл, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн сайт болон фэйсбүүк хуудсаар татварын хууль тогтоомжийн сурталчилгаа хийсэн нь 2020 оны сургалт, сурталчилгааны тайлан болон хэлтсийн фэйсбүүк хуудас, сайтаар орж шалгахад нотлогдож байна. Мөн “А-А” ХХК-ийн захирал Б.Э нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зөрчлөө сайн дураараа өөрөө хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлсээр байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бус хэт нэг талыг барьсан. Өөрөөр хэлбэл хуулийг гуйвуулан хэрэгт хамааралгүй үндэслэлээр шийдвэрийг гаргасан байх тул Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиас чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэсний “...ногдуулан тайлагнасан…” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч хангаж буй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн 2008 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан татвар төлөгчид үйлчлэх, 29 дүгээр зүйлд заасан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, 2019 оны уг хуулийн 12 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн эрхийн талаарх заалтыг татварын улсын байцаагч зөрчсөн гэж дүгнэх байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн шаардлагыг тус тус хангасангүй.

Учир нь нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлүүд цаг хугацааны хувьд 2020 онд хамаарах тул энэ үед буюу 2019 он батлагдсан Татварын ерөнхий хууль үйлчилж байсан, гэтэл шийдвэрт 2008 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүйгээс гадна уг хуулийн хэрэгт хамааралгүй зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

2.2020 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд баримтаар нотлогдоогүй зардал тусгаж татвар ногдох орлогоо бууруулсан 55.105.800 төгрөгийн зөрчилд 5.510.580 төгрөгийн нөхөн татвар, 1.653.174 төгрөгийн торгууль, 714.171 төгрөгийн алданги, нийт 7.877.925 төгрөг ногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.3-т заасан зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэсэнтэй нийцсэн, мөн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр борлуулалтын орлого нь 51.618.180 төгрөг болж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу борлуулалтын орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн боловч бүртгүүлээгүй, тайлагнаж төсөвт төлөөгүй 135.759.900 төгрөгийн татвар ногдох орлогоос баримтаар нотлогдсон 99.788.300 төгрөгийн зардлыг хасч, үлдсэн 35.971.600 төгрөгийн татвар ногдох орлогыг тайлагнаагүй зөрчилд 3.597.160 төгрөгийн нөхөн татвар, 1.438.864 төгрөгийн торгууль, 516.372 төгрөгийн алданги, нийт 5.552.396 төгрөг ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

3.Нэхэмжлэгчээс уг зөрчлийг үгүйсгэж биш, гагцхүү Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиас чөлөөлөх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамруулж, татварыг чөлөөлөх боломжтой байсан гэж маргах боловч актаар тогтоосон татварыг мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнаагүй байх тул нэгэнт тайлагнаагүй татварыг чөлөөлөх боломжгүй.

Тухайлбал нэхэмжлэгчээс татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хамаарах баримтгүй зардлаар орлогоо бууруулсан 55.105.800, суутган төлөх үүргээ биелүүлээгүйгээс баримтаар нотлогдоогүй 35.971.600, нийт 91.077.400 төгрөгт ногдох татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу ногдуулан тайлагнаагүй байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.29-д "татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг ойлгохоор заасан, гэвч хуульд заасны дагуу холбогдох тайланг гаргаагүй энэ тохиолдолд ийнхүү тайлан гаргаагүйг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөгүйгээс татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлвөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

4.Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол нь нэхэмжлэгчид төлбөр ногдуулсан захиргааны акт биш, зөвхөн Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийн 81.1.3-т заасны дагуу улсын байцаагчийн акт хуульд нийцсэн эсэхийг нэхэмжлэгчийн гомдлоор хянасан буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тогтоол тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарна.

Гэтэл шүүхийн шийдвэрт маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хянаж, мөн л ямар нэгэн дүгнэлтгүйгээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг баримтлан “А А” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-10210000039 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан тус аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч С.О, Б.С нарын давж заалдах гомдлыг хангаж Маргаан таслах зөвлөлийн дарга С.Дын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН