| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00153/И |
| Дугаар | 101 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ш.Чибиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ш.Чибишийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Чибиш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Би 1972 оноос 1975 оны 06-р сар хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд мал маллаж байсан. 1975 оны 06-р сараас 1978 оны 10-р сар хүртэл цэргийн алба хаасан. 1978 оны 10-р сарын 15-наас 1981 оны 11-р сарын 19-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1981 оны 11-р сарын 20-ноос 1982 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Холбооны газарт нярваар, 1982 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 10-р сар хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Богдын гол бригадад малчнаар, 1989 оны 10-р сараас 1997 оны 10-р сарын 06-н хүртэл МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн коллежид нярваар тус тус ажиллаж байсан юм.
Иймд намайг 1972-1975 оны 06-р сар хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар, 1978 оны 10-р сарын 15-наас 1981 оны 11-р сарын 19-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1981 оны 11-р сарын 20-ноос 1982 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Холбооны газарт нярваар, 1982 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 10-р сар хүртэл Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлийн Богдын гол бригадад малчнаар, 1989 оны 10-р сараас 1997 оны 10-р сарын 06-р хүртэл МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн коллежид нярваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Чибиш нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Ш.Чибиш 1972 оны 03-р сарын 16-наас 1975 оны 06-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар, 1978 оны 10-р сарын 15-наас 1981 оны 11-р сарын 19-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1981 оны 11-р сарын 20-ноос 1982 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Холбооны газарт няраваар, 1982 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 10-р сар хүртэл Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь он, сар, өдөр дугааргүй, 1972 оноос эхлэн 1975 оны 06-р сар хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1981 оны 01-р сарын 25-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 10-р сарын 25-ны өдрийн 78 тоот Ажилд томилох тухай, мөн тус нэгдлийн даргын 1981 оны 11-р сарын 19-ний өдрийн 74 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, аймгийн архивын тасгийн 2017 оны 02-р сарын 06-ны өдрийн А/155, 2017 оны 02-р сарын 06-ны өдрийн А/154 тоот лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн тэрбээр 1989 оны 10-р сарын 10-нд БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Завхан аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургууль буюу одоогийн МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн коллежид няраваар ажилд орсон гэх боловч энэ талаарх тушаал байхгүй байна.
Гэвч түүнийг тухайн үед ажиллаж байсан талаарх БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Завхан аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуулийн захирлын 1992 оны 03-р сарын 10-ны өдрийн 19 тоот Багш, ажилчдын 1992 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн коллежийн захирлын 1997 оны 10-р сарын 06-н өдрийн 30 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал , мөн тус сургуулийн Ш.Чибишийн 1990 онд авч байсан цалингийн түүвэр зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд түүнийг 1989 оны 10-р сарын 10-ны өдөр БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Завхан аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуульд няраваар ажилд орж, 1997 оны 10-р сарын 06-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Чибишийг дээрх онуудад ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч М.Жаргалсайхан, Ж.Жанчив, Ч.Дугарсүрэн, Х.Цэрмаа, Ц.Амаржаргал нарын мэдүүлгүүдээр түүний ажиллаж байсан байдал нь давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Шугарын Чибишийг 1972 оны 03 дугаар сарын 16-наас 1975 оны 06 дугаар сарын 01-н хүртэл Завхан аймгийн Цагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд малчнаар, 1978 оны 10 дугаар сарын 15-наас 1981 оны 11 дүгээр сарын 19-н хүртэл Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1981 оны 11 дүгээр сарын 20-ноос 1982 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн Холбооны газарт няраваар, 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 10-р сарын 01-н хүртэл Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Ш.Чибишийг 1989 оны 10 дугаар сарын 10-ний өдөр БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Завхан аймаг дахь Худалдааны техникум-техник мэргэжлийн сургуульд няраваар ажилд орсон болохыг тогтоосугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ