Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00260

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00260

Төв аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 2-р 40 мянгат 35 байр, 6 тоотод оршин суух, Харьд овогт Цэрэнчимэдийн Мөнхсайхан /РД:ХГ88031873/,

хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2-р баг, Замт сүж, 8 гудамж, 7 тоотод оршин суух Боржигон овогт Толягийн Ганхуяг /НХ75112319/-д холбогдох,

 

           Зээлийн төлбөр 8 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнхсайахан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагч Т.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Доржпүрэв нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнхсайхан миний бие 2016 оны 09 сарын 02-ны өдөр хариуцагч Т.Ганхуягтай 8 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай хүүгүйгээр зээлсэн. Т.Ганхуяг нь 2016 оны 12 сарын 02-ны өдөр төлөх ёстой байсан ч төлбөрөө төлөөгүй ба утсаа авахгүй алга болсон. Иймд Т.Ганхуягаас 8 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ганхуяг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхсайхантай 2016 оны 09 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Би сөрөг нэхэмжлэлээсээ шүүх хуралдаанаас өмнө татгалзсан ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөг, 2017 оны 08 сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөгийг, 2017 оны 09 сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэв.

 

             Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхсайхан нь Т.Ганхуягаас 8 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 2016 оны 09 сарын 02-нд  “Зээлийн гэрээ”  хийж   талуудын  хооронд  зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 02-нд дууссан байна. Зээлдэгч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэрээний  үүргийг  зөрчсөн  болох нь зохигчдын  тайлбараар  болон холбогдох баримтаар тогтоогдож байна

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ганхуяг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөг, 2017 оны 08 сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөгийг, 2017 оны 09 сарын 01-ний өдөр  2 833 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч, талууд эвлэрэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрөл,зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  151 000 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 75 500 төгрөгийг, хариуцагч Т.Ганхуягаас 75 00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхсайханд олгох нь зүйтэй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч Т.Ганхуяг нь хэрэг хэлэлцүүлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлээсээ татагалзсан байх тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 150 000 төгрөгийг гаргуулж Т.Ганхуягт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхсайханы нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг хариуцагч Т.Ганхуяг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөг, 2017 оны 08 сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөгийг, 2017 оны 09 сарын 01-ний өдөр 2 833 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  151 000 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 75 500 төгрөгийг, хариуцагч Т.Ганхуягаас 75 500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхсайханд мөн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 150 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Ганхуягт тус тус олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                       ШҮҮГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ