Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 100

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Э.Жаргалтуяа, хаиуцагч Д.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Э.Жаргалтуяагийн нэхэмжлэлтэй Д.Ганболдод холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан, Идэр, 1-р баг, Мануустайд оршин суух, Хатиган овогт Энхтүвшингийн Жаргалтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2005 онд Д.Ганболдтой гэр бүл болж, бид 2007, 2010 онуудад 2 охинтой болсон. Бид хоёр 10 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд амьдралын хатуу, зөөлнийг туулж, өрх гэр, үр хүүхдийнхээ амьдралын төлөө явж ирсэн. Гэтэл энэ хүний ааш зан нь хувирч, намайг дарамтлах болсон. Бид олон удаа салж, нийлж, аргаа барж байна. 2008 оны 05-р сараас 2009 оны 03-р сар хүртэл хөдөө суманд тусдаа амьдарч байгаад 3-р сарын дундуур би дахин муухай зан авир гаргахгүй гэхээр нь буцаад хамт амьдарсан юм. Ингээд би 2010 оны 05-р сард бага охиноо төрүүлсэн юм. Гэтэл хэдэн сарын дараа зан авир нь улам нэмэгдэж, юу юуны тухгүй намайг зоддог болж, хажууд нь байхын аргагүй дарамт айдастай болж улмаар дахин бид салсан юм. Тэр үеэс хойш чамайг ална, эсвэл би үхнэ гэж байнга заналхийлдэг болсон. Тэгээд хэдэн сарын дараа гуйгаад байхаар нь би түүнээс ам өчгийг нь авч дахин хамт амьдрах болсон. Би бага байхдаа эцэг, эхээсээ өнчирч хоцорсон бөгөөд намайг 2 дүүтэйгээ хамт амьдардаг байхад намайг авч суусан бөгөөд энэ байдлыг маань мэдэх учир намайг байнга доромжилдог, одоо хүртэл ухамсарлахгүй байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Ганболдоос тэтгэлэг тогтоож, бидний эд хөрөнгийг хувааж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Завхан, Идэр, 1-р баг, Мануустайд оршин суух Заанхан овогт  Даваагийн Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би өдий болтол амьдралынхаа төлөө, 2 хүүхдийнхээ төлөө зүтгэж халуунд халж, хүйтэнд хөрж хэдэн малаа өсгөж үржүүлэн элбэг хангалуун байлгахын тулд зүтгэж явна. Одоогоор хөдөө малаа ганцаараа маллаж байна. Э.Жаргалтуяа хүний үг хүлээж авдаггүй, биеэ маш их өмөөрдөг. Гэр орноо өөд нь татах, хань, үр хүүхэддээ ямар хайр халамж гаргах вэ гэдгийг мэддэггүй. 2015 оны 08-р сард 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан. Энэ хугацаанд амьдарч байгаа орчин нөхцөл, эхийнх нь хайр халамж хүүхдүүдэд маань таалагдаагүй учир аавтайгаа байна гэсэн сэтгэлтэй байгаа тул Тосонцэнгэл суманд сургуульд суралцаж байгаа. Би эхнэрээ доромжилдог, заналхийлдэг зүйл байхгүй. Харин гэр орноо өөд нь татахгүй, мал хуйдаа яваад ирэхэд цай хоолгүй байх зэрэгт үг хэлэхээр хүлээж авдаггүй. Ийм байдлаас болж бид хоёр ам зөрөлдөж байсан. Бид хоёрын хэн нь ямар зантай вэ гэдгийг нутгийн хүмүүс мэднэ. Би түүний толгой тархи руу цохиж байсан удаа байхгүй. Э.Жаргалтуяа үндэслэлгүй, худал зүйл бичсэн байна. Би хоёр хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Гэрлэлтийг маань цуцлалгүйгээр асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Жаргалтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганболд намайг байнга зодож нүдэж сэтгэл санааны дарамтад байлгадаг учраас нэхэмжлэл гаргасан. Хоорондоо ярилцаад ойлголцохгүй байгаа учраас хоёр талд удаан хугацаагаар байгаад байхаар бидний дунд хоёр хүүхэд хэцүү байгаа юм. Тиймээс нэг талдаа багтаад цаашдын амьдралаа бодсон дээр гэж бодож байна. Бид 2005 онд айл орон болсон. 2007 онд анхны хүүхдээ гаргаад 2010 онд хоёр дахь охиноо гаргасан. Энэ хугацаанд сайдаж муудаж, салах асуудал их байдаг байсан. Бид хоёрын санаа сэтгэл нийлдэггүй. Энэ хүнтэй удаан хамт байх хэцүү байдаг. Энэ хүн өөрийнхөө тэр байдлыг засъя гэж хэзээ ч ухамсарладаггүй. Хоёр хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлнэ. Өөр дээрээ байлгана. Одоохондоо би орон гэргүй түрээсийн байранд байдаг. Хуулийн дагуу мал, эд хөрөнгөө хуваалгаж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүний яриад байгааг ойлгохгүй байгаа. Тэгээд ч салж хоёр хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг бодоод салах бодолгүй байна, би хүсэлтээ би тодорхой бичсэн байгаа. Би хоёр хүүхдээ өөр дээрээ авч хамт амьдарна. Би энэ хүнийг миний хоёр хүүхдийг гаргаж өгсөн гээд хайрлах ёстой хүн гэдгээ ухамсарлан хамт амьдрая гэж гуйж байсан боловч цаг хугацааны явцад миний амьдралд хов хоосон орон зай бий болсон байна. Миний хийсэн бүтээсэн болгоныг үгүйсгэж байна. Би ямар ч байсан хоёр хүүхдийнхээ төлөө зүтгэх нь миний үүрэг гэж бодож байна. Ирээдүйгээ харж амьдаръя. Алдаа дутагдлаа хүлээе. Надад буруу зөрүү зүйл байдаг бол намайг уучлаарай. Би алдаагаа засч амьдаръя. Өнгөрсөн асуудлаа эргэж харахгүйгээр гэрэл гэгээтэй ирээдүйгээ харж амьдаръя гэж хэлмээр байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Жаргалтуяа нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Э.Жаргалтуяа Д.Ганболд нар нь 2006 оны 10-р сарын 15-ны өдөр гэрлэж 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Г.Мөнхцэцэгийг, 2010 оны 05-р сарын 18-ны өдөр охин Г.Цэцэгдэлгэр нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Улиастай сумын Биндэргарав өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт зэргээр, Г.Мөнхцэцэг нь Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 4-р ангид, Г.Цэцэгдэлгэр нь мөн сургуулийн 1-р ангид тус тус  суралцаж байгаа болох нь тус сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Жаргалтуяа, хариуцагч Д.Ганболд нар нь 2015 оны 08-р сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Д.Жаргалтуяа нь 2016 оны 08-р сарын 12-ны өдөр шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргаж улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2016 оны 12-р сарын 29-ний өдөр 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.

Гэтэл нэхэмжлэгч Ш.Одонтуяа, хариуцагч Р.Даваадорж шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.

Хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар Түүнчлэн гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдээ хамтран асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч Э.Жаргалтуяа нь нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагч Д.Ганболдоос гаргуулах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 /14.4 үү/ дахь хэсэгт зааснаар Энхтүвшингийн Жаргалтуяа, Даваагийн Ганболд нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Мөнхцэцэг, 2010 оны 05-р сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Цэцэгдэлгэр нарыг эх Э.Жаргалтуяагийн асрамжид үлдээсүгэй.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Мөнхцэцэг, Г.Цэцэгдэлгэр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50  хувиар, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ганболдоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Жаргалтуяад даалгасугай.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Жаргалтуяад олгосугай. 

7. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

8. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

9. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ