| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00141/И |
| Дугаар | 151/ШШ2017/00263 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2017/00263
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2017/00263 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,
Төв аймаг, Зуунмод сум, 3-р баг, 10 тоотод оршин суух Цэгмэдийн Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Угтаалцайдам сум, Асгат 2-р баг, 6-199 тоотод оршин суух Боржигон овогт Нэргүйн Гантулга /РД:НТ73070211/, утас:99112508/-д холбогдох,
Бэлэн мөнгө 1 000 000 төгрөг, 200 ширхэг боодол өвс гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 03 сарын 10-ны өдөр Угтаалцайдам сумын Засаг дарга Ц.Гантулга бидний хооронд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаанд 500 000 төгрөг, 150 боодол өвс авсан. Өвсний үнийг 600 000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу компаниудын өр төлбөрийг барагдуулсан. Би Цэ тред компаниас 234 959 200 төгрөг, Сайхан Хүнс компаниас 73 425 000 төгрөг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгосон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 4 000 000 төгрөг нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж бэлэн мөнгө 1 000 000 төгрөг, 200 боодол өвс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрч 2017 оны 04 сарын 01-ний дотор 1 000 000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр төлж, 2017 оны 09 дүгээр сард 200 боодол өвс өгөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Хүрэлбаатар нь хариуцагч Н.Гантулгад холбогдуулж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 4 000 000 төгрөг нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 000 000 төгрөг, 200 боодол өвсийг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 000 000 төгрөг, 200 боодол өвсийг хариуцагч Н.Гантулга төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 04 сарын 01-ний дотор 1 000 000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр төлж, 2017 оны 09 дүгээр сард 200 боодол өвс өгөхөөр, зохигч харилцан тохирч эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлагаа буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 78 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 78 950 төгрөгийн 50 хувь 39 475 төгрөгийг хариуцагч Н.Гантулгаас,39.475 төгрөгийг төрийн сангаас тус тс гаргуулж нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарт буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын нэхэмжилсэн 1 000 000 төгрөг, 200 боодол өвсийг хариуцагч Н.Гантулга нь 2017 оны 04 сарын 01-ний дотор 1 000 000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр төлж, 2017 оны 09 дүгээр сард 200 боодол өвс өгч барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 78 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 78 950 төгрөгийн 50 хувь 39 475 төгрөгийг хариуцагч Н.Гантулгаас, 39 475 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ