Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, Хаан банкны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэрээдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Хаан банкны Завхан салбарын хүсэлттэй П.Баярсайхан, Г.Болдбаатар нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хаан банкны Завхан салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Монгол овогт Пүрэвсүхийн Баярсайхан нь тус банкны Төв тооцооны төвөөс 2015 оны 12-р сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орох цалингийн орлого барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 3215038,98 төгрөг, хүүгийн төлбөрт 651057 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1239 төгрөг, нийт 3876334,98 төгрөгийн төлбөрийг хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд зээлдэгч зээл авах үед оршин сууж байсан хаягтаа байхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа бөгөөд зээл авах үед Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн гүүрний хэсгийн 2-31 тоотод оршин суудаг байсан бөгөөд одоо тус хаягтаа оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон болно. Байж болох хаягууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4-р баг 1-р гудамж Баян, гоёот 5 тоот, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо Рапит харш 3-р байр 88 тоот.

Иймээс иргэн П.Баярсайханыг эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хаан банкны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэрээдорж шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Хаан банкны Завхан салбарыг төлөөлж итгэмжлэлээр оролцож байна. Манай банк бас хүсэлтээ дутуу гаргасан байна. Иргэн П.Баярсайхан, Г.Болдбаатар нар нь тус банкны Төв тооцооны төвөөс 2015 оны 12-р сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орох цалингийн орлого барьцаалуулсан байдаг.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд зээлдэгч нар зээл авах үед оршин сууж байсан хаягтаа байхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа бөгөөд зээл авах үед Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн гүүрний хэсгийн 2-31 тоотод оршин суудаг байсан байна. Одоо энэ хаягтаа оршин суудаггүй, утас нь холбогдохгүй, тэрээр энэ хүн банктай ирж уулзахгүй байгаа юм. Иймд зээлдэгч нар болох П.Баярсайхан, Г.Болдбаатар нарыг хоёуланг нь эрэн сурвалжилжлуулах хүсэлтэй байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Монгол овогт Пүрэвсүхийн Баярсайхан /МД84090774 регистрийн дугаартай/, Боржгон овогт Ганбатын Болдбаатар /ИХ81012917 регистрийн дугаартай/ нарын оршин байгаа газар нь тодорхойгүй байх тул тэднийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоох үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч нарын оршин байгаа хаягаас /П.Баярсайхан иргэний үнэмлэхийн хаяг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4-р баг Баян, гоёот 1-р гудамж 5 тоот, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо Рапит харш 3-р байр 88 тоот, Г.Болдбаатарын Завхан, Улиастай, 5-р баг, Товцог ажилчны 4 гудамж 1 тоот/ тодруулж болно.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Монгол овогт Пүрэвсүхийн Баярсайхан /МД84090774 регистрийн дугаартай/, Боржгон овогт Ганбатын Болдбаатар /ИХ81012917 регистрийн дугаартай/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Пүрэвсүхийн Баярсайхан /МД84090774 регистрийн дугаартай/, Боржгон овогт Ганбатын Болдбаатар /ИХ81012917 регистрийн дугаартай/ нарыг эрэн сурвалжилж тэдний оршин суугаа газрыг олж тогтоох үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

5. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ