Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/000

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

            Улсын яллагч: Б.Бат-Оргил

            Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

            Шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

            Өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж , хууль ёсны төлөөлөгч Б.Батсуурь, С.Оюунсанаа, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар

            Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт холбогдох эрүүгийн 2014001730362 дугаартай хэргийг 2020 оны  10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            1.Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6,  овогт Г.С

            2.Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,  овогт Б.Ж ,

            3.Монгол Улсын иргэн, 2005 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, овогт Б.Л ,

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нар нь бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 01 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ш.И ын эзэмшлийн 78-70 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хулгайлан авч иргэн Ш.И д 120000 төгрөгийн хохирол,

            Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Энхбаатарын эзэмшлийн 89-92 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө бүлэглэн хулгайлан авч иргэн С.Энхбаатарт 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

               Шүүгдэгч Г.С гийн мөрдөн байцаалтад өгсөн

             ...2020 оны 02 дугаар сарын 03-ны орой ажлаа тараад гэртээ очиж хоол идчихээд  Б.Ж  гэх хүүхдийг аваад цуг таксинд явъя гээд гадуур ганц нэг тойроод явж байхад машины аккумлятор суугаад байхаар нь Б.Ж  бид 2 түрж асаагаад 6-р багийн өвсний фондын хажууд машинаа унтарсан. Дахиад түрээд асахгүй байхаар нь Б.Л ыг дуудаад 3-уулаа түрж асаагаад 6-р багаас уруудаад “Хурд” супермаркеттай байрны ард талд байх гэр хорооллын хашааны хажууд зогсоод  байрны баруун талын зогсоол дээр байсан цагаан өнгийн аксент машин дээр Б.Ж ы хамт очоод Жаргалсайхан машины жолооч талын хаалгыг онгойлоход онгорхой байсан копудны троссыг татаад машины копудыг онгойлгоод, аккумляторын утсыг салгаад  аваад өөрийн машиндаа тавьж асаагаад шууд төв рүү уруудаад Динозавортай паркийн зүүн талын байран дунд Б.Ж , Б.Л  нар буусан эргэж ирэхдээ нэг аккумлятор барьчихсан ирсэн машиндаа тавьчихаад гэрлүүгээ явцгаасан. Маргааш өглөө ажилдаа явахдаа Б.Ж , Б.Л  нарын авсан аккумляторыг гэрийнхэн гадна үлдээгээд Б.Ж , Б.Л  нар энэ аккумляторыг та авчих гэж залгаад би аккумлятораа гэртээ үлдээчих гэж хэлээд өдөр өөрсдөө засвар дээр ирээд 20.000 төгрөг аваад явсан. Тухайн аккумляторыг танихгүй хүнд зарсан, харин нөгөө аккумляторыг би машинаа зарахдаа хамт зараад явуулсан,  аккумлятор авах санааг 3-уулаа ярилцаж байгаад гаргасан. ...тухайн 2 аккумляторын хохирлын бүгдийг төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.. гэх мэдүүлэг / 2 хх-ийн 102-103/,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Л ын мөрдөн байцаалтад өгсөн

            ...гэртээ байж байтал 21 цагийн орчим Б.Ж , Г.С  нар таксинд цуг явъя гээд дагуулж гараад Самдан ахын машинд суугаад Мазаалай парк чиглэлтэй явж байтал машины аккумлятор хулгай хийж авъя гэхээр нь Б.Ж  бид 2 зөвшөөрсөн,  нэг байрны гадаа ирсэн байхаар нь Г. Самдан ах, Б.Ж  бид 3 гараад жижиг цагаан өнгийн суудлын авто машины копудыг нь Г.С  ах онгойлгож Б.Ж  бид 2 аккумляторыг өргөж машинд оруулсан бид 3 машиндаа суугаад “Хурд “ нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талаас  нэг жижиг цагаан өнгийн суудлын авто машины аккумляторыг Самдан ах бид хоёр хулгайлж Г.С  ахын машинд ачаад Б.Ж  ах, Самдан ах бид 3 машинд суугаад Самдан ахын  гэрлүү явсан хулгай хийсэн гэх 2 аккумляторыг Самдан ах авсан. Миний тухайн үед 2 машины 2 аккумляторыг Самдан ах, Б.Ж  нартай цуг хулгайлсан нь үнэн гэм буруугаа хүлээж байна хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 107-108/,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ж ы мөрдөн байцаалтад өгсөн

... 22 цагийн орчим Г.С  ахын гэрт ороод  хамт таксинд явъя гээд бид хоёр Б.Л  дээр очиж цуг таксинд явъя гээд  дагуулаад гарсан. “Хурд” нэртэй дэлгүүрийн цаанаа хүнээ буулгаад байж байтал машины аккумлятор суучихлаа яваад аваад ирье гээд явсан араас нь дүү Б.Л  цуг явсан удалгүй Г.С  ах, Б.Л  нар нь нэг аккумлятор машинаас хулгай хийгээд ирлээ гэхээр нь уг аккумляторыг машинд ачаад  бид 3 суусан байсан машиныг түрээд асаасан тэгээд явж байгаа дахин “ Эрдэнэмандал” ахлах сургуулийн арын байрны гаднаас дахин нэг цагаан жижиг суудлын авто машины аккумляторыг дүү Б.Л ын хамт хулгайлж Г.С  ахын машинд тавьсан Г.С  ах машинд сууж байсан. Бид 3 нийлж 2 машины аккумляторыг хулгай хийсэн нь үнэн 2 машины эзэнд нь аккумляторын хохирлыг бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 115-116/,

            Хохирогч С.Э ын мөрдөн байцаалтад өгсөн

            ...2020 оны 02 сард манай хүү миний эзэмшлийн 89-92 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж унаж байсан. Машиныг унаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 03-ны орой байрныхаа гадаа тавиад маргааш нь 11 цагийн үед машинаа асаах гэхэд машин асахгүй байхаар нь копудаа онгойлгож үзэхэд аккумлятор байхгүй байсан гэсэн. Тухайн аккумляторыг 2019 оны намар 10 сард захаас 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний машины хаалга түгжигддэг, тэгэхдээ жолооч талын хаалга ямар ч хамаагүй түлхүүрээр онгойдог. Миний машины копуд гадна талаасаа онгойхгүй зөвхөн, кабин дотроос онгойдог тухайн хүмүүс миний машинаас аккумляторыг авахдаа жолооч талын хаалгыг өөр түлхүүр хийж онгойлгоод копудыг нээсэн байх. Би аккумлятораа 150.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 51-53/,

            Хохирогч Ш.И ын мөрдөн байцаалтад өгсөн

           ...Би өөрийн эзэмшлийн 78-70 БНА улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 дүгээр байрны гадна зогсоолд тавиад гэртээ орсон. Маргааш нь гэрээсээ гарч машинаа асаах гэхэд ямар ч тог байхгүй болсон байсан. Тэгэхээр нь машиныхаа хамрыг сөхөж харахад машины аккумлятор алга болсон байсан. Би алдагдсан аккумляторын үнэ болох 140.000 төгрөгийг бэлнээр авсан тул одоо ямар нэг нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /2 х-ийн 55-59/,

        Гэрч Б.Баярсүхийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... Би “Содон” авто засварт ажилладаг,  Г.С  нь  2019 оны 10 сараас уг засварын газар ажиллаж эхэлсэн. 2020 оны 02 сарын эхээр цагаан өнгийн аксент маркийн машин, зүүн талын урд цаапаа янзлуулж байсан , тухайн машины урд купер нь хар өнгөтэй байсан. Тухайн машины номерыг санахгүй байна, 2 залуу ирж янзлуулсан хэн гэдэг нэртэй залуучууд байсан талаар мэдэхгүй байна, танихгүй залуучууд байсан. Би тухайн машиныг янзалсны маргааш нь Улаанбаатар хот руу ажлаар явж байгаад засварын эзэн Даваа ахаас мөнгө авах гээд ярихад нөгөө цаап солиулсан аксентны урд хар гуперыг Г.С ы хамт будаж байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 64-65/,

Баянхонгор аймгийн  “Энх-Нахиа “ ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 211 дугаар шинжээчийн “...хулгайд алдагдсан аккумляторын үнэ 120.000  төгрөг ..." гэх дүгнэлт / 1  хх-ийн 68-69/,

            Баянхонгор аймгийн “Энх-Нахиа”  ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаар шинжээчийн “...хулгайд алдагдсан аккумляторын үнэ 120.000 төгрөг ..." гэх дүгнэлт / 2  хх-ийн 79-80/

Баянхонгор аймгийн  “Энх-Нахиа “ ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 463 дугаар шинжээчийн...  Hyundai Avante GD  маркийн 59-51 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2000000 төгрөг .... гэх дүгнэлт / хх-ийн 88-89/

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 022 дугаар  шинжээчийн...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Папилон санд 2020-005-БНХ.1 кодоор кодлон оруулсан гарын мөр нь АДИС-Папилон салбар станцад ММ003810006530 дугаараа 1 удаа бүртгэгдсэн Г.С гийн зүүн гарын дунд хурууны хээгээр үүсгэгдсэн мөр байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 82-83/,

           Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 01-02,07-08, 10-11 /, гэмт хэргийн  талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 54/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 41-43/, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 44, 2 хх-ийн 46, 84-85/, нас тоолсон тэмдэглэл /2  хх-ийн 44-48/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / 2 хх-ийн  123-125/,  оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / 2 хх-ийн 126-128/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2  хх-ийн 12, 140-141/, шүүгдэгч Г.С гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 2 хх-ийн 133/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / 2 хх-ийн 139/, дипозит дансны хуулгууд /2 хх-ийн 143-150/, тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 152-161/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 171-172/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, өвсөр насны шүүгдэгч хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Ж , Б.Л  тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх биш харин машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нар нь бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 01 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ш.И ын эзэмшлийн 78-70 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хулгайлан авч иргэн Ш.И д 120000 төгрөгийн хохирол,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Энхбаатарын эзэмшлийн 89-92 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумляторыг 2020 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө бүлэглэн хулгайлан авч иргэн С.Энхбаатарт 120000 төгрөгийн хохирол  учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Г.С гийн  ...” Хурд супермаркеттай байрны ард  баруун талын зогсоол дээр байсан цагаан өнгийн аксент машин аккумляторын утсыг салгаад аккумляторыг аваад өөрийн машиндаа тавьж асаагаад шууд төв рүү уруудаад Динозавортай паркийн зүүн талын байран дунд Б.Ж , Б.Л  нар буусан эргэж ирэхдээ нэг аккумлятор барьчихсан ирсэн машиндаа тавьчихаад гэрлүүгээ явцгаасан... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 102-103/,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Л ын ... нэг байрны гадаа ирсэн  жижиг цагаан өнгийн суудлын авто машины копудыг нь  онгойлгож 2 аккумляторыг өргөж машинд оруулсан,....”Хурд” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талаас  нэг жижиг цагаан өнгийн суудлын авто машины аккумляторыг хулгайлж Г.С  ахын машинд ачаад бид 3 машинд суугаад Самдан ахын гэрлүү явсан.. гэх мэдүүлэг / 2 хх-ийн 107-108/,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ж ы... “Хурд” нэртэй дэлгүүрийн цаанаа машины аккумлятор суучихсан удалгүй Г.С  ах, Б.Л  нар нь нэг аккумлятор машинаас хулгай хийгээд ирлээ гээд машинд ачаад машиныг түрээд асаасан,.... “Эрдэнэмандал “ ахлах сургуулийн арын байрны гаднаас дахин нэг цагаан жижиг суудлын авто машины аккумляторыг  хулгайлж Г.С  ахын машинд тавьсан... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 115-116/,

            Хохирогч С.Энхбаатарын ... орой байрныхаа гадаа машинаа тавиад  маргааш нь машинаа асаах гэхэд машин асахгүй байхаар нь копудаа онгойлгож үзэхэд аккумлятор байхгүй байсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 51-53/,

            Хохирогч Ш.И ын... 21 цаг өнгөрч байхад 1 дүгээр байрны гадна зогсоолд машинаа тавиад гэртээ орсон,... маргааш нь 13 цагийн үед машинаа асаах гэхэд ямар ч тог байхгүй болсон байсан машиныхаа хамрыг сөхөж харахад машины аккумлятор алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 х-ийн 55-59/,

        Гэрч Б.Баярсүхийн...цагаан өнгийн аксент машин, зүүн талын урд цаапаа янзлуулж байсан юм, тухайн машины урд купер нь хар өнгөтэй купертэй байсан,....засварын эзэн Даваа ахаас мөнгө авах гээд ярихад нөгөө цаап солиулсан аксентны урд хар гуперыг Г.С ы хамт будаж байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 64-65/ зэргээс үзэхэд  шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нар нь хохирогч Ш.И ын эзэмшлийн хүн ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын AKCENT маркийн 78-70 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, хохирогч С.Энхбаатарын эзэмшлийн хүн ачаа тээвэрлэхэд зориулсан тусгай зориулалтын MITSUBISHI маркийн 89-92 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд буюу тусгайлсан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэх үзэх тул тухайн автомашины кабинд нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эвдсэн, салгасан байдал, санаа сэдэлт зэргийг харгалзан үзэхээс гадна тухайн хохирогч нарын мэдүүлгээр дээрх хулгайн  гэмт хэргийг зүйлчлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, өвсөр насны шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу  хэрэгт  дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч , өсвөр насны шүүгдэгч нары гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ  машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэж үзэж  Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар болгон  өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ

Иймд шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,    хуулинд заасан хариуцлага оногдуулав. 

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарын   үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

 Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ш.И , С.Энхбаатар,шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д ... гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрээгүй ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.. гэж заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэх , шүүгдэгч Г.С д ял оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байлыг харгалзан  үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүндээс  үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэж хэрэгжлүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч нар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

          Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.С   эзэмшлийн Hyundai Avante GD  маркийн 59-51 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн худалдан борлуулсан хураан авах боломгүй байх тул шинжээчийн тогтоосон тээврийн хэрэгслийн үнэ болох  2000000 төгрөгийг шүүгдэгч Г.С гаас хурааж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зйүлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч овогт Г.С , өсвөр насны шүүгдэгч  овогт Б.Л ,  овогт Б.Ж  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 болгон өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч овогт Г.С , өсвөр насны шүүгдэгч  овогт Б.Л ,  овогт Б.Ж  нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг бармтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.С г 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт  тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4,  8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.С д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч  Б.Л , Б.Ж  нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.

          6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.  

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар  өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.С гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.С гаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 -т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг  хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,  энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус  дурдсугай.

            10. Шүүгдэгч Г.С , өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж   нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

            11. Өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

            12. Шүүгдэгч Г.С д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            13.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.С д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч Б.Л , Б.Ж   нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.БАЙГАЛМАА